Сергей Шойгу: Газар зүй бол түүх биш. Түүний талаар янз янзын үзэл бодол байж болохгүй!

2019-03-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Оросын газар зүйн нийгэмлэгийн ерөнхийлөгч “Комсомольскаяправда”, Российскаягазета”сонин болон ТАСС агентлагийн сэтгүүлчидтэй ярилцжээ.Владимир СУНГОРКИН, Евгений САЗОНОВ нарын бэлтгэсэн ярилцлагыг орчуулан хүргэж байна.   Сергей Шойгуг бид гол төлөв хатуу ширүүн төрх байдлаар нь төсөөлөөд хэвшчихэж. Батлан хамгаалахын сайд, дэлхийн хамгийн хүчтэй армийн нэгнийх нь командлагчийн үүрэг хариуцлага хүлээдэг болохоор тэгж төсөөлөх нь ч аргагүй биз... Гэхдээ тэр хариуцаж гүйцэтгэдэг өөр нэгэн чиг үүргийнхээ талаар эргэцүүлж бодох үедээ нүд нь сэргэж царайд нь урамтай инээмсэглэл байнга тодрох ажээ. “Олон нийтийн өвөрмөц ачаа” цаг зав муутай Сергей Кужугетовичэд баяр баясгалан авчирдаг аж. 2010 оноос тэргүүлж байгаа Оросын газар зүйн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн ажил үйлсийн тухай энд өгүүлж байна. Чухам тэр цаг мөчөөс Оросын газар зүйн нийгэмлэгийн сэргэн мандалт (ренессанс) эхэлсэн.  

ЗСБНХУ ШИЛДЭГ СУРАХ БИЧИГТЭЙ БАЙСАН

  -СергейКужугетович, сурах бичгийн цагаан толгойноос яриагаа эхэлье. ОХУ-ын иргэн хэн боловч төрөлх эх орныхоо газар зүйг мэдэх үүрэгтэй. Газар зүйг тэд юуны өмнө сурах бичгээс эхэлж судалдаг. Гэхдээ чухамхүү сурах бичгийн талаар багш нар саяхан Танд асуудал тавьж хандсан. Өнгөрсөн оны сүүлчээр Гэгээрлийн яам төсвийн хөрөнгөөр худалдаж авдаг сурах бичгийн жагсаалтыг хоёр дахин цөөлсөн. Тэдгээрийн дотор 5-9 дүгээр ангийн газар зүйн долоон төрлийн сурах бичгийн тавыг нь хассан. Хэдийгээр бүх ангид газар зүйн хичээлийг долоо хоногт хоёроос доошгүй цагаар судлахаар буцааж оруулах саналыг Ерөнхийлөгч Путин гаргасан ч ингэж шийдвэрлэсэн. Ийм нөхцөл байдалд ямар нэг байдлаар нөлөөлж болох уу? -Оросын газар зүйн нийгэмлэгийн ивээн тэтгэх зөвлөлийн дарга Владимир Владимирович Путин газар зүйн сургалтын асуудлыг үнэхээр хоёр ч удаа дэвшүүлэн тавьсан. Сурах бичгийн үзэл баримтлал боловсруулах, сургуульд судлах газар зүйн хичээлийн цагийг нэмэгдүүлэх тодорхой үүрэг даалгавар ч өгсөн. Эдгээр үүрэг даалгавар биелнэ гэдгийг би танд батлан хэлье. Багш нар надад хандсан нөхцөл байдал бол хэвлэх үйлдвэрийнхний оролцооны шууд үр дагавар юм. Сурах бичиг хэвлэнэ гэдэг бол маш их хөрөнгө мөнгө. Гэхдээ сургалтын тогтолцоонд бизнес хутгалдаж оролцох ёсгүй. Хэвлэх үйлдвэрийнхэнд юу хэвлэх нь гол биш. Бидэнд харин ямар сурах бичгээр хүүхдийг сургах вэ гэдэг л гол асуудал. Ийм нөхцөлд юу хийх хэрэгтэй вэ? Хэвлэх үйлдвэртэй ямар нэг байдлаар хамааралгүй холбогдох бүх хүнийг цуглуулж газар зүйн сурах бичгийн жагсаалтыг дахин авч хэлэлцэх. Тэгээд хэвлүүлэх эрхийн төлөө сонгон шалгаруулалт явуулах.
Оросын газар зүйн нийгэмлэгийн байранд, ярилцлагын үеэр.
Дашрамд хэлэхэд, ЗСБНХУ-ын үеийн газар зүйн сурах бичгийг жишээ болгон авч үзэж болно. Юутай ч тэдгээр сурах бичгээр бид суралцаж, хангалттай их юм сурч мэдсэн... -Орчин үеийн сурах бичгээс тодорхой яг юу таалагдахгүй байгаа вэ? -Зарим хэсэгт нь улстөржилт орчихсон, заримд нь тухайн аль нэг сэдвээр зохиогчийн хувийн үзэл хандлага илэрсэн байх гэх мэт. Газар зүйд янз янзын хандлага байх ёсгүй! Энэ бол түүх биш! Ижил мөрөн Каспийн тэнгист цутгана, Уралаас цааш Ази, Урал хүртэл Европ, энд ямар өөр үзэл бодол байх ёстой юм бэ? Газар зүйн бүхий л шинжлэх ухааныг нэгдмэл ойлголтоор заах ёстой. Үзэл баримтлал аль хэдийнэ бэлэн болчихсон. Бид Боловсролын яаманд өргөн барьчихсан, ойлголцоно байх гэж бодож байна.  

