Монголын сонгодог урлагийн “Алтан гургалдай”

2013-05-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.Монголхатан
 
“Алтан богдын шил” хэмээх уртын дуу монголчуудын уран сайхны, гүн сэтгэлгээний оргил нь юм шиг санагддаг. “Алтан гургалдайн дуунд агт морьд сульдана” гэсэн гайхамшигт мөрүүд энэ дуунд бий. Зүйрлэн хэлбэл, алтан гургалдайн цээл тунгалаг, яруу дуун агт морьдыг сульдаах хүч тэнхээтэй, аргамаг хүлэг цуцаах орон зай, цаг хугацааг  ажиралгүй даван туулах шидтэй. Дуунд, цагийг эзэлсэн дуучинд ийм их хүч чадал, гайхамшигт увдис шингэсэн байдаг ажээ. Энэ бүхнийг нуршин өгүүлэхийн учир шалтгаан нь төрөөс Ардын жүжигчин, түмнээсээ “Алтан гургалдай” хэмээх алдрыг хүртсэн, монголын сонгодог урлагийн нэгэн тод од, Аюушийн Загдсүрэн хэмээх эрхэм хүнийг эргэн дурссаных билээ. Дуурь бүжгийн эрдмийн театр 50 жилийн ойгоо тэмдэглэлээ.  “Улаан туг залуучууд хоёр ихэр юм” гэдэг шиг Улсын төв театрын тайз А.Загдсүрэн хоёр бүхэл бүтэн нэгэн үеийнхнийг уянгалаг дуу хоолой, мэргэжлийн өндөр ур чадвар, шинэ шинэ тоглолтуудаараа гайхуулж явсан цаг саяхан. Тэрээр Монголын анхны мэргэжлийн дуурийн дуучин. 1954 онд Москва хотод Чайковскийн нэрэмжит Хөгжмийн их сургуульд элсэн суралцаж төгссөн байна. А.Загдсүрэнгийн дуучин болсон замнал ч түүнд бурханас заяасан дуулах авьяас билигтэй нь салшгүй холбоотой. 
Тэрээр алс баруун хаязгаар Ховдын Эрдэнэбүрэн сумын Наран гозгор гэдэг газар төрж, 1948 онд 14-хөн настайдаа  аймгийнхаа Ноосны үйлдвэрт ажилчнаар орж байжээ. Бүсэлхийгээр татсан хүйтэн усанд ноос угааж зогссон охин найзаа даган аймгийн клубын найрал дуунд сайн дураараа явж, олны хэсэгт гардаг байжээ. Түүгээр ч зогсохгүй, “Далан худалч”, “Равжихийн гэр бүл” зэрэг жүжигт тоглон дориун магтуулж, их урлагийн замд хөл тавьсан байна. Угийн сэргэлэн, ой тогтоолт сайтайн дээр байгалиас заяасан дуулах авьяас, хөдөлмөрч зан чанар нь түүнийг алдрын зэрэгт хүргэсэн юм.  1950 онд Ховд аймгийн театр байгуулагдахад А.Загдсүрэн охин 16 настай, жүжигчний орон тоон дээр ажиллаж эхэлжээ. Түүнд хөгжмийн цагаан толгой анх заасан хүн нь төрийн шагналт, ардын жүжигчин Д.Лувсаншарав юм. Нэг жилийн хугацаатай Ховдод томилогдон ирээд байсан Д.Лувсаншарав гуай шавиа нот сайн сурсан, сэргэлэн, ой тогтоолт сайн гэж магтаад багшийгаа явахаас өмнө ахиухан юм сурч бусдадаа зааж өгөөрэй гэж захисан гэдэг. 1953 оны өвөл идэр ёсийн хүйтнээр Ховдын театрын хоёр сайн дуучныг Улаанбаатарт дуудан ирүүлсний нэг нь А.Загдсүрэн байлаа. Тэд БНХАУД-д айлчлан тоглох Монголын урлагийн багийн бүрэлдхүүнд багтсан аж. Ардын жүжигчин, найруулагч Э.Оюун Ховдын хоёроос А.Загдсүрэнг сонгон “Шаргын шаргын жороо”, ”Дөрвөн настай халиун” зэрэг дууг дуулуулахаар болжээ. 
 
