
-Үндэсний хоккейн лигийн түүхэн дэх багийн анхны орос ахлагчийн карьерын талаар ТАСС Сергей Федоров, Павел Буре нартай хамтран дурсав-
Д.ЭНХЭЭ Олимп, дэлхийн аварга, Стэнлийн цомын аваргаар шалгарч байсан гурамсан алтан медальт багийн гишүүн Александр Могильный хоёрдугаар сарын 18-нд тавин насны тэгш ойгоо тэмдэглэжээ. Могильный 1969 онд Хабаровскт төрсөн. Хүүхэд ахуйдаа тэрээр орон нутгийн АСК (армийн спортын клуб)-т бэлтгэл сургууль хийж байгаад 15 насандаа тухайн цаг үедээ орос орны хоккейн спортыг манлайлж асан нийслэлийн АСТК (армийн спортын төв клуб- “ЦСКА”)-т хичээллэх болжээ. Армийн спортын клубт Могильный гурван улирлыг өнгөрүүлэхдээ Сергей Федоров, Павел Буре нартай нэгэн гурвал болж тоглодог байсан.
Александр Могильный
© Юрий Смитюк/ТАСС
"80 – аад оны дундуур ЦСКА-гийн насанд хүрэгчдийн багт байхдаа бид анх танилцсан. Саша Москвад нүүж ирээд хоёр гурван жил амьдарчихсан, би Минскийн “Динамо”-д нэгдүгээр лигэд тоглож байгаад дөнгөж шилжиж ирж байсан үе. Тэр биеэр надаас хавьгүй том, илүү чадал тэнхээтэй, хурдтай болохыг мэдэрсэн. ЦСКА-д цугларалтын өмнөх эхний жилд би янз бүрийн нүсэр хүнд ачаа өргөх, хүчний дасгалуудыг бүрэн дүүрэн хийж чаддаггүй байсан. Саша бол харин энэ талаар огт санаа зовох юмгүй, тэр үеийн ЦСКА- ийн хэзээ язааны архаг тамирчин шиг л бүгдийг хийж гүйцэтгэж байсан. Тэрэнтэй тоглоход үнэхээр урамтай, яагаад гэвэл тэр маш хурдан, галзуу юм шиг хурдтай хэрнээ сүлжиж хуурах хөдөлгөөнийг гайхалтай сайн хийдэг байсан, одоо тийм сүлжиж хуурах хөдөлгөөн (дриблинг) хийдэг хүн ховор болжээ. Тэр маш сайн эвсэлтэй, бид бие биенээ харцаараа шахуу ойлгож мэдэрдэг байсан” хэмээн Федоров ТАСС-ын сурвалжлагчтай ярилцахдаа хуучлажээ. Федоров, Буре нартай тоглонгоо Могильный ЗСБНХУ-ын шигшээ багт нэр алдраа дуудуулж чадсан. Мөнгөн медаль хүртсэн 1988 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогчоор (8 шайб оруулж, гоолын 10 дамжуулалт хийсэн) шалгарав. Мөн тэр ондоо олимпийн аварга болсон. Үүний дараа Могильный ҮХЛ -гийн драфтаар “Баффало”-д сонгогдож хуваарилагдсан бөгөөд 89 дугаартай тоглож байгаад дараагийн улирлыг ЦСКА-даа өнгөрүүлэхдээ улсын аварга болсон. Жилийн дараа тэр Зөвлөлтийн шигшээ багийн бүрэлдэхүүнд залуучуудын болон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дараалан ялалт байгуулсан. "Манай гурвал маш сайн, ирээдүйтэй байсан боловч Ларионовын (Игорь) гурвалын хүрсэн амжилтыг тэр үеийн Зөвлөлт Холбоот Холбоот улсын үед, Баруун, Зүүний сөргөлдөөний нөхцөлд хараахан эвдэж чадаагүй юм. Манай гурвал цаашдаа яаж тоглох байсныг тааварлахаас цаашгүй, гэхдээ л бид гурав дэндүү ирээдүйтэй залуучууд байж дээ. Дараагийн үеийнхэн маань биднээс бага зэрэг илүү хүчтэй л дээ, гэхдээ бид гурвал гэхээсээ ганцаарчилсан тоглолтын ур чадвараараа илүү сайн байсан” хэмээн Федоров дурсан өгүүлэв."Саша хоккейн карьерээ өөрөөр зохиож бүтээхээр шийдсэн"
20 шүргэж явах насандаа Могильный ЦСКА-гийн хоккейчин бүрийн мөрөөдөж чадах холбооны аварга шалгаруулах тэмцээнээс Олимп хүртэлх бүх тэмцээнд түрүүлж байсан бөгөөд үе чацуутны хувьд түүнтэй эгнэх хүн дэлхийд байгаагүй. 1989 оны тэр жил, ЗСБНХУ-ын спортын түшмэдүүд хориглосоор байсан хэдий ч тэрээр АНУ-ын ҮХЛ /Үндэсний хоккейн лиг/-д карьерээ үргэлжлүүлэхээр шийдсэн. Тавдугаар сарын 5-нд Могильный АНУ руу нисч, удалгүй “Баффало”-той байгуулсан контрактад гарын үсэг зурсан. "ҮХЛ рүү тэр мэдээж, цагаа олж явсан. Саша тоглогчийн хувьд аль эрт эрийн цээнд хүрчихсэн, ир нь ид ханасан төвшний тоглолтыг бид үзүүлдэг байсан. 1989 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд биднийг сонгож авсан явдал үүнийг гэрчлэх бөгөөд дараагийн жил нь мөн дэлхийн аваргад явах л байсан. Гэхдээ Саша хоккейн хувь тавилан, карьерээ арай өөрөөр зохиож бүтээхээр шийдсэн. Тийм сүрхий алхам хийсэнд нь би баярлаж байсан. Мэдээж, санаа зовж байсан, гэхдээ энэ бол зүгээр л нэг гадагш явж, юм үзэж, нүд тайлах хүсэл сонирхол биш, харин маш сайн бодож тунгаасан шийдвэр гэдгийг ч бас ойлгож байсан. Тоглолтыг нь хүлээж авч үнэлж чаддаг тийм талбай, тийм үзэгчдийг байлдан дагуулахаар тэр явсан. Түүний хувьд энэ бол маш том хариуцлага гэдгийг би ойлгож байсан. Хэдийгээр бид дэндүү идэр залуу байсан ч гэсэн энэ бол маш сайн бодож тунгаасан шийдвэр байсан гэдгийг давтаж хэлье. Шийдвэр гаргахаас өмнө идэр залуу насны ямар нэгэн ид хав биднийг дотроос маань хатгадаг байсан” хэмээн Федоров тэмдэглэв.