ШИЛДЭГ БАГШ

  -Сурах бичгийн хувьд ойлгомжтой. Харин газар зүйн багш ямар байх ёстой вэ? Ингэхэд та өөрийнхөө багшийг санаж байна уу? -Мэдээж!Сэтгэл сэргэмээр гайхалтай сайхан хүн. Жинхэнэ газар зүйн багш-эмэгтэй, эх орноо хайрлах сэтгэл мэдрэмжийг сэрээж өгсөн хүн. Үүнээс л бусад бүх юм үндэслэж, соёолж ургадаг шүү дээ. Багш хүн өөрийнхөө зааж байгаа сэдвээр кино үзэх, сурах бичгийг гүнзгий нягт судлах, танин мэдэх хүсэл сонирхлыг төрүүлдэг байх ёстой. Ийм зүйлд сургана гэдэг бол хамгийн нарийн төвөгтэй ажил. Жинхэнэ багш хүн бол мэдээллийг “Ийм өргөн уудам газар нутгийн гадна талд амьдарна гэдэг бараг байж боломжгүй зүйл, гэхдээ амьдралдаа ядахдаа ганц удаа очиж үзэх хэрэгтэй, яагаад гэвэл... г.м” - ээр дамжуулдаг байх ёстой. -Оросын газар зүйн нийгэмлэгээс зохион байгуулдаг “Оросын шилдэг хөтөч” тэмцээнд оролцдог олон хүнийг санагдуулсан арга барил байна? -Яг тийм! Дашрамд хэлэхэд тэд чинь ямар нэг утгаар авч үзвэл бас л газар зүйн хичээл зааж байгаа юм, ховор сонин газар нутгийн тухай танилцуулж, аялагч жуулчдын сонирхлыг татаж байгаа хэрэг. Тэдний ярьж өгүүлж байгаа түүх, дурсамжийг газар зүйн хичээлийн нэмэлт материал болгон ашиглаж яагаад болохгүй гэж? Тэгэх юм бол зөвхөн танин мэдэхүйн хувьд хэрэгтэй байгаад зогсохгүй жинхэнэ сурах бичгийн тухай төсөөлөл рүү биднийг дөхүүлж ойртуулах байх.  

