Ж.ЦОГЗОЛМАА
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ.
Энэ удаагийн зочноор Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын Нийгмийн салбар хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяаг урилаа.
-Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад тусламж, санхүүжилтээ өгч эхэлсэн түүх 20-иод жилийн өмнөөс эхэлжээ. Хоёр арваны өмнөхийг эргээд харвал хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт, тусламж манай улсад шингэсэн байдаг юм бол?
-Монгол Улс зах зээлийн эдийн засагт дөнгөж хөл тавих үед анхны түншээр нь Азийн хөгжлийн банк ажилласан.
1991 оноос Засгийн газарт дэмжлэг үзүүлж, эрүүл мэндийн салбарт 1993 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлсэн.
Өнөөдрийн байдлаар манай банкнаас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нийт 135.4 сая ам.долларын төсөл хэрэгжүүлжээ. Энэ жил УИХ-аар батлагдахаар хүлээгдэж буй 163 сая ам.долларын нэг шинэ төсөл бий. Өөрөөр хэлбэл, сүүлийн 20 жилд хэрэгжсэн хөрөнгө оруулалтаас давах хэмжээний мөнгөн дүнтэй төслийг нэг жилд авахаар байна.
Бид одоо ч эрүүл мэндийн даатгал, санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр төсөл хөтөлбөрүүдээрээ дамжуулан ЭМЯ-нд санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлж байна.
-Азийн хөгжлийн банк манай улсад хэдийнэ 135 сая ам.долларын зээл, тусламж үзүүлчихсэн байна. Харин үүний үр өгөөж нь та бүхний хүлээлттэй хэр дүйдэг юм бол?
-Энэ бол маш чухал асуудал. Бид төслүүдийн үр өгөөжийг олон талаас нь хардаг. Төслийн үр дүн нь юу байх, үр шимийг хэн хүртэх, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийн амьдралд дэмжлэг болох уу, ядуурлыг бууруулахад хувь нэмэр үзүүлэх үү гээд. Хэрэгжилтийн явцад зарим асуудал гарч байна. Тухайлбал, Засгийн газрын тогтворгүй байдлаас болоод төрийн албан хаагчид их өөрчлөгдөж байна. Шинээр гарч ирсэн хүн нь төсөлтэй танилцах гэж цаг алдах, эсвэл хоорондоо учир зүйгээ олохгүй байсаар таван жилийн төслийг 10 жил болгож байна. Ханш яаж өсч байгаа билээ. Таван жилийн өмнө нэг ам.доллараар юу худалдан авч болох байсныг арван жилийн дараахтай харьцуулаад үз л дээ. Тэгэхээр төслийн хэрэгжилт удааширснаас эдийн засгийн үр өгөөж унаж байгаа юу гэвэл, тийм.
Нэгдсэн худалдан авалтын дүнд зарим эм тав дахин хямдарлаа
-Танай банкнаас хэрэгжүүлж буй төслүүдийн сүүлийн үеийн мэдээллээс хуваалцахгүй юу.
-Цусны аюулгүй байдлыг сайжруулах төслийг одоо хэрэгжүүлж байна. Нийслэлд Цус сэлбэлт судлалын үндэсний төв байгуулж, аймаг, сумдад нийт 26 цусны салбар банкийг иж бүрнээр нь байгууллаа. Улмаар олон хүний эрүүл мэнд хамгаалагдаж, амь нас аврагдах боломж бүрдсэн.
Үүнээс гадна Монгол Улсад эмийн үнэ өндөр хэр нь чанар нь эргэлзээтэй талаар олон судалгаа гарсан, та ч мэдэж байгаа байх. Саяхан хэрэгжээд дууссан нэг техникийн туслалцааны төслийн хүрээнд эмийн нэгдсэн худалдан авалтын тогтолцоог бий болгох суурийг тавилаа. Манай эмнэлгүүд дор бүрнээ тендер зарлаж эмээ худалдан авдаг байсан бол одоо түгээмэл хэрэглэгдэх эмийг нэгдсэн байдлаар ерөнхий гэрээгээр худалдан авалт хийх боломжтой болсон. Ингэснээр худалдаж авах эмийн тоо хэмжээ нь үлэмж нэмэгдэж байгаа учир “economy of scale” зарчмаар нэгд, нэгж эмийн үнэ буурна, хоёрт, эмийн томоохон үйлдвэрлэгчид манай зах зээлийг сонирхоно, улмаар сайн чанартай эмийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс нь авах боломж бүрдэж байгаа юм. ЭМЯ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хамтран эхний ээлжинд өнгөрсөн жил 15 нэр төрлийн эмийг ерөнхий гэрээгээр худалдан авсан. Зарим нэг эмийн үнэ бүр тав дахин буурсан. Энэ 15-хан эмийн худалдан авалтаас 500-аад сая төгрөгний хэмнэлт гарсан. Tender.gov.mn сайтаас чё энэ талаар илүү дэлгэрэнгүйг харж болно.
