Л.Байгалмаа: Багш нарын хандлагыг өөрчлөх л хамгийн чухал

2019-04-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ТУЛГА Сүхбаатар аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Л.Байгалмаатай ярилцлаа. -Сүхбаатар аймагт энэ хичээлийн жилд нийт хэдэн цэцэрлэг, сургууль үйл ажиллагаа явуулж байна вэ? -Манай аймгийн хувьд өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын 16 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 24 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. ЕБС-иудын ес нь 12 жилийн, долоо нь есөн жилийн сургалттай. -Танайд хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ хэр байдаг вэ? -Цэцэрлэгийн насныхны 80 гаруй хувь нь Баруун-Уртад бий. Хөдөө сумын хүүхдүүдийн дунджаар 70 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдсан. Цэцэрлэг болон хувилбарт сургуулийн төвшинд авч үзвэл нийт хүүхдийн 80 гаруй хувь нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. -Хувилбарт сургалт гэдэг нь ямар онцлогтой сургалт вэ? -Энэ нь хичээлийн тусгай хөтөлбөрөөр цэцэрлэгт явж чадахгүй байгаа хүүхдүүдэд зориулсан сургалтын багц юм. Үүнд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгай гээд хүүхдийн боловсролд хэрэгтэй бүхий л зүйл багтдаг. Тэдгээрийг хэрхэн ашиглах тухай аргачлалыг багш нар эцэг эхчүүдэд нь зааж өгдөг онцлогтой. Эцэг эхчүүд өөрсдөө багц сургалтыг гэртээ явуулсны дараа хүүхдээ авчирч багшид шалгуулж, дараагийн шатны багцаа авах жишээтэй. Японы хүүхдийг ивээх сангаас алслагдсан малчдын хүүхдүүдэд боловсрол олгох зорилгоор уг төслийг манай аймгийн таван суманд таван жилийн хугацаатай хэрэгжүүлсэн юм. Төслийн хугацаа дууссан ч бид өнгөрсөн хичээлийн жилээс эхлээд энэ төслийг орон нутгийн дэмжлэгтэйгээр бүх сумдын цэцэрлэгт хэрэгжүүлж эхлээд байна. Мөн зуны улиралд явуулын гэр цэцэрлэгийг хөдөө сумдад ажиллуулдаг. Аль болох олон хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгохын тулд бүх талаараа хичээн ажиллаж байна. Ер нь манай аймгийн хувьд сүүлийн 35 жилийн хугацаанд Баруун-Уртад гэхэд хоёрхон цэцэрлэг шинээр баригдсан. Бид цэцэрлэгийн насны бүх хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгохын тулд аймгийн төв дээр ашиглахгүй байгаа барилгуудыг судалсан юм. Улмаар 2014, 2016, 2018 онд цэцэрлэгийн зориулалтаар төрийн өмчийн гурван барилгыг засч, хүүхдийн цэцэрлэг болгон ашиглалтад оруулсан. Хамгийн сүүлд төрийн өмчийн мэдэлд хуучин зочид буудлын зориулалтаар ашиглаж байсан барилгыг 350 сая төгрөгөөр засч, XI цэцэрлэгийг ашиглалтад орууллаа. Үүний үр дүнд 125 хүүхэд цэцэрлэгтэй болсон. Хэрэв өнөөдөр 125 хүүхдийн цэцэрлэг шинээр барина гэвэл 1.5 тэрбум төгрөг шаардлагатай. -Баруун-Урт улсын хэмжээнд жишиг болохуйц сурагчдын дотуур байртай юм байна? -Аймгийн төвд нэгдсэн дотуур байртай болъё гэдэг санааг бид өөрсдөө гаргасан. Өмнө нь ганцхан I сургууль 