Л.ХЭРЛЭН
Их сургуулиудын захирлын нэр тодорхой болж, Төрийн албаны зөвлөлөөр батлах гэж байна. Түүнээс өмнө шинэ захирлуудын хэн нь ямар замаар зөөлөн суудалд хүрсэн тухай жиг, жуг намрын бороотой хамт хотын гудамжаар “шивнэлдэж” тун ч зугаатай байх шиг. Тэрний, энэний хүн шүү дээ гээд байвал ямар нэгэн холбоос, хэлхээс хэнд ч байдаг. Гэхдээ түүнээс илүү нь захирал гэх эрхэм албанд томилогдсон нэр бүхий дөрвөн хүн дөрвүүлээ их сургууль гэх том саалийн үнээг “саахаар” АН-аас тавьж буй “саальчид” гэдгийг мартаж болохгүй. Энэ л хамгийн үнэн. Тэднийг “Хэн нь хэн бэ” онцолж байна.
МУИС-ИЙН ШИНЭЧЛЭГЧ
А.Галтбаяр МУИС-ийн захирал болох нь тодорхой боллоо. Зарим нь түүнийг “С.Төмөр -Очирын хүн захирал болов” гэж мэдээлсэн байна лээ. Тэр С.Төмөр-Очирын үед дэд захирал болсон болохоор аргагүй биз. Нөгөөтэйгүүр, тэр ардчиллын улаан хамгаалагч учраас АН нь хүнээ тавьж байгаа нь энэ.
Сүүлийн хэдэн жил энэ сургуулийн удирдлагын төвшин дэх хэрүүл, тэмцэл олон нийтийн анхаарлыг татах болсон юм. Тэгвэл энэ удаа тус сургууль шинэчлэгчийн гарт очлоо. Шинэ, хуучин захирлуудын хөрөнгө, мөнгө, оюутны төлбөртэй холбоотой хэл амнаас өмнө тэр шинэчилье гэж ярьж байв. 2007 онд тэрээр “МУИС өөрчлөгдөж, шинэчлэгдэх ёстой. Яагаад ингэж үзэж байна гэвэл би МУИС-д ажиллах хугацаандаа амьдралд хүрэлцэх цалин авч байгаагүй. МУИС-аас гадуур давхар ажил хийдэггүй, хувийн бизнес эрхэлдэггүй, цаашид ч тэгэх сонирхолгүй. Тэтгэвэрт гарахад 20 жил байна, гэтэл МУИС маань улам дампуурч байна. МУИС-ийг удирдаж байгаа удирдлага ажлаа хийж чадахгүй байна хэмээн цахим ертөнцөд сэтгэгдэл бичиж тавьсан нь шуугиан тарьж байв. Тэгвэл өнөөдөр шүүмжлээд, бухимдаад байсан тэр сургуулийнхаа захирал боллоо. А.Галтбаяр 1967 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. 1991 онд ОХУ-ын Москвагийн улсын их сургуулийн механик-математикийн факультетыг төгсч МУИС-д багшаар орсон.МУИС-ийн МКС-ийн математик анализын тэнхмийн багшаар ажиллаж байсан. С.Төмөр-Очирын үеэс албан тушаал дэвшиж шинээр бий болгосон дэд захирлын орон тоонд өрсөлдөгчгүйгээр очжээ.
ЛУ.ГАНТӨМӨРИЙН “ДҮҮ”
ХААИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад сонгон шалгаруулалтаар жинхлэх “виз”-ээ аваад буй Т.Хэрүүга Увсын уугуул гэснээс үүдэн олон яриа гарчээ. “Боловсрол, шинжлэх ухааны сайд Лу.Гантөмөр нутгархсан шийдвэр гаргалаа” гэцгээж байна. Сайдын нутгийн дүү учраас захирал болсон л гэнэ. Бас болоогүй “Улаан хамгаалагч” У.Хүрэлсүхийн дүү шүү дээ гэх нэгэн ч байна. Ямар ч байсан доктор, профессор Т.Хэрүүга захирал сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч сургуульдаа захирлаар очих боллоо. Үүний өмнө тэрээр ХААИС-ийн гадаад харилцаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан юм. Дараа нь захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Одоо жинхэлж байгаа нь энэ.
Улс төрийн нам, угшил хөөвөл цагтаа МАН-ын залуусын нэг гэнэ. Тус намын дэргэдэх залуучуудын байгууллага НАМЗХ-ны идэвхтэн байсан гэх мэдээлэл бас дуулдав.
ТААВАР БУДЛИУЛАГЧ
Эмч, эрдэмтэн, судлаач хүн ЭМШУИС-ийг удирдан чиглүүлэх болоо. Тэр бол тус сургуулийн салбар Биотехнологийн их сургуулийн захирлаар ажиллаж байгаад ийнхүү дэвшиж буй Г.Батбаатар юм. Түүнийг захирал болно гэж хэн ч таамаглаагүй. Хэвлэл, мэдээллүүд ч тэр. Магадгүй хэт олон хүн өрсөлдсөн болохоор тэгсэн байж мэдэх.
ЭМШУИС-ийн ректорын албанд хамгийн олон буюу 10 хүн өрсөлдсөн юм. Өрсөлдөгч нараас захирлын үүрэг гүйцэтгэж байсан Н.Сүмбэрэлзулыг шалгарах магадлалтай гэж байв. Доктор, профессор Г.Батбаатар ЭМШУИС –ийн салбар Био анагаах ухааны сургуулийн захирлын албыг 2006 оноос хойш хашиж ирсэн. Үүнээс өмнө сургуульдаа багшилж байсан юм.
Тэрээр долоон жилийн турш сургуульдаа удирдах алба хашсан, бас дээд боловсролыг ч төрөлх сургуульдаа эзэмшсэн учраас цаашид удирдан авч явах чадвартай хэмээн хамт олон нь ам сайтай хүлээн авч байгаа сураг байна. Г.Батбаатар хүний дархлаа, харшлаас шалгаалах өвчлөлүүд, цусны хавдар, цус гоожимтгой өвчний үед хагалгааны дараа тавих хяналт гээд олон сонирхолтой судалгаа, тушилт хийсэн нь анагаах ухааны салбарт туршлага болсон нэгэн юм.
ШУТИС –ИЙГ МАТЕМАТИКЧ УДИРДАНА
Сонгон шалгаруулалтад чамгүй өндөр оноо авсан Б.Очирбат захирал болох нь тодорхой болсон байна. Тэрээр өмнө нь сургуулийнхаа Эрдэм шинжилгээний төвийн проректор байсан юм. Энэ суудалд цөөнгүй жил сууж байгаа нэгэн.
Нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийг 1990 онд төгсч, МУИС-д математикч, математикийн багш мэргэжлээр суралцсан. Магистрын зэргийг “Функциональ анализ”, докторын ажлаа “Систем судлал” сэдвээр хамгаалсан компьютерийн ухааны доктор, профессор юм. 1990 оноос МУИС-д багшилж байгаад ШУТИС-д багш, эрдэм шинжилгээний ажилтан, салбарын эрхлэгч болсон. 2006 оноос ШУТИС-ийн КТМС-ийг удирдаж байсан юм байна.