П.АМГАЛАНБАЯР
Органик, ямар нэгэн химийн бодис агуулаагүй “Аму” хүнсийг хүмүүс хэрэглэх болжээ. Тус бүтээгдэхүүн нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүнсээр өвчнийг анагаах зорилготой юм. “Аму” брэндийг үүсгэн байгуулагч Т.Дарьсүрэнтэй ярилцлаа.
- “Аму” төвийг үүсгэн байгуулах санаа анх яаж төрсөн бэ?
-Би Бээжинд явж байгаад шош буурцагны бэлдмэл санаандгүй авсан юм. Миний ходоод тэр үед их өвддөг, бас ходоод сайн гэсэн эмнүүд уудаг байсан. Нөгөө бэлдмэлээ өглөөний цайндаа ууж 30 хоног хэрэглэсэн. Цайны оронд уухад амттай, хэрэглэхэд хялбар байсан. Хэсэг хугацааны дараа ходоод өвдөх зовиур багассаныг анзаарсан юм. Энэ тухайгаа өөрийн нэг найз Хуланд хэлж, хүнсээр өвчинг анагааж болдог юм байх даа гэж ярилцсан. Бид энэ талаар цаашид судалж хүнсээр өвчинг анагааж болдог юм байна гэдгийг олж мэдээд “Аму” брэндийг үүсгэх санаа төрсөн. Бид 2011 оноос хойш судалгаа хийж эхэлсэн.
-Тухайн үед зах зээлд гаргахын тулд их л судалгаа хийсэн байх даа?
-Дэлхийн бүхий л баталгаатай цахим хуудсаас бүх үр тарианы ач холбогдол, витамины агууламж гээд бүхнийг эхнээс нь судалсан. Судалгааны явцад янз бүрийн хүмүүстэй уулзаж, зөвлөгөө авсан. Хятадын доктор Ван гэдэг хүн болон Монголын уламжлалт анагаах ухааны эмч нараас ерөнхий чиглэлээ авсан. Ийнхүү хоёр жил судалсны эцэст 2013 оны есдүгээр сард “Аму” брэндээ анх албан ёсоор үүсгэн байгуулж байлаа. Анх бүтээгдэхүүнээ гаргахаасаа өмнө мэдээж гэр бүл, ойр дотныхоо хүмүүст хэрэглүүлж, туршилт хийж үзсэн. Жишээлбэл манай Хулангийн хүүхдүүд жилдээ 12-14 удаа эмнэлэг явдаг байсан бол хоёр жилийн турш төрөл бүрийн үр, тариа, буурцаг уугаад гуравхан удаа л эмнэлэг орсон байдаг. Үр тарианд хүний биед хэрэгтэй олон шимт тэжээл байдгаас гадна өөрийн гэсэн эмчилгээ, хүч чадалтай. Зөвхөн ногоон буурцаг гэхэд л хорыг гадагшуулж, хоолой өвдсөн үед хэрэглэхэд сайн гэх мэт.
-Өнөөдөр эрүүл мэндийн салбарт эмгүй анагаах, элдэв химийн бодисгүй органик бүтээгдэхүүн олон байна. “Аму” брэндийн хувьд тэднээс юугаараа давуу вэ?
-Бид хүнсээр анагаах соёлын дэлхий дахинд түгээнэ гэсэн эрхэм зорилгын дор уламжлалт анагаах ухааныг орчин үеийн шим тэжээл судлалтай холбож, цоо шинэ брэндийг бий болгосон. Манай хамт олон Монголынхоо газар шороонд үр тариа түүхий эдийнхээ 40 хувийг тарьж ургуулж байна. Хүн болгоны өвөрмөц чанарт зориулсан тусгай жорыг бэлддэг. Манай боловсруулалтын арга нь түүхий эд болгоны хортой чанарыг нь устгаж, тухайн үр тарианы амин дэм буюу шимт бодисыг авч үлдэж, боловсруулдаг. Микро аргаар бага температурт хатааж боловсордог учир эмчилгээний чанар нь өндөр байдаг. Жишээ нь хүний үе мөч өвдөөд ирдэг. Энэ үед хүмүүс эм уух, тос түрхэх зэрэг эмчилгээг хийдэг. Харин бид үе мөчний өвчиний цаад шалтгааныг олно. Шалтгаан нь ихэвчлэн муу шар ус дэгдсэнээс болсон байдаг. Муу шар ус нь юунаас үүдэлтэй вэ гэхээр элэгний халуун цөс хэт их өтгөрсөн байдлаас болдог гэх мэт. Бид эх орноосоо гадна бүтээгдэхүүнээ Америк, Орос, Араб гээд Европын орнуудад түгээж эхэлсэн. Манай зарим түүхий эд Монголд байдаггүй учир хамгийн эко бүсээс оруулж ирдэг. Органик сертификаттай түүхий эд ээ.
