Д.ОЮУНЧИМЭГ
Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандитай ярилцлаа.
-Өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлын явц ямар байв?
-Өнгөрсөн онд ИТХ-ыг гурван удаа, тэргүүлэгчдийн хурлыг 14 удаа зохион байгуулсан. Үүгээрээ 111 асуудлыг хэлэлцэн 140 гаруй протокол, шийдвэр гаргаж ажилласан байна. Орон нутгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр хэд хэдэн хөтөлбөрийг баталсан. Тухайлбал, энэ жилийг Монгол Улсын Засгийн газар иргэн төвтэй төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх жил болгон зарласан. Тиймээс ил тод нээлттэй байж хүмүүст чирэгдэлгүйгээр үйлчилж мэдээлэл хүргэх зорилтыг тавьж байна. Хэдийгээр тухайн асуудлыг нь 100 хувь биелүүлэх боломжгүй ч тодорхой төвшинд шийдэл, шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэхийг зорьж байна. Тиймээс ирэх даваа гаригт аймгийн удирдах ажилтныг зөвлөгөөнийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар баталсан. Тус хөтөлбөрийн зорилго нь ажлын байрыг нэмэгдүүлэхэд оршино. Ялангуяа хөдөө орон нутагт ажилгүйдэл нэлээд байгаа. Бид дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бизнесийнхнээ дэмжихийн зэрэгцээ ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх нэг гарц гэж харж байна. Мөн малын эрүүл мэнд, байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалах чиглэлийн хөтөлбөрүүдийг баталж, хэрэгжүүлээд явж байгаа учраас өнгөрсөн жилийн төлөвлөсөн ажлын явц сайн байсан гэж дүгнэж байгаа.
-Өнгөрсөн жил хөрөнгө оруулалтын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ямар ажлууд байна вэ?
-Хөрөнгө оруулалтын хувьд чамгүй ажилттай жил байсан. Сургууль, цэцэрлэг, соёлын төвийн барилгын асуудлыг шийдвэрлэсэн. Түүнчлэн 3.4 км замыг аймгийн төвд тавьсан. Булган суманд 50 ортой эмнэлгийг оны босгон дээр ашиглалтад оруулсан. Энэ мэтчилэн бүтээн байгуулалтын нэлээд ажлыг хийж хэрэгжүүлсэн. Үүнийг дагаад ажлын байр бий болж байгааг онцлон тэмдэглэмээр байна. Мөн махны гурван ч үйлдвэрийг өнгөрсөн жил ашиглалтад оруулсан.
-Ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарал хандуулсан гэж байна. Тодруулбал?
-Өнгөрсөн оны сүүлчээр “Шинэ Ховд” хөрөнгө оруулалтын чуулганыг нийслэлд зохион байгуулсан. Чуулганд 200 гаруй төлөөлөгч оролцон дор бүрнээ өөрсдийн санаа бодлыг харилцан ярилцаж тодорхой дэвшил гаргах чиглэлээр эхний алхамуудыг хийх боломж бүрдсэн. Манай аймаг ногоон хөгжлийн хөтөлбөрөө 2017 онд баталж 2026 он гэхэд тодорхой дэвшил гарна гэж харж байгаа. Ер нь Ховд аймгийн тухайд дэд бүтэц сайтай. Тухайлбал, манай аймгийн сумдууд өндөр хүчдэлд бүрэн холбогдсон. Мөн ихэнх сум хатуу хучилттай замтай болохоор бидэнд давуу тал бий. Булганы Ярантын боомтоор ази, европыг холбосон босоо тэнхлэгийн хатуу хучилттай зам ашиглалтад орж байгаа зэрэг давуу талаа ашиглан хөгжих боломж байгаа талаар чуулганы үеэр ярилцсан. Тиймээс бид дараагийн үе шат буюу үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Мөн хөрөнгө оруулалтын чуулганы үеэр “Номин” компанитай хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Үйлдвэрлэгчдийн тухайд эцсийн бүтээгдэхүүнийг борлуулах асуудал тулгамддаг учраас гэрээний хүрээнд Ховд аймагт үйлдвэрлэв гэсэн шошготой бараа бүтээгдэхүүнийг сүлжээ дэлгүүрээр борлуулахаар тохиролцсон. Түүнчлэн “Говь” хувьцаат компанитай хамтарч ажиллах гэрээ байгууллаа. Ингэснээр малчдын гар дээрээс ямар нэг шат дамжлагагүйгээр компанид нийлүүлэх юм. Энэ мэтчилэн хийхээр төлөвлөж, хийж хэрэгжүүлж буй олон ажил бий.