-Өмнө тавьсан асуултдаа нэмэхэд, Азийн сангийн судалгаагаар манай улсад гуравдугаар шатлалын эмнэлэг харьцангуй олон ч анхан шатны тусламж үйлчилгээний байгууллага нь нэн цөөн байна. Энэ нь хүнд суртлыг үүсгэж, цаашлаад авлигад байдгаа барах үндсэн шалтгаан болж байгааг онцолсон байсан?
-Дэлхий даяараа эрүүл мэндийн салбарт анхан шатны тусламж үзүүлдэг байгууллагууд суурь томтой, тоогоор ч олон, хүндээ ойрхон байна. Харин нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний эмнэлгүүд нь цөөн бөгөөд үнэхээр өндөр нарийн мэргэжсэн байх ёстой гэж үздэг. Харин манайд эсрэгээрээ, социализмаас өвөлж ирсэн тогтолцоо нь маш том данхар эмнэлгүүдтэй хэрнээ анхан шатны тусламж үзүүлэх байгууллага нь байхгүй байсан. Мөн дүүргийн эмнэлгүүд суурь тусламжийг үзүүлж чадахгүй байгаагаас бүх хүн гуравдугаар шатлалын том эмнэлгүүддээ хандаад байна. Жишээ нь, дээд шатлалын эмнэлэг болох Улсын I, II, III эмнэлгүүд нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх ёстой ч дийлэнх цагаа олгойны хагалгаа хийхэд зарцуулж байна. Ингээд л бүх хүн Хавдар судлалын үндэсний төвд, эсвэл Гэмтэл, согог судлалын үндэсний төвд, нэг бол Халдварт өвчин судлалын үндэсний төвд очиж тэнд асар их ачааллыг үүсгээд байна. Миний бодлоор авлига гэдэг бол буруу тогтолцооноос гарч байгаа хамгийн сүүлийн үр дагавар байх. Хэрэв өрхийн эрүүл мэндийн төвүүд болон дүүргийн эмнэлгүүд анхан шатны болон суурь тусламж үйлчилгээгээ бүрэн үзүүлээд эхэлбэл, иргэд ч заавал тэр хэдэн төв эмнэлэгт очоод урт дараалал үүсгээд хээл хахууль өгөөд байхгүй шүү дээ.
Тиймээс манай банкны төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт 200 ортой жишиг дүүргийн эмнэлэг байгуулж байгаа. Энэ эмнэлэгт дээр хэлсэн дотор, хүүхэд, эх барих эмэгтэйчүүд, мэс засал гэмтэл гээд тусламж үйлчилгээг бүгдийг үзүүлдэг болно. Үүгээр бид дүүргийн эмнэлэг ямар байвал зохистойг харуулахыг зорьж байгаа. Ирэх жил ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа.
-2016 оны байдлаар эрүүл мэндийн санхүүжилтийн 20 хувийг даатгалаас, 40 хувийг улсын төсвөөс, харин үлдсэн 40 хувийг иргэд бүрдүүлсэн гэсэн тоо гарчээ. Энэ маань иргэдийн нуруун дээр эрүүл мэндийн үйлчилгээ ямар их дарамт болдгийг харуулж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Эрүүл мэндийн санхүүжилтийн 40 хувийг хувь хүн гаргаж байна гэдэг асар өндөр үзүүлэлт. Олон улсын төвшинд энэ хэмжээг 25 хувиас хэтрүүлэхгүй байхыг зоридог. Үүнээс их байвал ард түмэн нь санхүүгийн дарамттай байна л гэсэн үг. Өвдсөн хүн халаасандаа мөнгөгүй бол ядуурах, дуусах жишээний болж байна. Энэ нь манай эрүүл мэндийн тогтолцоо буруу байгааг бүрэн илэрхийлж буй тоо.
