Б.ТУУЛ
АШУҮИС бол Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хүнд ачааг нуруундаа үүрч явах, ирээдүйн хөгжлийг тодорхойлох эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг том сургууль. Тиймээс энэ сургуулийг сонгон суралцахаар төлөвлөж буй, мөн төгсөөд цаашид дахин суралцахыг хүссэн нийт элсэгчиддээ зориулан АШУҮИС-ийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонтой ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногт Монголын багш нарын VII их хурал багшийн хөгжил сэдвийн хүрээнд болж өнгөрлөө. Хорин гурван жилийн дараа зохиогдож буй тус хуралд та панелистаар оролцож байгаа харагдсан. Тиймээс энэ сэдвийг хөндөж ярилцлагаа эхлүүлье?
-Өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гариг буюу дөрөвдүгээр сарын 11, 12-нд сүүлийн хорин гурван жилийн хугацаанд болоогүй сайхан үйл явдал боллоо. Монгол Улсын тусгаар тогтнолын баталгааг хангагч боловсролтой монгол хүнийг “А” үсэг заахаас эхлэн мэргэжилтэй, мэдлэгтэй боловсон хүчин болох хүртэл бүхий л түвшний боловсролын салбарт амьдралаа зориулан зүтгэж яваа Ардын багш нар эх орны минь өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж ололт амжилт, жаргал зовлонгоо чин сэтгэлээсээ хуваалцаж ирээдүйн зорилго, гарах арга зам, стратеги, тактикаа ярилцсан. Төрийн ордон багш нараар дүүрч нэг л сайхан мэдрэмж, уур амьсгал, урам зориг нэмэгдсэн. Багш нарын нэгдсэн хуралдааныг улсын хэмжээнд 1996 онд хийснээс хойш нэг ч хийгээгүй юм билээ. 1996 онд төрсөн хүүхэд одоо хорин гурван настай болсон байх нь. Бүхэл бүтэн нэг үе өнгөрсөн байна. Ингэж бодохоор 23 нас хүртэлх бүх хүүхэд залуучууд түүнээс арван насаар ах 33-40 насны хүмүүс бүгд 1996 онд юу болсныг нэг их мэдэж сонирхоогүй л байж таарна. Өнөөдөр 0-40 насны хүмүүсийн тоо нийт хүн амын 71 хувийг эзэлж байгаа болохоор эдгээр хүмүүст цоо шинэ үйл явдал болж байгаа юм. Мөн Монгол Улсад 49 мянга орчим багш ажиллаж байна гэсэн статистик мэдээлэл байна, үүнээс нийт багш нарын 40 орчим хувийг 40 хүртэлх насны багш нар эзэлж байгаа бол эдгээр багш нарт мөн цоо шинэ үйл явдал болж байгаа юм.
Миний бие “Багшийн хөгжил хөтөлбөр” II салбар хуралдаанд панелистаар оролцсон. “Багшийн хөгжил хөтөлбөр, хэрэгжилт, үр дүн” сэдвээр ХААИС-ийн профессор Ю.Хорлоо илтгэл тавьж тэр хуралд оролцсон 200 гаруй эрдэмтэн багш нар санал бодлоо солилцсон. Гол асуудал нь багшийн хөгжилд тулгамдаж байгаа асуудлууд, түүнээс гарах арга замын талаар өөр өөрийн туршлага дээр багш нар саналаа хуваалцаж зөвлөмж гаргасан. Мөн тэнд тавигдаж байсан нэг чухал асуудал бол багшийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш нарын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг хэрхэн шийдэх, энэ талаар сургуулиуд ямар бодлоготой, төрөөс ямар дэмжлэг үзүүлэх талаар байсан. АШУҮИС анх удаа Монгол Улсад Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэхээр зорьж байна. Бид АШУҮИС-ийн эмнэлгийн барилгаа хүлээж аваад одоо симулэшн байдлаар бэлтгэл ажлаа хангаад явж байна. Ирэх зургадугаар сарын 16-нд нээлтээ хийнэ. Манай сургууль өөрийн эмнэлэгтэй болж байгаа болохоор бид Монголын багш нарынхаа эрүүл мэндийн үйлчилгээг тэр тусмаа нарийн мэргэшлийн эмчилгээ оношлогоог хийх тал дээр ажиллах болно. Бас манай сургуульд хоёр сувилал байдаг. Тус бүр 50, 50 ортой. Бага зэргийн засвар үйлчилгээ шаардлагатай байгаа. Хэрэв засвар хийчих юм бол өвөл зунгүй ажиллаж, багш нар маань эмчилгээ үйлчилгээ, авч эмчилж сувилуулахаас гадна амрах боломжтой болох юм. Ё.