Ч.ЗОТОЛ
Их хүрээ хийдийн хамба лам З.Санждоржтой ярилцлаа.
-Урвуулагч хэмээх шороон гахай жилийн өнгийг зурхайчид янз бүрээр тайлж хэлж байгаа. “Урвуулагч” гэх нэрэнд ямар нэг утга байна уу?
-Жаран жил маань 60 өөр оноосон нэртэй. Морилон ирж буй XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жил гарч байна. “Урвуулагч” хэмээх ёгт нэрэнд ямар нэг утга байхгүй. Тиймээс ийм нэртэй жил гарлаа, тэрийг дагаад урваж хөрвөх нь гэж цуурах, иргэдийг мунхруулах хэрэггүй юм. Энэ бол жилийг ялгасан тодотгол нэр болохоос ямар нэг утга, сайн мууг илтгэсэн нэр биш.
Цагаан сар монголчуудын билэгдлийн сайхан баяр. Мөрөө гаргаж, золгохоосоо өгсүүлээд билэгдэлтэй. Бүх муу юм, хар бараан дэв хилэнц өнгөрч буй жилээр дуусч, сайн сайхан зүйл ургаж буй жилтэй хамт мандаасай гэж хүсдэг. Тэгэхээр шороон гахай жил бүх юм сайн сайхан болно гэж билэгдлээр хүлээж авах хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдийг харж байхад цаглабар, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хонь жилийг согтоогч, галзууруулагч гэж бичээд байсан. Бич жилийг “муу нүүрт, муухай нүүрт” гээд л ярьж, бичсэн. Ингэж ярьж, бичдэгтэй би санал нийлдэггүй. Ер нь тэгээд цөөхөн монголчууд хэл амаа ололцохгүй хэмлэлдэж байхын оронд бурхны шашны байгууллага, зурхайн төвүүд нь ярьж байгаад ганц нэрийн асуудлыг ч гэсэн тогтчихсон бол билэгдэлтэй сайхан байх байж дээ гэсэн бодол төрж байсан даа. Цаашид анхаарах биз дээ.
-Хүмүүст онцгойлон хэлэх зүйл юу байна вэ?
-Хүмүүст хэлэхэд, буруу ойлголтоос ангид байгаарай. Урвадаг, урвуулдаг жил гээд залуус буруу ухаж, омтгойрч болохгүйг анхааруулъя. Шороон гахай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж Монголын ард түмэн улам ихийг бүтээж, улам олон болж, урд хойд хөрштэйгээ тогтоосон эв найрамдал нь улам батжиж, дэлхийн олон оронд монголчуудын нэр дуурсч, гавьяа зүтгэлийг нь ивээсэн, хүссэн болгон нь биелсэн сайхан жил байх болтугай гэж бодож сууна.
-Тэгвэл жилийн өнгийг та юу гэж үзэж байна?
-Жилийн өнгийн тухайд бид зуун жилийн онцлогийг жил, жилээр нь гаргасан “Цаг тооны бичиг”-ийг гаргасан. Энэ маань 2012-2024 он хүртэл хэвлэгдэж гарна. Эндээс өнгөрсөн жил, түүний өмнөх жилийн өнгийг харчихна, бас дараагийн жилүүдийг нь ч харчихна. Өмнөх, хойнохыг харьцуулж хараад жилийн өнгийг зурж гаргадаг учраас маш тохиромжтой. Үүнийгээ баримтлан бид жилийн өнгийг зурдаг.
Ирж буй гахай жил битүүний өдөр хаврын урь орно. Цагаан сарын тоолол барс сар эхэлдэг уламжлалтай. Дөрвөн их улирлыг дагаж 24 бага улирал гэж бий. Жилийн өнгийг монголчууд байгалиар шинждэг. Хаврын урь орох өдөр ямар өдөр тохиов гэдгээс тухайн жилийг голлож үзнэ. Хоёрдугаар сарын -4 буюу битүүн хар бич өдөр байгаа. Хар гэдэг нь усан махбодтой өдөр бөгөөд энэ жил зундаа хур бороо элбэг байна. Зун сайхан болж өвс ногоо ургац сайтай. Түүнийг дагаж мал таргалж, сүү цагаан идээ арвин, өвөлдөө зудгүй, хавар салхи шуурга бага байна.
-Харш болон бага хар, онцгой засалтай ямар жилтнүүд байна вэ?
Энэ жил өвгөд, настанд ээлтэй, залуу, идэр, дунд насныханд хатуу, хүүхэд, багачуулд харш жил юм. Могой жилтнүүд онцгой засалтай, туулай, хонь жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй. Төр өөрчлөгдөн цэгцэрч, хууль цааз, дүрэм журам чангарна гэж зурхайд буусан. Энэ бүхнээс харахад амьдрал сайжирна. Тариа ногоо элбэг байна. Могой жилтнүүд онцгойлон засалтай байгаа. Иргэд сүсэгтэн олон шинийн 15-ндаа багтаж заслаа хийлгэвэл сайн.
Эх сурвалж: www.polit.mn