ЭКСПЕДИЦБҮР ҮР АШИГТАЙ БАЙХ ЁСТОЙ

  -Та Оросын газар зүйн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр арван жил ажиллажээ. Экспедицүүдээс сэтгэлд илүү тод хадгалагдаж үлдсэн зүйл юу вэ? Юуг орхиж, юуг цааш нь үргэлжлүүлж судлах вэ? -Тоосыг нь гөвөөд орхих юм олон байж болно. Дайны үед ЗСБНХУ-д гадаадын цэргийн тусламжийг ямар маршрутаар хүргэж байсан гэдгийг 10 оюутнаас асуугаад үз. Ядаж ганц хүн хариулбал тун сайн байхсан! -Та ленд-лизийг  (lend-lease)хэлж байна уу? -Яг тийм! Хэрвээ судалж эхлэх юм бол үнэхээр гайхалтай сонин түүх. Эргэн тойрон дайн байлдаан болж байгаа үед Аляск, Чукотка, Якут, Эрхүү мужийн хойд хэсэг, Красноярскийн хязгаарыг дамнуулан Красноярскт хүрэх агаарын замыг онгон зэлүүд газар нутаг, асар хол орон зай, бас тэгээд хатуу ширүүн өвлийн улиралтай маш хүнд хэцүү нөхцөлдяаж тавьж чадсан юм бол. Энэ замаар зөвхөн ЗСБНХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрүүлэх цэргийн таван ангийг байршуулсан байдаг. Тийм бага хугацаанд цэргийн таван анги! Миний хувьд өнөөдөр энэ бүхэн санаанд огт багтахгүй ажил. Ленд-лизтэй холбоотой археологийн олон баримтыг эрж олж музейд шилжүүлж болно. Оросын газар зүйн нийгэмлэгийн Красноярскийн салбарын залуус 1943 онд Карын тэнгист цэргийн ачаатай живсэн “Тбилиси” хөлөг онгоцыг эрэн сурвалжлах томоохон экспедици зохион байгуулахаар бэлтгэж байгаа. Хойд мөсөн далайн флот дахь Оросын газар зүйн нийгэмлэгийн салбарын гишүүд живсэн хөлөг онгоцноос “Шерман” танкуудыг татаж гаргацгаажээ. Тэгээд зогсохгүй тэр танкуудыг “амь оруулж” асаасан байна. Тэдгээр танкууд одоо явж байна, бүр буудаж байгаа шүү! Сум хэрэгслийг нь ч сэргээж чадсан! Иймэрхүү жишээг тоочиж баршгүй. Саяхан бид Оросын газар зүйн нийгэмлэгийн шагнал гардуулсан. “Орос орноор хийсэн шилдэг экспедиц” номинацид “Тюриковын борт” хэмээх Красноярскийн гайхамшигтай сайн экспедиц шалгарсан... “Дуглас” онгоц 1947 оноос хойш бүрэн бүтнээрээ тундрт хэвтэж байсан гээд төсөөл дөө. Ямар ч зэврэлт байхгүй. Ийм л байгалийн консервац (зогсоол) байсан байна. Залуус тэр онгоцыг эрж олсон байна, тэгээд ямар нэг гайхалтай аргаар тэндээс авчирсан байна. Цаашдаа тэр онгоцыг сэргээн засварлахад нь бид тэдэнд тусална. -Энэ экспедицийн тухай “Комсомолка”бусдаас түрүүлж бичсэн. Саяхан тэр “Дуглас”-ын зорчигчдыг олсон! Тэгэхдээ телевизээр Таныг ярьсны ачаар шүү. Эхнэр, нөхөр, зургаан настай хүүгийн хамт гэр бүлээрээ тэрхүү онгоцоор нисч явсан юм билээ. Тэд маш тодорхой зүйл олныг ярьж өгсөн... -Ямар гоё сонин мэдээ вэ! Заавал уншина!.. Сэтгэлд хамгийн тод хоногшиж үлдсэн зүйлтэй холбогдуулж энэ бүгдийг ярьлаа. Одоо харин сэргээж болмоор, үнэхээр сэргээх хэрэгтэй санагддаг төслүүдийн талаар хэдэн үг хэлье. Хамгийн гол нь төслүүд гүнзгий утга агуулгатай байх хэрэгтэй. Одоогийн олон экспедицийг харахад популист пиар давамгайлчихаад байна. Жинхэнэ экспедиц бол танин мэдэхүй, түүхэн үйл явдлын аль алиныг байнга хослуулж, улмаар бодитой үр ашиг тээдэг байх ёстой. Тийм экспедицийн тоонд Норильскээс Уренгой хүрэх 800 орчим км тундрээр туулах төмөр замыг судлах явдал байж болох юм. Алс хойд зүгт энэ төмөр замыг бүтээн байгуулах ажил уг нь их эрт эхэлсэн юм билээ.
Сергей Шойгу, "Комсомольская правда" сонины ерөнхий редактор ВладимирСунгоркин.
-“Сөнөсөн зам” гэж нэрлэдэг зам мөн үү? -Хэн нэг нь тийм нэр өгсөн байх ... Гэхдээ энэ замыг бүр хувьсгалаас өмнө төлөвлөж байсан юм билээ. Хэрвээ үүнийг судалбал яах гэж энэ замыг бүтээн байгуулсан, ямар ашиг тустай байж болох байсан, өнөөдөр хэрэгтэй эсэх гээд олон зүйлийг ойлгож ухаарч болох байх. -Энэ зам хэрэгтэй юү? -Би хувьдаа хэрэгтэй л гэж бодож байна. Харин цаашлаад эдийн засгийн газар зүйн мэргэжилтнүүд хэдий хэр өртөг зардал гарах, ямар хугацаанд нөхөн төлөгдөх гээд нарийн ширийн зүйлийг тооцож болох байх. Зэрэгцүүлээд харин бид зураг төслийг нь хэн гэдэг хүн, хэзээ, яаж зохиож боловсруулсан гээд энэ бүтээн байгуулалтын намтар түүхийг сэргээнэ...
Хувийн архивын гэрэл зураг
Хойд туйлаас хойш орших томоохон хот Норильскийг юугаар дулаацуулдаг вэ гэсэн энгийн асуултыг бас дахиад оюутнуудад тавиад үз? -Байгалийн хийгээр үү! -Зүйтэй! Орон нутгийн орд газрын хийгээр. Хэрвээ бид Камчаткийг анзаарч үзэх юм бол тэнд бас байгалийн хийн орд байна. Гэхдээ тийшээ Их газраас нүүрс, мазут зөөсөн хэвээрээ л байгаа. Эдийн засагч-газар зүйчид энэ асуудлыг шийдэх үүрэгтэй. Оросын газар зүйн нийгэмлэг ч өнөөдөр энэ талаар бодож тунгааж байна. Иймэрхүү экспедиц маш олон.
Оросын газар зүйн нийгэмлэгийн төв байранд ярилцах үеэр.
-Эдийн засаг ер нь нэг их сонирхол татах нь бага юм аа... Харин нээлт хийдэг, адал явдалтайгаараа экспедиц сэтгэл татаж байна шүү. -Түүх, танин мэдэхүйн тал руу ч бид бас хандаж болно. Одоо миний төрсөн нутаг Тува руу нэг экспедиц гарахаар бэлтгэж байна. Түүхийн хэд хэдэн үе давхарга хамрагдах болохоор маш олон нээлт хийгдэх байх, археологичид хэдэн арван жилээр хийх ажилтай болох байх. Тэнд ил болсон скифын бүх толгодоос хамгийн эртнийх нь болох Туннуг хэмээх толгой бий. Манай эриний өмнөх IX-VIII зуун гээд бод доо. Түүний чулуурхаг хөрсөн доор мөнхийн цэвдгийн жижиг жижиг хэсгүүд бий, тийм болохоор огт хөндөгдөөгүй булш бунхан олдох магадлал их. Иймэрхүү зүйлийг Уулын Алтайгаас урьд нь олж байсан. Тэндээс мөсөн голд бүрэн бүтнээрээ хадгалагдаж үлдсэн бүсгүйн шарилыг бас олсон.
Олон улсын археолог–газар зүйн “Кызыл-Курагино” экспедиц. Гэрэл зургийг: АнтонАгарков
-Алтайн гүнж гэдэг байх аа? -Тэгж нэрлэсэн юм билээ. Хэдэн мянган жил өнгөрсөн хэдий ч маш сайн хадгалагдсан шарил, зарим хүн клоны аргаар хувилах асуудал ч дэвшүүлсэн гэсэн. Мэдээж, ийм юм хийхгүй л дээ, гэхдээ сонирхолтойн хувьд үнэхээр гайхмаар! Яагаад гэхээр бид тэртээ олон зуун жилийн өмнө хүмүүс хэрхэн, юугаар амьдарч байсныг илүү гүн гүнзгий ойлгож мэдрэх болно. -Үүнээс гадна дэлхий нийтийг хамарсан хавсарга экспедицүүд бас байдаг биз дээ. -Тийм ээ, Фукушимаг судлах явдал тэдний нэг нь. Оросын газар зүйн нийгэмлэгээс Оросын ус, цаг уур, орчны шинжилгээний газар болон Далай тэнгис судлалын улсын хүрээлэнтэй хамтарч гурван экспедиц явуулсан. Японы цөмийн цахилгаан станцыг сүйтгэсэн цунамигийн үр дагаврыг судалж, цацрагийн хэмжилт хийсэн...  