 
Ингээд 200 гаруй хүний бүрэлдхүүнтэй урлагийн баг өмнөд хөршийг зорив. А.Задсүрэн галт тэргэнд Хятадын “Хөх цэцэг” дууг сурч, очсон газар бүртээ дуулж явжээ. Монголын урлаг соёлынхон бүтэн хоёр сарын турш БНХАУ-ын бүх хотоор зочлон тоглосон байна. Урт аялан тоглолт дууссан ч хөдөөний улаан хацартай охины урлагийн их зам дөнгөж л эхэлж байлаа. Түүнийг нутаг буцаасангүй, хотод үлдээж Румынд болох Дэлхийн залуучууд оюутны их наадамд оролцуулахаар бэлдэж эхэлсэн ажээ. А.Загдсүрэн энэхүү их наадамд торгууд ардын дуу “Шаргын шаргын жороо”-гоо найрал дуучидтай дуулж анхны хүрэл медалийг эх орондоо авч ирлээ. Түүнийг эх нутагтаа ирэхэд нь Улсын төв театрт шууд дуучнаар авч, нэг өрөө байраар шагнажээ. Энэ завшаан А.Загдсүрэнг том дуучин болох алдрын эхлэлийг тавьсан ч зүгээр нэг сохор аз тохиогоогүй юм. Ховдын охин дэлхийн энтэй дуучин байсныг, өөрийн авьяас, хувь заяагаар зүтгэж, хөдөлмөрлөж байж амжилтад хүрснийг энэ гайхамшигтай уран бүтээлчийн оргилж буцалсан он жилүүд, олны итгэл хайрыг хүлээсэн амьдралын хуудсууд илтгэнэ. 
 
 
Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Н.Жанцанноров "Монголчууд бид дэлхийн хэмжээний дуурийн дуучинтай байснаараа бахархах ёстой. Хойч үедээ Загдсүрэн гуайн уран бүтээлийг нарийвчлан судлаж, өвлүүлэн таниулах нь манай нийгмийн үүрэг" хэмээн хэлсэн нь бий. Тэрээр “Загдсүрэн бол дэлхийн энтэй дуучин” гэдгийг хоёргүй нэг утгаар өгүүлсэн нь энэ. Ховд, Улаанбаатар, Москва, улмаар Монголын сонгодог урлагийн алтан үеийн хаалга руу хөтлөсөн түүний уран бүтээлийн зам мөрийг ширхэгчлэн сонирхоход ёстой л үлгэр уншиж байна уу гэлтэй. 
ЗХУ-аас хуучнаар ирсэн урлагийн багийн бүрэлдэхүүн Монголын говиор явж иргэдэд үйлчлэхэд тэдэнтэй хамт Пүрэвдорж ардын жүжигчин, Загдсүрэн нарыг явуулжээ. Тоглолтын дараа нэгэн хүлээн авалтын үеэр Москвагийн их театрын дуучин эмэгтэй Ю.Цэдэнбал даргад “Танайх ирээдүйд дуурийн том театртай болно. Одооноос эхэлж ганц ч болов дуурийн эмэгтэй дуучин бэлдэх нь зөв. Хоолой нь эвдрээгүй гайгүй дуучин болохоор нэг бүсгүй байна. Түүнийгээ түргэхэн дээд сургуульд явуул” гэж хэлсэн нь А.Загдсүрэн байлаа. Ингэж л Монголын анхны мэргэжлийн дуурийн дуучин Москваг  зорьжээ. Орост очсон хойно нь “Юу юу ч чадахгүй, хөдөөгийн охиныг зүгээр л бэлтгэл ангид шалгуул” хэмээн Э.Оюун гуай хэлсэн гэдэг. Мэдээж шалгуулаад тэнцсэнгүй. Тиймээс нутаг буцахаас өөр аргагүй болчихоод байхдаа “Нэгэнт ирснийх дээд сургуульд нь шалгуулаад орхиё” хэмээн зориглож, олон үндэстний хүүхдүүдтэй өрсөлдөөд Москвагийн хөгжмийн дээд сургуулийн консерваторид тэнцжээ. 
zagdaa egch
 
Бэлтгэл ангид шалгуулаад тэнцээгүй атал консерваторид суралцах болзол хангасан нь  түүний авьяас, хоолойн чадвартай холбоотой. Тэрээр сургуулиа онц дүнтэй төгссөн юм. Багш нар нь ч түүнийг “Том дуучин болно” гэдэг үгийг харамгүй хэлдэг байлаа. Монголын урлагийн ноён оргил Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Б.Гочигсумлаа, Д.Лувсаншарав, Цогзолмаа, Г.Хайдав, Пүрэвдорж нарын хамт сургууль төгсөн ирсэн залуу дуучин А.Загдсүрэн нь Дуурь бүжгийн улсын эрдмийн театрын анхдагчдын нэг яах аргагүй мөн билээ. А.Загдсүрэн 1960 онд ДБУЭТ-ын тайзнаа тавигдсан Чайковскийн "Евгений Онегин" дуурийн Татьянагийн дүрд дэлхийн дуурийн дуучны хэмжээнд өндөр түвшинд дуулснаар Монголын дуурийн алтан тайзнаа Загдсүрэнгийн гэх 20 гаруй жилийн түүхт эрин үеийг эхлүүлжээ. “Алтан гургалдай Загдсүрэн” хэмээн алдаршсан энэ бүсгүйн цээл хоолой 60, 70, 80-аад оныхны сонорыг мялааж, олон сайхан дуугаараа ард олныхоо сэтгэлд хоногшин үлдсэнийг эргэн дурсах бүрт таатай байдаг билээ. Ёстой нөгөө, “Хүний гараар бүтээгээгүй хөшөө дурсгалаа босгов” гэдэг шиг өөрийн хоолойгоор өөрийн орон зай, цаг хугацааг эзэлсэн дуучин байлаа. Б.Загдсүрэн 1959-1983 оны хооронд дэлхийн болон үндэсний 30 гаруй дууриудад дуулсан юм. 
 
 
Түүний бүтээсэн гол дүрүүдийн дунд Пуччинигийн "Чио-Чио сан" дуурийн Эрвээхэй хатагтай, Даргомыжскийн "Лусын дагина" дуурийн Лусын дагина, Чайковскийн "Евгений Онегин" дуурийн Татьяанагийн дүрүүд нь уран сайхны болоод дуурийн дуучны ур чадварын хувьд Монголын дуурийн түүхэнд давтагдашгүй гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Монголын нэрт хөгжмийн зохиолчид, яруу найрагчид Загдсүрэнд зориулж сор болсон бүтээлүүдээ туурвижээ. Тэрээр 200 гаруй дуу, романсыг амьдруулж, Монголын дууны урлагийн түүхэнд хамгийн олон дуу, романсын урын сантай дуучин хэвээр байгаа билээ. Түүний яруу тунгалаг хоолойны цар хүрээ, хүч чадал нь гадаадын хөгжмийн мэргэжилтнүүдийг бишрүүлж, тэд А.Загдсүрэнг дэлхийн алдарт сопрано Мария Каллас, Рената Тебальди, Галина Вишневская нартай зүйрлэн "Монголын Мария Каллас" хэмээн өргөмжилсөн байдаг. 20-р зууны Монголын соёл урлагийн гайхамшгийн нэг бол яах аргагүй Ардын жүжигчин А.Загдсүрэн юм. Дуулах болон дүр бүтээх урлаг нь бүхэлдээ шинжлэх ухаан. Тиймээс мэргэжлийн сонгодог урлагийн театрыг эрдмийн хэмээн тодотгодог билээ. Эрдмийн театрын эрдэнэ болсон алтан гургалдайн хоолойт дуучны амьдралын түүхийн өчүүхэн хэсгийг сөхөхөд л түүний “Урлагт арын хаалга байх ёсгүй” гэж нэгэнтаа хэлсэн үгсийн жинхэнэ утга жирийтэл харагдана. 
 
 
Ардын жүжигчин, дэд профессор А. Загдсүрэн нь Б. Дамдинсүрэн,  Б.Смирнов “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, С.Гончигсумлаагийн “Үнэн” дуурийн Ядмаа, Дж.Пуччиний “Чио Чио Сан” дуурийн Чио Чио Сан , П.Чайковскийн “Евгений Онегин” Татъяна, А.Даргомыжскийн “ Лусын дагина” дуурийн Наташа, Б.Сметаны “ Худалдагдсан бэр” дуурийн Людмила гэх зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний дууриудад олон сайхан дүрүүдийг бүтээсэн төдийгүй ард олны сэтгэлд хоногшиж, амнаас ам дамжин дуулагдсан олон дууны эзэн болон мөнхөрсөн билээ. Тэрээр Монголын ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн сайхан дуучин байсан бөгөөд түүний төрүүлсэн олон зуун шавь нар монголын урлагийн тайзнаа амжилттай уран бүтээлээ толилуулж байна.  
 
 
Бидний дунд олон олон авьяастан ажиллаж амьдран, нэгэн үеийн түүхийг, нэгэн цагийн дурсамжийг уран бүтээлтэйгээ хамт сэтгэлд гүн хадан мөнхөрдөг билээ. Гэсэн ч тэдгээрээс анхлан гялалзсан шигтгээ бүр илүү үнэ цэнээ хадгалан цагийн уртад улам хүчээ авдаг нь нууц биш. А.Загдсүрэн гуайн дурсамжийг бичих ахуйдаа түүний “Русалка”, “Хаврын ус”, “Хунгийн дуу”-нуудыг сонсчээ суухуйяа тээр хойно үлдсэн бага насны минь гэрэлт он жилүүд, эмээ өвөөгийн минь ид гялалзаж явсан амгалан цаг үеийн дүр зургууд эргэн ирэх мэт дотрыг сүлэн буйд итгэж ядна. Тэр хүн үнэхээр нэгэн цагийг дурсамжийн алтан учигтай хамт тамгалан үлдээсэн цагийг эзлэсэн дуучин гэдэг нь энэ.
“Шаргын шаргын жороо”, “Сүнжидмаа”, “Аргагүй амраг”, “Шар хад” зэрэг ардын дуунууд, Д.Лувсаншарав багшийнхаа бичсэн “Би чамд хайртай”, “Хурдан зээрд”, хөгжмийн зохиолч Д.Мяасүрэнгийн “Алтан намар”, Г.Бирваагийн “Гоёхон чимэг ч юм уу даа”, Г.Дарамзагдын “Орчлонд би азтай төржээ”, Н.Мэндбаярын “Дуучин чамдаа” зэрэг жар, далаад оны сор болсон дуунуудыг тайзнаа амилуулсанаар “алтан гургалдай” хэмээх алдрыг ард түмнээсээ авсан хүн бол яах аргагүй А.Загдсүрэн. Өдгөө ч дээрх дуунууд дуулагдсаар, дурсамжийн алтан учгаа хөвөрдсөөр л байна. “Зөвхөн Загдсүрэнгээр л дуулуулна, зөвхөн түүнд л зориулна” хэмээн тэр үеийн толгой уран бүтээлчид гайхамшигт аялгуунуудаа, шүлгүүдээ барьсаар түүний гэр лүү хөлхөж байсан нь өдгөө түүх болсон хэдий ч уянгат сайхан хоолойн цараа, улс орон дамжигдан гайхагдсан авьяасын шижир уурхай нь үл мартагдах, үл бүдгэрэх гэрэлт хөшөөг босгож нэгэнт чадсан юм. 
 
 
 
 
 
 

100000 / гоё байна
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

6 цаг 26 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

6 цаг 26 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

6 цаг 26 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

6 цаг 26 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

6 цаг 26 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

6 цаг 26 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

6 цаг 26 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

6 цаг 26 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

6 цаг 26 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

6 цаг 26 мин