Р.Ууганбаатар: 50 сая төгрөгийн ашиг олоогүй бол татвараас чөлөөл л дөө

2019-03-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Үндсэн хуулийн эрхзүйч Р.Ууганбаатартай ярилцлаа.   -УИХ Татварын багц хуулийг хэлэлцэн баталлаа. Хуулийн талаар ямар дүгнэлттэй байна вэ? -1998 онд төрийн албан хаагчийн тоо 68 мянга байсан бол 2005 онд 128 мянга болж өссөн. Харин одоо 203 мянгад хүрчихлээ. Энэ олон албан хаагчаа тэжээхийн тулд ядуу зүдүү байгааг нь ч үл харгалзан ард түмнээ дээрэмдэж эхэллээ. Хүний ба иргэний эрхийн тунхагийн 13, 14 дүгээр зүйлд ардчилсан татварын дөрвөн том зарчмыг тунхагласныг бид сануулах ёстой. Үүнд, нэгдүгээрт, татварын хувь хэмжээг тогтоохдоо иргэн бүрийн бололцоог харгалзана гэж заасан. Ядуу хүмүүс, тэтгэврийн насныхан, орлого олдоггүй оюутнууд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хүмүүсээс татвар авч болохгүй гэдгийг тунхагласан. -Шинэчилсэн хуульд энэ тунхаг хэр хангагдсан байдаг юм бол? -Хуульд 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой тохиолдолд татварынх нь 90 хувийг буцаан олгоно гэж заасан байна. 50 сая төгрөгийн орлоготой аж ахуйн нэгж нэг хувийн татвар төлж болно гэсэн байгаа. Гэтэл Хүн амын орлогын албан татварын 22.4.1-д гудамжинд тамхи зарж, гутал тосолж байгаа хүмүүсээс 2-120 мянган төгрөгийн татвар хураана гэсэн байна. Энэ чинь орлогогүй хэсэг. Энэ хүмүүс чинь амьдрах бололцоогүй болчихоод л гудамжинд тамхи зараад, гутал тослоод байгаа биз дээ. Уг нь Хүн амын орлогын албан татварын хуульдаа тэтгэврийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, нэг удаагийн тэтгэлэг зэргээс нь татвар авахгүй гээд заасан. Гэлээ гээд НӨАТ-ын 10 хувийг энэ хүмүүс маань төлөөд л явж байна шүү дээ. Бололцоогүй хэсгээс татвар авахгүй гэсэн зарчим ХАОАТ-т орж ирсэн хэрнээ НӨАТ-аараа уг зарчмаа устгаад хаячихаж байна. Хүүхэд угжныхаа сүүг авахдаа ч татвар төлж байна. -Тэгвэл НӨАТ-ыг яах ёстой юм бэ. Бид 10 хувиа өгсөн хэр нь сугалаа хэлбэрээр тэгш бус хуваарилалт явагдаад л байна шүү дээ? -НӨАТ нь төр, ард түмэн хоёр хамтарч, татвараас зугтаад байгаа компаниудын борлуулалтыг барьж авч буй хэлбэр юм. Худалдаж авсан бүх бараа бүтээгдэхүүний үнэ дээрээ 10 хувийг илүү төлж өгөхийг төр нь иргэдээсээ хүсч байгаа юм. Жилийн эцэст энэ илүү төлсөн татвараа төрөөс бүгдийг нь буцааж ав гэж байгаа. Ингэснээр талхны үйлдвэр өдөрт 1000, эсвэл 2000 талх үйлдвэрлэсэн юм уу гэдгийг тогтоож байгаа хэрэг. Бүх хүн талх авахдаа дээр нь нэмээд 10 хувь төлчихсөн учраас хэдэн ширхэг талхыг Монголын ард түмэн худалдан авав гэдгийг эргэлзээгүй гаргаад ирнэ. Ингэснээрээ тухайн компанийг татвараас зугатах аргагүй болгодог хяналтын механизм. 1998 оноос НӨАТ-ын хууль гаргаад, бүх ард түмнээрээ төлүүлж байна. Гэхдээ төр НӨАТ-ын 80 хувийг авч үлдээд, 20 хувийг нь л буцааж өгч байна. Энэ чинь дээрэм биз дээ. Р.Ууганбаатар гэдэг хүн сүүлийн15 жил НӨАТ-ын талаар ярьсаар ирлээ. Гэвч би олны танил биш болохоор миний үг ард түмэнд хүрдэггүй байх.  