ХОЛЛИВУД АМАРЧ БАЙНА

  -“Тюриковын борт”-ын тухай дахиж ярья. Оросын газар зүйн нийгэмлэгийн шагнал гардуулах ёслол дээр та энэ түүхийг дэлгэцийн бүтээл болгох саналыг Никита Михалковт дэвшүүлж тавьсан... -Яагаад гэвэл санаа нь холливудын түвшнийх! Мэргэжилтнүүд сууж толгойноосоо ямар нэг зүйл бодож олох гээд яах юм бэ, амьдрал илүү сонирхолтой байгаа биз дээ! -Дэлгэцийн бүтээл болгохуйц өөр сонирхолтой түүх Оросын газар зүйн нийгэмлэгийн амьдралд олон бий юү? -Хангалттай бий! Миклухо-Маклайн намтар түүхийг дэлгэцэд гаргаасай гэж үнэхээр хүсч байна. Зөвлөлт засгийн үед Юрий Соломин уг нь нэг кино хийсэн л дээ. Гэхдээ их олон зүйлийг кинонд гаргаж чадаагүй. Баатарлаг эрдэмтний адал явдал маш сайн дэлгэрэнгүй цуврал кино болж гарах учир шалтгаан бүрэн бий. Түүний үгийг төрийн тэргүүнүүд, агуу том хүмүүс анхаарч сонсдог байсан юм шүү дээ. Дайныг бодитойгоор зогсоож байсан хүн! Огт дэлгэж харуулаагүй өөр нэг түүх бий – энэ бол бас дахиад л ленд - лиз! -Оросын газар зүйн нийгэмлэгийн оролцоотой бүтээсэн “Алсиб-секретнаятрасса(“Алсиб-нууц зам”) хэмээх сонирхолтой кино байдаг. -Сайн кино. Гэхдээ энэ сэдвээр бид дөнгөж л хөшиг нээж байна. Цаана нь маш их материал, өчнөөн олон хүний хувь тавилан бий! Манай офицерүүд хэрхэн амьдарч, нислэг үйлдэж, төөрч, эсэн мэнд гарч байсан тухай. Аляскаас Чукотка, Якутаар дамжин ямар ч GPS-гүйгээр нисч байсан гээд бод доо. Зөвхөн харааны баримжаагаар. Хөтлөгч онгоц “мамка”-гаа алдах л юм бол чи дуусаа! Энэ бүгдийн тухай маш их зүйл ярьж, олон кино бүтээж болно. Зөвхөн дан ганц Алсибийн тухай ч биш, Мурманск руу тэнгисийн хөлөг онгоцуудыг хамгаалж байсан арктикийн харуулын хуяг онгоцнуудын тухай, АНУ-ын зүүн эргээс Иран, Каспийн тэнгис дамнасан Трансираны маршрутаар ачаа зөөвөрлөдөг байсан тухай гээд маш олон зүйлийн тухай өгүүлж, ярьж болно.
Оросын газар зүйн нийгэмлэгийн ерөнхийлөгч СергейШойгу "Кызыл-Курагино" экспедицийн сайн дурынхны хамт. Оросын газар зүйн нийгэмлэгийн хэвлэл мэдээллийн албаны гэрэл зураг
 

