Холимог тулааны шинэ од Сэр-Одын Билгүүн

2019-03-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Polit.mn сайт энэ удаа холимог тулааны Азийн аварга, “Монгол Эрч” клубын тамирчин, ирээдүйд Монголын нэрийг дэлхийд дуурсгах шилдэг залуу тамирчин Сэр-Одын Билгүүнийг онцолж байна.

Хөх сувдны орны тулаанч

  Хөвсгөл нутаг хөх сувдын орон. Монголын төдийгүй дэлхийн цэвэр усны нөөц тэнд л бий. Өвөл цагт цас мөсний баярыг тэнд л утгаар нь хийдэг. Түүнийгээ “Хөх сувд” гэж нэрлэсэн нь чухам л брэнд гэлтэй. Хүн зон нь эрүүл чийрэг, дээр нь өлчир гэж жигтэйхэн. Арга ч үгүй биз. Хөлд орохоосоо эхлээд жавар, салхи хоёртой “зодолдож” өсдөг юм чинь.Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрж, энэ л жишгээр өссөн Сэр-Одын Билгүүн гэх хүү дэлхийн дэвжээнд тулааны мастеруудтай хүч үзэх том мөрөөдөлд автах болжээ. Хичээл сургуульдаа явахын зэрэгцээ тулааны урлагийн тухай кино үзнэ. Гэрийнхээ даалгаврыг хийчихээд зав гарвал кинон дээрээс үзсэн боксын цохилтуудыг хийж үзнэ. Ингэхдээ хүнээс нуугдан өнөөх дасгал, хөдөлгөөнөө давтана. Ийн байсаар дунд сургуулиа төгсөх үест хот руу явж боксын эсвэл тулааны спортоор хичээллэдэг клубт орж, тамирчин болох хүсэл хүүг Улаанбаатар руу чангаажээ. Хотод ирээд 95 дугаар сургуульд суралцаж төгссөн байна. Үеийнхэн нь их, дээд сургуульд сурахаар тэмүүлж байхад тэр харин сайн тамирчин болж тив дэлхийн дэвжээнд “зодолдох” –ыг мөрөөдөн хөлсөө шавхаж явсан юм. Ингэж хөх сувдны оронд салхи, жавар хоёртой “зодолдож” бас тоглож өссөн шавилхан биетэй жаахан шар хүү их том зорилго өвөрлөн хотод ирж байсан бол өдгөө Азийн аварга болсон амжилттай, амжилтаа ахиулах шинэ мөрөөдөлтэйгээр алхаж явна.

Чөлөөт бөхөөс холимог тулаан руу

Тулааны спортоор хичээллэх эхэндээ түүнд амар байгаагүй гэнэ лээ. Хэнд ч тийм байлгүй яах вэ. Тиймээс чөлөөт бөхийн секцэнд оржээ. Аймгийн арслан Г.Батпүрэв багшийнхаа удирдлагад чөлөөт бөхөөр хичээллээд гурван жил болсны дараагаас энэ спортоос олж авсан суурь дээр тулгуурлан холимог тулааны төрөлд хүч үзвэл болчихмоор ч юм шиг цээжинд нь багтаад ирсэн гэсэн. Чөлөөт бөхийн суурьтай хүнд давуу тал ч цөөнгүй. Ингэж өөрийн мөрөөдөл болсон холимог тулааны спортоор хичээллээд тэрээр ганцхан жил болж байгаа ч Азийн аварга болж чаджээ. Тулааны спортоор хичээллэхээр санаа шулуудахад Хөвсгөл аймгийн боксын багш н.Батбаяр түүнийг “Ширэн бээлий” клубын дасгалжуулагч ОУХМ Д.Төрбат дээр хөтөлж авчирсан байна. Энд хичээллэхийн зэрэгцээ тэрээр “Монгол Эрч” клубт харъяалагдах болж, ОУХМ, шүүгч, дасгалжуулагч Хүдэрбаатарын удирдлагад холимог тулаанд хүч үзэх болжээ. Сэр-Одын Билгүүн энэ жил 23 настай. 2018 оны УАШТ-ний аварга, “Монгол зоо” –гоос зохион байгуулсан каратэгийн аварга. Тай боксын 70 кг-ын жинд УАШТ-нээс хүрэл медаль хүртсэн амжилтыг гаргаад байна. “Би 40 хүртлээ тулаанаар хүч үзнэ” хэмээн хэрсүүхэн гэгч нь ярих тэрээр “40 хүрэх хаа байсан юм бэ” гэж цаашлуулахад тэрүүхэндээ чимээгүйхэн инээж сууна. Харин чөлөөт цагаараа холимог тулааны төрөлд амжилттай яваа Х.Амартүвшин, Б.Дамланпүрэв, Г.Амарсанаа, Б.Жавхлан, З.Шинэчагтага нарын тоглолтыг үзэх дуртай. Клубынхээ ах нарыг дэмжиж, тэмцээн уралдаанд оролцоход нь тоглолтыг нь харж суралцдаг. Түүний хувьд тэднээс суралцаж, сурахыг гол зорилгоо болгож яваа гэсэн.  