Баатарбилэг сайд бид хоёр энэ талаар ярилцсан. Мөн Ё.Баатарбилэг сайд “Багш нарын VII их хурал”-ын хаалтан дээр Засгийн газрын тогтоолыг танилцуулсаны дотор багш нарынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ажиллах орчин нөхцлийг сайжруулах, цалин хөлсний асуудал зэрэг чухал асуудлаас гадна багш ажилчдыг эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт жил бүр хамруулж байхаар тусгагдсан байсан. Миний хувьд би өөрийн сургуулийн онцлог дээр тулгуурлан багшийн хөгжлийн хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж байгаа, ямар үр дүн гарч байгаа, ямар асуудлууд тулгарч байгаа, бидэнд ямар давуу тал байгаа талаар ярьсан. Манай сургуулийн хувьд бид эмнэлэгтэй болж байгаа нь багш нараа мэргэжлийн хувьд төдийгүй, судалгаа, сургалтын чиглэлээр хөгжүүлэх нэгдмэл цогц төвтэй болж байгаагаараа онцлог буюу бидэнд бий болж буй давуу тал юм. Бидэнд харин үүнийгээ жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх үүрэг ногдож байна.
-Их сургуулийн тогтолцоо манай улсын хувьд цоо шинэ тогтолцоо учир АШУҮИС-ийн эмнэлгийн хувьд хууль эрх зүйн орчны талаас бэрхшээлтэй байгаа зүйл бий юу?
-Манайд байгаагүй, байхгүй тогтолцоог бид шинээр бий болгох гэж байгаа тул бэрхшээл байлгүй яахав. Гэхдээ аливаа юм цоо шинээр бий болдог хойно бид бүх бэлтгэл ажлыг хангах талаар ЭМЯ-ныхаа дэмжлэгийг аваад ажиллаж байна. Их сургуулийн эмнэлгийг байгуулах ЭМЯ, АШУҮИС-ийн хамтарсан ажлын хэсэг гараад АШУҮИС-ийн эмнэлгийн дүрмээ хийгээд сайдын тушаал гарч байна. Манай сургуулийн эрдэмтэн багш нар, профессоруудыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзаж санал бодлыг нь сонсож бусад улс орнуудад их сургуулийн эмнэлгийн хууль эрх зүйн орчин ямар байдаг, дүрэм нь бусад эмнэлгүүдээс юугаараа онцлог байдаг талаар санал бодлыг нь сонсож, эмнэл зүй, сургалт судалгаа явуулах үйл ажиллагааг цогцоор хангасан, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болоход эхлэлийг нь тавьсан дүрмээ боловсруулж ирэх үүрэг өгсөн. Сайдын өгсөн үүргийн дагуу бид холбогдох хууль, дүрмийн хүрээнд хамгийн гол нь АШУҮИС-ийн бүрэлдэхүүн эмнэлэг байна, АШУҮИС-ийн тэнхимийн эрхлэгч тус эмнэлгийн тасгийн эрхлэгч, багш нар эмнэлгийн үндсэн ажилтнууд байна гэдэг заалтуудыг дүрэмдээ тусгаж өгсөн. Их сургуулийн эмнэлгийн барилга, тоног төхөөрөмжийн төслөөс гадна таван сая ам.долларын их сургуулийн эмнэлгийг байгуулах удирдлага, техникийн тусдаа төсөл хэрэгжиж эхлээд хоёр жил болж байна. Энэ төсөл нь Японы их сургуулийн эмнэлгийн менежментийг нутагшуулах зорилгоор дахиад гурван жил хэрэгжих бөгөөд Японы Токушима, Ихэмэгийн их сургуулийн профессорын баг ажиллаж байна. Японы Засгийн газрын буцалтгүй тусламж их сургуулийн эмнэлгийг бий болгоход л анхнаасаа зориулагдсан. Дээд боловсролын тухай хуулийн 5, 6-д их сургууль дэргэдээ эмнэлэгтэй байж болно гэж заасны дагуу АШУҮИС бүрэлдэхүүн эмнэлэгтэй байх эрх нээгдэж, улмаар ЭМЯ бодлогоор дэмжиж бүхий л түүхэндээ мөрөөдөж байсан АШУҮИС-ийн үе үеийн эрдэмтэн багш нарын мөрөөдөл биелэлээ олж байна. Бүхий л талаар дэмжиж, хамтарч ажиллаж цоо шинэ тогтолцоог бий болгоход мэргэжлийн болон хууль эрх зүйн дэмжлэг үзүүлж байгаа ЭМЯ-ныхаа хамт олон ялангуяа Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Эмнэлгийн лавлагаа шатлал, бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Н.Оюунгэрэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар нартаа эрдэмлэг хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлж байна.
