Х.ОЮУНБОЛД
ЗХУ-ын баатар, хурандаа генерал Борис Громов үйл явдлаас хойш 18 жилийн дараа “Спутник” агентлагт хэрхэн Афгинастан улсыг орхих түүхэн шийдвэрийг гаргасан болон Афгинастанаас 40 дүгээр армийг татаж гаргасан ажиллагааг хэрхэн хэрэгжүүлсэн тухай ярилцлага өгчээ.
- Та Афганистанд таван жил гаруй болсон. Тэнд байхад юу хамгийн хэцүү байсан вэ?
- Миний хувьд эхэндээ их хэцүү байсан. Би 1980 оны нэгдүгээр сард очсон. Харин тулалдаан гуравдугаар сард эхэлсэн. Би Академид суралцаж төгссөн учир өөрийгөө тулалдаанд бэлэн гэж боддог байлаа. Эхэндээ Кабул дахь 108 дугаар дивизийн захирагч, хурандаа байсан. өмнө нь дайралт болсон ч бидэнд эргээд дайрах эрх байгаагүй. Харин гуравдугаар сараас Кабул хотоос гадуур тулалдааны удирдагчаар ажиллаж эхэлсэн. Хамгийн хэцүү үе миний санаж байгаагаар эхний тулалдаанууд байсан. Тэр үед хэд хэдэн практик дүгнэлтийг гаргасан. Тухайлбал, нөхцөл байдлыг удирдахгүйгээр тулалдаанд орохгүй байх гэх мэт.
-Афганистанд байхад чинь юу таныг их гайхуулж эсвэл сэтгэлийг чинь хөдөлгөсөн вэ?
- Хамгийн анх миний сэтгэлийг хөдөлгөсөн үйл явдал 1980 оны хоёрдугаар сард болсон. Би Хойд Кабул дахь 108 дугаар дивизийн захирагч байлаа. Дивиз дараа нь Баграм руу шилжсэн. Бид тайван цагт ЗХУ-д хийдэг байсан шиг дивизийн захирагч нар хуралддаг байлаа. Харин тийм нэг хурлын дараа бид байр байрандаа буцах тушаал хүлээж авсан. Түүнээс цагийн дараа Кабул, Баграмын хоорондох зам дээр машин руу дайрсан. Үүний улмаас инженерийн батальоны захирагч дэслэгч хурандаа нас барсан гэж мэдээлэл ирсэн юм. Халдлага үйлдэгсэд жолооч, захирагчийг алаад зогсоогүй биеийг нь хутгаар сийчиж, чихийг нь огтолж, нүдийг нь ухаж, цогцсыг нь доромжилсон байсан. Би тэр газар очсон. Энэ хэрэг надад аймшигтай мэдрэмж төрүүлсэн. Харин дараах есөн жилийн хугацаанд төстэй нөхцөл миний амьдралд олон давтагдсан даа.
-Та тэр үед афганчуудын талаар юу гэж боддог байсан вэ?
- Афганчууд мужахадинуудтай нийлээгүй жирийн сайн хүмүүс байсан.Тэд их даруухан амьдарч, хүнлэг, эрдэм мэдлэгтэй, хүмүүстэй их найрсаг ханддаг байлаа. Ялангуяа ЗХУ-ын цэргүүдэд их сайн байсан шүү. Биднийг гараа дэлгэж угтдаггүй байсан ч бид тэдэнтэй зохих ёсоор нь харилцдаг байсан.
- ЗХУ-ын амжилт үзүүлэх боломжийг хэрхэн дүгнэж байсан бэ. Дайны үеэр таны үзэл бодол хэрхэн өөрчлөгдөв. Афганийн асуудлыг цэргийн хүчээр шийдвэрлэж болохгүй гэдгийг хэзээ ойлгосон бэ?
-Би Афганистанд гурван удаа очиж байсан. Эхэндээ цэргийн шийдвэр зохимжтой талаар дүгнэж чаддаггүй байлаа. Харин жилийн дараа Афганистаны бараг бүх нутгаар явж үзсэн. Бодит байдалд хэрэгжүүлэхийг хүсч байсан санаа боломжгүй гэдгийг ойлгосон. Тэр үед АНУ, НАТО, ЗХУ-ыг Афганистанаас гаргахын тулд боломжтой бүхнийг хийж байсан юм. Үүнийг би НАТО-гийн командлагчидтай хийж байсан хурлын үеэр ойлгож, итгэл авсан. Тэд ч үүнийгээ нуудаггүй байсан. Бид тэнд байсан эхний хоёр жилд ихэнх офицерууд болон 40 дүгээр армийн удирдлага цэргээ Афганистанаас татахын тулд шаардлагатай арга хэмжээг авах ёстойг ойлгосон. Энэ армийн зорилго тодорхойгүй байлаа. Түүний ганц даалгавар нь бүс нутгийг тайван байлгах, гадны мөргөлдөөнийг нэвтрүүлэхгүй байх. Ялангуяа, Пакистантай зэвсэгт мөргөлдөөн үүсэхээс сэргийлэх ёстой байсан юм.