Аварга бөхчүүдийн удам

С.Билгүүн айлын ганц хүү. Аав Ш.Сэр-Од нь 24 дүгээр авто баазад насаараа тээврийн жолоочоор ажилласан. Өдгөө далай ээжийнхээ эрэг дээр малаа маллан амьдарч байгаа. Тэдний аавын болоод ээжийнх нь тал аль аль нь бөхийн удамтай. Аймгийн арслан Г.Баттөр ойрхон төрөл бол өнпөр дээдсийн удамд нь даншгийн аваргууд олон байсан гэнэ. Өдгөө барилддаггүй ч гэсэн бяртай эрчүүл тэдний ах дүү садан дотор цөөнгүй. Энэ түүчээг түүний эмэгтэй дүү үргэлжлүүлж яваа бөгөөд өдгөө Жүдо бөхийн шигшээ багийн өсвөрийн ганц тамирчин нь юм байна. С.Билгүүн удмынхаа, нутгийнхаа нэрийг өргөж, клубынхээ, багш дасгалжуулагчид, хамт олныхоо итгэлийг алдахгүйг хичээж, зүтгэж яваа тамирчин. Азийн орнууд, Сингапур, Япон, Казахстан руу тэмцээн, уралдаанд явахад зардлаа олохоос эхлээд байр, хоол ундны мөнгө гээд бэрхшээл тулгарна. Бэлтгэл хийхэд өндөр өртөгтэй. Бэртэл гэмтэл авсан үед олон сараар эмчлүүлнэ. Тэгвэл түүний энэ нөхцөл байдал, алсын зорилгыг Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дарга, “Тод тамга” компанийн захирал А.Амартүвшин ихээхэн үнэлж, бас дэмжиж туслаж байдагт тэрээр баярлаж явдаг хэмээн ирээдүйн их аварга маань ярьж байна.

Бор зүрхээрээ хүч үзээд Азийн аварга болжээ

Холимог тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны сүүлчээр Бүгд Найрамдах Казахстан улсад болсон юм. Энэ тэмцээнд манай улсаас С.Билгүүн оролцохоор болж, тус улсыг зориход шинэхэн тамирчин яадаг бол гэсэн асуулт хөвөрч байлаа. Гэтэл дасгалжуулагч нь Сингапурт өөр нэг тэмцээнд тамирчин аваад явчихсан байдаг. Хугацаа тулчихсан тул дасгалжуулагчгүйгээр тус улсыг зорьжээ. Очоод бэлтгэл, бие халаалт хийхээс эхлэн бүх юмаа өөрөө зохицуулах болов. Тэмцээний үеэр тамирчин дэвжээнд заавал дасгалжуулагчтай хамт гарах ёстой байдаг. Энэ тулаанд Казахстаны тамирчинтай тулалдахад өрсөлдөгч талын дасгалжуулагч түүнд туслан дэвжээнд авч гарсан гэдэг. Энэ тэмцээнд тэрээр эхний удаад ОХУ-ын, хоёр, гуравдахь шатанд Казахстаны тамирчинтай тулалдаж ялснаар Азийн аварга болсон юм. Ийнхүү олон улсын чанартай том тэмцээнд тэрээр анх удаа бор зүрхээрээ тулалдаж Азийн аварга болсон анхны тамирчин гэхэд хилсдэхгүй болов уу.  

