Ц.БАЯР
Угтах үйлчилгээ найрсагаар эхлэхээс тухайн газрын нүүр царай, үйлчилгээний соёл хэр нэвтрүүлсэн газар гэдэг нь харагдана. Зан сайтай айлд хүн олон, замаг сайтай нууранд загас олон цуглардаг гэдэг үгтэй. Өнгөрсөн амралтын өдрүүдэд бөөний Бөмбөгөр худалдааны төв, Баянзүрх захаар орж бараа бүтээгдэхүүний үнэ ханш судаллаа. Хүн ихтэй бүгд л хүнсээ цуглуулах нь цуглуулж, зарим нэг нь бэлэн хувцас сонирхож өмсөж үзэж байгаа харагдлаа. Баянзүрх захын бэлэн хувцасны тасаг 100 гаруй лангуутай. Лангуу бүр нэг, нэг худалдагчтай. Лангуугаар юм сонирхож явлаа. Худалдагч хүүхнүүүд нь бүгд л утсаа маажаастай харагдана. Ганц нэг худалдан авагч юм асуух гэхээр чихэвчтэй худалдагч сонсож байгаа ч юм алга. Нөгөө худалдан авагч өнгөрөөд л явлаа.
Нэг аятайхан куртек сонирхож асуутал-Худалдагч өөдөөс шууд л танд таарах размер байхгүй гэлээ.
- За миний дүү өлгүүрээс аваад өг дөө. Эгч нь өмсөөд үзье гэтэл.
-Худалдагч:
-Танд таарахгүй гээд байхад гэж хэлээд амандаа нэг юм үглээд цааш дуртай дургүй эргэлээ. Надад их сонин санагдлаа. Тэгээд өмсөж үзвэл яг таарч байлаа.
Худалдагч:- Та цээжээрээ жижигхэн юм байна л даа гэв. Куртек надад таалагдсан ч худалдагч надтай онцгүй харьцсан болохоор дургүй хүрээд өөр газар байгаа биз гэж бодоод цааш явлаа. Гэтэл нөгөө талд нэг худалдагч хүүхэн, худалдан авагчтайгаа маргалдаж байгаа харагдлаа. Сонирхож очтол худалдагч: -Харваас авах чадалгүйг чинь мэдсэн за юу гэв. Худалдан авагч эгч –Чи хүнийг гаднаас харж бэл бэнчингээр ялгаварладаг хэн юм гэлээ. Худалдагч:- манай бараа үнэтэй. Герман бараа байгаа биздээ. Авах чадалгүй байж хувцас, хунар муухай болгох хэрэггүй гэлээ. Энэ ч арай ёс зүйгүй санагдлаа. Барааны эзэн түүнд цалин өгөөд бараагаа заруулах гэж суулгасан худалдагч нарын харьцааг ажиглаж байхад ийм л дүр зураг харагдаж байв. Гэхдээ угтах, үйлчилгээний соёл мэддэг, ёс зүйтэй худалдагч нарыг хэлээнүй. Ер нь худалдагч нарын худалдааны соёл, харьцааны талаар мэдлэг мэдээлэл,чадварт сургах шаардлага байгааг анзаарсан юм. Энэ тухай ч цахим ертөнцөд нүүр номын нэгэн найз ингэж бичсэн байлаа.
Гутал үзэв. Миний размер алга. Өмсгөл жижиг гээд миний размераас нэг томыг өглөө. Томдов.
-Худалдагч: Хавар хөл чинь хөөнө ш дээ. Тэгснээ миний размераас нэг жижгийг үз гэв. Өмслөө, тулав.
-Худалдагч: Сая та таван давхар руу алхаад хөл чинь хөөсөн байгаа байх гэв.
Энэ мөн л худалдагч нарын мэдлэггүй байдал харагдаж байв. Бөмбөгөр худалдааны төвд Нэгэн худалдан авагч дэлгүүрт орж ирээд бэлэг худалдан авсан бөгөөд түүнийгээ боож өгөхийг худалдагчаас хүсэв. Худалдагч энэхүү бэлгэнд тохирох хайрцаг олохоор агуулах руу явсан. Харамсалтай нь бэлгэнд зориулсан хайрцагнууд хонгилд хадгалагддаг бөгөөд тэндээс худалдагч юу ч ололгүй буцан ирэв. Нөгөө худалдагч мөн л хайрцаг олж ирэхээр явсан боловч хоосон ирлээ.
Энэ хайлт 15 минут үргэлжилсэн бөгөөд худалдан авагч энэ хугацаанд тэвчээртэйгээр хайрцагийг хүлээсэн. Үүний дараа худалдагчид лангууны дороос бэлэг бооход тохирох ямар нэгэн зүйлийг хайж эхлэв. Нэгэн хоосон хайрцаг олсон боловч энэ нь худалдан авагчид таалагдсангүй. Тэрээр бэлгийг ядаж цаасаар боож өгөхийг хүсэв. Хариуд нь бэлэг боох цаас бэлэг дурсгалын тасагт зардаг гэсэн хариулт авлаа. Худалдан авагч хэлсэн тасаг уу явж, өөрт таалагдсан цаасыг худалдан аваад, боож өгөхийг хүсэхэд бэлэг авсан тасагтаа боолгохыг санал болгожээ. Эндээс харахад тэд нэг дэлгүүрийн хамт олон биш, өөрсдөө юу ч хийхгүйгээр, худалдан авагчийг нааш цааш гүйлгэж, хүндрэл учруулж, бухимдуулах талаар өөр хоорондоо өрсөлдөж байгаа талууд шиг харагдаж байна. Хоёр худалдааны төвөөр орж худалдагч нарын ёс суртахуун, худалдан авагчидтай хэрхэн харьцаж байгаа талаар ажиглалт хийхэд ийм л байлаа. Зөвхөн худалдагч нарт ийм зөрчил байгааг онцолсогүй. Манай үйлчилгээний бусад салбарт байгаа ч үгүйсгэхгүй. Тухайн газарт дахин орж ирэхгүй болтол нь худалан авагч, үйлчлүүлэгчээ гомдоосон газрууд бийг амьдрал дах олон жишээ нотолно. Уг нь хүний мөнгийг авч ашиг орлогоо нэмэгдүүлэх бизнесийн зорилго байдаг ч харьцааны соёлгүй байдлаас болж эзнийхээ нөр их хөдөлмөрийг үгүй хийдэг ажилтанаа худалдааны соёлд мэргэшүүлэх аргад суралцуулах шаардлага байна.
MSDI ProHR Consulting /IHROC/ компаний гүйцэтгэх захирал, Олон улсын хүний нөөцийн хөгжлийн академи худалдагчийнхаа ур чадвар, идэвхи санаачлагыг өсгөж, борлуулалтаа нэмэгдүүлэх сургалтыг тогтмол явуулдаг. Тус байгууллагын захирал Н.Амаржаргалын зөвлөгөөг дор бичлээ.