ОРОС КОВЧЕГ

  -“Орос ковчег” нэртэй Оросын газар зүйн нийгэмлэгийн өөр нэгэн гайхалтай төсөл байдаг. Энэ төсөл хэр зэрэг урагштай явж байна? -Цэвэр манай төсөл ч бас биш л дээ, гэхдээ бид түүнд дэмжлэг үзүүлж байгаа. Яагаад гэвэл ийм төсөлд Миклухо-Маклайн төвшний хүмүүс хэрэгтэй, тийм хүмүүс нь харин бидэнд бий! Энэ бол эдийн засгийн үсрэнгүй урагшлах хөдөлгөөн хэлбэрээр Сибирийг хөгжүүлэх, ОХУ-ын Европын хэсгийн гаднах бүс нутагт хөгжлийн шинэ төвүүдийг бүтээн байгуулах төсөл. Энд шинэ төмөр замын барилга байгууламж, өрнө-дорно-умардыг холбосон ачааны урсгалыг нэмэгдүүлэх, одоо ашиглаж байгаа болон ирээдүйд ашиглах ашигт малтмалын боловсруулалт зэрэг асуудал багтаж байгаа. Энэ бүс нутаг бол эрчим хүчний үйлдвэрлэлийн илүүдэлтэй газар орон. Тийм болохоор тэнд олон том үйлдвэрүүд барьж байгуулж болно. Зөвлөлт засгийн үед эхлүүлсэн зүйл ч олон бий. Гэхдээ өөрчлөн байгуулалтаас болоод дуусгаж амжаагүй зүйлүүд... Экскаваторын завод, Минусины цахилгаан цогцолбор, өнгөт металл боловсруулах томоохон цогцолборууд, БАМ-тай шууд холбогдох Тайшет-Междуреченскийн зангилааны барилга байгууламж, ачааны урсгалыг хэдэн арван сая тонноор нэмэгдүүлэх Транссиб, КАТЭК (Канск*Ачинксийн түлш, эрчим хүчний цогцолбор), Березовын болон Назаровын дулааны цахилгаан станц гэх мэтийн маш том төслүүд энд хамаарна. Энэ бүгдийг нийлүүлээд “ковчег” хэмээх нэршилд багтаасан нэг том төсөл болгож нэгтгэн зангидсан хэрэг.
Хувийн архивын гэрэл зураг
  ОЛИМПИАДААС Ч ИЛҮҮ   -Оросын газар зүйн нийгэмлэгээс гадна бусад улс орны газар зүйн нийгэмлэгүүд бас бий. Тэдэнтэй та бүхэн хэрхэн харилцаж, хамтарч ажилладаг вэ? Аль эсвэл хориг арга хэмжээ энд ч бас үйлчилсэн үү? -Бурхны авралаар энд харин хориг байхгүй. Зөвлөлтийн үеэс тогтсон хувийн холбоо харилцаа бий. Гадаад улс орнуудад бид маш олон найз нөхөдтэй. Ийм нөхөрлөлийн нэг жишээ нь миний ярьж байсан өнөөх Тувад хийх археологийн хоёр дахь экспедиц. Энэ экспедицийг Оросын газар зүйн нийгэмлэгийн ивээн тэтгэх зөвлөлийн гишүүн ноён Фредерик Паулсен санаачилсан юм. Тэрээр ОХУ-ын иргэн биш хэдий ч манай оронд маш их хайртай, түүний төлөө их зүйлийг хийдэг хүн. Намайг ингэж ярьсны дараа түүнд хориг тавихгүй байх гэж найдаж байна. Өнөөдөр бид Франц, БНХАУ-тай маш сайн харилцаатай. “Газар зүйн зохион бичлэг” хэмээх арга хэмжээний хүрээнд 99 улс бидэнтэй хамтарч ажилласан! Ийм олон оролцогчоор хэр баргийн олимпиад бахархахгүй байх!
Хувийн архивын гэрэл зураг
Зохион бичлэгийн тухай товчхон танилцуулъя. Энэ жил тав дахь удаагаа зохион байгуулна, ямар дүгнэлт хийж болох вэ? -Гол дүгнэлт бол энэ чиглэлийг цааш нь хөгжүүлэх.Газар зүйн болон насны хүрээг тэлж өргөжүүлэх. Бас мэдээжийн хэрэг, танин мэдэхүйн хүрээг мөн адил. Гэр бүлээрээ ирж оролцож байгааг харах сайхан байдаг. -Арми ч гэсэн идэвхтэй оролцож байгаа нь сайхан байдаг байх. -Маш сайхан! Өнгөрсөн жил 100 мянга гаруй цэргийн албан хаагч зохион бичлэгт оролцохоо илэрхийлсэн. Анх удаа энэ арга хэмжээг Сирид зохион байгуулсан. Гадаадад байдаг манай цэргийн бусад баазууд ч мөн адил оролцсон. Бүр хөлөг онгоцон дээр хүртэл бичсэн! Хүмүүс зөвхөн газар зүй гэлтгүй ийм мэдлэгт тэмүүлж байна гэж бид ойлгосон. Тийм учраас анх удаа цэрэг-түүхийн сэдвээр зохион бичлэг явуулсан. -Жилээс жил ирэх тусам мэдлэг сайжирч байгаа биз? -Газар зүйн зохион бичлэгийн дундаж оноо ахиж дээшилж байна. Бүр муугаас л бид эхэлсэн дээ. Одоо бол алтан гурвын хэмжээнд хүрсэн. Өнгөрсөн жил бид гүйцэтгэх даалгаврыг хөнгөн, хүндэвтэр гэж хоёр ангилсан. Хөнгөн даалгаврын дундаж оноо 56, хүндэвтэр даалгаврынх 47 орчим байгаа. Гэхдээ амжилтаа ахиулах болно.
Большой Тютерс арал дээрх алсын дохиоллыг Сергей Шойгу үзэж танилцаж байна. Вадим Гришанкины гэрэл зураг
 

