Б.СОЛОНГО
Агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулах боломж байгаа талаар өчигдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал болсон юм. Хурлыг зарласан иргэн Б.Батсайхантай төслийнх нь талаар ярилцлаа.
-Та агаарын бохирдлыг бууруулах төслөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг хүсч байгаагаа хэллээ. Гэхдээ өнгөрсөн 10 жилд маш олон төсөл хөтөлбөрт хэдэн зуун тэрбумаар нь хөрөнгө зарцуулчихсан. Үр дүн нь ойлгомжтой тул олон нийтийн итгэл үнэмшил буурчихлаа. Дээрээс нь утааны улирал дуусч байхад ингэж гарч ирэх нь үр дүнгүй байж мэдэх юм?
-Бид агаарын бохирдол ярихаар pm2.5 гэсэн үзүүлэлтийг их хэрэглэдэг. Энэ бол хүний нүдэнд үл үзэгдэх тоосонцор. Өвөл дуусаад дулаараад ирэхээр утаа нь багасаад агаарын бохирдлоо мартчихдаг. Гэтэл утаа л багассан болохоос агаар дахь тоосонцор хэвээрээ л байна. Машины дугуй, хүний хөлөөр босч байгаа тоос, гэр хорооллын шороо, үнс, угаадас гээд олон зүйлд нөгөө тоосонцор чинь байж л байна. Энэ тоосонцор амьсгалаар уушги руу орохоороо шимэгдээд цусанд нэвчиж өвчлүүлэх чадвартай. Зун илүүтэй харшил хөдөлдөг биз дээ. Тэгэхээр бид агаарын бохирдлыг улирлаар ярьж болохгүй юм аа. Үүнийг цогцоор нь шийдэхээс өөр зам байхгүй. Өнгөрсөн 2013 оноос гэр хорооллын дахин төлөвлөлт, яндан цөөлөх ажил гээд ярьж эхэллээ. Гэхдээ бид энэ агаар, хөрсний бохирдлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэхгүй бол болохгүй нь. Зөвхөн орон сууцжуулах хэмжээнд ярьж болохгүй гэсэн шийдлийг Ерөнхийлөгч нийтийн сонсгол дээр хэлсэн. Энэ үгэндээ хүрээсэй, ажил болгоосой гэж хүссэний үндсэн дээр ҮАБЗ-д төслөө танилцуулахыг хүсээд байгаа юм.
-Танай төсөлд агаарын бохирдлыг бууруулах ямар шийдэл байна вэ. Мэдээж хөрөнгө зарцуулж таарна?
-Ерөнхийлөгчийн нийтийн сонсгол дээр ярьснаар бол өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад олон улсын байгууллагын зээс тусламжаас, 104 сая ам.доллар, улс орон нутгийн төсвөөс 750 тэрбум төгрөг зарцуулсан байна гэсэн. Гэтэл үр дүн нь 2013-2018 оны хооронд 7200 айлын орон сууц ашиглалтад оруулж, 5001 ширхэг янданг буулгажээ. Энэ бол үнэхээр чамлахаар үр дүн. Таван мянган яндан буулгаад оронд нь хөдөөнөөс хэдэн айл шилжиж ирсэн, шинээр өрх яндан босгоныг тоолсон юм уу. Тэгэхээр бидний баримтлах хоёр л зарчим байгаа. Нэгдүгээрт, яндан буулгасан бол оронд нь яндан босгохгүй байх ёстой. Хоёрдугаарт, хөрөнгөө зөв зарцуулмаар байна. Хятадын Засгийн газраас буцалтгүй тусламжаар энэ жил манай улсад хоёр тэрбум юань ирнэ. 780 тэрбум төгрөг гэсэн үг. Дээрээс нь Солонгосын Засгийн газраас 500 сая ам.