Д.Хүдэрбаатар:Шавийгаа сайн тамирчин болно гэдэгт эргэлздэггүй

  С.Билгүүн холимог тулааны спортод “Монгол-Эрч” клубын харъяанд, Мутай, Тай боксын олон улсын шүүгч, дасгалжуулагч, ОУХМ Д.Хүдэрбаатар багшийн удирдлагад хичээллэдэг. Түүний тухай багштай нь ярилцсан юм. Д.Хүдэрбаатар багш шавиа сайн тамирчин болно гэдэгт огт эргэлздэггүй гэлээ. -Таны шавь С.Билгүүний тухай асууя. Шавь чинь ямар зорилго тавьж байна, та аль чиглэлд нь анхаарч хичээллүүлж байгаа вэ? Билгүүний хувьд холимог тулаанаар хоёр жил гаруй хичээллэж байна. Биеийн хөгжлийн хувьд цаашид спортын амжилт гаргах боломж өндөр, ажиллах чадвар, техник сайтай тамирчин. Хоёр жил гэдэг бол ид эхэлж байгаа үе. Тэмцээн, уралдаанд ч саяхнаас эхлэн орж байгаа. Зургаан сараас дээш хичээллэсэн хүн анхны тэмцээндээ оролцох эрхтэй болдог. Багшийн хувьд би шавийгаа нэлээд ирээдүйтэй сайн тамирчин болно гэж боддог. Өөрөө маш хичээнгүй, зүтгэлтэй. Хүүхэд өөрөө спортыг сонирхож хичээллэх, дээр нь багшийн зүгээс тухайн тамирчны авьяасыг олж хөгжүүлэх нь гол зүйл гэж багш, дасгалжуулагчид үздэг, ингэж ажилладаг. Хүүхдийн хувьд эр зоригийн спортыг сонирхож, ялангуяа холимог тулааны төрөл рүү түлхүү хичээллэж байна. Уг нь кик бокс тал руу бэлтгэж байсан юм. Өөрөө барилддаг учраас барилдаантай хослуулаад холимог тулааны төрөл рүү амжилт гаргах боломжтой юм байна гэсэн бодолтой гэдгээ хэлсэн. Цаашид энэ чиглэлээр амжилт гаргана гэж найдаж бид бэлтгэлээ хийж байгаа. Ямар нэг тэмцээн уралдаан ялах, ялагдах нь байдаг асуудал. Багшийн хувьд ялахад нь баярлаж, ялагдахад нь хамт ялагдаж байдаг. Ингэхдээ гол алдаа нь юу байв, юун дээр алдав. Тэрийг нь засч чиглүүлж байна. Удахгүй Монголын холимог тулааны ирээдүйн од болох сайн тамирчин гараад ирэхийг хэн байг гэх вэ. Хамгийн гол нь хичээл зүтгэл, багш шавийн хоорондын техник, тактик голлосон бэлтгэл сургуулилт чухал. Суурийг нь эхнээс нь зөв тавьж, хичээллүүлж байна. Ирээдүйд амжилт гаргах тамирчдын тоонд багтаж байгаа. -Танай клуб тамирчдыг тулааны ямар төрлүүдээр хичээллүүлж байна? -Би “Монгол Эрч” клуб байгуулсан. Энэ клуб маань тулааны чиглэлээр, бокс, холимог тулаан болон бусад төрлүүдээр хичээллүүлдэг. Бага насны хүүхдүүдэд боксын болон тулааны урлагийн суурийг маш зөв тавьж өгөх ёстой байдаг. Суурийг нь зөв тавьсан бол хүүхэд өөрийн сонирхсон аль ч чиглэлээр явах дөхүү бөгөөд өргөн боломжтой. Багадаа барилдаж байгаад тулааны спортыг сонирхох нь ч бий. Шууд боксын төрлийг сонгох нь ч байна. Монголд 2008 оны Бээжингийн олимпийн үеэс сонирхогчийн боксоор хичээллэх хүүхэд, залуусын тоо өссөн. Сүүлийн үед тулааны спортын маш олон урсгал, чиглэл орж ирж байна. Тулаан өөр өөрийн онцлогтой. Энэ бүхэн рүү хүүхдүүд сонголтоо хийж, өөрт тохирохыг мэдэрдэг болчихсон. Өөрийгөө мэдэрнэ гэдэг том чадвар. Эцэг эхчүүд ч хүүхдээ дэмждэг болжээ. Энэ чиглэлд явах нь зөв гээд хүүхдээ авчирч уулзуулж зөвлөгөө авч байгаа хүн олон байдаг. Ер нь бол бид их спорт руу оруулахын тулд өсвөрийн тамирчин хүүхдүүдийн хөдөлгөөнийг сайжруулах, дэмжих, аль ч чиглэл рүү холбирч орох нөхцлийг бүрдүүлж ажиллаж байна. -Та боксын спортод хэдэн жил хөлс хүчээ зориулж ирэв? -Би 32 жил спорттой нөхөрлөж байна. Анх наймдугаар ангийн хүүхэд байхаас секц дугуйланд орж хичээллэсэн. Тэр үед насны хязгаар заадаг, бага насны хүүхдүүдийг авдаггүй байсан. 15 наснаас эхэлж бокст авдаг, 17-18 наснаас тэмцээнд оруулдаг байлаа. Тэр үед тэмцээн ховор, жилд нэг удаа УАШТ болно. 