Б.ТУУЛ
Бид салбар бүрийн тэргүүлэгчдийг “Leaderships forum”буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санааг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн “Leaderships forum” булангийн зочноор БСШУСЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнийг урилаа.
ЭЕШ-ЫН ДҮНГ ШАЛГУУЛАГЧДЫН ДЭРГЭД ШУУД ЗАСНА
-Элсэлтийн ерөнхий шалгалтыг технологийн давуу тал ашиглаж илүү нээлттэй, ил тод, шуурхай, шударга явуулах зорилготой шууд засалтын “Шилэн технологи”-ийг нэвтрүүлж байна. Өмнө нь 14 хоногийн дараа шалгалтын дүн гардаг байсан бол 2019 оны элсэгчид ЭЕШ-аа өгсөн даруйдаа дүнгээ мэдэх боломжтой болсон. Шууд засалтыг өнгөрсөн жил Ховд, Орхон аймагт хэрэгжүүлэхэд шалгуулагчид болон эцэг эхчүүдийн зүгээс ямар нэгэн гомдол, санал ирээгүй. Тиймээс энэ жил энэ зохион байгуулалтын дагуу улсын хэмжээнд дүнг шууд засахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Мэдээллийн технологийг ашиглаад аливаа ажлыг шударга, шуурхай, ил тод зохион байгуулж болдог юм байна гэдэг нь шууд засалтын технологийн давуу талуудаас харагдаж байгаа. Тухайлбал, жил бүр 10 мянга орчим шалгуулагч сумын төвөөс аймгийн төв рүү шалгалтаа өгөх гэж нэг ирнэ. Дараа нь 14 хоногийн дараа дүнгээ сонсон, хуваарь сонгох гэж дахин нэг ирдэг нь шалгуулагчдын хувьд тодорхой зардал, чирэгдэл гаргадаг байсан. Тэгвэл энэ жил шууд засалтын технологийг нэвтрүүлснээр шалгуулагчид шалгалтаа өгөөд, шалгалтаа өгсөн даруйдаа дүнгээ сонсоод, ЭЕШ-аа дуусгаад шууд хуваарь сонголтоо хийгээд нэг удаагийн ирэлтээр бүх ажлаа амжуулчих учраас өмнөх жилүүдийнх шиг хүндрэлүүд байхгүй болно. Өмнөх онуудад 14 хоногийн хугацаанд бүх шалгалтын материалуудыг улсын хэмжээнд төвлөрүүлж, цагдаагийн хамгаалалт дор олон хүнийг маш өндөр зардалтайгаар засалтын ажлыг зохион байгуулж ирсэн. Одоо шууд засалтын технологи нэвтрүүлснээр зохион байгуулалтын зардал бодитой хэмнэгдэж байгаа. Хамгийн гол нь ЭЕШ-аа сайн өгөөд, хүссэн сургуульдаа элсэн орох нь сурагчдын хувьд амьдралынх нь чухал үе юм. Ийм хүсэл мөрөөдөл, зорилго тээж яваа хүүхэд, залуучууддаа ил тод, шударга байдлыг бодитой үзүүлж чадаж байгаа нь бидний ажлын ололт, амжилт юм.ШАЛГАЛТЫН ДААЛГАВРУУДЫГ НЭЭЛТТЭЙ ЦАХИМ САНД БАЙРШУУЛСАН
-Боловсролыг үнэлгээнд нэвтрүүлж байгаа дараагийн гол технологи бол нээлттэй даалгаврын сан юм. Энэ нь ерөнхий боловсролын хичээлийн шалгалтын даалгаврыг itembank.eec.mn веб хуудсанд олон нийтэд нээлттэй байршуулсан мэдээллийн цахим сан юм. Аливаа зүйл ил тод, нээлттэй байх тусмаа хөгждөг. Шалгалтын даалгаврыг нээлттэй болгосноор боловсролын үнэлгээг ил тод явуулж, боловсролын чанар, үр дүнг дээшлүүлэх, тухайн сургуулийн сургалтын үйл ажиллагааны ахиц амжилтыг ахиулах зэрэгт чухал нөлөөтэй байна. Бид өмнө нь шалгалтын сэдэв даалгавар задарсан уу, задраагүй юу гэдэг тухай их ярьдаг байсан. Тэр даалгавар сайн, муу гэж хэн ч ярьдаггүй байлаа. Уг нь бид даалгавар задарсан тухай биш даалгаврын чанар, энэ даалгавар хүүхдүүдийн мэдлэг, чадварыг сорьж, шалгаж чадаж байна уу гэдэг тал дээр илүү анхаарч ярилцаж байвал, түүнийгээ дагаад сургалтын чанар сайжрах юм. Тэгэхээр даалгаврыг нээлттэй болгоод ирэхээр нийгэмд байдаг сэдэв задардаг хардлагыг бүрэн арилгаж чадсан гэж ойлгож болно. Одоо харин бидний энэ гаргасан нээлттэй даалгаврууд дээр багш нар ажиллах, санаа бодлоо хэлж, хэлэлцмээр байгаа юм. Ингэвэл дагаад сургалтын чанар сайжирна. Нөгөөтэйгүүр, энэ зөвхөн даалгаврын цахим сан бус, харин өөр олон зорилгоор ашиглах боломжтой юм. Тухайлбал, багшийн ачааллыг багасгах, сурагчдад хичээлийн хөтөлбөрийн дагуух даалгавруудаас өөрийгөө дүгнэн, чадвараа дээшлүүлэн бие даан суралцах болон эцэг эхчүүдэд хүүхдийнхээ боловсролд хяналт тавих боломжийг олгож байгаагаараа ач холбогдолтой юм. Одоогоор нээлттэй даалгаврын санд боловсролын түвшин, хичээл тус бүрээр бэлтгэсэн нийт 46 мянга гаруй шалгалтын сэдэв, 16 мянга гаруй даалгавар байршиж байна. Та эдгээр даалгаврыг хүссэн үедээ, хүссэн газраасаа, хэзээ ч орж үзсэн нээлттэй байх бөгөөд мэдээж ямар ч үнэ төлбөргүй. Мөн хамгийн чухал нь эдгээр даалгавруудаас V, IX, XII ангийн сурагчдын улсын шалгалтын материал ирэх болно. Бид өмнөх онд анх удаа улсын шалгалтыг нээлттэй даалгаврын сангаас зохион байгууллаа. Улсын шалгалтад нээлттэй даалгаврын сангаас даалгаврыг оруулснаар шалгалтын материалыг тэр дор нь боловсруулах, урьд өмнө тохиолдож байсан шалгалтын материал задрах зэрэг асуудлыг нэг мөр шийдвэрлэж чадаж байгаа юм.Блиц:
Боловсрол: 2003 онд: ШУТИС-ийн КТМС, Програм хангамжийн инженер, Бакалавр 2018 онд: ШУТИС-ийн МХТС, Мэдээллийн систем, Магистр Ажил эрхлэлт: 2004-2006 онд: БСШУСЯ-дэргэдэх БҮТ, мэргэжилтэн 2006-2015 онд: “Майтеч” ХХК-ийн захирал 2015-2016 онд: Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга 2016 оноос: БСШУСЯ-ны дэргэдэх БҮТ-ийн захирал