Ганцхан зүйл өөрчлөөд л энэ асуудлыг шийдэж чадахгүй. Маш олон арга хэмжээ авах ёстой. Жишээлбэл, даатгал, төсөв гэсэн хоёр санхүүжилтийн эх үүсвэрээ зөв зарцуулах, үр ашгийг нь зөв гаргах асуудал байна. Хоёрдугаарт, энэ салбарт очиж байгаа мөнгө маань бага байгаа. ДНБ-ий 2.6 хувь нь л эрүүл мэндийн үйлчилгээнд очиж байна. Эрүүл мэндийн төсөвт ердөө л 700 орчим тэрбум төгрөг эргэлдэж байна. Бид дор хаяж ДНБ-ийхээ таван хувийг энэ салбарт зарцуулж байж сая санхүүгийн хомсдолоос гарна. Анхнаасаа л бага хэмжээний мөнгө өгч байгаа юм чинь түүн дээрээ хэчнээн зодолдоод хүрэлцэхгүй шүү дээ. Эх үүсвэрээ нэмэх хэрэгтэй. Иргэдийн даатгалд төлөх шимтгэлийн хэмжээг ч нэмэх шаардлагатай. Ажил олгогч хоёр, бид өөрсдөө хоёр гээд нийт дөрвөн хувийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлж байгаа нь дэлхийд хамгийн доод хэмжээ. Сайн дурын даатгуулагчид ямар бага мөнгө төлдөг гэж санана. Жилд сайн дураараа даатгуулах гэж 38-хан мянган төгрөг өгчихөөд, нэг л удаа эмнэлэгт хэвтэхэд багаар бодоход 300-400 мянган төгрөгийн тусламж, үйлчилгээ авч байгаа. За тэгээд, ихэнх хэсэг нь буюу тэтгэврийнхэн болон хүүхдүүдийн өмнөөс төр шимтгэлийг нь төлдөг. Гэхдээ дэндүү бага, жилд 38-76 мянган төгрөг төлж байгаа юм. Иймээс л эрүүл мэндийн даатгалын сан бэхжиж чадахгүй, тусламж үйлчилгээ нь хязгаарлагдмал байгаа.
Европын улсуудад иргэд даатгалдаа 18-19 хувийн шимтгэл төлдөг
-Иргэд өөрсдөө шимтгэлд төлөх дүнгээ нэмэх ёстой юм байна. Бас эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулах бидний мөнгөн дүн 25 хувиас хэтрэхгүй байх нь оновчтой гэлээ. Энэ хоёр тоо хоорондоо хэрхэн уялдах юм бол?
-Санхүүжилтийн эх үүсвэр хангалттай байх тусам иргэдээс гарч байгаа мөнгө багасч, тэнцвэрээ олох ёстой. Иргэдээс гарах мөнгө бага, төсөв бөгөөд даатгалаас гарах мөнгө нь их байх учиртай. Жишээ нь, ханиад хүрэхэд өрхийн эмнэлэгтээ хандахад эм бичээд өгнө. Тэр эмийг нь та өөрийнхөө мөнгөөр авч байгаа биз дээ. Зүй нь даатгалтай хүнд тэр эмийг даатгалаас санхүүжүүлэх байхгүй юу. Гэтэл даатгалын сан тэр эмийг даах чадамжгүй байна. Даатгалын сан одоогоор 300-гаад нэр төрлийн эмийг хөнгөлж байгаа гэх боловч зарцуулж байгаа нь мөнгө нь хаанаа ч хүрэхгүй байна. Тэгээд эмийн сан дээр хөгшчүүл дугаарлаад харин дунд насны бид зүгээр л өөрөөсөө мөнгөө гаргаад эмээ авч байна л даа.
-Бид өмнө нь даатгалд зургаан хувийн шимтгэл төлдөг байсан санагдаж байна. Одоо дөрөв болсон байна. Ер нь энэ тоо хэд байх нь зохистой юм бэ?
-Зургаан хувь ч багадна. Европын улс орнуудад 18-19 хувьтай байна. Гэхдээ заавал тэд байх ёстой гэсэн юм бас байхгүй. Улс бүхэн өөрийн боломж, мөн эрүүл мэндийн даатгалдаа ямар тусламж үйлчилгээ хамруулах зэргээс шалтгаалж тохиромжтой хэмжээгээ тогтоох ёстой. Албан секторт ажиллаж байгаа хүмүүсийн даатгалын санд төлж байгаа дөрвөн хувийг алгасъя гэхэд, даатгуулагчдын 60 гаруй хувийг эзэлж байгаа, тэтгэврийн насныхан болон хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, цэргийн албан хаагчдын шимтгэлийг төрөөс төлж байгаа хэмжээг нэмэх хэрэгтэй. Төрөөс нэг хүүхдэд сард 3200, жилд 38400 төгрөг төлж байгаа. Гэтэл хүүхдийн бүх эмчилгээг иргэдэд үнэгүй үзүүлж байгаа. Сард 3200-хан төгрөгөөр тооцож шимтгэл төлөхөөр даатгуулсан гэж хэлж болох уу.
-Тэгэхээр энэ хувь хэмжээ хэд байвал болох вэ?
-Маш олон хүчин зүйлийг тооцоолно. Тухайн насны бүлгийн хүн амын эрүүл мэндийн хэрэгцээ, тусламж үйлчилгээнд хэрэглэх технологийн шийдэл, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны зардал, эмч сувилагчийн цалин гээд.
