Д.ЭНХЭЭ
Олон улсын санхүүгийн хүрээлэн Венесуэлийн гадаад өрийг үнэлж, 156 тэрбум ам.доллар буюу экспортын 738 хувьд хүрснийг тогтоосон бөгөөд энэ нь дэлхийн дээд үзүүлэлт аж. Каракас өрийнхөө хэмжээг дэлгэж мэдээлэхгүй байгаа юм байна.
Фото: Carlos Becerra / Bloomberg
2018 оны эцсийн байдлаар Венесуэл улсын болон хувийн секторын гадаад өр бараг 156 тэрбум ам.долларт хүрснийг Вашингтоны Олон улсын санхүүгийн хүрээлэн тооцоолж гаргажээ. 2007 оны үзүүлэлттэй харьцуулахад гадаад өр 2.5 дахин нэмэгдсэн байна. Гадаад өрийн талаарх тоо баримтыг Венесуэлийн Засгийн газар нийтэлж мэдээлдэггүй аж. Николас Мадуро 2013 онд Засгийн эрхэнд гарснаас хойш Венесуэлийн Төв банк макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг байнгын горимоор дэлгэж харуулахаа зогсоосон байна. Эдийн засгийн статистик байхгүйтэй холбогдуулан ОУВС сэтгэл дундуур байгаагаа 2018 оны тавдугаар сард Венесуэл улсад албан ёсоор илэрхийлжээ. Түүгээр ч барахгүй сүүлийн жилүүдийн бат найдвартай тооцож хэмжсэн дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлт ч энэ улсад байхгүй юм байна. Америкийн аюулгүй байдлын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Рейчел Зимба РБК-тай ярилцахдаа Олон улсын санхүүгийн хүрээлэнгийн үнэлгээг тэр “найдвартай” хэмээн үзэж байгаа ажээ. Түүний хувийн тооцоогоор бол Венесуэлийн гадаад өр 150 тэрбум орчим ам.долларт дөхөж очих гэнэ.Өр экспортоос найм дахин их
- Олон улсын санхүүгийн хүрээлэнгийн баримтад дурдсанаар Венесуэлийн гадаад өрийн 90 гаруй хувь ньТөв Засгийн газрын болон газрын тосны PDVSA компанийнх ажээ.
- Үүний 65 тэрбумыг өрийн бичгээр Каракас, PDVSA хоёр төлөх ёстой. Гаргасан өрийн бичгийн нэгээс бусад нь бүгд дефолтод оржээ.
- PDVSA 2020 онд төлж барагдуулахаар зөвхөн эдгээр өрийн бичгийн хүүгийн хувийг төлж байгаа. Тэдгээр өрийн бичгийн 50.1 хувийг Америкийн газрын тос боловсруулах CITGO компанийн хувьцаа эзэлдэг (CITGO – гийн үлдсэн 49,9 хувь нь “Роснефть” – ийн барьцаанд байдаг). Дөрөвдүгээр сард PDVSA өрийн бичгийн дагуу 71 сая ам.доллар төлөх ёстой.
- Түүнчлэн олон улсын санхүүгийн баримтад дурдсанаар Венесуэлийн Засгийн газар ОХУ болон БНХАУ-д 26 тэрбумыг төлөх ёстой. Мөн PDVSA “Роснефть”-д таван тэрбум ам.долларын өртэй болохыг уг баримт бичигт дурджээ.
- Венесуэлийн гадаад өр тус улсын нэг жилийн экспортын 738 хувьтай тэнцэхийг олон улсын санхүүгийн хүрээлэнгийн баримтад мөн онцолжээ. Энэ бол хөгжиж буй улс орнуудын дундаж үзүүлэлтээс дөрөв дахин их бөгөөд дэлхийн дээд хэмжээ юм байна.