-Дээд боловсролын шинэчлэлийн төсөл танай сургууль дээр хэрэгжиж байгаа. Төслийн хэрэгжилтийн үр дүнгээс танилцуулаач?
-Дээд боловсролын шинэчлэлийн төсөл хоёр үе шаттайгаар хэрэгжээд манай сургууль дээр дээд боловсролын шинэчлэлийн төслийн хэрэгжилтийг хянах хяналт шинжилгээ үнэлгээний баг хүрч ирээд 100 хувийн биелэлттэй байна гэсэн дүгнэлт өгсөн. Дээд боловсролын эрх зүйн орчны шинэчлэл, их дээд сургуулиудын багш нарыг гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, цахим сургалт, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах боломж бүрдүүлэх гээд найман үйл ажиллагааны чиглэлийг үйл ажиллагааныхаа хөтөлбөрт оруулан хэрэгжүүлсэн. Жишээ нь манай сургуулийн хүний их эмч бэлтгэх бакалаврын хөтөлбөр Европын Холбооны ASIIN олон улсын байгууллагаар магадлан итгэмжлэгдэж “Хүний их эмч”-ээр төгсөж байгаа оюутнууд бакалаврын сургалтаар 4.0 кредитийн судалгааны арга зүй, биостатистикийн хичээлийг судлан бие даасан судалгаа хийж, судалгаа хийх арга зүйд суралцаж ур чадвар эзэмшиж сургуулиа магистрын зэрэгтэй төгсөх боломж бүрдээд байна. Бид энэ асуудлыг БСШУСЯ-нд тавьсан. Бид багш нарынхаа мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн чиглэлээр хөгжүүлэх асуудал дээр онцгойлон анхаарч, өөрсдийн багш нарыг гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сургаж, зэрэг хамгаалуулах, эрдэм шинжилгээний хурал чуулганд илтгэл хэлэлцүүлэх зэргээр хөгжүүлж гадаадад урт, богино хугацааны сургалтад хамрагдсан багш нар нийт багш нарын бараг 90 орчим хувийг эзлэж байна. Зөвхөн сүүлийн хоёр жилд гэхэд бид их сургуулийн эмнэлэг байгуулахтай хобоотойгоор дотооддоо 12, Японд найман сургалтыг явуулж нийт 1500 гаруй эмч багш нараа хамруулсан байна. Манай залуу багш нар эрдмийн зэрэг цолыг гадаадад амжилттай хамгаалан эх орондоо эргэн ирж, анагаах ухааны боловсролын хөгжилд олон улсын стандартыг нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Энэ жил гэхэд гадаадын их, дээд сургуулиудад манай долоон багш ажиллаж байгаа бөгөөд бид нэмж гурван жилийн хугацаатайгаар дөрвөн багш нараа, нэг хүртэлх жилийн хугацаатайгаар таван багш нараа явуулахаар материалыг нь явуулаад зарим нь сонгон шалгаруулалтад орчихоод хариугаа хүлээж байна. Нөгөө талаар өндөр хөгжилтэй орны их дээд сургуулиудаас олон улсад нэр хүндтэй профессорууд хүрэлцэн ирж өөрсдийн мэдлэг, туршлагаасаа харамгүй хуваалцаж байна. Бид багш нарынхаа чадавхийг бэхжүүлэхийн тулд төсөл хөтөлбөрүүдийг гадаадын их сургууль, төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Жишээ нь Сөүлийн үндэсний их сургууль, Харвардын сургууль, Калгарийн их сургуулиудтай хамтран хэрэгжүүлж зайн сургалт, түүнийг хэрхэн явуулах арга зүйд суралцах, 50 багш нар Харвардын хөтөлбөрт хамрагдаж энэ жил үргэлжлүүлэн Т2С хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Ц.Цогзолмаа сайд Харвардын их сургуультай гэрээ байгуулсан. Калгарийн их сургуультай хамтран мастер багшийг бэлтгэн тэднээр дамжуулан эмнэлзүйн сургалтыг боловсронгуй болгох боломж бүрдсэн гээд олон жишээ дурьдаж болохоор байна.
-Энэ жил улсын хэмжээнд ЭЕШ өгөх нийт элсэгчдийн тоо даруй 20 мянгаар буурсан тооцоотой явж байгаа. Зарим их, дээр сургуулиуд элсэгчдээ 4-5 дугаар сараас цахимаар бүртгээд эхэлдэг. АШУҮИС-ийн элсэлтийн журамд өөрчлөлт орох болов уу?
-Энэ жил 16000 орчим төгсөгчид ЕБС-ийг төгсөнө. Энэ нь урьд жилийнхээс 2,6 дахин бага байгаа юм. Сургууль болгон хэрхэн элсэлтийнхээ тоог бууруулахгүй байх талаар арга хэмжээ авч байна. Манай сургуулийн хувьд ч гэсэн урд жилийн тооноосоо бууруулахгүй байхаар элсэлтийн тоогоо хийж байна. АШУҮИС-ийн хувьд өнгөрсөн жилийн тоогоороо Удирдах зөвлөлдөө оруулж батлуулна гэж бодож байгаа. Босго оноог БСШУС-ын сайд баталдаг. Монголын их дээд сургуулийн консерциум гуравдугаар сарын 28-нд хуралдаж энэ талаар ярилцаж хамтын шийдвэр гаргасан. Төр, хувийн их сургууль гэж ялгахгүйгээр нэг босго оноотой байх, босго оноог 410-аар батлуулах санал гаргах, аль нэг хичээлээр босго тавих, аль болохоор цөөхөн бүлэгтэй байх гээд. Салбар комиссыг 22-45 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар тохиролцож сургууль болгоноос нэг хүнтэйгээр хөдөө орон нутагт ажиллах төлөвлөгөөгөө гаргаад ажиллаж байна. АШУҮИС Монголын их дээд сургуулийн консерциумийн гишүүн сургууль учир аймаг, орон нутгийн элсэлтийг нэгдсэн байдлаар МИДСК-тай хамтран зохион байгуулдаг. Харин энэ жилийн хувьд манай сургуулиас 21 аймагт багш нар маань нэмэлтээр ажиллаж элсэлтээ зохион байгуулна. Өмнөх жилүүдийн туршлагаас харахад БСШУС-ын сайдын баталсан босго оноонд хүрсэн боловч манай сургуульд элсэн орж чадахгүй тохиолдол хүүхдүүдийн дунд их байдаг. Учир нь манай сургуульд элсэгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноог харахад 650-800 байдаг юм билээ. Ер нь манай сургуульд элсэхийг хүсэж байгаа хүүхдүүд маань элсэлтийн ерөнхий шалгалтандаа маш сайн бэлдээрэй гэж хэлэх байна. Их, дээд сургуульд элсэлт авахдаа хөдөлмөрийн дотоод, гадаад зах зээл, зах зээлийн өнөөгийн байдал, шаардлага, хэрэгцээгээ сайн судлаж улс орны хөгжил, эдийн засагт зориулагдсан боловсон хүчин бэлтгэх шаардлага илүү тавигдах болж байна. Иймд ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг хөгжүүлж дээд боловсролын хөтөлбөртэй уялдуулж өгвөл хүүхдүүдийн сурах сонирхол ихсэх болов уу.
