Н.ДАЯН
Олон хүн уйтгарлаж гунигласан мэдрэмжээ илэрхийлэхдээ сэтгэлээр унаж байна гэсэн үгийг хэрэглэдэг. Энэ мэдрэмж нь хэдэн цаг, хэдэн өдрөөр үргэлжлэх ба хүмүүс өдөр тутмын хэвийн үйл ажиллагаагаа явуулах чадвартай байдаг. Сэтгэл гутралын үед уйтгар гуниг нь маш хүчтэй мэдрэгдэж, удаан хугацааны турш үргэлжилдэг. Энэ нь таны ажил, амьдрал, гэр бүлд тааламжгүй байдлыг бий болгоно. Сэтгэл гутралын үед сэтгэл хөдлөл талаас сэтгэл хөдлөл аажмаар буурах, идэвх сонирхолгүй, баяр баясгалангүй болох, итгэлгүй, горьдлого тасрах, арчаагүй дорой болох, өөрийгөө буруутгах, дорд үзэх, өөрийгөө гэм буруутай гэж бодох, буруутай мэт сөрөг хандлага гаргах, анхаарал сулрах, тогтоох чадвар буурах, амиа егүүтгэх тухай бодол төрнө.
Харин бие махбодийн талаас хөдөлгөөн удаашрах, амархан ядрах, бие сульдах, зүрх дэлсэх, өтгөн хатах, нойр хямрах, хоолны дуршилгүй болох, жин буурч, ихэсдэг. Сэтгэл гутралд үхэл хагацал тохиолдох, гэр бүл хоорондын маргаан, ажилгүйдэл, нүүх, шилжих, санхүүгийн бэрхшээл, улирал солигдох, архаг өвчнүүд нөлөөлдөг.
Та өөртөө хэрхэн туслах вэ?
Хэрэв та муу мэдээ сонсох, амьдралдаа сэтгэл ханамжгүй байвал үүнийгээ дотроо бүү хадгал. Ойр дотны хүндээ бодож яваагаа ярихыг хичээ. Хоёрдугаарт, хэт хэцүү зорилго урдаа бүү тавь. Том зорилгыг бага багаар хувааж, алийг нь хэдийд хийхээ төлөвлөөрэй. Гуравдугаарт, ямар нэгэн зүйл хий. Та ажлын чадваргүй юм шиг санагдсан үедээ өөрийнхөө сонирхолтой ажлыг хийхийг хичээ. Энэ нь таныг гутранги бодлоосоо салахад тусална. Дөрөвдүгээрт, архи хэрэглэхийг тэвч. Архи сэтгэлийг түр зуур тайвшруулах боловч эцэст нь илүү гутралд оруулдаг. Тавдугаарт, сэтгэл гутралын талаар ойлголттой болох.
Та өөрийгөө шалгаарай?
Сэтгэл гутралыг эмчлэхэд сэтгэл засал, эмүүдийг хэрэглэж болно. Та өөрийнхөө сэтгэл гутралтай эсэхийг дараах гурван асуултаас мэдэж болно.
-Сэтгэл санаа дундуур уйтгар гунигтай байна уу?
Тийм, үгүй
-Юм хийх идэвх сонирхолгүй аливаа зүйлд баярлах, бахархах сэтгэлгүй болсон уу?
Тийм, үгүй
-Үг яриа, бодол санаа удааширсан уу?
Тийм, үгүй
Хэрэв дээрх шинжүүдээс аль нэгэн шинж тэмдэг нь байвал цааш үргэлжлүүлэн асууна.
-Гүн унтаж чадахгүй эрт сэрэх тохиолдол байна уу?
-Хоол идэх дур буурсан уу?
-Аливаа зүйлд анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байна уу?
-Сэтгэл санаа гутранги боловч үе үе бухимдах байдал илэрдэг үү?
-Амьдралд болон өөртөө итгэх итгэл алдарсан мэт мэдрэмж төрдөг үү?
-Амиа хорлох эсвэл үхэх бодол төрж байсан уу?
-Амиа хорлох төлөвлөгөө зохиох буюу амиа хорлох оролдлого хийж байсан уу?
-Бусдын амь насанд хор хохирол учруулах бодол төрдөг үү?
-Өөрийгөө бусдын өмнө буруутай гэж, өөрийгөө бусдаас доогуур, муу хүн гэж боддог уу?
14 хоногоос дээш хугацаагаар дээрх шинж тэмдгээс 1-3-ын аль нэгэнд нь буюу эсвэл 1-10 хүртэлх дугаараас доод тал нь зургаад нь Тийм гэж хариулж байвал сэтгэл гутралтай байна гэж үнэлнэ. Сэтгэл гутрал нь элбэг тохиолддог, эмчлэгдэх боломжтой гэж эмч, мэргэжилтнүүд хэлж байна.
Эх сурвалж: www.polit.mn