-Танай бүтээгдэхүүнийг хэрэглэхийн тулд эхлээд заавал эмчид хандах хэрэгтэй юу?
-Манай мэргэжлийн уламжлалт анагаах ухааны эмч нар судас барьж оношлоод, тухайн хүний биеийн онцлогт тохирсон, үр тариагаар хийсэн бэлдмэл өгдөг. Мөн бид таван жилийн хугацаанд судалж, түүн дээрээ үндэслэсэн онлайн оношлогоог нэвтрүүлсэн. Давхар зөв хоололтын зөвлөгөө өгнө. Энэ нь илүү үр дүнтэй, урт хугацааны эмчилгээ болдог. Үүнийг “Аму” брэндийн бас нэг давуу тал гэж ойлгож болно.
-“Аму” бүтээгдэхүүнийг хэрэглэхэд насны заалт бий юу?
-Насны заалт байхгүй. Болж өгвөл бага байхаас л хэрэглэвэл илүү үр дүнтэй. Бор хоолонд орсон л бол хэрэглэж болно. Учир нь эдгээр бүтээгдэхүүний үйлчлэл нь өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой байдаг. Одоогоор бид 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үүнд таван бие махбодид зориулсан хүнс, гоо сайханд зориулсан хүнс, хүүхдэд зориулсан, фитнесст зориулсан бүтээгдэхүүн болох амьд уураг, кальц нөхөн хүнс зэрэг олон бүтээгдэхүүн бий. Мөн манайх хоргүйжүүлэх, жин хасах, хелико бактертай хүмүүст зориулсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
-Ихэвчлэн ямар оноштой хүмүүс хэрэглэвэл илүү үр дүн гарч байх шиг байна?
-Бид байнга судалгаа хийдэг. Манайх одоогоор 30 гаруй мянган хүнд үйлчилсэн байна. Давтамжтай тоогоор 50 мянган гарсан байгаа. Үүнээс дийлэнх нь буюу 80 гаруй хувь нь элэг, цөсний асуудалтай хүмүүс. Мөн ходоод, бөөрний асуудалтай иргэд ханддаг. Эцэст нь хэрэглэгчдээс хэлдэг талархлын үг нь “Эрүүл боллоо, амьдралын хэв маягаа өөрчилж чадлаа. Хоол идээ, ундаа гэдэг чинь ийм том ухаан байсан юм байна” гэж биднийг үргэлж хурцалдагт нь баярладаг. Аливаа хүнс өөрийн гэсэн амт, эрдэм, хүч, чадал гэсэн дөрвөн чанартай байдаг. Тэдгээрийг хооронд нь зохицохоор найруулаад өгч байгаа учир үр дүн нь ийм сайн байгаа юм. Бид бүтээгдэхүүнээ шууд идэж болохоор эцсийн бүтээдэхүүн болгож бэлтгэдэг. Энэ онд бид хэрэгцээгээ дагаж үйлдвэрээ томсгох, техник төхөөрөмжүүдээ нэмэх ажлыг хийхээр төлөвлөж байна.
-Танайх жирэмсэн эхчүүдийн нэмэлт тэжээл гаргадаг гэсэн. Хэдэн сартай эхчүүд хэрэглэх боломжтой. Ямар үр дүнг үзүүлж байна?
