П.Оюунчимэг: 12 жилийн тэвчээр, няцашгүй тэмцлийн дүнд шүүх хурал болж байна

2019-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Малайз улсад Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа амиа алдсан хэргийн шүүх хурал Куала Лампур хотноо үргэлжилж байна. Шүүх хуралд төлөөлөн нэхэмжлэгчээр оролцоод ирсэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгтэй ярилцлаа. -Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийн шүүх хурал Малайзад үргэлжилж байна. Ер нь өнгөрсөн 13 жилийн хугацаанд ХЭҮК талийгаачийн ар гэрийнхэн болоод Малайзын талтай ямар холбоо харилцаатай хэрхэн ажиллаж ирсэн бэ?  -Хэрэг болсны дараахан буюу 2006 онд С.Шаарийбуу гуай манай байгууллагад хандсан. Тухайн үед С.Шаарийбуу гуай ч тэр, бид ч гэсэн хоёрдогч мэдээлэлтэй байсан учраас ямар нэг байдлаар хууль, шүүхийн процесст оролцоход хүндрэлтэй байсан.Тиймээс Ази номхон далайн бүсийн Хүний эрхийн чуулганд энэ асуудлыг анх тавьсан юм. Мөн Малайзын Хүний эрхийн комисстой хамтарч ажиллах саналыг удаа дараа тавьж ирсэн ч нааштай хариу авч чадаагүй. Монгол Улсын иргэн гадны улсад онц хэрцгийгээр амиа алдсан асуудлаар тухайн үеийн Гадаад хэргийн яамны удирдлагуудад албан бичиг хүргүүлсэн. Хэрэг өөр улс орны нутаг дэвсгэрт гарсан, хохирогч нь Монгол Улсын иргэн. Ийм тохиолдолд тухайн улсын нутаг дэвсгэр дээр очиж үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй. Зөвшөөрөгдөх эсэх зэрэг олон асуудлаас гадна манай улсын хувьд Малайзтай эрхзүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээгүй гээд хүндрэлтэй асуудлууд байсан.  Гэхдээ өнгөрсөн хугацаанд харилцаа холбоо тасраагүй. Ш.Алтантуяа амь насаа алдсан хэрэг гарснаас хойш энэ хэрэг дээр ажилласан комиссын гишүүний хувьд Засгийн газраас байгуулсан хоёр удаагийн Ажлын хэсэгт орж ажиллалаа. 2012-2016 оны үед Гадаад хэргийн сайдаар  С.Оюун, дэд сайдаар Болор ажиллаж байсан. Тэр үед Болор сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж Хуульзүйн яам, ХЭҮК зэрэг нэлээд олон байгууллагын төлөөлөл багтаж хоёр удаа хуралдсан байдаг. Тэр хуралдаан дээр төр нь иргэнийхээ өмнөөс нэхэмжлэл гаргая гэж шийдээд Засгийн газарт танилцуулсан. 2016 оны сонгуулийн дараа Гадаад хэргийн сайд өөрчлөгдөөд ажлын хэсэг дахиж хуралдаагүй. Малайзын төрийн удирдлагууд өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Гадаад хэргийн яам, Хуульзүйн яам анхаарлаа хандуулж эхэлсэн. Үндсэндээ саяхнаас Засгийн газар, төрийн байгууллагууд идэвхитэй оролцож эхэлж байна. Өмнөх Ажлын хэсгүүд дээр иргэний хохирсон төлөөлөн нэхэмжлэлийн асуудлыг Малайзын шүүхэд тавья гэдгийг ярьж байсан. -2015 онд Ш.Алтантуяагийн хэрэгтэй холбогдуулан хоёр цагдаад цаазын ял оноосон байдаг. Түүнээс хойш шүүх хурал ингэж удаж байж товлогдсоны учир юу вэ. Манай төр засгийн зүгээс шахаж шаардах ажил удаашралтай байв уу? -Малайзын төрд томоохон алба хашиж байсан хүмүүс энэ хэрэгт оролцоотой гэсэн мэдээлэл байдаг. Эхний удаад эрүүгийн хэрэг шийдвэрлэгдсэн. Одоо дахин мөрдөн байцаах ажиллагаа хийгдэж байгаа. Харин хохирлын асуудлаар анх удаагийн шүүх хурал болж байгаа юм. Хэрэг гарсан буюу Селенгор дүүргийн Аршаламд шүүх хурал анх удаа болж байна. Хохирлын асуудал маргаантай байсан ч хуулийн фирм, С.Шаарийбуу гуай аль аль нь маш сайн ажилласан. С.Шаарийбуу гуай 12 жилийн турш цөхрөлтгүй, шантралгүй тэмцэж ирсний үр дүнд энэ шүүх хурал болж байгаа юм. Хоёрдугаарт, 2017 оны тавдугаар сард Малайзын хамгийн том сөрөг хүчин сонгуульд ялалт байгуулахад Ш.Алтантуяагийн хэрэг түлхэц болсон гэж үздэг. Төр засгийн болон хууль хүчний байгууллага улстөрчдийн гарт байгаа тохиолдолд эрүү, болон иргэний хэрэг амжилтгүй, процесс нь хаалттай байгаад байсан. Махатир Ерөнхий сайд гарч ирсний дараа энэ байдал орвонгоороо эргэсэн гэж хэлж болохоор юм билээ. Энэ хэрэг бол зөвхөн Малайз, Монголын асуудал биш. Дэлхийн анхаарлын төвд байна. Үнэхээр шударга үнэн, хууль ёс гэж байдаг бол хамгийн түрүүнд шийдвэрлэх ёстой асуудал энэ байсан гэж үздэг юм билээ. Мөн Малайзын хууль хүчний байгууллагад төрийн өндөр албан тушаалтнууд хутгалдаж орсны үр дагавар үүгээр төгсгөл болох ёстой гэсэн чиглэлийн үүднээс Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийн шүүх хурал болж байна. -Монголын талаас ямар бүрэлдэхүүнтэй хэрхэн оролцож байна. Шүүх хурлын үргэлжлэх хугацаа олон хоног байгаа нь тус улсын хууль шүүхийн системтэй холбоотой юу? - Малайзад одоо болж байгаа шүүх хурал бол иргэний хэргийн хурал. С.Шаарийбуу гуай Малайзад үйл ажиллагаа явуулж буй Карпал Сингх гэдэг томоохон хуулийн фирмтэй гэрээтэй ажиллаж ирсэн. Энэ хуулийн фирм эрүүгийн болон иргэний шүүх хуралд хоёуланд нь хохирогчийг төлөөлж оролцох итгэмжлэлтэй. Хуулийн фирм арваад жил Ш.Алтантуяагийн хэрэг дээр ажилласан байдаг. Улсдаа маш нэр хүндтэй өмгөөлөгч, хуульч  хүн байсан юм билээ. Харамсалтай нь энэ хэргийн үеэр авто ослоор амиа алдсан  ч үр хүүхдүүд нь үргэлжлүүлэн ажиллаж байна. Шүүх хуралд албан ёсны орчуулагчаар Малайзад амьдардаг эмэгтэйг оролцуулж байгаа. Монголын талаас хохирогчоор С.Шаарийбуу гуай болон талийгаачийн хүү. Гэрчээр Америкийн иргэн болсон монгол эмэгтэй оролцож байна. Монголоос хоёр гэрч очих ёстой. Нэг нь оролцож байгаа. Малайзын талаас нэлээд олон гэрч оролцож байна. Нэг гэрчийн мэдүүлэгт нэг өдөр, шаардлагатай тохиолдолд хоёр  өдөр зарцуулж байгаагаас ямар хугацаа шаардах, өргөн хүрээтэй шүүх хурал болж байгаа нь төсөөлөгдөж байгаа байх. Хоёр талаас 20 гаруй өмгөөлөгч оролцож байна. 10 гаруй жил цугларсан хавтаст хэргийн материал мэдээж маш зузаан. Гадаад хэргийн яам энэ удаагийн шүүх хуралд төлөөллөө оролцуулахаас гадна оролцогчдын зардлыг шийдвэрлэсэн. Малайзад Монгол Улсын Элчин сайдын яам байдаггүй. Өргөмжит консул нь Малайз хүн учраас Бангкок дахь Элчин сайдын яамнаас төлөөлөл оролцуулсан. Хуульзүй, дотоод хэргийн яамнаас орчуулагчтай холбоотой бүх асуудлыг шийдвэрлэлээ. Үүнээс гадна хүний эрхийн байгууллагын хувьд  монгол хүний амь нас хохирсон тохиолдолд анх удаа гадаад оронд болж буй шүүх хуралд оролцож байгаагаараа онцлогтой. Монголд бол хохирсон иргэний өмнөөс 47-48 удаагийн нэхэмжлэл гаргаж, хохирлын мөнгийн төрөөс нөхөн төлүүлж байсан туршлага бий. Малайз манайхаас өөр системтэй. Манайх Ром германы эх газрын эрхзүйгээр явдаг. Харин Малайз бол Англи саксоны эрхзүйг мөрдөхөөс гадна Мусульман шашинтай хууль учраас шарриатын хууль үйлчилдэг. Давхардсан хуулийнхаа  зохицуулалтаар эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээд хааны сан хөмрөгт орсон тохиолдолд дахин сөхөж хэлэлцэх эрх, ойлголт байдаггүй. Харин сүүлийн сонгуультай холбоотойгоор бараг Малайзын түүхэнд анх удаа Хааны сан хөмрөгөөс гарсан учраас мөрдөн байцаах ажиллагаа шинээр эхэлсэн. Тиймээс бидний зүгээс шүүхийн процесс нь дүрэм журмынхаа дагуу явах юм байна гэсэн горьдлого төрж байгаа. Манайх бичмэл хуультай. Малайзынх жишиг буюу адил төстэй  хэрэг дээр үндэслэдэг. Тэгэхээр Малайзад болж буй энэ удаагийн шүүх хурал сар, хэдэн сар, жил ч үргэлжилж мэднэ. Систем нь ийм учраас шүүхийн процесс удаан үргэлжлэх магадлалтай. Эхний байдлаар 11 хоног гэж байгаа ч сар ч үргэлжлэхийг үгүйсгэхгүй. -Гэрчүүд, хуулийн фирм гээд хоёр талаас нүсэр баг ажиллаж байгаа байх. Таны хувьд ажиглагчаар оролцсоны хувьд шүүх хурлын үйл явцыг хэрхэн харж байна  бэ?  - Хохирогчийг төлөөлж ярих эрхгүй. Харин хуульчийн хувьд тэнд мэтгэлцээн гэдэг зүйл  сонгодог утгаараа хэрэгждэг юм байна гэж харсан. Манай улс мэтгэлцэх зарчмыг хуульдаа суулгасан ч шүүхийн практикт үйлчилж чадахгүй байгаа. Малайзад бол хэрхэн мэтгэлцэж өөрсдийн хамгаалж буй талынхаа хууль зүйн үндэслэлийг гаргаж ирж байгаа нь гайхалтай. Нөгөөтэйгүүр, Хүний эрхийн комиссын байгууллагын түүхэнд Монгол Улс анх удаа ийм шүүх хуралд оролцож байгаагийн хувьд тухайн улсын хууль журмыг судалсан. Малайз 1965 онд НҮБ-ын гишүүнээр элссэн учраас олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжийг хослуулж хэрэглэдэг. Ингэж үндсэн болон олон улсын гэрээ конвенциуд зэрэгцэж орж ирэхээр хохирогч талдаа ашигтай хувилбарууд гарч ирэх онцлогтой. Гэхдээ манайх 50 гаруй хүний эрхийн гэрээ конвенцид нэгдэж орсон бол Малайз арав хүрэхгүй. Энэ дундаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалын хамгийн эхний заалт нь хүн амьд явах эрхтэй гэж эхэлдэг. Тиймээс Монгол ч байна уу, Малайз ч байна уу хүний амьд явах эрх маш ноцтойгоор зөрчигдсөн тохиолдолд хохирлын асуудал зайлшгүй байх ёстой гэдгийг тавьж байгаа. Үүнийг Малайзын хууль шүүхийн систем хэрхэн шийдвэрлэхийг Монголын ард түмэн 12 жил хүлээсэн. Ямар ч байсан үүнд хариулт өгөх шүүх хурал болно гэж найдаж байгаа. Түүнээс гадна шударга үнэн гэж байгаа эсэхийг дэлхий нийт хүлээж байгааг тус улсын сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө ч хэлсэн. -Сэтгэл санаа, эрүүл мэндийн хохиролд 27 сая ам.доллар нэхэмжилсэн гэсэн мэдээлэл байсан. Энэ удаагийн шүүх хурлаас хүлээж байгаа эцсийн үр дүн юу вэ? -Сэтгэл санааны хохирлыг  хэн ч тогтоож, халдаж мэдэх боломжгүй. Охиныхоо амь насаа алдсан хэргийн төлөө 12 жилийн турш цөхрөлтгүй явж байна. Эндээс би  тэвчээрийг л олж харсан. Ямар их хүлээлт, тэвчээр, ухарч няцашгүй агуу тэмцлийг олж харсан. Нэг талдаа охиноо алдсан, нөгөө талд нь бүхэл бүтэн улс, системийн төлөө явж байна. Шүүх хурлаас хүлээж байгаа эцсийн үр дүн бол хохирлоо төлүүлж авах. Өөрөөр хэлбэл, Малайз улс хүний амийг хэрхэн үнэлэх вэ гэдэг хүлээлттэй байна. Хүний сэтгэл санааны хохирлыг би, та, шүүгч ч үнэлэхгүй.  С.