Ч.ГАНТУЛГА
“Миний дуртай спорт” булангийн энэ удаагийн зочноор “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Б.Цэнд-Аюушийг урилаа. Тэрээр байт харваагаар шаггүй харвадаг гэнэ.
“Барселона”-гийн фанат
Тайз, дэлгэцийн салбарт одтой яваа энэ цагийн шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг нь Б.Цэнд-Аюуш юм. Анх “ТВ коктейль” хамтлагаар овоглож, удалгүй “Гэгээн муза”-гаар авьяасаа үнэлүүлсэн жүжигчин маань багаасаа спортод элэгтэй байжээ. Ялангуяа, хөлбөмбөг, сагсан бөмбөгт. Б.Цэнд-Аюушийг хөлбөмбөгийн улаан фанат гэвэл та итгэх үү. Тэрээр Испанийн “Барселона” багийн хөгжөөн дэмжэгч юм байна. Түүний хүүхэд насны гэгээн дурсамжинд ангийнхаа хөвгүүдтэй хөлбөмбөг хөөж явсан хөгжилтэй үе олон бий. Мөн бусдын адил сагсны шийд хэсч, чөлөөт цагаа өнгөрүүлдэг байжээ. Б.Цэнд-Аюуш бага насныхаа тухай “Хүүхэд байхдаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Спортын олон төрлөөр хичээллэж, өөрийгөө сорихсон гэж хүсдэг байлаа. Харин уран бүтээлч болоод эрүүл мэнддээ анхаарах гэж спорт заал руу гүйдэг болсон” гэжээ.
50 метрийн зайнаас алдахгүй харвана
Залуу насанд хийж бүтээх зүйл их байгаа учир зүгээр суухыг хүсдэггүй гэх жүжигчин Б.Цэнд-Аюуш байт харваагаар хичээллээд багагүй хугацааг үджээ. Тэрээр долоо хоногийн хоёр өдөр байнга бэлтгэл хийдэг. Эмэгтэй уран бүтээлчид ихэвчлэн гоо сайхан, биеийн галбиртаа анхаарч фитнессээр хичээллэдэг бол Б.Цэнд-Аюушийн хувьд хурд, хүч, авхаалж самбаа шаардсан спортоор хичээллэх сонирхолтой гэж байв. Тэрээр цааш нь “Байт харваа хүний хувь төлөвшилд тустай. Тэвчээртэй, сэтгэлийн тэнхээтэй амьдрахад нөлөөлдөг юм шүү. Анх хичээллэхэд хэцүү байсан ч хичээх тусам энэ спортын сайхныг мэдэрч эхэлсэн” гэв. Жүжигчин маань анх хичээллэхдээ гурван метрийн зайнаас харваж сурчээ. Харин одоо 50 метрийн зайнаас алдахгүй харвана. Тэрээр харваж эхлэхийнхээ өмнө сэтгэлзүйгээ бэлддэг гэсэн. Байт сурын харваанд сэтгэлзүй их чухал. Тайван байх тусам гар салганахгүй, бай илүү тод харагддаг гээд давуу тал олонтой аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин