Д.Энхболд: Төрийн үйлчилгээний соёлоор тэргүүний аймаг болно

2019-02-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболдтой ярилцлаа. -Авлигагүй хүнд сурталгүй, тунгалаг төрийг цогцлоохын тулд иргэндээ хүрч үйлчилдэг төрийн албыг бэхжүүлэх тухай ярьж байна. Танай аймаг хэрхэн ажиллаж байна? -Төр гэдэг иргэддээ үйлчилдэг үйлчилгээний байгууллага. Гэтэл төрийн байгууллага хэтэрхий хүнд сурталтай байна гэдэг шүүмжлэл гарсаар байна. Төрийн албан хаагчийн харилцааны асуудлыг ч шүүмжилж байгаа учраас “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийн хүрээнд хүнд суртал, авлига хээл хахууль, төрийн алба хаагчдын харилцаа зэрэг олон нийтийн дунд шүүмжлэл дагуулдаг асуудлыг эхний ээлжинд цэгцлэхийг зорьж байна. Төрийн албан хаагч хандлагаа өөрчлөхөөс эхлэхийн зэрэгцээ ажилдаа хайнга хандсан доголдол гаргасан бол хариуцлага тооцдог зарчмаар ажиллах болно. Тухайлбал, иргэнээс ирсэн өргөдөл гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ хэмээн заасан байдаг ч богино хугацаанд шийдвэрлэх боломж бий. Үүний тулд тухайн албан хаагч ажилдаа сэтгэл гаргаж ажиллах шаардлагатай. Төрийн албан хаагч тангараг өргөж ажилд орчихоод татвар төлөгч, ахмадууд болоод иргэдэд үйлчлэх үйлчилгээг шинэ шатанд гаргаж эрс сайжруулах хэрэгтэй. Тиймээс төрийн үйлчилгээний соёл хүртээмжээр тэргүүний аймаг болох зорилт тавин ажиллаж байна. Бидний хэрэгжүүлж буй энэ хөтөлбөрийг хүмүүс дэмжиж нааштайгаар хүлээн авч байгаа. -“Хүн төвтэй хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийг боловсруулах явцын талаар мэдээлэл өгнө үү? -Бид энэ хөтөлбөрийг боловсруулахын тулд найман удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж 500 гаруй хүн оролцсон тоон мэдээлэл бий. Мөн 120 гаруй хүнээс санал асуулга авч баталсан. Ингээд аймгийн удирдах ажилтны зөвлөгөөний үеэр энэ хөтөлбөрийнхөө талаар мэдээлэл хүргэлээ. Тэгэхээр байгууллага бүр төрийн үйлчилгээний соёлоор тэргүүлэхийн төлөө зүтгэх учиртай. Түүнчлэн энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэйгээ хамтарч ажиллан олон нийтэд мэдээллээ нээлттэй ил тод хүргэж байх болно. Жишээлбэл, аймгийн Засаг дарга 28 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөх баг байгуулсан. Үүнд дээрх байгууллагуудын төлөөлөл оролцож байгаа бөгөөд албан байгууллагуудад ажиллан олны хүчээр хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр зорьж байна. Ингэснээр байгууллага, хувь хүмүүс хоорондын уялдаа сайжрах ёстой юм. Мөн төрийн байгууллагуудыг нэгтгэн сум, багт хүрч ажиллахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагын нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж газар дээр нь асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах болно. -Авлигагүй тунгалаг төр байна гэж байгаа ч энэ нь зөвхөн төрийн байгууллагын үйл ажиллагаа болоод албан хаагчдад хамааралтай асуудал биш. Тэгэхээр үйлчлүүлэгчдийн хандлагыг ч өөрчлөх зайлшгүй шаардлага бий шүү дээ? -Мэдээж талууд хоорондын харилцаа хандлагаас бүхий л зүйл хамаарна. Тунгалаг төрийг цогцлоох, хүнд сурталгүй үйлчлэх нь зөвхөн төрийн албан хаагчид хамаатай асуудал биш л дээ. Тиймээс бид иргэний төрийн бус болон нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллахаас аргагүй байгаа юм. Хэдийгээр иргэдийнхээ төлөө үйлчлэх учиртай ч хүн учраас харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандахаас ажил хэрэг бүтэх эсэх хамаардаг гэдгийг иргэд ойлгох байх. Сүүлийн үед