Ч.ҮЛ-ОЛДОХ
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалтын эргэн тойронд олон улсын тоймч Ш.Гантулгатай ярилцлаа.
-Ким Жон Ун, Д.Трамп нарын уулзалт ямар ч шийдвэрт хүрсэнгүй. Цаашид ямар нөхцөл байдал үүсэх бол?
-Хоёр дахь удаагийнх гэдгээрээ энэ уулзалт онцлог байлаа. Өнгөрсөн зургадугаар сард тэд анх удаа уулзсан. Тэр зөвхөн эхлэл, танилцах уулзалт байсан. Ким Жон Уны хувьд Сингапурт уулзах нь таатай нөхцөл биш байсан. Барууны орнууд дарангуйлагч улсын удирдагч гээд баривчлах ч юм уу, түүний хувьд “хар данс”-нд байдаг хүн шүү дээ. Жишээ нь, Суданы ерөнхийлөгч Омар Аль-Башир ямар ч улс оронд явахаас их эмээдэг. Учир нь түүнийг аль ч улсад очсон олон улсын шүүхийн зараалаар баривчлах магадлалтай. Тиймээс 2018 онд Ким Жон Ун, Д.Трамп нар бие биедээ итгэлцэл төрүүлэх зорилгоор уулзсан. Тухтай хэлэлцээ хийж чадаагүй. Энэ удаагийнх түүнээс илүү чухал уулзалт байсан. Гэхдээ онц чухал тохиролцоонд хүрч чадахгүй, тохиролцлоо гэхэд тэр нь тунхаглалын чанартай байх нь ойлгомжтой байсан, тийм ч боллоо.
Яагаад шийдсэн юмгүй уулзалт болов гэвэл хэлэлцэх асуудал нь эхнээсээ нарийн төвөгтэй юм. Тухайлбал, 2015 оны Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх гэрээ гэхэд дор хаяж 15 жил бэлдсэн шүү дээ. Хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудал үүнээс ч нарийн төвөгтэй. Хойд Солонгос яах гэж цөмийн зэвсгийн хөтөлбөр бий болгосон бэ гэвэл улс орныхоо аюулгүй байдлыг хангахын тулд тэр. Тэгэхээр Хойд Солонгостой барууны улс орнуудын хийх гэрээ хэлэлцээр нь ердөө л цөмийн зэвсэг, пуужингийн хөтөлбөр нь юм. Хоёр хөтөлбөрийг хооронд нь салгахын аргагүй. Хойд Солонгостой хэлэлцэж тохиролцох зүйл ганцхан энэ бол, барууны орнуудад олон зүйл бий. Жишээлбэл, Өмнөд Солонгост АНУ-ын 38 мянган цэргийн албан хаагч байгаа. Өмнөд солонгосчууд Хойд Солонгосоос эдийн засгийн хүчин чадлаар 40 дахин илүү. Дээр нь Өмнөд Солонгос АНУ-тай хамтран жил бүр усан флотын томоохон цэргийн сургууль хийдэг. Америкийн нисэх онгоц тээвэрлэгч байлдааны хөлөг онгоцууд оролцдог. Нисэх онгоц тээвэрлэгч байлдааны хөлөг онгоц гэдэг дэлхийн ямар ч улс орны зэвсэгт хүчнээс хэд дахин хүчтэй. Энэ нь жил бүр Хойд Солонгосын аюулгүй байдалд аюул учирдаг байсан гэсэн үг. Тэгэхээр Хойд Солонгосын барууны орнуудаас шаардах юм их бий.
Нэгдүгээрт, өөрөө сайн бодох хэрэгтэй, хоёрдугаарт, бусадтай сайн тохиролцох шаардлагатай. Хоёр өдрийн дотор юуг ч шийдэх арга байхгүй. Дээр нь Д.Трамп, Ким Жон Ун хоёр жинэхэнэ ёсоор гэрээ, хэлэлцээ хийхийн тулд олон талын эксперт хэрэгтэй.
-Тэгэхээр энэ удаагийн яриа, хэлэлцээг юу гэж дүгнэх вэ?
-Д.Трампын хувьд энэ уулзалт зар сурталчилгааны чанартай. АНУ-ын дотоодод улс төрийн нөхцөл байдал хүндхэн байгаа учраас Д.Трамп Хойд Солонгосын асуудлыг шийдэж чадсан. Гадаад бодлогодоо амжилт олсон гэсэн нэр хүлээхийн тулд Вьетнамд очсон. Гэхдээ энэ уулзалт Хойд Солонгосын хувьд ч, АНУ-ын хувьд ч чухал ач холбогдолтой. Хойд Солонгосын хувьд “шоовдор” улс орны жагсаалтаас гарах боломжтой. Ким Жон Ун ч гэсэн “шоовдор” улсын бус жирийн улсын удирдагч болно гэсэн үг. Энэ жагсаалтад орсны учир эдийн засгийн хориг арга хэмжээнд орсон. Иймд ямар ч улс оронтой гадаад худалдаа хийх аргагүй, дэлхийн банк, санхүүгтийн системээс тасарч шахалтанд орсон.
-Хойд Солонгосын эсрэг эдийн засгийн хориг сулрах болов уу?