-Гурван сараас дээш урагтай бүх эхчүүд хэрэглэж болно. Би өөрөө бие давхар байхдаа хэрэглэж байсан юм. Төртлөө янз бүрийн витамин хэрэглээгүй, зөвхөн бэлдмэлээ л хэрэглэсэн. Миний хувьд ямар ч оёдолгүй төрсөн. Хүүхэд минь ч эрүүл саруул өсч байна. Энэ бүхэн хэрэглэж байгаа хүнсний минь ач буян гэж боддог.
-Мэдээж хүмүүст эрүүл мэнд, аз жаргал бэлэглэх сайхан. Энэ хугацаанд сэтгэл догдлуулам ямар үр дүн гарч байв?
-Их олон тохиолдол бий. Бөөрний дутагдалтай, астматай хүн хүртэл эдгэсэн. Нэг эмэгтэй өндгөн эсний ялгарал багассан гэсэн оноштой манайд ирж эмчлүүлээд хоёр эхэр хүүхэдтэй болсон гээд боддоо. Сүүлийн үед жирэмсэн эхчүүд хооллолтын тал дээр зөвлөгөө авч, хянуулахаар ирдэг боллоо. Учир нь манай бүтээгдэхүүнийг хэрэглээд төрснийхөө дараа хурдан тэнхэрсэн тухайгаа ярьдаг юм. Мөн хэлний хавдрын урьтал гэсэн оноштой хүн ирээд өөрийн өвчний шалтгаанаа олоод, өөрт таарсан бүтээгдэхүүн хэргэлээд, үр дүн сайн байгаагаа бидэнд ярьж байсан. Тэр хүн урьд нь олон газраар явж байсан юм билээ. Манайх эмнэлгийн байгууллага биш. Зөвхөн хүн бүрийн онцлогт таарсан хоол хүнсийг л санал болгодог.
-Одоо ямар бүтээгдэхүүн дээр голчлон ажиллаж байна?
-Хүмүүс улиралдаа тааруулж, өөртөө цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Хавар, намрын улиралд хор гадагшлуулах ёстой байдаг. Агаарын бохирдол, хөрсний бохирдол, ахуйдаа хэрэглэж байгаа янз бүрийн химийн бодистой угаалгын нунтаг, аяга таваг угаагч зэрэг нь биднийг байнга хордуулж байна. Тиймээс бид одоогоор хор гадагшлуулах хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх гэж байгаа. Энэ нь гурван шатлалтай. Хөтөлбөрийн онцлог нь эхлээд уушгиа, дараа нь элэг цөсөө, дараа нь бөөр давсагаа цэвэрлэдэг. Мөн хүн болгоны онцлогт тохируулж цэвэрлэгээг арай өөр, өөрөөр хийдэг. Хүн хордож байгаагийн шинж тэмдэг нь амархан ядарч, өтгөн хатдаг, арьсан дээр тууралт гардаг, нойргүйдэл, жин нэмэх, уур уцаартай болох зэрэг олон зүйлээр илэрдэг. Харин биед хуримтлагдсан хор гадагшилснаар арьс залуужиж, ухаан санаа сэргэдэг. Мөн жин бууруулах “Эрүүл гоо” хөтөлбөр маань нилээд алдартай болж байна. Бид таргалах шалтгааныг нь олж, түүнд нь тааруулсан бүтээгдэхүүнийг зөвлөдөг. Үр дүнгээс онцолбол 21 хоногт 16 кг хассан хүн ч байна.
-“Аму” брэндийн цаашдын зорилго юу вэ?
-Хулан бид хоёрын хувьд энэ ажлыг эхлүүлсэн үеэс нойр хоолгүй, завгүй байсан ч хэзээ шантарч байгаагүй ээ. Хийж байгаа ажилдаа хайртай, дуртай. Бид брэндээ дэлхийн зах зээлд гарахын төлөө ажиллаж байна. Үүнийхээ эхлэлийг ч тавьчихсан. Манай бүтээгдэхүүнүүд америкийн зах зээлд гараад найман сар болж байна. Цаашлаад олон хүнд хүрч, эрүүл амьдрал бэлэглэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөнө. “Аму”-г дэлхийн брэнд болгохын тулд системтэйгээр ажиллаж чадварлаг баг, хамт олны хүчээр дэлхийн брэнд болгож чадна.
Эх сурвалж: “Зууны мэдээ “сонин
2019.3.7 № 47, 48 (6014, 6015)