-АШУҮИС элсэлтээ хэдийд авахаар төлөвлөж байгаа вэ, зэх зээл дээрх хүний нөөцийн бодлоготой уялдуулан хөтөлбөрт өөрчлөлт орсон уу?
-ЭЕШ-ын дүн олон нийтэд зарлагдсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан их дээд сургуулиуд элсэлт авдаг. Энэ жилийн ЭЕШ зургадугаар сарын 17-20-ны өдрүүдэд явагдана. Бид элсэлтээ зургадугаар сарын 28-31-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ жилээс бид Нийгмийн эрүүл мэндийн сургуульдаа шинээр шим тэжээл судлал, эрүүл мэндийн эдийн засаг гэсэн хоёр мэргэжлээр элсэлт авна. Манай улсад 13 төрийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, таван бүсийн оношилгоо, эмчилгээний төв, 28 аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, 39 сум дундын эмнэлэг, 240 ортой хувийн эмнэлэг нийт ор бүхий 325 улсын болон хувийн эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд мэргэжлийн шим тэжээл судлалын мэргэжилтнээр хангагдаагүй байна. Хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, шим тэжээллэг хүнсний бүтээгдэхүүнээр бүх насны хүн амыг хангах зорилготой шим тэжээл судлаачид нь эрүүл мэндийн боловсролын байгууллагад шаардлагатай байгаа учраас шинээр шим тэжээл судлаач мэргэжилтэн бэлтгэхээр боллоо. Мөн эрүүл мэндийн эдийн засагч мэргэжилтэн хэрэгцээтэй байна. Учир нь бусад их, дээд сургууль төгссөн эдийн засагчид нь манай салбарын онцлогийг мэдэхгүйгээс үйл ажиллагааг ойлгоход цаг хугацаа алддаг, тогтвор суурьшилгүй ажилладаг зэрэг олон асуудлууд тулгардаг. Тиймээс бид эрүүл мэндийн эдийн засагч мэргэжилтнийг бэлтгэснээр эрүүл мэндийн салбарын болон эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн төлөвлөлт, дүн шинжилгээ хийх, нөөцийн ашиглалтад үнэлгээ хийх, шийдвэр гаргахад чиглэгдсэн нотолгоо бүрдүүлэх эрүүл мэндийн эдийн засагч мэргэжилтэнтэй болох юм. Мөн сувилахуйн сургуульдаа ахиу элсэлт авах талаар бодлого барьж байна. Монгол Улсад сувилагчийн хэрэгцээ маш их байгаа. ЭМЯ-наас 1000 сувилагчийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж улмаар сувилагч эмчийн тоог нэг эмчид хоёр сувилагч байлгахаар зорьж байна. Иймд төрөөс сувилагч болох гэж байгаа хүүхдүүдийг бодлогоор дэмжиж сургалтын төлбөрөөс хөнгөлөх, оюутны хөгжлийн зээлд голч оноог харгалзахгүйгээр хамруулдаг болгох талаар бид саналаа БСШУСЯ, ЭМЯ-д хүргүүлэх гэж байна.
-Хуучин бол бид мэдээлэл муутай байдаг байлаа. Орчин үед элсэгчид гэлтгүй эцэг эхчүүд хүүхдийнхээ суралцах сургуулийг сайн багш, суралцах орчин нөхцөл, сургалтын төлбөр гээд олон талаас нь судалж, шинжиж байгаад элсүүлдэг болж. Тийм болохоор элсэгчдэд хэрэг болох мэдээллүүдийг илүү түлхүү өгөхийг энэ ярилцлагаараа зориод байгаа юм?
-Өнөөгийн даяаршлийн эринд хүн болгон хүссэн мэдээллээ олж авах олон эх сурвалжууд бий болж тэр чинээгээрээ өрсөлдөөн бий болж байна. Гэхдээ бидэнд, манай сургуульд бахархах хэнд ч байхгүй түүх, хүрсэн амжилт бий, цаашид тавьсан том зорилго, түүндээ хүрэх хүчирхэг хамт олон бий. Манай сургууль долоон бүрэлдэхүүн, гурван салбар сургуульд, 11 бакалавр, 18 төрлийн дипломын мэргэжлээр оюутан элсүүлнэ. Монгол Улсад анх удаагаа их сургуулийн тогтолцоог бий болгож анхны өөрийн эмнэлэгтэй сургууль болж байна. Мөн их сургуулийг кампус хэлбэрээр хөгжүүлэх жишиг сургууль болж байна. Анагаах ухааны сургууль буюу хүний их эмч бэлддэг сургууль, Монгол анагаах ухааны их сургууль буюу уламжлалт ангаах ухааны сургууль өөрийн шинэ хичээлийн байртай болсон. Дараа жилээс Нүүр ам судлалын сургууль, Эм зүйн сургууль, Сувилахуйн сургуулиуд мөн шинэ кампус руу нүүж очно. Оюутнуудад маань сурах таатай орчин бүрдэхээс гадна урлаг спортоор хичээллэх орчин үеийн соёлын төв, спорт комплекс, номын сан удахгүй баригдана. Оюутнууд маань холоос явахгүй тэндээ амьдрах тохилог 1200 оюутны байр энэ оны есдүгээр сард ашиглалтад орно. 230 айлын орон сууц баригдаж багш нар маань холоос явахгүй болно. Төв сургууль дээр Био ангаахын сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Эрдмийн сургууль, “Лицей” ахлах сургууль, сургуулийн захиргаа байрлаж байна. Төв сургууль дээрээ бид багш, оюутнууддаа ээлтэй орчныг бий болгохыг зорьж нэлээд засвар, өөрчлөлт хийсэн. Бид хичээлийг асуудалд суурилж суралцахуйн арга ухаанаар хөгжүүлэн заах туршлагыг нэвтрүүлж байна. Уламжлалт аргаас аль болохоор татгалзаж тохиолдол дээр үндэслэн суралцах аргыг сургалтандаа хэрэглэхийг эрхэмлэж байна. Оюутнуудын бие даан суралцах, эргэцүүлэн сэтгэх, шүүн тунгаах, багаар ажиллах зэрэг дотоод чадварт суралцахад нь чиглүүлж өгөх тал дээр багш нарт илүү шаардлага тавигдаж байгаа. Их сургуулийн маань үндсэн зорилго оюутан бүрээ хөгжүүлэх, дэмжих юм. Бид оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, оюутны хөгжлийн төв, оюутнуудад зориулсан нэг цэгийн үйлчилгээ, оюутнуудын сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийг ирэх хичээлийн жилд байгуулж ажилд оруулна. Сайн сурсан оюутнуудаа гадаадын их дээд сургуулиудад сургахаар явуулж байна. Оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд Япон улсын Нагасаки их сургууль, Жичи Анагаах ухааны их сургууль, Нагояа их сургууль, Солонгос улсын Даегү эрүүл мэндийн коллеж зэрэгт нийт 100 гаруй оюутан суралцсан. Энэ тоог нэмэгдүүлнэ. Манай сургуулийн элсэгчдийн 60 гаруй хувь нь аймаг, орон нутгаас элсдэг учраас шинэхэн элсэгчдэдээ зориулсан тусгай хөтөлбөрүүдийг явуулна. Оюутнуудаа жил болгон урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна гээд дурьдвал олон зүйлийг ярина. Гадаад оюутнуудынхаа тоог нэмэгдүүлж, сургалт, судалгааны чанарыг дээшлүүлж олон улсын их сургууль болох нөхцөлөө бүрдүүлж ажиллахын төлөө бид хүчээ дайчилж байна. Манай сургуульд ирээдүйн оюутан та бүгдийгээ хүлээж авахад эрдэмтэн багш нар, оюутан анд найз нар нь баяртай байх болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.4.15 № 76, 77 (6043, 6044)
Ж.Цолмон: АШУҮИС-ийн эмнэлэг Монголын багш нарын эрүүл мэндэд хувь нэмэр оруулна
2019-04-15
Нийтэлсэн: Админ
 1 мин