-Өнгөрсөн жил танай аймгийн удирдлагууд хоорондын маргаанаас үүдээд хэсэг хугацаанд ажил гацсан учраас энэ мэт гацаа үүсэх вий гэх болгоомжлол байгааг хөрөнгө оруулалтын чуулганы үеэр зарим төлөөлөгчид хэлж байсан. Энэ талаар?
-Өнгөрсөн жил аймгийн удирдлагууд үл ойлголцол үүссэн нь үнэн. Энэ нь зарим бодлогын бичиг баримт, цаасан дээр төлөвлөсөн ажлуудыг хэрэгжүүлэх цаг хугацаанд сөргөөр нөлөөлсөн нь бий. Харин одоогийн аймгийн удирдлагууд хооронд ямар нэг маргаан, үл ойлголцол байхгүй. Ажил хэвийн явж байгаа учраас өнгөрсөн жил баталсан, энэ жил хийхээр төлөвлөж байгаа ажлуудыг гацаахгүй явуулах боломжтой. Ер нь аль нэг намаас үл хамааран төрийн албан хаагчид аймаг орон нутгийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг ИТХ-ын байгууллагаас баталсан, Засаг даргын хийхээр төлөвлөсөн ажлуудыг хийж гүйцэтгэх, хяналт тавих учиртай.
-Энэ жил гадаад харилцааны чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-Манай аймгийн тухайд гадаад харилцаандаа нэлээд анхаарч ажилладаг. Уламжлалт харилцаатай газруудтайгаа хамтарч ажиллахаас гадна шинэ гарц, гаргалгааг эрэлхийлж байгаа. Өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-ын Шанси мужийн Датун хоттой хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Энэ найрамдалт хотуудын харилцаа хамтын ажиллагааг эхлүүлж, агаарын бохирдол, хог хаягдлыг дахин боловсруулах, хот тохижилт ногоон байгууламжийг байгалийн унаган төрхтэй хослуулан хөгжүүлэх сайн туршлагаас судална. Мөн дэд бүтэц, бүтээн байгуулалт, мал аж ахуй, худалдаа, аялал жуулчлалын салбарт урт хугацаанд хамтран ажиллана. Түүнчлэн авто зам, цахилгаан хангамж, шугам сүлжээг барьж байгуулах, агаарын бохирдлыг бууруулах , хотын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийг сайжруулах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах төслүүдийг хэрэгжүүлэхээр зөвшилцсөн.
-Яагаад Датун хоттой хамтарч ажиллах болсон бэ?
-Учир нь тус хот 10 жилийн өмнө утаа, хогноос үүдэлтэй агаар орчны бохирдлын асуудал нь тулгамдсан байсан. Харин одоо энэ асуудлуудаа бүрэн шийдвэрлэсэн учраас бид сайн туршлага судалж, аймгийнхаа утааг бууруулахын сацуу хог хаягдлыг дахин боловсруулах төслийг хэрэгжүүлснээр орчны бохирдлыг бууруулах зорилготой. Нөгөөтэйгүүр утааны асуудал нь зөвхөн нийслэлчүүдэд хамаатай зүйл биш болсон. Хүн ам төвлөрдөг газруудад агаарын бохирдол, утааны уршиг байсаар байна. Тиймээс бид аймгийнхаа утааг бууруулах ажлыг эрчимтэй хийж хүмүүсийнхээ эрүүл аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхийг зорилго болгосон.
-Та аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн тэргүүн. Тэгэхээр энэ чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг хэлэлцсэн. Хуралд аймгийн Цагдаагийн газар, аймгийн Прокурорын газар, Шүүхийн тамгын газар, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 0123-р анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удирдлагууд оролцсон. Энэ хүрээнд архидан согтуурахтай тэмцэх, хүн худалдаалах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мал хулгайлах гэмт хэрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан. Салбар зөвлөлд 17 байгууллага хамтарч ажилладаг бөгөөд нийт 32 ажил төлөвлөж биелэлт нь 95 хувьтай байлаа. Аймгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хийхдээ шинээр хэрэгжиж байгаа хуулийн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх ажлуудыг хийсэн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны тухайд хамтын ажиллагааны үр дүнд гэмт хэргийн гаралт 22 хувиар буурсан үзүүлэлтийг статистик мэдээллээс харж болно. Хууль эрх зүйн шинэ актуудыг сурталчлах чиглэлээр бүсчилсэн аргачлалыг хэрэгжүүлсэн. Мөн хуулийг сурталчлах зорилгоор янз бүрийн тэмцээн, уралдааныг зохион байгуулсан. Ер нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд хүргэснээр тодорхой үр дүн гарч байна гэж дүгнэж байгаа. Цаашид ч эрчимтэй ажиллахаар төлөвлөсөн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.1.25 № 18 (5985)