-Гэхдээ төр болоод иргэд бид өөрсдөө эрүүл мэндийн даатгалд төлөх мөнгөө нэмлээ гэхэд түүний санхүүжилт, санхүүгийн удирдлага нь алсын хараа, бие даасан байдалгүй бол салхинд хийсэх шалтгаан болж мэдэх л юм. Энэ талаар таны бодлыг сонирхвол?
-Санхүүжилтийг нэмэх нь чухал боловч түүнийг юунд зарах вэ гэдэг нь маш чухал. Алсын хараагүй зарцуулалтууд хийгдэж байгаа жишээ бий. Тухайлбал, эрүүл мэндийн даатгалын сангаас фитнесс клубуудад мөнгө өгнө гэж байна. Тэгсэнд орвол энэ мөнгийг хүүхдийн, өндөр настнуудын эмэнд өгмөөр байна. Саяхан бас нэг гайхалтай санал яригдсан ч арай шийдвэр болоогүй. Хүүхдүүдийг ээжтэй нь хамт агаар салхинд амруулахаар яригдлаа. Долоо хоног тэр сувилалд гараад хүн эрүүлжих үү. Бусад бүх өдөр нь энэ агаарын бохирдолтой хотдоо амьдарч байж шүү дээ. Энэ мэтийн буруу шийдвэрүүд гарах гээд байна. Юу санхүүжүүлэх вэ гэдгийг маш оновчтойгоор, судалгаа нотолгоонд суурилж гаргах хэрэгтэй. Макро түвшинд, байгууллагын түвшинд ч мөн санхүүгийн удирдлага, хариуцлагын тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Энэ нь Төрийн сангаас төгрөг болгоныг юунд зарцуулахыг нь заана, хянана гэсэн үг бас биш юм. Тухайн эмнэлэг, эрүүл мэндийн байгуулага ямар тусламж үйлчилгээг хэнд, яаж үзүүлсэн байна гэдгийг үндэслэн санхүүжилт олгох ба харин тухайн байгууллага авсан санхүүжилтээ яаж үр дүнтэй зарцуулах хариуцлагаа өөрөө үүрэх ёстой. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн салбарт үр дүнд тулгуурласан санхүүжилтийг хэрэгжүүлэх, эмнэлгүүд нь үзүүлсэн тусламж үйлчилгээний чанар үр дүнг хариуцах засаглалын тогтолцоонд шилжих цаг нь хэдийнээ болоод байна.
-Эрүүл мэндийн салбарын тоон үзүүлэлтүүд мөнгө шиг гарт баригддаггүй болохоор эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлж байгааг хэлэхэд бэрх байх. Гэхдээ иргэд эрүүл мэнддээ ийм их мөнгө урсгаж байгаа учраас энэ нь улсын хөрөнгө, мөнгөний өсөлтийг чангааж буй эрсдэлүүдийн нэг мөн үү?
-Эрүүл мэнд бол нийгмийн салбар. Нийгмийн салбар дандаа мөнгө нэхдэг, зарцуулдаг гэж ойлгоод бүх анхаарал мөнгө олдог уул уурхай зэрэгт л хандаад байдаг. Гэтэл тэр уул уурхай дээр чинь эрүүл хүн л ажиллана. Хүн гэдэг төрөхөөсөө л өөртөө тодорхой хөрөнгө оруулалтыг шаарддаг. Анхнаас нь хүндээ хөрөнгө оруулалтыг зөв хийгээд явбал тэр өгөөж нь илүү. Хүүхэд төрүүлээд анхнаас нь л арчилж, анхаарахгүй бол хүүхэд өвдчихдөг. Хүүхэд өвдвөл тэр гэр бүлд олон дарамт учирна, сэтгэл санаа, санхүүгийн, мөнгөн бөгөөд мөнгөөр илэрхийлж болохгүй сөрөг үр дагаврууд авчирдаг. Цаашлаад нийгэмдээ дарамттай. Нийгэм өөрөө дарамтанд ороод байвал тэр эдийн засгийн өсөлт гарч ирэхгүй. Иймээс бид иргэнийхээ эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. Нэн ялангуяа, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн анхан болон суурь тусламжид хөрөнгө мөнгө зарцуулах хэрэгтэй. Эрүүл мэндэд зарцуулж байгаа зардал улс орны эдийн засагт болон нийгмийн хөгжилд эергээр л нөлөөлнө. Гэхдээ ахиад хэлэхэд ухаалгаар, нотолгоо судалгаанд тулгуурласан, шинжлэх ухааны үндэслэлтэй зөв зардлыг хэлж байгаа юм шүү. Эрүүл хүн улс орноо хөгжүүлэх түмэн санааг олно шүү дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.4.8 № 71 (6038)