- Цэргээ татах шийдвэрийг хэрхэн баталсан вэ?
1983 оноос эхэлж 40 дүгээр армийн удирдлага Батлан хамгаалах яам, ЗХУ-ын Элчин сайдын яамаар дамжуулж цэргээ татаж гаргахыг шаардсан. Бид бичиг баримтаа бэлдэж, Москвагийн улс төрийн товчоо руу илгээж байлаа. Харин 1985 онд төрийн албан тушаалтнууд хүчээр энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй нь тодорхой болсон. Тэр үеэс цэргээ татах боломжийн талаар нухацтай судалж эхэлсэн. Эцэст нь Афганистан, Пакистан, ЗХУ, АНУ батлан даагчаар Женевийн гэж нэрлэгдсэн гэрээнд гарын үсэг зурснаар Женевт энэ шийдвэрийг баталсан юм.
Гэрээний дагуу армийг албан ёсоор 1988 он тавдугаар сарын 15-наас татаж эхлээд 1989 оны хоёрдугаар сарын 15-нд дуусгах ёстой байсан. Гэхдээ баримтад татаж эхлэх тушаал байгаагүй учир энэ бүхэн 40 дүгээр армийн удирдлагаас хамаарч байв. Тэр үед Вашингтон ЗХУ-ын цэргийг Афганистанд үлдээхийн тулд боломжтой бүхнийг хийсэн.
-Зарим хүн энэ дайнд ЗХУ-ыг ялагдсан гэж боддог. Та энэ талаар юу гэж боддог вэ?
-Афганистан гэж ямар орон болох, дайнд оролцоогүй хүмүүс ЗХУ болон 40 дүгээр армийг ялагдсан гэцгээдэг. Үнэндээ бидэнд биелүүлж чадахгүй даалгавар гэж байгаагүй. Их хүчирхэг арми байсан. Хэзээ ч ялагдаж байгаагүй. Тэнд байсан цэргүүдийг юутай ч харьцуулашгүй. Хамгийн чухал нь Афганистанд байсан манай арми дайн хийх замаар ялах тушаалыг хэзээ ч хүлээж авч байгаагүй. Тэнд биднийг ялагдсан гэж ярьж байгаа хүмүүс худлаа ярьж байгаа юм.
-Цэргээ татаж гаргах бэлтгэл ямар байсан талаар ярьж болох уу. Техник, тактикийн хувьд энэ ажлыг бэлтгэх хэцүү байсан уу?
- АНУ биднийг цэргээ татуулахгүй байлгахын тулд боломжтой бүхнийг хийсэн. Хэрэв бид армиа гаргаагүй бол их хохирол амсах байсан юм. Бид энэ ажилд бүх сансрын тагнуул, бусад бүх зүйлийг оролцуулаад сайн бэлтгэсэн. Түүнээс гадна Афганистаны газар нутаг, километр бүрийг мэднэ. Цэргээ баруун болон төвийн гэсэн хоёр чиглэлээр буцаан татаж гаргасан. Мөн тухайн үед тэнд зэвсэгт хүчин нь байсан долоон холбоотон орны тэргүүн нартай холбоо барьсан. Бүгдэд мэдэгдсэн байсан учир цэргээ татах үеэр бараг хохирол амсаагүй. Гэхдээ их хэцүү байсан. Тухайлбал, Шеварднадзегийн үйлдэл цэргээ буцаан татахад саад болж байсан. Тэрээр Женевийн хэлэлцээрээр тогтоосон хугацааг зөвшөөрөхгүй байсан. Тиймээс хамгийн багадаа 30 мянган цэрэг Афганистаныг, афганы армийг хамгаалахын тулд үлдээхийг уриалсан. Бид зөвшөөрөөгүй.
-Гэхдээ мужахадинуудын удирдагч Ахмад Шах Масудтай ЗХУ-ын цэргийг Салангийн тунелээр тайван өнгөрүүлэх гэрээ байсныг мэднэ. Та бүхэн ахмад Шахтай ямар харьцаатай байсан бэ?