Шаарийбуу гуай хохирогчийг төлөөлж байгаа хуулийн фирмтэйгээ энэ үнэлгээг тогтсон. Миний сонссон мэдээллээр бол 100 сая орчим Малайз ринггит гэсэн үнийн дүнгээр нэхэмжилсэн гэсэн. Энэ үнийн дүнг хэлэх эрх бүхий ганц субьект нь С.Шаарийбуу гуайг төлөөлж байгаа хуулийн фирм юм. Хохирогчийн гаргасан үнэлгээг нэг тоо, үг үсэг өөрчлөх эрх хэнд ч байдаггүй. Гэтэл манайд энэ үнэлгээг хууль шүүхийн байгууллагууд дураараа хасчихдаг. Сэтгэл санааны хохирлыг хохирогчийн хэлснээр гаргаж өгсөн шүүх хурал нэг ч байхгүй. -Шүүх хурлын үеэр тухайн мужийн уур амьсгал болоод хэвлэл мэдээллийнхэн нь хэрхэн ажиллаж байсан бэ? -Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийн шүүх хурал зөвхөн Малайз биш дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Шүүх хурлын үеэр сэтгүүлчид битүү байсан. Тэнд байгаа хүмүүсийн хөдөлгөөн бүрийг ажиглаж байна. Шүүх хурлын өмнөх өдөр хуралдаанд оролцох хуульчидтай уулзаж ерөнхий мэдээлэл солилцсон. Шүүх хурал эхэлсэн өдрөөс эхлээд өнөөг хүртэл Малайзын хэвлэл мэдээллийн байгууллагууд маш их анхаарал хандуулж, мэдээллийн цөм нь болж байна. Эндээс харахад энэ шүүх хурлыг Монголын ард түмэн 12 жилийн турш хүлээгээгүй юм байна. Улс төр, эрхзүйн хувьд Малайз улс ч гэсэн хүлээсэн юм байна гэж ажигласан. Шүүх хурлын процессоос илүү хэн оролцож байна, үр дүн хэрхэн гарах вэ гэдгийг дэлхий нийтээр хүлээж, ажиглаж байна гэж ойлгосон. Шударга ёсоор зөвхөн Монгол Улс цангаагүй юм байна гэж харлаа. Шүүх хуралдааны танхимд сэтгүүлчдийг оруулахгүйгээр танхимын гадна мэдээллийг өгдөг юм байна. -Хэрэг шийдвэрлэхэд Монголын өндөр албан тушаалтнууд саад болж байгааг талийгаачийн аав шүүмжилдэг. Ер нь Монголын төр энэ хэрэгт хэрхэн хандаж ирэв.  Ерөнхийлөгч Х.Баттулга албан бичиг явуулахаас гадна өнгөрсөн зун Малайзын төлөөлөгчийг хүлээж авч уулзахдаа энэ асуудлыг сөхсөн байдаг? -Малайзын Засгийн газрын төлөөлөгч Монголд ирэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзахдаа манай улсын иргэний амь насаа алдсан хэрэгт анхаарал хандуулаасай гэсэн хүсэлтийг тавьсан. Ер нь бол  Х.Баттулга Ерөнхийлөгч анх удаа биечилж уулзаж хүсэлт гаргасан нь байх. Өмнө нь ч бас хандаж байсан байх. ХЭҮК, миний хувьд олон улсын хуралд оролцохдоо 2-3 удаа Малайзын Хүний эрхийн комисс болон Азийн номхон далайн бүсэд албан бичиг, өргөдөл, гомдлыг гардуулж өгч байсан. Малайзын ХЭҮК нь хууль шүүхийн үйл ажиллагаанд оролцох боломж хомс байдаг.  Гэтэл яагаад энэ удаагийн шүүх хуралд Монголын хүний эрхийн комисс оролцоод байгаа юм. Хүний эрхийн байгууллага бол Засгийн газрыг олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлж чадаж байгаа эсэхийг хянаж, шахаж байдаг онцлогтой. Тухайлбал, Монгол Улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид 2000 онд  нэгдэж орсон. Гэтэл Малайз энэ конвенцид нэгдэж ороогүй юм байна. Талийгаач Ш.Алтантуяагийн амь насыг хохироосон хэрэг онц ноцтой хүн амины хэрэг боловч үйлдэгдсэн арга нь дандаа эрүүдэн шүүлтийн сонгодог хэлбэрүүдийг хэрэглэсэн байдаг. Хэрэв Малайз энэ гэрээний нэг тал байсан бол Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийг давхар барьж шийдвэрлэхэд нээлттэй, боломжтой заалтууд байсан. Олон улсын гэрээ конвенцид нэгддэгийн ач холбогдол нь ерөөсөө энэ. Нөгөө талаас Малайз улстай эрхзүйн харилцан туслалцааны гэрээ байгуулах тал дээр яам, тамгын газрууд ажиллаж байгаа гэж найдаж байна. Ийм гэрээтэй бол хууль хяналтын байгууллагынхан очиж ажиллах, иргэнийхээ зөрчигдсөн эрхийг хамгаалахад нааштай үр дүнгүүд гарна. -Малайзын хууль шүүхийн мэтгэлцээний зарчмыг манай улсын хөрсөнд буулгах боломж хэр вэ. Мөн энэ шүүх хурал бусад улс оронд эрх нь зөрчигдсөн иргэдээ хамгаалах багагүй туршлага болсон байх? -Мэтгэлцээний зарчмыг хэрэгжүүлэх талаар манай улсын шүүх дотооддоо сургалт, үйл ажиллагаанууд хийсэн. Манайх шиг тогтолцоотой улсад шүүх хурлыг даргалагч удирддаг, шүүгч асуудаг, зөвшөөрөл өгдөг процесс явагдаж байна. Гэтэл мэтгэлцээний зарчмаар бол тухайн хүний гэм буруутай эсэх асуудлаар  цуглуулсан нотлох баримтдаа үндэслээд өмгөөлөгчид үнэн зөвийг баталгаажуулах, үгүйсгэх “тулаан” явагдаж байна. Түүнийг нь шүүгч хараад дүгнэлт гаргах ёстой. Мэтгэлцээний зарчим хэрэгжиж буй улс орнуудад бол шүүгч зөвхөн сонсч дүгнэлт гаргах үүрэг хүлээдэг. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд улс төр, эрх мэдэл бүхий хүмүүс хутгалдсаны хамгийн бодит жишээ, гашуун сургамж бол энэ хэрэг. Малайзад улс төрийн систем нь задарч ард түмний хүлээлтээс гадна нийгэм, улс төр, эдийн засгийн реформ нь нөлөөлж эхэлж байна гэж харж байна. Хуульч, хүний эрхийн комиссын гишүүний хувьд ажигласан зүйлээ л ярилаа. Түүнээс улс төрийн хувьд бүрэн судлаад нарийн үнэлэлт дүгнэлт өгч байгаа зүйл биш. 2006 онд төр иргэнээ хохироосон бол нөхөн төлбөр өгөх ёстой гэсэн анхны нэхэмжлэлийг ХЭҮК гаргаж байсан. Энэ дагуу их, бага ч хамаагүй иргэд хохирлоо нөхөн төлүүлж эхлэх процесс эхэлсэн. Үүнтэй адил хүний нутагт монгол хүн ямар нэг байдлаар хохирсон тохиолдолд энэ удаагийнх шиг шүүх хуралд оролцсон гарц маань цаашид улам өргөжиж, олон хүний эрх ашиг хамгаалагдаасай гэж хүсч байна. Малайзын шүүхийн шийдвэр хэрхэн гарахаас шалтгаалж бусад улс орнуудад жишиг тогтоохуйц шийдвэр байх болов уу гэсэн горьдлого байна. Ар гэрийнхнийг нь зорьсон зүйл бүтээсэй. Энэ бүхэнд монголчуудын дуу хоолой, дэмжлэг нөлөөлсөн шүү гэж хэлмээр байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.29№ 20 (5987)
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

8 цаг 5 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

21 цаг 0 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

21 цаг 0 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

21 цаг 0 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Уржигдар 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Уржигдар 15 цаг 44 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

Уржигдар 14 цаг 24 мин
“Өв соёлын голомт” төслийн Ингэт толгойн дурсгалт газрын судалгаа Монголын археологийн шилдэг судалгааны дэд байрт шалгарлаа

"Монголын археологи-2024" эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 12-р сарын 21,22-

Уржигдар 13 цаг 28 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

Уржигдар 13 цаг 19 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

Уржигдар 06 цаг 00 мин