Б.НАМУУНТАМИР, Т.САЙХАН
Монголын багш нарын VII их хурал ирэх пүрэв гаригт болно. Эрдэмтэн багш нар 23 жилийн дараа нэгдэн чуулж, амжилт бүтээлээ ярих юм. Хүн бүхэн багшийн гараар дамжин, тэдний арга барилаар эрдэм мэдлэгийг олж амьдралд хөл тавьдаг. Тэгвэл энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа шавь нарынхаа хайр хүндэтгэлийг татсан олон мянган багш нарын нэг Барилгын политехникийн коллежийн багш, “гагнуур”-ын хэмээн хүндлэгдсэн Ц.Доржбалданг урьж, ярилцлаа.
Багшийн мэргэжлийг ээжээсээ өвлөн авсан
[caption id="attachment_59776" align="aligncenter" width="850"]
16 жилийн турш 1000 гаруй шавь төрүүлжээ.[/caption]
Барилгын политехникийн коллеж Монгол Улсад үүдээ нээж, боловсон хүчин бэлтгээд 65 жил болжээ. Ц.Доржбалдан багшийн 16 жилийн амьдрал энэ газартай салшгүй холбоотой. Түүнтэй сургууль дээр нь очиход дугариг хар нүдтэй, цайвар царайтай, нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар биднийг угтав.
16 жилийн туршид энэ сургуульд тэр гагнуурчин бэлтгэж байна. Одоогоор 1000 гаруй шавь төрүүлсэн хэмээн даруухан өгүүлэв. Нийтлэлийн маань баатар багш Улаанбаатарынх. Аав В.Цэрэн-Ойдов барилгын өрлөгчин мэргэжилтэй хүн байсан бөгөөд Завхан аймгийн гаралтай. Харин ээж Д.Батжаргал нь насаараа монгол хэл, уран зохиолын багшаар ажиллажээ. Түүний бага нас бусдын нэгэн адил өнгөрсөн. 49 дүгээр сургуулийн наймдугаар ангийг төгсөөд аав, ээжийнхээ хүсэлтээр барилгын техник мэргэжлийн сургуульд суралцаж, 1995 онд гагнуурчин мэргэжил эзэмшжээ. Улмаар 1997 оноос Механик инженерийн ангид суралцан төгссөн байдаг. Сургуулийнхаа шилдэг оюутан болсон нь түүнийг хичээлдээ шаггүй сайн байсныг илтгэх биз ээ. Ингэж тэр аавынхаа барилгын, ээжийнхээ багш мэргэжлийг хослуулан эзэмшиж, ажлын гараагаа эхэлсэн байдаг.
Барилгын коллежитой насан туршдаа амьдралаа холбожээ
Гэхдээ бас болоогүй ээ. Мань хүн 2001 онд цэрэгт татагдаж, 256 дугаар ангид алба хаасан эр. Цэргийн албанд байхдаа компютерын мэдлэгтэй хэмээгдэн, бичиг, дансны ажлыг нь хөтөлдөг байсан гэнэ. 2003 онд халагдсаных нь дараа Барилгын политехникийн коллежоос ярьсан нь түүний амьдралыг энэ сургуультай насан туршид нь холбожээ. Үүгээр зогсохгүй гагнаж залгах олон шинэ ур чадвар эзэмшин, энэ салбарын хоосон орон зайг нөхөж, “манлай гагнуурчин” хэмээгдэж байсан нь хөдөлмөрч хичээнгүйнх нь шагнал байв. Тэрээр өөрөө энэ сургуульдаа оюутан байсан учраас оюутнуудтайгаа сайн ойлголцож ярилцаж, асуудлуудыг нь шийдвэрлэхэд тусалдаг. Үүгээрээ тэрээр шавь нарынхаа хайрыг татсан багш юм. Мөн энэ олон жил багшлахдаа нэг ч удаа мэргэжилдээ түйртэж, энэ салбараас холдъё гэж бодож байгаагүй гэлээ. Тэрээр “Монголд одоо л гагнуурын мэргэжлийн салбар хөгжиж байгаа. Тиймээс цаашдын үргэлжлэл болсон хүүхдүүдийг бэлдэхийн тулд улам хичээх хэрэгтэй. Сайхан, муухай мэргэжил гэж байхгүй. Хүн бүхэн хичээж сурч, ажиллавал мэргэжил бүхэн үнэ цэнэтэй” гэж байлаа. Арга ч үгүй биз. Энэ хугацаанд зуу зуун гагнуурчин бэлтгэн, их бүтээн байгуулалтад хүлээлгэж өгсөн түүний гавьяа их билээ.
Олон зуун шавь нь түүний бахархал, бардамнал юм
[caption id="attachment_59777" align="aligncenter" width="850"]
Барилгын политехникийн коллеж Монгол Улсад үүдээ нээж, боловсон хүчин бэлтгээд 65 жил болжээ. Ц.Доржбалдан багшийн 16 жилийн амьдрал энэ газартай салшгүй холбоотой.[/caption]
Хөдөлмөрийн яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, Барилгын тэргүүний ажилтан, Хил хамгаалах ерөнхий газрын жуух бичиг, Монголын Залуучуудын холбооны “Алтан-од” , “Алтан багш” зэрэг олон одон тэмдэг гагнуурчин багшийн маань нэрийн хуудас. Энэ бүх шагнал урамшууллаас илүү олон зуун шавь нь түүний бахархал, бардамнал юм. Аливаа ажилбарыг дэс дараалал хамгийн чухал гэж тэр шавь нартаа байнга захидаг гэнэ. Гагнана гэдэг нь нэг ёсондоо төмрөөр урлаж, оёж буйтай ялгаагүй болохоор арга ч үгүй биз.