-Хэдийгээр бидний гол дайснуудын нэг байсан ч их шударга, сайн хүн байсан. Ахмад Шах бүгдийг сайн ойлгож байсан. Түүнийг Панжшир хотын иргэд их хайрладаг байсан шүү. Хэлсэндээ хүрдэг, амласан л бол түүнийгээ 100 хувь биелүүлдэг байсан. Би түүнийг 1988 онд ганц удаа л харсан. Өмнө нь бид зөвхөн захидлаар харилцдаг байв. Бид харилцан үл ойлголцол гаргуулахгүйн тулд бүх юмны талаар хэлэлцэж, маргадаг байсан. Бидэнд хэн ч түүний нэрийг барьж, харилцах боломжгүй нууц үгтэй систем байдаг байлаа. Бид хамгаалагчгүй уулзаж, таван минут ярилцаад л гэрээгээ баталсан. Гэхдээ дараа нь бид тэднийг хуурсан. Учир нь Салангийн тунелиэр өнгөрөхдөө Ахмад Шахийн эсрэг хийх дайралтад биднийг оролцохыг Шеварднадзе шаардсан. Түүнд нь бид оролцсон.
- Зарим хүн тэр дайралтыг хоосон хүн, амьтангүй хавцалд хийсэн гэлцдэг. Тийм байсан уу?
-Бид Гру, Москвагаас өгсөн байг довтлоход оролцсон. Гэхдээ ахмад Шахад бидний оролцох ёстойг тэд мэдэгдсэн байж болох юм. Цэргээ Масудын дайчдын байсан газарт байрлуулсан байсан. Гэхдээ дайралт болохоос өмнө 90 хувь нь тэр газраас явчихсан байсан л даа. Мөн ЗХУ-ын нутаг дэвсгэр дээрээс агаарын нисэх хүчин цохилт өгсөн. Бид энэ дайралтыг эсэргүүцэж байсан учир 40 дүгээр арми үүнд нь оролцохгүй гэж мэдэгдэхийн тулд Москватай холбоо барьсан. Ингэснээрээ бид тушаалыг биелүүлээгүй. Бид хэрэв дайралт хийвэл тунелийн үүдэнд байгаа цэргүүд хэзээ ч тэндээс гарахгүй гэж тайлбарласан. Хэрэв мужахадинууд хариу эсэргүүцэл үзүүлсэн бол нөхцөл байдал их эмгэнэлтэйгээр дуусах байсан байх.
-Цэргээ татаж дууссаны дараа танд юу бодогдсон бэ?
-Би өөртөө “Баярлалаа бурхан минь. Бүх зүйл дууслаа” гэж хэлсэн. Надад ярих хүч тэнхээ байгаагүй. Мөн хэлж болохгүй гэж зааварласан үгс ч байсан юм.
- Танд дараа нь Афганистан руу явах талаар бодол төрж байв уу?
- Хэзээ ч тийм хүсэл төрж байгаагүй. Учир нь би тэр орны бараг бүх газарт очсон. Энэ талаар надад сайхан дурсамж байдаггүй.
- Америкчууд Афганистаны дайны талаар таниас зөвлөгөө өгөхийг хүссэн гэдэг. Энэ үнэн үү?
-АНУ-ын Элчин сайдын яам болон НАТО-гоос 2001 оны есдүгээр сарын 11-нд ихэр цамхаг руу хийсэн дайралтын дараа зөвлөгөө хүссэн. Гэхдээ энэ нь АНУ Афганистаны хэрэгт хөндлөнгөөс оролцохоос өмнө болсон юм. Би бүхнийг сөргөөр тайлбарлаж, тодорхойлсон.
.- Вашингтон одоо хүртэл таниас зөвлөгөө хүсдэг үү? Учир нь ерөнхийлөгч Дональд Трамп саяхан Афганистанаас гадаад цэргүүдийг татна гэдгээ мэдэгдсэн?
-Одоо хүсэхээ больсон. Тэд цэргээ буцааж татахад бидний туршлагыг давтаж болохгүй. Бид Афганистаныг орхихдоо газраар явсан. Харин АНУ цэргээ татвал агаарын зам, нисэх онгоцоор зөөнө. Тэд газраар цэргээ татах шийд гаргавал афганчууд өршөөхгүй. Учир нь тэд америкчуудад дургүй.
Эх сурвалж: www.polit.mn
Борис Громов: Бидэнд биелүүлж чадахгүй даалгавар байгаагүй
2019-02-23
Нийтэлсэн: Админ
 1 мин