Сергей Федоров и Александр Могильный, 2013 год
© Станислав Красильников/ТАСС
ҮХЛ рүү явснаас хойш Могильный 1994 онд, ЗСБНХУ задран бутарсны дараа эх орондоо анх эргэж ирсэн. “1994 онд Орос эх орондоо эргэж ирэхдээ бид хоёулаа сэтгэл маш хөдөлж, санаа зовниж байсан. Орос оронд удаан байгаагүй болохоор ямар нэг болгоомжлол, түгшүүр аль алинд маань байсан. Бид нэг улсаас яваад ирэхдээ огт өөр улсад ирж байгаа хэрэг шүү дээ. Анд нөхөд, багш нар, түншүүд маань биднийг өмгөөлж хамгаалаад зогсохгүй бүх юм хэвийн болно, энд чинь бид хоккей тоглож байгаа болохоор ямар ч асуудал гарахгүй хэмээн ухуулж сэнхрүүлж чадсан. Биднийг ийм болгохын төлөө бүхнээ зориулсан багш нар минь гэдгээ ч тэд бас дахин нотолж харуулсан шүү” хэмээн Федоров хүлээн зөвшөөрөв. Могильный 1996 онд ОХУ-ын шигшээ багт Дэлхийн цомын төлөөх тэмцээнд тоглов. Үүнээс хойш харин түүнийг 1998 оны Олимпод оролцох шигшээ багт урьж тоглуулахаар Владимир Юрзинов ч, 2002 оны Олимпийн тоглолтод оролцох оросын шилдэг бүх хоккейчдыг цуглуулж байсан Вячеслав Фетисов ч оролдоод чадаагүй билээ. "Гэмтэл бэртэл ч юм уу, аль эсвэл өөр ямар нэгэн архагшсан зүйл түүний сэтгэлийг зовоож шаналгаж байсан байх. Эрүүл саруул байсан бол түүнийг татгалзана гэж огт бодохгүй байна. Бид хоорондоо уулзаж ярилцдаг, ямар нэг зүйл болохгүй байна гэдгийг ойлгодог л байсан. Тэр үед Сашад чухам яг юу тохиолдсоныг би санахгүй байна, гэхдээ тэр “100 хувь” тоглож чадахгүй байсан гэж би хувьдаа мэдрэхгүй л байсан даа. Магадгүй, дасгалжуулагч нартай ямар нэг асуудлыг түүний бодсон санаснаар шийдэж чадаагүй байж ч болох юм. Тийм болохоор, түүний татгалзсан явдал, нэгдүгээрт, эрүүл мэндтэй нь холбоотой, хоёрдугаарт, түүнийг ойлгох, хүндлэх тал дээр санаанд нь хүрээгүй ямар нэг зүйл байсан байх” хэмээн Федоров тайлбарлав.ҮХЛ дэх багийн анхны орос ахлагч
ҮХЛ дэх анхны алхмаа Могильный 1989 оны аравдугаар сарын 5-нд "Баффало" - "Квебек Нордикс" багуудын хооронд болсон тоглолтоор эхэлсэн. Уулзалтын эхний 20 дахь секундэд орос хоккейчин гоол оруулж, түүний баг 4:3 – аар ялсан. “Баффало”-д тоглосон эхний гурван жилд Могильный байнга өсөн дэвжиж, үр дүнтэй довтлогчийн нэр алдрыг өөртөө бий болгож байсан. Эхний улиралд тэр 43 (15+28), удаахид – 64 (30+34) оноо тус тус авсан. “Айлендерс”-ээс солилцоогоор ирсэн Пэт Лафонтейн багт нь тоглох болсноор Могильныйн үр дүн улам нэмэгдэж, 1991/92 оны улиралд тэр 84 (39+45) оноо авав. 1992/93 оны улирал хувийн статистик үзүүлэлтээр Могильныйн карьер дахь шилдэг нь болов. Тэр жилийн аварга шалгаруулах тогтмол тэмцээнд 76 шайб оруулж, 51 үр дүнтэй дамжуулалт хийж, шилдэг мэргэн буучдын жагсаалтын тэргүүн байрыг финлянд хоккейчин Теему Селяннетай хувааж эзэлсэн. Могильный 76 шайбынхаа 42-ыг нь Лафонтейны дамжуулалтаар оруулжээ. Тухайн улирлын явцад эхний 50 тоглолтод 50 шайб оруулж агуу тоглогчдын эгнээнд орох боломж Александрт байсан. Морис Ришар 40 тоглолтоор өндөр босго тавьсан бөгөөд түүнээс хойш уг босгонд зөвхөн Уэйн Грецки, Марио Лемье, Бобби Халл, Майк Босси нар л хүрч чадсан юм. Улирлын эхэнд өнжсөн зургаан тоглолтоос болж тэрхүү босгыг Могильный 44 тоглолтод амжиж хүрэх шаардлагатай байлаа. 47 тоглолтод довтлогч маань 45-ыг оруулж, 48 дахь гоолыг нь Филадельфид тооцоогүй бөгөөд “Вашингтон”-той хийсэн тоглолтод тэр үр дүнтэй ганц дамжуулалт л хийж чадав.