1977-1978 онд Б.Мишигдорж, Д.Банди, Х.Алтанхуяг нарын багш нар ид байсан үе. Тэр үеэс би сонирхогчийн боксоор гараагаа эхэлсэн. Тухайн үед чөлөөт бөх, бокс хоёр ихээхэн хөгжиж, хүүхэд залуус түлхүү хичээллэж байсан юм. Нийгэм өөрчлөгдөж, спортын төрлүүд олширч, даяарчлагдаад ирэхээр спортын төрлүүд чөлөөтэй орж ирж байна. Үүнийгээ дагаад хүүхдүүд маань ч идэвхтэй хичээллэх болжээ. Тулааны маш олон урсгал чиглэл бий. Бокс гарын ажиллагааг чухалчилдаг бол кик бокс хөл оролцоно. Тохой орохоороо мутай бокс болно. Босоо барилдаанаас тохой, өвдөг дөрвөн мөч орохоор холимог тулаан болно. Сүүлийн үед энэ төрөлд бөхчүүд орж ирэх болсон. Холимог тулаан бөхчүүдэд бас их зохицсон, зууралдсан үед авч шидэх, мостой унах гээд тактик нь өөр. Энэ бүхнээс хүүхэд ,залуус маань өөрийн сонирхлоор сонгож чаддаг болсон байна. -Энэ спортын төрөл шинээр орж ирж байхад багш, дасгалжуулагчдын ур чадвар ч бас дагаад хөгжих ёстой байх. Тийм хөгжил, шинэчлэл нь хэр байх юм бэ? -Багш нар маань энэ хөгжил өөрчлөлтийг дагаад хөрвөх чадвартай байх шаардлага гарч ирж байгаа. Дэлхийн бүх улс оронд ийм байдлаар хөгжиж байна. Дасгалжуулагч багш нараас гадна шүүгчид бэлтгэгдэж байна. Миний хувьд анх бокс, мутай, тай боксын шүүгчийн шалгалт өгч Монголын анхны шүүгч болж байсан юм. 2007 оны Макаогийн Азийн наадамд Монголоо төлөөлж шүүгчээр ажилласан. Одоо бол манай улс олон шүүгчтэй болсон. Анх шүүгчийн сургалтад сууж, шалгалт өгч байхад бэлтгэл болгон өвөрмөц, өөр өөр арга барилтай. Мутай, тай бокст хөлийн оролцоо илүү, түүнтэй нь гарын ажиллагааг холбох хэрэгтэй. Кик бокст гарын ажиллагааг хөлийнхтэй нь холбох жишээтэй. Холимог тулаанд дөрвөн мөч жигд оролцоно, бүх талаар хүний авьяас чадварыг шавхаж байна. Тэгэхээр энэ төрөлд маш эрүүл чийрэг биетэй, дээр нь ачаалал даах чадвартай тамирчин гаргахын тулд системтэй, нас насанд нь тохиросн ачааллыг зөв өгснөөр ирээдүйн тамирчид маань олон амжилтыг гаргах боломжтой. Энэ үүднээс Монголд маш олон тэмцээн уралдаан зохиогдож байгаа. Манай хүүхэд залуус өөрсдөө маш авьяаслаг, орж ирсэн шинэ төрөл, урсгалыг дор нь сурч тэмцээнд оролцож, амжилт гаргаж байна шүү дээ. -С.Билгүүн саяхан Азийн аварга болсон. Энэ чиглэлд олон аваргууд байдаг уу? -Маш олон тамирчин бий. Аварга бол тоотой цөөхөн. Гэхдээ л монгол хүн үнэхээр авьяастай. Бөх гэдэг спортын төрөл Монголд анх үүссэн болохоор тэр байх. Бөхтэй орон юм юманд мэдрэгдэж байна шүү. -Шавийнхаа тухай цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. “Монгол-Эрч” клубын хамт олон болон багш, шавь хоёрт амжилт хүсье. [caption id="attachment_59135" align="aligncenter" width="413"] Дэмжигч байгууллага.[/caption]
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

12 цаг 27 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

16 цаг 38 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

16 цаг 47 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

17 цаг 31 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

18 цаг 37 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

22 цаг 5 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

22 цаг 5 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

22 цаг 5 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

22 цаг 5 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

22 цаг 5 мин