-Яг ямар хориг арга хэмжээний тухай ярьж байна гэдэг бас чухал. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зүгээс Хойд Солонгост авсан олон тооны хориг арга хэмжээ бий. АНУ-ын зүгээс тусдаа авсан хоригууд байна. Европын холбооны улсуудын зүгээс авсан хориг арга хэмжээ бас бий. Өмнөд Солонгос ба Хойд Солонгосын хоорондын гадаад харилцаанд мөн олон хязгаарлалт байдаг. Тэгэхээр уулзалтын дараа Өмнөд Солонгос, Хойд Солонгосын хоорондын харилцаа сайжирна. Өөрөөр хэлбэл, Өмнөд Солонгосын зүгээс Хойд Солонгост авч байсан хориг арга хэмжээнүүдийг хамгийн түрүүнд цуцлах магадлалтай. Дараа нь АНУ-ын зүгээс Хойд Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдээ сулруулах боломжтой. Үүний дараа НҮБ ч гэсэн хориг арга хэмжээнүүдээ эргэж харах байх. Эцэст нь Европын холбоо болон Хойд Солонгосын харилцаа сайжирна. Хамгийн гол ач холбогдол нь эдгээр хориг арга хэмжээг суллах анхны нөхцлийг бий болгож байна шүү дээ, өнгөрсөн уулзалтууд. Энэ бүхэн ганц том хориг арга хэмжээ бус өөр хоорондоо холбоотой хэдэн арван жилийн турш бий болгосон зүйл. Хэдэн арван жилийн турш хуримтлагдсан хог новшийг ганцхан өдрийн дотор арилгах ямар ч боломжгүй.
-Өмнөд Солонгосын тал уулзалтаас ямар үр дүнг хүлээж байгаа бол?
-Д.Трамп Хойд Солонгосын удирдагчтай уулзана гэдэг нь Өмнөд Солонгосын удирдагч Мүн Жэ Инийн хувьд Хойд Солонгостой харилцах илүү өргөн боломжийг нээнэ. Өмнө нь яагаад харилцаж чадахгүй байсан бэ гэвэл АНУ-ын холбоотон байж яагаад Америкийн дайсан улстай харилцаж байна вэ гэсэн хэл аманд орно шүү дээ. Одоо Д.Трамп, Ким Жон Ун нар хоёр дахь удаагаа уулзсаны дараа илүү олон төслийг хэрэгжүүлэх боломжтой. Тэр байтугай Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны цахим хуудаст Хойд Солонгосыг дайсан гэж нэрлэхээ больчихоод байгаа шүү дээ.Энэ мэт нааштай алхмууд гарч байна. Энэ уулзалтыг хийж байгаа улс орон маш өндөр ашиг олно. Энэ чиглэлд манай улс алтан боломжийг алдчихлаа.
-Үүнийг та ямар утгаар хэлж байна?
-Ямар нэг жижиг улс орны дипломат бодлогын хувьд аманд нь орж ирж байгаа шар тосыг хэлээрээ түлхэж ерөөс болохгүй. Том улс орны хувьд ийм дипломат бодлогын алдаа нь тухайн улс орны үндэсний эрх ашигт юм уу эсвэл тусгаар тогтнол, аюулгүй байдалд нөлөөлөх аюул гарч ирдэг. Манайх шиг жижиг улс орны хувьд ялангуяа, одоогийнх шиг Хятадын эдийн засгаас бараг шууд хамааралтай болчихоод байгаа үед Д.Трамп, Ким Жон Ун нарын уулзалтыг Монгол Улсын эрх ашигт ашигтайгаар эргүүлж чадсан бол том аз гийх байлаа. Манай улс энэ боломжийг огт олж хараагүй нь эмгэнэлтэй. Хойд Солонгос ч, Өмнөд Солонгос ч эртнээс монголчуудтай маш сайн харилцаатай явж ирсэн. Тэгвэл Солонгосын хойгийн асуудал дэлхий дахины ач холбогдолтой чухал асуудал. Энэ том бодлогод хөндлөнгөөс оролцох нь тухайн улс оронд том завшаан. Төр, засаг маань үүнийг ойлгохгүй байгаа учраас ард түмэнд маань хохирол учирлаа. Саяын уулзалтад Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хуягласан галт тэргээр 60 цагийн турш, 4500 км замыг туулж Вьетнамд очлоо. Хуягласан галт тэргээр явж байгаагийн учир нь аюулгүй байдалтай нь холбоотой. Хойд Солонгосын ирээдүй, аюулгүй байдал, хөгжил дэвшил Ким Жон Ун гэдэг ганц хүнээс хамаарч байна. Хэрэв тэр хүн энэ улсын удирдагч болоогүй бол Хойд Солонгос өнөөгийн том амжилтад хүрч чадахгүй байсан. Д.Трамптай уулзана гэж ярих бүү хэл Хойд Солонгос аль хэдийнэ сөнөж, түүнийг дагаад Өмнөд Солонгос ч сөнөх магадлал байсан. Зорчиж буй хуягласан галт тэргийг нь тухайн үед Сталингаас түүний өвөө Ким Ир Сенд бэлэглэсэн. Тэр галт тэргээрээ Ким Ир Сен Улаанбаатарт ирж байсан юм. Тэгэхээр Ким Жон Ун тэр галт тэргээр Монголд ирэх бүрэн боломжтой. Вьетнамд очиход хол бол Монгол ойрхон. Өмнөх уулзалтыг хаана хийх нь Д.Трампын хүслээр болсон бол энэ удаа Ким Жон Уны саналаар болсон. Манай элчингийнхэн жаахан санаачилга гаргасан бол уулзалт Монголд болох бүрэн боломж байлаа. Иймд Элчин сайдын яам гэх үүрэггүй газрыг татан буулгах хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.3.1 №42 (6009)