180 хүүхдийн дотуур байртай байсан. Аймгийн төвд ирж суралцдаг хөдөө сумдын хүүхдүүд ялангуяа есөн жилийн сургууль төгсөгчид зөвхөн дотуур байртай нэг сургуульдаа л суралцдаг байлаа. Энэ нь тухайн сургуулийн ачаалал нэмэгдэхээс эхлээд, сургалтын чанарын асуудал ч яригдаж эхэлсэн. Тиймээс бид шинэ дотуур байраа аймгийн төвийн бүх сургуулийн сурагчдыг хүлээж авдаг зохион байгуултад оруулсан. Одоогоор есөн жилийн сургалттай сургуулиудын төгсөгчдийн 95 хувь нь нэгдсэн дотуур байранд амьдарч байна. Дотуур байрны хувьд номын сан, чийрэгжүүлэх танхимаас эхлээд хүүхдүүдийг тухтай байлгах  бүхий л нөхцөл бололцоог хангасан. Одоогоор 280 хүүхэд амьдарч байна. -Маргааш Улаанбаатарт Монголын багш нарын VII их хурал болно. Багш нарын ачаалал, цалин, нийгмийн асуудал гээд олон асуудал хэлэлцэнэ. Танай сургууль ямар саналтай очих вэ? -Өмнөх онуудад БСШУСЯ-аас орон даяар цуврал үндэсний зөвлөгөөнүүдийг зохион байгуулж, багшийн цалин хөлс, хууль эрхзүйн шинэчлэлийн асуудлуудыг нарийн гаргасан. Эдгээр асуудлаа хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг хүлээлт бидэнд байна. Засгийн газраас багш нарын цалинг тодорхой хэмжээгээр нэмж эхэлсэн нь дээрх асуудлын дагуу гаргаж буй эхний шийдвэр юм. Ер нь хөдөлмөрийн үнэлэмжийн асуудлыг дан ганц багш нарт хамаатай гэж ойлгож болохгүй. Энэ нь Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй хүн бүрийн асуудал. Гэхдээ олон хүүхэдтэй ажилладаг багш нарын цалин бусад орны жишигтэй харьцуулахад хэтэрхий бага байгаа нь үнэн. Тиймээс цалингийн асуудлыг зайлшгүй ярих нь зүйтэй. Сургуулийн өмнөх боловсролын багш, бага ангийн багш нар салбарын бусад ажилчидтай харьцуулахад илүү ачаалалтай ажилладаг. Тиймээс багш нарын цалинг тодорхой шатлалтайгаар нэмж байгаа ч, анхаарах зүйл олон байна. Хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсрол, ахуй амьдралынх нь төлөө ажилладаг нийгмийн ажилтан, 100-300 хүртэлх хүүхэдтэй ажилладаг дотуур байрны багш нарын цалин сургуулийн багшийн цалингаас шатлал доогуур байгаа нь анхаарал хандуулах ёстой чухал асуудал болоод байна. Мөн цэцэрлэгийн туслах багш нар хариуцлагатай ажил хийдэг мөртлөө бага цалин авдаг. Иймд нэн тэргүүнд эдгээр хүмүүсийн цалинг нэмэх асуудлыг шийдэх хэрэгтэй. -Багш нар нийт ажлын цагийнхаа 37 хувийг үндсэн ажилдаа, 63 хувийг бусад нэмэлт ажилд зарцуулж байна гэсэн судалгаа хүртэл гарсан байна. Энэ хэр ортой вэ? -2007 онд батлагдсан гурван сайдын хамтарсан тушаалын дагуу багш нар бусад хөдөлмөр эрхлэгчдийн адил долоо хоногт 40 цаг ажиллах үүрэгтэй. Үүний 19 цагт нь хичээлээ зааж, үлдсэн 21 цагт  хүүхдүүдтэй ажиллах, хичээлийн бэлтгэлээ хангах, эцэг эхчүүдтэй харьцах зэрэг ажлыг гүйцэтгэх ёстой. Гэтэл энэ нь 40 цагтаа багтаж байна уу, үгүй юу гэдэгт л асуудал байгаа юм. Ихэнх сургуулиуд хоёр ээлжээр хичээллэж байгаа учир хичээлийн бус