Түүнтэй ярилцах зуурт тэрээр оюутнууддаа практик хичээл орж байв. Хичээлийн орчинд сурвалжлагч миний нүд улайн, хамар загатнана. Гэтэл 16 жил энэ орчинд ажилласан Ц.Доржбалдан багш хээв нэг “Надад ямар нэгэн гаж нөлөө илрээгүй. Одоохондоо эрүүл саруул л байна” хэмээн инээж нүд нь яг л гагнуурын оч шигээ гялалзаж байлаа. Үүнээс түүнийг мэргэжилдээ ихэд дуртай, хайртай гэдгийг нь улам бүр мэдэрч байв.
Оюутны байраас өндийсөн амьдрал
[caption id="attachment_59778" align="aligncenter" width="850"]
Ц.Доржбалдангийнх гэдэг айл дөрвөн сайхан хүүтэй өнөр бүл.[/caption]
Тэрээр сургуулийнхаа химийн багш С.Билэгсайхантай 2003 онд танилцжээ. Улмаар оюутны дотуур байрны 14 ам метр өрөөнөөс хамтын амьдралаа эхэлсэн түүхтэй. Өрөөнийхөө тагтыг нь өөрийн гараар вакумдан, цонхыг нь авч, сунгасан гэдэг. Үүнийг нь сургуулийн захиргаа мэдэж, зэмлэл, магтаал хоёрыг зэрэг сонсч л явж. Гэхдээ одоо ч тэр өрөө нь яг хэвэндээ байсаар, оюутнууд дамжин амьдарсаар л байгаа гэсэн. Ц.Доржбалдан багш 2004 онд анхны хүүгээ өлгийдөн авч хоёр дахь хүү нь ч дотуур байранд төржээ. Тэднийх тэр байранд долоон жил амьдарсан байдаг. Харин одоо Ц.Доржбалдангийнх гэдэг айл дөрвөн сайхан хүүтэй өнөр бүл болсон. Дотуур байрнаас эхэлсэн амьдрал нь түүнд ихээхэн амттай бас жаргалтай олон дурсамжийг үлдээсэн гэдэг. Анх багшийн цалингаар амьдарна гэдэг, гэр бүлээ авч явна гэдэг яггүй даваа байлаа. Цалингаа аваад л дотуур байрныхаа төлбөрийг төлөөд, цаана нь 20, 30 мянган төгрөг л үлддэг байсан гэлээ. Харин одоо үндсэн цалин 900 мянга, зэргийн нэмэгдэлтэйгээ нийлээд сая гаран төгрөгний цалин авдаг болсон байна. Нэг үеэ бодвол бас ч гүй цаг сайхан болжээ хэмээж байлаа.
Эхнэр С.Билэгсайхан нь дархан бэр, мөн алдарт эхийн одонтой даруухан бүсгүй. ШУТИС-ийн химийн багшаар мөн л 16 жил ажилласан байна. “Оюутны дотуур байр хүүхдэд их л ээлтэй. Манай сургуулийн олон багш дотуур байрнаас л амьдралаа эхэлж байсан даа” гэж гэрийн эзэн ярьж байна.
Энэ айл гэр бүлийн содон ч гэмээр уламжлалтай. Жил бүрийн зургадугаар сарын 1-нд гэр бүлээрээ Сүхбаатарын талбайд зургаа татуулах нь тэдний хувьд тогтсон “дүрэм”. Хамгийн сүүлд зургуулаа болоод авахуулсан зургаа үзүүлэв. Тэдний том хүү нь есдүгээр анги бол бага нь гурван настай. Том хүү нь аав ээжийнхээ мэргэжлийг өвлөж, багш болно хэмээн хичээл сурлагадаа өөрийгөө дайчилдаг гэнэ. Мөн гэр бүлийнх нь ойрын зорилго нь зуслангийнхаа газарт хаус барихаар төлөвлөжээ.
Ц.Доржбалдан багш одоогоор ШУТИС-ийн механик тээврийн сургуульд магистрын зэрэг хамгаалж, энэ хавар төгсөх юм байна. “Гагнуурчны мэргэжил одоо ч эрэлттэй хэвээрээ байгаа. Гагнуургүйгээр байшин, барилга бүтээн байгуулалт босохгүй. Манайд суралцдаг хүүхдүүдийн ихэнх нь Улаанбаатарынх. Харин цөөнх хувь нь хөдөө орон нутгаас зорин ирсэн хүүхдүүд байдаг юм. Сард 100 мянган төгрөгний тэтгэлэг олгодог нь хүүхдүүдийн элсэн суралцахад нь том түлхэц өгдөг. Төмрөөр урлах энэ ухааны цагаан толгойг заасан шавь нар маань нийгэмд ихийг бүтээн байгуулах төдийгүй, улсын тэмцээн уралдаанд тэргүүн, дэд байрыг эзэлж байна. Би шавь нараараа бахархдаг. Дээрээс нь манай сургуулийн тоног төхөөрөмж хүүхдүүдийг маань илүү чадварлаг болгоход урам нь болж байна. Их, дээд сургуулийн дипломтой ч мэргэжлийн ажлаа хийж чадахгүй хүн олон байна. МСҮТ-д сурахад ямар ч байсан ажлын байртай, юм хийж бүтээж чаддаг болоод төгсөнө. Иймээс МСҮТ-д сурч ирээдүйгээ илүү утга учиртай болгоорой гэж хэлмээр байна” гэж захисныг уншигч залуустаа уламжилъя. Ц.Доржбалдан багшийнхаа ган төмрөөр Монголын ирээдүйг “урлах” их бүтээлд нь, олон арван шавийнх нь өрнүүн хүсэл тэмүүлэлд өндөр амжилт ерөөе.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.4.8 № 71 (6038)