долларын санхүүжилтыг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулна гээд зээлэх гэж байна. Сүүлд авсан мэдээллээр Барилга, хот байгуулалтын яамнаас 2.3 тэрбум юанийнх нь гуравны хоёрыг гэр хорооллын дэд бүтцэд зарцуулна гэнэ. Тэр нь юу вэ гэхээр нөгөө 200 айлын дунд шугам хоолой, үерийн далан барина гээд байгаа ажил юм л даа. Чингэлтэйд сая эхний ээлжинд 200 айлаас 40 айл нь холбогдсон. Үлдсэн нь хэзээ дуусах юм мэдэхгүй. Тийм байж ирэх хоёр жилд 20 мянган айлыг хананаасаа устай, халуун паартай болгоно гээд байгаа. Энэ бол үлгэр шүү. Бидэнд 20 мянган айл халуун устай болох зорилго хэрэггүй ээ. Тэр айлууд хашаандаа байгаа л юм чинь галаа түлж л таарна. Тиймээс ирж байгаа хайран буцалтгүй тусламжийг газар дор булж байгаа шугам хоолойнд зарцуулмааргүй байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд 5000 яндан буулгасан юм бол манай төсөл ирэх гурван жилд энэ мөнгөөр 30 мянган айлыг орон сууцанд оруулья гэж байгаа юм. Гэхдээ урьдчилгаа 30 хувь, барьцааг нь шийдэх арга зам бидэнд байна. Дээрээс нь бид зүгээр л 30 мянган айлын орон сууц бариад хүмүүст зарах гээд байгаа юм биш. Дэд бүтэцтэй нь, эмнэлэг, сургуультай нь шийдэх бололцоо байна. Хамгийн гол нь энэ ажлын менежментийг хувийн хэвшил хийх ёстой. Төр хийж чадахгүй. Харин санхүүгийн асуудалд нь бид оролцохгүй. Төр өөрөө зохицуулаад яваг. Авлигатай тэмцэх газар нь хяналтаа тавина биз. Чаддаг чаддаг юмаа хийгээд л хяналтаа тавиад хамтраад асуудлаа шийдье.
-Урьдчилгаа 30 хувь, барьцаа хөрөнгө хамгийн том асуудал шүү дээ. Та бүхэнд шийдэл байгаа гэлээ?
- Энэ бол үнэхээр хэцүү асуудал. Гэвч бид энэ бүгдийг шийдэж болно гэж үзэж байгаа. Ер нь бол энэ шаардлагууд зөвхөн банкуудад зориулсан заалт шүү дээ. Банк эрсдэл гаргахгүйн тулд ийм хөрөнгө барьцаа шаардаад байгаа юм. Гэтэл тэр эрсдэл гээд байгаа хөрөнгийн эх үүсвэр нь өөрөө төсвөөс болон төв банкнаас гаргасан хөрөнгө байна. Өөрөөр хэлбэл ипотекийн зээлийн анхдагч эх үүсвэр төрөөс л гарсан биз дээ, эсвэл банкны өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс гарсан юм уу. Банкны өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс гарсан орон сууцны зээлүүд 14-22 хувь хүртэл байдаг байх шүү. Тэгэхээр төрөөс гаргасан эх үүсвэр дээр төр л өөрөө зохион байгуулалтаа сайн хийж чадвал заавал банкаар дамжуулж энэ зээлийг өгөх нь учир дутагдалтай гэж үзэж байна. Хамгийн гол нь барьцааг юугаар орлуулах вэ. Барьцаа сайн байвал заавал банкны үйлчилгээг авч зээлийн хүүг өсгөх шаардлага байхгүй. Бидний үзэж байгаагаар барьцааг шийдэх хоёр арга зам байна. Нэгдүгээрт, иргэдийн хашааны газар өөрөө барьцаа болох. Монгол Улсын иргэнд газар хувьчлах тухай хуулийн хэрэгжилтийг сайн хангаж шинээр зохион байгуулж ажиллах хэрэгтэй байна. Газрын хувьд сайн менежмент хийж чадвал үнэтэй капитал шүү дээ. Үүн дээр манай менежментийн зарим асуудлууд зангидагдаж байна. Үүнийг хэрхэн яаж зохион байгуулж хурдан шуурхай, шударга зарчмаар ажил хэрэг болгох вэ гэдэг бол хамгийн гол нь байгаа юм. Ингэж чадвал заавал банкаар дамжих шаардлагагүй болно , банкаар дамжихгүй болохоор зээлийн хүү ч аяндаа бууна. Гэхдээ энэ зээлийн хүү буурах асуудал зөвхөн манай төслийн үзэл санаа , хэрэгжилтийн хувьд юм шүү , түүнээс биш урьд өмнө олгогдсон зээлийн хүүг ийм арга замаар бууруулах боломж байхгүй.
-Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг нэг ажил урагшлахгүй байгаа. Танай төсөл юугаараа ялгаатай вэ?
-Э.Бат-Үүл даргын санаа нь зөв байсан ч энэ ажил бүтэхгүй тал руугаа орчихлоо. Хэзээ ч байранд орж чадахгүй гэсэн цөөн хүмүүс газраа солиод хэдэн байшин баригдсанаас өөр зүйл алга. Хамгийн гол нь төлөвлөлт нь буруу явж ирсэн. Хувийн газартай хүмүүст төвийн шугам удахгүй ойрхон ирнэ гэсэн хүлээлт үүсчихээд байна. Газар дээрээ хаусаа бариад сайхан амьдрахыг хүсч байгаа гэр хорооллынхныг буруутгах аргагүй. Гэхдээ хий хүлээлтэнд ороод байна шүү дээ. 200-хан айлаа дэд бүтцэд холбож чадахгүй байгаа юм чинь 200 мянган өрхийг шийднэ гэдэг үлгэр. Бидний хувьд алслагдсан гэр хорооллын айлуудаас эхлэх нь зөв байх гэж бодож байгаа. Төвийн шугам, дулаан, ус ирнэ гэсэн хүлээлт багатай. Санхүүгийн хувьд харьцангуй боломж тааруу хүмүүс алслагдмал дүүргүүдэд амьдарч байна. Тэдэнд урьдчилгаа шийдэх хөрөнгө, барьцааны хувьд хүндрэлтэй байдаг. Тэрнээс биш төвд ойрхон гэр хороололд 100 метрийн цаана төвийн шугам ирчихээд байхад хэн байр луу зүтгэх юм бэ. Менежментийг нь бид хийе гээд байгаагийн нэг жишээ нь энэ л дээ.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл төслийн танилцуулгыг хүлээж авахгүй бол яах вэ?
-Яахав, бидний хувьд одоогийн төрийн удирдлагууд шийдвэртэй алхам хийчих болов уу гэсэн найдвар байгаад байна. Үндэсний хэмжээний гамшиг болсон энэ асуудлаа шийдвэрлэхийн тулд ганцхан цагийн зав гаргаад бидний төслийг сонсоосой л гэж хүсч байна. Анх харахад зарим хүнд их амархан зарим хүнд бол үл бүтэх юм шиг л санагдах болно. Тийм ч учраас энэ төслийн гол менежментийг биднээр хийлгээч гээд байгаа юм. Харин бид ямар ч санхүүгийн , мөнгө төгрөгний асуудалд оролцохгүй. Бүх гаргалгаа, зохион байгуулалтын ажлыг нь гэрээлээд хийж өгье , уялдаа холбоо түргэн шуурхай байх байдлыг нь хангая. Гэхдээ дахиад хэлье , бидний удирдлага зохион байгуулалтын дор хийвэл энэ их хөрөнгө мөнгөн дээр луйвар булхай гарахгүй. Хэн нэгэн орон шоронд орох эрсдэл үүсэхгүй шүү, тэгээд ч маш хурдан шуурхай байх болно. Үр дүн ч сайн байх болно.Энэ бол их хөрөнгөөр байшин барьж зарах асуудал биш , харин утааны эх үүсвэр янданг цөөлөх , бохирдлын эх үүсвэр гэр хороолол дахь хөдөлгөөнийг багасгая модон жорлонг байхгүй болгоё гэсэн зорилтот төсөл гэдгийг хаа хаанаа сайн ойлгох хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.2.13 № 29 (5996)