цагаар, ажлын өдрүүдэд хүүхдүүдтэйгээ ажиллах танхим олддоггүй. Тиймээс багш нар амралтын өдрүүдэд ажиллах хэрэгтэй болдог. Гэртээ анхаарал хандуулах ч завгүй байх тохиолдол байдаг. Багшийн ажлын цагийг үндсэн ажилд нь зарцуулахын тулд шат шатны байгууллагуудаас ирдэг үүрэг даалгавар, бичиг цаас нэхдэг ажлуудыг цэгцлэх цаг болсон. Мөн багшаас илүүтэй сургуулийн удирдлагуудад, боловсрол соёл урлагийн газрынханд бусад салбарын яам, тамгын газруудаас цагийг нь тулгасан тэмцээн уралдаан зохиох үүрэг даалгавар, мэдээ тайлан явуулах хүсэлт их ирдэг. Үүнийг бодож, цэгцлэх цаг хэрэгтэй. Боловсролын салбарт хийсэн нэг том шинэчлэл бол боловсролын удирдлагын систем юм. Хэрэв шат шатандаа мэдээллээ бүрэн оруулчихвал энэ ачаалал багасах боломжтой. -Сурагчдын дунд зохиодог олон олимпиад, тэмцээн багш нарт дарамт болдог тухай ярьж байна. Сая бага ангийн сурагчдын дунд олимпиад зохион байгуулахыг хориглосон тухай БСШУС-ын сайд мэдээллээ.  Үүнийг та зөв шийдвэр гэж бодож байна уу? -Тулгамдаж байгаа асуудлуудын нэг яах аргагүй энэ мөн. Дундаас дээш ангийн сурагчдын дунд цөөн төрөлтэй, чансаа өндөртэй олимпиад зохион байгуулах хэрэгтэй. Уг нь 2005-2010 онд олимпиад, тэмцээн их цэгцтэй цөөн зохиогддог байсан ч 2013 оноос замбараагүй болсон. Хатуухан хэлэхэд зарим олимпиад мөнгө, ашгийн төлөө байна. -Боловсролын салбарын бодлого тогтворгүй, удирдлагууд нь байнга солигддог тухай шүүмжлэл их байна. Энэ нь та бүхний ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?  -Тогтворгүй байдал дан ганц боловсролын салбарт бус бусад салбарт ч бий. Миний бие энэ салбарт 30 жил ажиллажээ. Үүнээс 15 жилд нь удирдах албан тушаал хашиж байна. Энэ хугацаанд үргэлж өөрчлөлт, шинэчлэл дунд ажиллаж ирлээ. Гэхдээ удирдлагууд солигдох бүрт гарч буй шинэчлэлт бүхнийг буруу гэж ойлгож болохгүй. Зарим үед оновчтой, сайн бодлого, шийдвэр гардаг. Харин зарим үед цаг үеэ олоогүй шийдвэрүүд ч гарсан. Ер нь боловсролын салбартай холбоотой аливаа хууль, тогтоол шийдвэр, дүрэм журмыг сайн судалгааны үндсэн дээр гаргах хэрэгтэй. Мэргэжлийн хүмүүсийн саналыг үндэслэж, нухацтай судалж, залгамж холбоотой байж л үр дүнгээ өгнө. Боловсролын салбарт хийж буй шинэчлэлийн үр дүн нэг жилийн дараа биш олон жилийн дараа гардаг. -Багшийн хөгжлийн тухай их ярьдаг болсон. Өнөөдөр багш хөг­жих бодит  боломж  хэр байна вэ? -Төр засгаас багшийн хөгжлийн асуудалд анхаарал хандуулж байгаа ч олон улсын жишгийг яаж гүйцэх билээ. Манайд багшийн мэргэжил дээшлүүлэх ажил ямар ч тогтолцоогүй байсан бол 2013 оноос мэргэжил дээшлүүлэх институттэй болсон. Үүнийг дагаад багшийн хөгжлийн талаарх бодлого эрчимжсэн. Багш нар мэргэжил дээшлүүлэх сургалтад тодорхой хугацааны давтамжтай хамрагдаж байна. Мөн “Шинэ зууны боловсрол” төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 20 гаруй мянган багшийг компьютержууллаа. Энэ нь багш ажлын байран дээр хөгжих боломжийг олгож байгаа юм. Гэхдээ цаашид багшийн хөгжлийн талаар хийх ажил их бий. Өнөөдөр манай багш нар хичээлийн хэрэглэгдэхүүнээ өөрсдөө бэлддэг хэвээр байна. Бичгийн цаасаа хүртэл өөрөө гаргадаг. Тэгэхээр багш нарын эдийн засгийн асуудлыг бүрэн шийдэх нь тэдний хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Түүнчлэн багшийн хөгжлийг зөвхөн төр, засаг эдийн засгаас шалтгаална гэвэл бас өрөөсгөл юм. Багш хөгжих эсэх нь өөрөөс нь ихээхэн шалтгаалдаг. -Үүнд хандлага л чухал болов уу? -Ерөөсөө л хамгийн чухал зүйл бол багш нарын хандлагыг өөрчлөх. Сургуулиудаар явж, багш нартай уулзахад цалин нь тодорхой хэмжээгээр нэмэгдээд байхад сэтгэл ханамж муутай байгаа нь харагддаг. Тиймээс багш нар маань хандлагаа өөрчилж, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, зарим үед байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай байх хэрэгтэй болов уу. Ер нь багш нарын цалинг хавтгайруулж нэмэх нь буруу. Үнэхээр хүүхдийн төлөө чин сэтгэлээсээ хичээж ажиллаж байгаа багш урсгалаараа явж байгаа багш хоёрт цалингийн ялгаа байдаггүй. Би аймгийнхаа сургууль цэцэрлэгийн удирдлагуудад ядаж улирал бүрт өгч байгаа үр дүнгийн урамшууллыг шударга, зөв дүгнэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Манай боловсролын салбарт багшийн ажлыг шударга үнэлэх, шалгуур нь зөв байх, сайн ажиллаж байгаа багшийг дэмжих тал дээр асуудал байна. Гол нь ажлын гүйцэтгэлийг нь л харж багшийг үнэлдэг байх хэрэгтэй. -Боловсролын салбарт байр, материаллаг баазын дутагдал том асуудал болж байна. Хөрөнгө оруулалт нь ч удаан шийдэгддэг бололтой? -Манай Сүхбаатар аймагт 1953, 1954 онд баригдсан хоёр ч цэцэрлэг бий. Олон жил болсон хуучин барилгатай сургууль, цэцэрлэгийг шинэчлэх хөрөнгө оруулалт удаашралтай байгаа нь үнэн. Хүүхдүүдийн тоглоомыг шинэчлэх, ширээ сандлыг солих цаг болсон ч, орон нутагт үүнийг шийдэх төсөв ирдэггүй. Тиймээс багш нар хүүхдүүдээ тав тухтай орчинд сургахын тулд эцэг эхчүүд, байгууллагуудаас туслалцаа хүсэхээс өөр аргагүйд хүрдэг. -Гэтэл багш нарыг эцэг эхчүүдээс мөнгө татдаг гэсэн шүүмжлэл их байдаг? -Орон нутгийн хувьд эцэг эхээс хэдэн сая, мянгаар нь мөнгө авсан асуудал байдаггүй. Хамгийн гол нь сургууль цэцэрлэгт хөрөнгө оруулах асуудлыг эцэг эхчүүд өөрсдөө л хурал хийж, хүүхдээ тав тухтай байлгахын тулд шийддэг. Эцэг эхчүүдээс анги тохижолт, хүүхдийн тоглоом наадгайн зориулалтаар  хандив тусламж авсан л бол заавал эргэж тайлан тавьдаг байхыг бид зөвлөдөг. Нэг цэцэрлэгт жилийн урсгал засварт 200-300 мянган төгрөг төсөвлөгддөг. Энэ мөнгөөр урсгал засвар хийх ямар ч боломжгүй. Бид хүүхдийг эрсдэлгүй, эрүүл, аюулгүй орчинд сургах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхийн тулд чадлынхаа хэрээр ажиллаж байна. Боловсролын салбарт оруулдаг хөрөнгө оруулалтын хэмжээг нэммээр байна. Багш бусад асуудалд биш заах хичээлдээ л анхаарал хандуулах хэрэгтэй. Гэвч байдал ийм биш байна. -Таны бодлоор багш нарын ачааллыг бууруулснаар үнэхээр энэ салбарт ахиц, дэвшил гарах болов уу? -Ачааллыг бууруулахын тулд даацтай судалгаа хийх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар сургуулиуд ихэнх нь хоёр ээлжээр хичээллэж байна. Нөгөөтэйгүүр бид хийсэн шинэчлэлтийнхээ үр дүнг үзэж чадахгүй байна. 4-5 жил болоод л өөрчлөлт хийгээд байхаар өмнөх өөрчлөлтийнхөө үр дүнг харж чадахгүй, дараагийн өөрчлөлт эхэлдэг. Бүх л зүйлийг ерөнхий боловсролын сургуульд заа, хөтөлбөрт нь оруул, агуулгад нь багтаа гэдэг. Гэхдээ энэ бүрийг оруулахаар хүүхдийн ачаалал юу болох вэ. Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх инситут энэ олон асуудалд судалгааны үндсэн дээр тодорхой сайн хариулт өгч цэг тавьдаг байх хэрэгтэй. Хичээлийн агуулгын өөрчлөлт дээр хамтарсан баг ажиллах хэрэгтэй байна. Агуулга дээр асуудал байгаа бол багш нар өөрсдөө байнга анализ хийж, мэргэжлийн байгууллагуудад саналаа явуулах хэрэгтэй. Боловсролын хүрээлэнгээс өнгөрсөн жил улс даяар зааж буй сурах бичгийнхээ талаар саналаа өг гэхэд 27 мянган багшаас цөөхөн багш хандсан байх жишээтэй. Багш нар санал авах үед чимээгүй байсан атлаа хэвлэгдсэн хойно нь  шүүмжлэх хандлага түгээмэл байна. Хичээл зааж байгаа багш л агуулгадаа үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой. Багш нар саналынхаа хариуг авч, нэхдэг байх ёстой. Тухайн сурах бичгийг дэлгэж хичээл зааж үзээгүй хүмүүс баг болоод хичээлийн агуулга боловсруулна гэдэг учир дутагдалтай. -Багш нарын  VII их хурлаас ямар үр дүн гараасай гэж хүсч байна? -Өнгөрсөн жилүүдэд болсон үндэсний хэмжээний зөвлөгөөнүүдээр боловсролын салбарынхан бэрхшээлүүдээ шат шатанд нь сайн гаргаж ирсэн гэж би ойлгож байгаа. Одоо эдгээр асуудлуудыг хэрхэн давах тухай зөв гарц, шийдвэр гаргаасай гэж хүсч байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.10 № 73 (6040)
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

4 цаг 35 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

17 цаг 30 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

17 цаг 30 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

17 цаг 30 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Өчигдөр 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Өчигдөр 15 цаг 44 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

Өчигдөр 14 цаг 24 мин
“Өв соёлын голомт” төслийн Ингэт толгойн дурсгалт газрын судалгаа Монголын археологийн шилдэг судалгааны дэд байрт шалгарлаа

"Монголын археологи-2024" эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 12-р сарын 21,22-

Өчигдөр 13 цаг 28 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

Өчигдөр 13 цаг 19 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

Өчигдөр 06 цаг 00 мин