НУУЦЛАГАРАЛ

  -Одоо улс орон маань Арктикийг хөгжүүлэхэд маш идэвхтэй оролцож байна. Оросын газар зүйн нийгэмлэгийн эрдэмтэд хэр зэрэг тусалж байгаа вэ? -Ихээхэн идэвхтэй оролцож байгаа. “НОВАТЭК”, “РОСНЕФТЬ” зэрэг манай олон компани Арктикт ажиллаж байна. Тэнгисийн зам, навигацийн үргэлжлэх хугацаа зэргийг судлахгүйгээр тэдгээрийн ажил бүтэхгүй. Тийм учраас бид эдгээр асуудлаар олон жил ажилласан Оросын газар зүйн нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Академич Николай Касимовын ерөнхий удирдлага дор хянан тохиолдуулсан Арктикийн атласыг уржнан жил хэвлүүлж гаргасан. Үүний зэрэгцээ манай экспедицүүд тийшээ явж байгаа. Эдгээр нь нэг талаас боловсролын, нөгөө талаас судалгаа шинжилгээний шинж чанартай. Гол төлөв манай Хойд мөсөн далайнфлоттой хамтарч тэднийг явуулдаг. Сүүлийн жишээ гэвэл Шинэ газар арлын хамгийн зах руу экспедиц явсан. Тэнд бид техникийн туршилт хийж, экологийн нөхцөл байдал, Аугаа их Эх орны дайны түүхийг судалсан, яагаад гэвэл тэнд германы цэрэг байрлаж байсан газар, тэдний техникийн үлдэгдэл зэргийг олж илрүүлсэн. Энэ онд бид Франц-Иосифын газар руу томоохон экспедиц явуулна. Тэнд бас германы цэргийн отряд байсан. Ямар зорилгоор тэднийг тэнд буулгасныг олж тогтооно. Новосибирскийн арлууд, Врангелийн арал, Шмидтийн хошуу, Дунд арал зэрэг дээрх ажил үргэлжилж байгаа. -Матуа хэмээх хүрлийн арал руу явуулж байгаа хоёр томоохон экспедицийн талаар дурсахгүй өнгөрч болохгүй... -Энэ бол миний очиж үзэхийг хүсч мөрөөдөж байгаа газрын нэг. Аугаа их Эх орны дайны төгсгөлд тэнд японы цэргийн гарнизон байрлаж, нисэх онгоцны аэродром, томоохон бэхлэлт, газар доор бүхэл бүтэн хот байгуулсан. Ямар нэг шалтгаанаар өндөр хүчдэлийн чадал сайтай кабель утас татсан байсан. Тэр шугамаар чухам юуг тэжээж байсан юм бол? Ер нь эрчим хүчийг хаанаас авдаг байсан юм бол? Гэх мэтчилэн нууцлаг зүйл маш их, тэдгээрийн нууцыг тайлах хэрэгтэй. -Хариултыг эрж олохын тулд юуны өмнө өөрөө энэ арлыг эхэлж судлахыг хүсч байгаа байх даа? -Харин та юу гэж бодож байна? Би Оросын газар зүйн нийгэмлэгийн гишүүн биш гэж үү?  

ХАМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ САЙХАН ОРОН

  -Оросын газар зүйн нийгэмлэгээс зохион байгуулдаг “Хамгийн сайхан орон” гэрэл зургийн уралдаан богино хугацаанд дэлхийн хамгийн нэр хүндтэй уралдааны нэг болсон! Олон арван мянган хүн оролцож байна. Гэхдээ бидний бодлоор энэ уралдаанд гэрэл зурагчин дангаараа зүгээр ч нэг оролцдоггүй юм шиг... Товчхондоо тэр уралдаанд таны гэрэл зурагнууд хэзээ оролцох вэ? -Оролцохыг маш их хүсдэг. Гэхдээ дүрэмд заасан ёсоор болохгүй. Гэхдээ найз нөхөд, мэргэжил нэгтнүүдтэй хамтарч өөрийнхөө гэрэл зургийн үзэсгэлэн гаргах талаар бодож хэрэгжүүлнэ. Мэргэжлийн гэрэл зурагчин биш ч гэсэн ямар нэг зүйл хийж чаддаг гэдгээ харуулна. -Тэнд чинь мэргэжил гэхээсээ сэтгэл их чухал байх. -Таны хэлсэн үнэн шүү. Сэтгэл үнэхээр их хөдөлгөсөн уралдаан. Хүний хөл хүрэхэд маш хэцүү газарт олон гэрэл зургийг авдаг болохоор илүү үнэ цэнтэй. Гэхдээ оролцогчдын ачаар бүх хүн тэдгээрийг үзэж харах боломжтой болдог! Гэрэл зургуудаас тусгайлан сонголт хийж гадаадад байгаа манай цэргийн бааз, хөлөг онгоц, шумбагч хөлөг онгоц, цэргийн эмнэлгүүдэд хүргүүлдэг юм. Үүний төлөө би Оросын газар зүйн нийгэмлэгт үнэхээр талархаж байна. Эх орон юунаас эхэлдэг вэ гэдэг асуултын хариу нь эдгээр гэрэл зураг байж болох юм. Эх орон маань ямар өргөн уудам, ямар үзэсгэлэнтэй сайхан, түүнээс илүү сайхан зүйл энэ дэлхийн хаана ч байхгүй гэдгийг энэ гэрэл зурагнууд ойлгуулж ухааруулж байна.- -Гэрэл зургаа явуулж амжих хугацаа байгаа байх аа? -Тийм ээ, гуравдугаар сарын 31 хүртэл хугацаа байна. photo.rgo.ruсайт руу орвол бүх мэдээлэл байгаа. Энэ жил “Ухаалаг утсаар авсан гэрэл зураг” хэмээх шинэ номинаци бий болсон, мөн хүүхдэд зориулсан гэрэл зургийн уралдааныг тусад нь явуулж байгаа. Тийм болохоор “Хамгийн сайхан орон”-ы хамгийн сайхан гэрэл зурагнуудыг хүлээж байна.  