хүмүүсийн хандлага харьцангүй өөр төвшинд хүрсэн. Тиймээс бид мэдээллээ олон нийтэд нээлттэй, түргэн шуурхай хүргэхийг зорьж байна. Нэг хэсэг үйлчлүүлэгч хаан гэх зарчим үйлчилж зарим талдаа хүндрэл учруулж байсныг олон нийт санаж байгаа байх. Тэгэхээр  төрийн байгууллагын үйлчилгээ шуурхай байж, албан хаагчдын ажилдаа хандах хандлага, харилцаа эелдэг болсноор төрдөө итгэх хүмүүсийн итгэл нэмэгдэнэ. Энэ хэрээр төрийн ажил ч сайжрах учиртай юм. Ер нь нэг үхрийн эвэр доргихоор 1000 үхрийн эвэр доргино гэдэгтэй адил ганцхан хүний араншин, ажилдаа хандах хайнга хандлагаас төрийн албаны нэр хүнд унах, олны шүүмжлэлд өртөх эрсдэл бий. Тиймээс бид төрийн албан хаагчийн харилцаа, ёс зүйг дээд төвшинд хүргэхийг зорьж байгаа юм. Манай аймгийн тухайд олон түмний дунд нэр хүндтэй үйлчилгээтэй албан газрууд бий. Тэгэхээр энэ мэтчилэн сайн ажилладаг байгууллагатай энэ зэрэгцэхүйц үйлчилгээ үзүүлэхийн төлөө зорьж ажиллах учиртай. Дашрамд хэлэхэд “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийн үр дүнд аймгийн маань төрийн байгууллагуудын үйл ажиллагаа улам сайжирч бусад аймгуудаа манлайлна гэдэгт итгэлтэй байна. -Аливаа бүтээн байгуулалтын ажил ямар нэг маргаан, хардалт дагуулдаг. Тодруулбал, тендертэй холбоотой гомдол, санал гардаг шүү дээ. Энэ талаар танай аймгийн хувьд ямар арга хэмжээ авч ажиллах вэ? -Худалдан авах ажиллагаа буюу тендер зарлах процесст хардлага их гардаг. Нөгөөтэйгүүр энэ албанд ажилладаг хүмүүс ч хардлагад өртсөөр байна. Эцсийн дүндээ энэ бүхэн бүгд бүтээн байгуулалт хөрөнгө оруулалттай шууд холбогддог. Тэгэхээр энэ байдлыг шинэ сэтгэлгээ, шинэ бодлогоор хандаж, анхаарлаа хандуулахыг зорьж байна. Бидний хувьд 100 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалттай ажлыг сумандаа шийдвэрлэх эрх олгож байгаа. Ийм боломж ч байна. Ер нь аймгийн төв болон сумдад хийх бүтээн байгуулалт болоод хөрөнгө оруулалтын ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газраас шийдвэрлэх шаардлагагүй гэдэг байр суурьтай байгаа. Мэдээж эрх мэдлийг дагаад үүрэг, хариуцлага гэж бий. Өөрөөр хэлбэл, тухайн шийдвэрлэсэн асуудлыг нь ямар төвшинд явж байна. Чанарын шаардлага хангасан эсэхэд байнга хяналт тавьж ажиллах болно. Манай аймгийн худалдан авах ажиллагааны газраас ирэх сарын 1 гэхэд бүх ажлаа ил тод нээлттэй зарлана. Энд оролцдог аж ахуйн нэгжүүдэд хамтарсан өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Ингэснээр хүмүүст мэдээлэл нь хүрч, хугацаа ч хожих боломж бүрдэнэ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.12 № 28 (5995)  
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

7 цаг 43 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

20 цаг 38 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

20 цаг 38 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

20 цаг 38 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Уржигдар 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Уржигдар 15 цаг 44 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

Уржигдар 14 цаг 24 мин
“Өв соёлын голомт” төслийн Ингэт толгойн дурсгалт газрын судалгаа Монголын археологийн шилдэг судалгааны дэд байрт шалгарлаа

"Монголын археологи-2024" эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 12-р сарын 21,22-

Уржигдар 13 цаг 28 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

Уржигдар 13 цаг 19 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

Уржигдар 06 цаг 00 мин