Х.ОЮУНБОЛД
“Тime“ сэтгүүлд орчин үеийн Орос орныг бараг бүх тивийн орны үйл ажиллагаа, дотоод хэрэгт оролцож, Вашингтоны хамар дор бий болсон шинэ эзэнт гүрэн хэмээн онцолжээ. Гэхдээ энэ нь бодит байдалд огт хамаагүй. Ерөнхийлөгч Владимир Путины гадаад бодлогодоо хэрэгжүүлж байгаа арга нь жүдогийн мэх гэж сэтгүүлч Иван Данилов үзэж байгаа юм. Ялангуяа, “Тime” сэтгүүлд нийтлэгдсэн нийтлэлийн зохиогч сэтгүүлч Саймон Шустер энэ алдартай сэтгүүлийн уншигчдыг ОХУ-ын ерөнхийлөгч дэлхийд эрх мэдэлтэй болохыг зорьж байгаа шинэ хуйвалдааны онолтой танилцахыг хүссэн байна. Энэ талаар сэтгүүлч Иван Данилов “Спутник” сэтгүүлд нийтлүүлсэн нийтлэлдээ “ОХУ-ын эсрэг чиглэсэн үзэл, хөнгөн хийсвэр цуурхал, Жеймс Бонд киноны уран сайхны дүр нь ямар нэгэн байдлаар улс төрийн сэтгүүлтэй холбоогүй юм” гэж бичжээ. Мөн “Тime” сэтгүүлийн нийтлэл дэлхийд ОХУ-ын нөлөө нэмэгдэж байгаа талаар их сонирхолтой талаас тусгаж өгснийг зөвшөөрөх хэрэгтэй гэв. Шустерийн нийтлэлийн үндсэн сэдэв нь ОХУ ялангуяа, ерөнхийлөгч Владимир Путин бусад улсад нөлөөлөх нөлөөллөө нэмэгдүүлэх зорилгоо биелүүлэхийн тулд хэрэгцээгүй хөрөнгө төсөв зарцуулж заншсан АНУ, БНХАУ шиг биш энэ зорилгоо нэмэгдүүлэхийн тулд сонирхолтой шинэ арга олсон талаар дурдсан байна.
Түүний бичсэнээр Кремлийн ордон хувьсгал, эдийн засгийн хямрал нүүрлэсэн засгийн эрх барьдаг улстөрчдийг эрж олдог гэнэ. Харин АНУ, БНХАУ энэ орны эрх баригчдаас шинэчлэл хийх эсвэл өөр хүнд болзлыг биелүүлэх замаар хамтарч ажиллахыг шаарддаг ажээ. Москвагийн зүгээс Засгийн газар нь бүтэлгүйтсэн гэж нэрлэдэг орны төрийн тэргүүн нарт тэднийг хамгаалж ажиллах хамтын ажиллагааны өөр хэлбэрийг санал болгодог. Түүнчлэн дэлхийн нийгэмлэг тэднээс ангижрахыг хүссэний дараа ч эрх мэдлээ хадгалах боломжтой гэжээ. Үүний хариуд ОХУ энэ орнуудад зэвсэг ханган нийлүүлэх, улс төрд нь нөлөөлөх болон байгалийн баялгийг ашиглах гэрээ байгуулах замаар мөнгө олдог байна.
Гэхдээ Иван Данилов “Time” сэтгүүлд нийтлэгдсэн нийтлэлээс АНУ-ын сэтгүүлчийн урам хугарсан, гомдсон мэдрэмж мэдэгдэж байна гэж үзжээ. Тодруулбал, хүйтэн дайнд ялагдсан ОХУ нь сүйрсэн байх ёстой болон дэлхийн хандлагад нөлөөлдөг АНУ, БНХАУ, Франц болон бусад голлох хүчний анхаарлыг татах, Африк, Ази, Өмнөд Америк дахь байгалийн баялгийг ашиглах боломжгүй байсан гэдэгт итгэлтэй байна гэж нэмж бичсэн байна. Харин Шустер нийтлэлдээ “Владимир Путин Сирийн ерөнхийлөгч Башар Аль Асадад тусалснаараа ОХУ холбоотон орнууд хийн бөмбөг хэрэглэх, сири иргэдийг тамлаж тарчилгасан ч тэднийг дэмжиж байгаагаа илэрхийлэх, эрхтэй болсон” болохыг онцолжээ. Үүнийг нь Иван Данилов энэ нь ичгүүр сонжуургүй худлаа зүйл болохоос гадна АНУ-ыг бусдаас өөрийгөө дээгүүр тавьсан тэвчээргүй, бялдууч орон хэвээр байгааг харуулсан жишээ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ дэлхий дахинд болон тэдний удирдлагын ёс зүй алдагдсан гэж тодорхойлдог АНУ-ын улс төрийн бодлогоос залхсан орнууд болон ОХУ-ын өмнө үүргээ амжилттай гүйцэтгэсэн Сири, Венесуэл, Судан, Египет, Афганистан ингэж үзэхгүй байгаа ажээ. АНУ ОХУ-д ёс суртахууны талаар хичээл заах сүүлчийн орон гэж Данилов онцолсон байна.
Тэрээр “Саддам Хусейнийн зэвсэглэлд олон нийтийг хөнөөх хүчтэй зэвсэг байгаа талаар учир битүүлэг худал мэдээллийн улмаас АНУ-ын хийсэн халдлагын үеэр олон ирак иргэн амь үрэгдсэнийг” сануулжээ. Түүнчлэн ОХУ болон барууны бусад оронд хэрэгжүүлсэн стратеги ялгаатай байна гэж үзсэн байна. Тухайлбал, Вашингтон, Парис мөнгө, хөрөнгө оруулалт хийхийг зорьдог бол Москва аюулгүй байдал, эрх чөлөө, бүрэн эрхт байдлыг санал болгодог ажээ. Харин энэ орны тэргүүнүүд үүнд зориулж тусгай төлбөр төлөхгүйн тулд төсөв мөнгөө зарцуулдаггүй гэв. Данилов энэ нь АНУ-ыг эсэргүүцсэн ОХУ-ын хэрэгжүүлсэн улс төрийн гадаад бодлогын стратегийн давуу тал гэж бодож байгаагаа илэрхийлсэн байна. Вашингтон Засгийн эрх нь бүтэлгүйтсэн орнуудад хориг тавих, зэвсэгт хүчнээ оруулна гэж сүрдүүлж байгаа энэ үед ОХУ-ын санал нь энэ орны төрийн тэргүүнүүдийн анхаарлыг татна гэж хэллээ. Тэрээр нийтлэлийнхээ төгсгөлд “Чадварлаг уншигч энэ нөхцөлд жүдод хэрэглэдэг гол мэхийн нэгийг хэрэглэж байгааг амархан хүлээн зөвшөөрнө. Энэ нь өрсөлдөгчийнхөө хүчийг өөрийнх нь эсрэг ашиглана гэсэн үг юм” гэж бичсэн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.4.15 № 76, 77 (6043, 6044)
В.Путины эзэнт гүрэн жүдогийн мэх хэрэглээд байна уу?
2019-04-15
Нийтэлсэн: Админ
 1 мин