НӨАТ-ыг шууд устгах хэрэгтэй. Нэг бол ард түмнээс хурааж авсан 10 хувиа 10-ууланг нь буцааж өг. Тэтгэврийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамжийн мөнгөнөөсөө татвар төлж байна. Энэ татварыг үгүй болгочихвол манай компаниудын хөгжил асар хурдтай, хүчтэй болно шүү. -Шинэчилсэн хуульд татварын байцаагч цагдаагаас давсан эрхтэй болохоор заалт багтсан нь нэлээд шүүмжлэл дагуулж байна. -Татварын байцаагч цагдаагийн эрхтэй болно гэсэн үг. Танай гэрт үзлэг, нэгжлэг хийнэ, битүүмжилнэ, захир­гааны хуулиа бариад торгох юм байна. Дэлхийн жишигт татварын байцаагч иймэр­хүү эрх мэдэлтэй байдаг л даа. Харин манайд томчууддаа үзлэг, нэгж­лэг хийж, битүүмжилж чадахгүй, харин ядарсан хэсгээ л татварын бай­цаагч нар нь дээрэлхэж, гэр орон, эд хогшлыг нь битүүмжилж гарах байх даа. Ингэж авсан хөрөнгөө дуудлага худалдаанд оруулахдаа өөрсдөө үнээ тогтооно гэж байна. Үүнийг чинь даран­гуй­лал, боолчлол гэж нэрлээд бай­гаа юм. Бололцоог нь харгалзан тат­вар тогтоох нь ардчиллын хамгийн том зарчим. Энэ бол хүний эрхийн том зарчим. -Хүний ба иргэний тунхаглалд татварын хувь хэмжээг тэгш тогтоох ёстой гэж тунхагласан байсан. Энэ зарчим хуульд багтаж чадаж уу? -Энэ зарчим байхгүй байна. Тэгш татвар төлнө гэхээр гутал тосолдог хүү, том компанийн захирал хоёул яг адилхан татвар төлнө гэж ойлгоод байна. Үгүй. Тэгш татвар тогтоох зарчим гэдэг нь дээр үед феодал, ноёд, тайж нар татвар төлдөггүй байсныг төлүүлэхэд чиглэгдсэн зарчим. Өнөөдөр том компаниуд татвараа төлөхгүй явж байгаад эцэст нь Өршөөлийн хуульд хамрагдчихдаг. Гэтэл энгийн иргэд бид тэр хуульд чинь хамрагдах боломжгүй шүү дээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд гурван тэрбум төгрөгөөс давсан орлогоос 25 хувийн татвар авна гэсэн байна. Энд ч бас тэгш татварын зарчим устаж байна. Ингэвэл үндэсний хөрөнгөтнүүдэд бүр л хэцүү болно. -Иргэдийнхээ бололцоог нь харж татвар тогтоох тунхаглал байна. Тэгвэл үүнийг хэрэгжүүлсэн улсуудын жишээнээс та дурдахгүй юу? -Франц улсад жилд 24900 еврогоос доош орлоготой хүнээсээ огт татвар авдаггүй. Бололцоо гэдэг тоо нь 24900 евро байх нь. Ардчилсан татварыг ийм тоогоор л илэрхийлж байгаа хэрэг. Монголд энэ еврог хөрвүүлбэл, 75 сая төгрөгтэй тэнцэнэ. Тиймээс 75 сая төгрөг олж чаддаггүй хүнээс огт татвар авахаа больчихвол ардчилсан татварын тогтолцоотой улс гэж нэрлэж болно. Ингэж тодорхой дүнгээр тооцож татвараас хөнгөлөөд байгаагийн учир нь тэр хүмүүст амьдрах мөнгийг нь үлдээж байгаа юм. Үгүй бол тэр хүн гэмт хэрэг хийгээд, залилаад явчихвал нийгэм гэмт хэргийн ертөнц болоод хувирна. Үүнээс сэргийлж байгаа юм. -Монголд амьдралын бололцоог нь илэрхийлэх тоон дүн хэд байвал тохиромжтой юм бол. -Шинэ хуульд жижиг аж ахуйн нэгж 50 сая төгрөгийн орлоготой бол татвараас бараг л чөлөөлөх гээд байна. Өөрөөр хэлбэл, нэг хувийн татвар төлж болно гэсэн заалт байна лээ. Тэгвэл иргэн хүн 50 сая төгрөгөөс илүү гарсан ашгаасаа татвар төлье л дөө. Компани 50 сая төгрөг хүртэлх орлоготой болтлоо татвар төлдөггүй юм бол иргэд ч 50 сая төгрөг олоогүй бол татвар төлөхгүй байх эрхтэй. Тэгш татварын зарчим гэж энэ. Гутал тосолдог хүүхэд 50 сая төгрөг олох уу. Мэдээж үгүй. Тиймээс бүх татвараас чөлөөлөгдөх эрхтэй. 50 сая төгрөгийн ашиг олоогүй бүх хүнийг татвараас чөлөөл л дөө. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.27 № 63 (6030)
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

18 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

18 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

18 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

18 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

18 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

18 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

18 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

10 цаг 27 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

10 цаг 29 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

10 цаг 30 мин