Б.БАЯР
Төрийн нэртэй, төрийн өмчтэй цорын ганц арилжааны Төрийн банкинд асуудал үүслээ. Төрийн банкийг эрдсэлд оруулж мэдэх эдгээр асуудлын ихэнх нь шинэ юм биш л дээ.
Хураагдсаар байгаад “түргэн дуудаад” ч нэмэргүй болох орох нөхцөл үүсч байгааг экспертүүд сэм сэмхэн хэлдэг болов. Энэ бол аюултай.
Хамгийн гол нь Төрийн банк төрийн мэдэлд буюу Сангийн яамны харьяанд байснаар олон ноцтой асуудлын “хүүдий” болоод байгаа юм. Энэ хэвээрээ удвал Төрийн банкны харилцагчдаа хохироож, өмнө нь дампуурсан хэд хэдэн банкны тааруухан жишгийг дагах эрсдэл ч нүүрлэж мэдэхээр болжээ.
Тиймээс эрсдэлгүй ирээдүйн төлөө хийх цорын ганц зүйл бол Төрийн банкийг хувьчлах явдал болж байгаа юм.
Ингэснээр Төрийн банкны хөрөнгө санхүү, элдвийн зардал, хууль эрхзүйн баримт бичгүүд, эрсдэлийн үнэлгээ, хамгийн гол нь банкны үндсэн үйл ажиллагаанд тавих хяналт сайжрах боломжтой. Өөрөөр хэлбэл, ТУЗ-ийн гишүүдээс нь эхлээд тал тохой татсан томилгоо хийхгүй. Банкны гүйцэтгэх захирал, салбарын захирлууд, теллерүүдийн үгсэн хуйвалдаж, албан тушаалаа ашигласан хээл хахуулийн хэрэг гарахгүй. Сангийн сайд ганцхан бичиг илгээгээд л 20 тэрбумаар нь ямар ч барьцаагүйгээр дурын компанид өгөхгүй. Төрийн банк, түүний удирдлагад, бусад албан тушаалд ажиллаж байсан хүмүүс ээлж дараалан гэмт хэрэгт холбогдож байна.
Тухайлбал, 2017 оны тавдугаар сард шүүхээс “Дөрвөлж” компанийн захирал Л.Алтансүх нь Төрийн банкны гүйцэтгэх захиралын орлогч Т.Дорждэрэмд 25 сая төгрөгийн хахууль өгсөн, Орон нутгийн мэдлийн өмчийг Ц.Алтансүх төрийн өмчит Төрийн банкинд 800 сая төгрөгийн барьцаанд тавихдаа Т.Дорждэрэмд энэ мөнгийг өгсөн нь хэлэлцүүлгийн явцад тогтогдсон гэж үзсэн.
Одоогоос хоёр сарын өмнө Тээврийн товчоо, “Хараа” зочид буудлын дэргэдэх салбаруудад нэгжлэг явуулсан. АТГ-ынхан “Төрийн банкны нэр бүхий албан тушаалтнуудыг эрх мэдэл албан тушаалаа урвуулсан, хахууль авсан гэх үйлдэлд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Төрийн банкны ажилтан С.Алтанчимэг, Б.Мөнхсүрэн, Ч.Ариунгэрэл нарыг эхэлж цагдан хорьж, улмаар шүүхийн шийдвэрээр 30 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас С.Алтанчимэг, Б.Мөнхсүрэн, Ч.Ариунгэрэл нарыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүгчийн захирамжаар тэднийг хорьсон юм. Тэднийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт эд хөрөнгө завшсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Эдгээр хүмүүсийн үйлдлийг тодруулахын тулд хуучны Тээврийн товчоон дахь салбарт нэгжлэг хийсэн гэх мэдээлэл цацагдсан.
Мөн АТГ-ынхан Төрийн банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж буй Д.Ганбаатар, тус банкны гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн нарыг яллагдагчаар татаад байна. Тэднийг их хэмжээний мөнгө завшсан, хахууль авсан хэрэгт сэжиглэн шалгаж буй.
Нийслэлийн Прокурорын газраас тэднийг цагдан хориулах санал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд дээрх хоёр хүнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ. Тэдэнтэй хамт Төрийн банкны “Хараа” тооцооны төвийн захирлаар ажилладаг Б.Энхбаатарыг яллагдагчаар цагдан хориулах хүсэлт хүргүүлсэн ч шүүхээс түүнийг улсын хилээр гарахгүй байх, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Хамгийн сүүлд Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханд Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Энэ нь Төрийн банкнаас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Төрийн банкнаас гарсан 20 тэрбум төгрөгийн зээлтэй холбоотой. Энэ мөнгийг “Шинжиан шинфа” ХХК-д олгосон байдаг аж. Тодруулбал, 2017 оны зургадугаар сарын 23-нд Сангийн сайд Б.Чойжилсүрэн 5.0 тэрбумаас дээш зээл олгохыг хориглосон чиглэлийг Төрийн банкинд өгсөн атлаа тэрхүү хязгаарлалтад хамааруулахгүйгээр 20 тэрбумыг олгох зөвшөөрлийг Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханд өгсөн байдаг юм.
Үүнээс гадна Төрийн банк нь шүүхийн шийдвэрийн дагуу Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнд 51.5 тэрбум төгрөг өгөхөөр болоод байгаа. Төрийн банкны удирдлагуудын зүгээс үүнийг няцаасан.
Гэвч энэ хэмжээний мөнгө Төрийн банкнаас гарах нь тодорхой болсон. Харин Эдурад Сүрэн авах уу, Стандарт банк руу өрөнд явах уу гэдэг асуудал бий гэдгийг эх сурвалж хэлж буй.
Чухамдаа энэ бүхний эрсдэлийг Төрийн банкинд, түүний харилцагч, хадгаламж эзэмшигчид л үүрнэ.
Иймээс “Төр хамгийн муу менежер” хэмээх мартагдах шахсан теоремыг дахин сэргээхэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байгаа Төрийн банкийг нэн яаралтай хувьчлах шаардлага үүслээ.
Гэхдээ “Хадгаламж”-аас улбаатай дээрх асуудал зэргээр шалтаглан Г.Алтан, түүний хүү Эдуард Сүрэн нар шиг хүмүүст бус жинхэнэ менежмэнт хийх маш сайн баг, компанид шударга сонгон шалгаруулалтаар хувьчлах ёстой юм.
Төрийн банкийг хувьчлах өөр ноцтой баримтуудын талаар ч бид үргэлжлүүлэн хүргэх болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.1.16 № 11 (5978)
Төрийн банкийг нэн яаралтай хувьчлах шаардлага үүслээ
2019-01-16
Нийтэлсэн: Админ
 1 мин