ЛОНХТОЙ ЗАХИА

  -Хэрвээ та эзгүй арал дээр үлджээ гэж төсөөлбөл хүн төрөлхтөнд хандаж ямар захиа лонхонд хийж илгээх вэ? -Би ер нь ажлын шугамаар ийш тийшээ их нисдэг, дээрээс бүгдийг биш юм гэхэд олон зүйлийг харж явдаг, тийм болохоор нийт хүн төрөлхтөнд хандаж “Хог тарихаа больё, хүмүүс ээ!” гэж хэлэхийг хүсч байна. Ялангуяа Арктикт! Оросын газар зүйн нийгэмлэг, Хойд мөсөн далайн флот байгаа нь сайн хэрэг, тэдгээрийн оролцоотойгоор тэнд маш том цэвэрлэгээ хийж байна. Манай цэргийн бааз байрлаж байгаа газар нутгаас энэ онд багтааж бүх хогийг зөөж гаргана. Энэ бол хэдэн мянган тонн металл, нисэх онгоц, газар усны явагчийн хаягдал сэг... -Торхнууд бас байгаа байх? -Энэ бол тусдаа ярих асуудал! Боломжийг ашиглаад би Хойд мөсөн далайн флотын усан цэрэг, арын алба, сайн дурынханд хандаж талархлын үг хэлмээр байна. Тэдний ач буянаар Арктик улам цэвэрхэн болж байгаа. Тэдгээр торхнуудыг шахдаг тусгай төхөөрөмж хийсэн. Тийшээ явахдаа ачаатай, буцахдаа тэндээс уул овоо шиг зэвэрсэн төмөр зөөж гаргаж байна. “Ийм байсан”, “Ийм болсон” хэмээх гэрэл зургийн бүхэл бүтэн цомогнуудыг харахад үнэхээр сайхан... Франц-Иосифын газар арал дээр биднийг хүрч очиход тоо томшгүй олон торхыг бид олж харсан. Чухам тэр үед л ОХУ-ын ерөнхийлөгч Арктикийг цэвэрлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх шийдвэр гаргасан юм. Сайн дурын олон хүн ажиллаж байгаад би баярладаг. Эдгээр хүмүүс бизнес хийгээгүй, харин гараг дэлхийгээ аварч байна. -2019 он эхэлж байна, ямар экспедицид оролцохоор та найдаж байна? -Албаны шугамаар Новосибирскийн арлуудад очно. Путораны платод очихоор хоёр ч удаа зэхсэн. Хойд мөсөн далайн флот тэнд экспедиц ажиллуулж, толгойн отрядууд буулгасан байсан. Гэхдээ явж чадаагүй. Энэ жил яаж ч байсан заавал тийшээ явна. Матуа руу нисэхийг маш их хүсч байна... Очихыг хүсч байгаа өөр бас хоёр арал бий. -Ямар? -Хэлэхгүй ээ! Та нар надаас түрүүлж очоод дурсгалын самбар босгочихоод: - “Хүлээж байна” гэж хэлэхийг чинь би мэдэж байгаа болохоор. -Гэхдээ дурсгалын самбарыг анх нээсэн хүмүүсийн нэрийг мөнхжүүлэх зорилгоор Оросын газар зүйн нийгэмлэгийн нэрийн өмнөөс л босгодог шүү дээ. -Би эхэлж нисч очоод хайгуул хийчихээд самбар босгох газрыг сонгоё. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2019.3.25 № 61 (6028)
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

46 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

3 цаг 32 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

4 цаг 28 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

6 цаг 35 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин