С.Эрдэнэболд: Хонгилыг нураах биш хэн эзэн байх вэ гэсэн тэмцэл өрнөж байна

2019-01-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Ардчилсан нам  Үзэл баримтлалаа энэ сарын 7-нд  Улсын Дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлсэн. Энэ талаар “Ардчилсан залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболдтой ярилцлаа.   -Ардчилсан намын Үзэл баримтлалыг Монгол Улсын Дээд шүүх албан ёсоор бүртгэж баталгаажууллаа. Үзэл баримтлалаа батлахын тулд шинэчилсэн төслөө бүх гишүүдээрээ хэлэлцүүлж,  нэлээн ажил өрнөх шиг боллоо? -Ардчилсан нам Монголын улс төрд  шинэчлэл, шинэ соёлыг авчрах ээлжит нэгэн алхмаа хийлээ. Бид өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд намынхаа IX их хурлаар Үзэл баримтлалаа баталсан. Нэг, хоёр хүн яриад нэг өдөр батлуулчихаж байгаа зүйл биш гэсэн үг. Маш олон хүний оролцоо, саналд тулгуурлаж хийсэн ажил. Тэгэхээр үүнээс хойш, түүнээс цааш Ардчилсан нам аливаа улстөрийн сонгуульд оролцохдоо бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд үйл ажиллагаа явуулахдаа зөвхөн Үзэл баримтлалаа баримтлах бөгөөд түүний хүрээнд гаргасан Үндсэн дүрмээ дагаж мөрдөнө. -Баруун төвийн үзэл баримтлал гэдгийг тодруулбал? -Баруун төвийн үзэл баримтлалтай улс төрийн намын бодлого нэгдүгээрт хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн байх ёстой. Хоёрдугаарт,  хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөөг хангасан байх ёстой. Гуравдугаарт, шударга ёсны эрх хангасан байх. Дөрөвдүгээрт улс төрийн эрх чөлөөг  хангах ёстой. Үүний дараа үндэсний эрх чөлөө гэдэг ойлголт бий. Энэ таван зүйл дээр АН нэгдэж байгаа юм. АН-ын Үзэл баримтлалыг маш сайн системчлэгдсэн,  шинжлэх ухааны үндэслэлтэй, товч тодорхой болжээ гэж Дээд шүүхийн шүүгч дүгнэсэн. Үзэл баримтлалаа батална гэдэг том ажил байсныг дурдах хэрэгтэй. Түүнчлэн  Үзэл баримтлалаа  яаж сахин хамгаалах вэ, яаж тууштай дагаж, мөрдөх вэ, энэ эрх чөлөө, үнэт зүйлсийг хэрхэн  ажил хэрэг болгох вэ гэдэг маш том “гэрийн даалгавар”-тай болсон. “Гэрийн даалгавар”-аа шалгуулах хамгийн эхний сорилт бол 2020 оны бүх шатны сонгууль. - Үзэл баримтлалын хүрээнд АН-ын бодлого мөрийн хөтөлбөр боловсруулагдана гэж ойлгож болох уу? -Ардчилсан нам улс орны хэмжээнд бодлогоо тодорхойлохдоо хүссэн, хүсээгүй  дээрх Үзэл баримтлалд нийцүүлж, хүрээ хязгаарт нь тохируулна. 2020 онд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө Үзэл баримтлалдаа нийцүүлж  боловсруулах юм.  Энэ бодлого  багаар бодоход 25-30 жил тогтвортой үйлчлэх ёстой. Өнөөдөр найман настай балчраас 80 настай буурал хүртэл монголчууд бүгдээрээ улстөржиж байна. Утаа, үнийн өсөлт, эмх замбараагүй байдал гээд ард түмэн улстөржихөөс, бухимдахаас аргагүйд хүрчихсэн байна л даа. Өнөөгийн нийгэмд манлайллын хямрал, үзэл санааны хомсдол нүүрлэжээ. Энэ хямралаас гарахын тулд улстөрийн намууд төлөвших ёстой. Сүүлийн үед Ерөнхийлөгчийн эсвэл парламентын засаглал зөв, буруу  гэдэг маргаан гарч байна. Үүнд Ардчилсан нам маш тодорхой хариулт өгсөн шүү дээ.  АН парламентын засаглалыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Гэтэл нэг  зовлон байна л даа. АН парламентын засаглалыг дэмжинэ гэхээр УИХ-ын дарга  М.Энхболдыг өмгөөлөөд байна гэдэг. Тэгвэл үгүй ээ. Бүгдээрээ хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Зүүний нам буюу МАН-ын үйл ажиллагааг харахад маш их популизм байна. Цөөн хүний хүрээнд шийдвэрүүд нь гардаг. Намын бага хурлаа хаалттай зохион байгуулж байна. Ганцхан жилийн өмнө магтан дуулж байсан хүнээ өнөөдөр барьж идэх шахах жишээний. Тухайлбал, эрх баригчид өнөөдөр шударга бусын хонгил нураах тухай ярьж байна. Хэрэв өнөөгийн энэ байдал үргэлжилсээр хонгилын “түлхүүр”-ийг өөр хэн нэгэн авчихвал чонын амнаас гараад барын аманд орох эрсдэл хүлээж байна. Уг нь  хонгилыг нураахын тулд хувь хүнээс хамааралтай биш хуулиар зохицуулагддаг төрийн ямар систем, ямар гаргалгаа байгааг эрэлхийлэх ёстой. Гэвч өнөөгийн эрх баригчид хонгилыг нураах биш хэн хонгилын эзэн болох вэ гэдэг уралдаанд оролцож байна. Хэрэв үнэхээр шударга байсан юм бол МАН өнөөдөр 60 тэрбум ярьж байгаа бол давхар концесс, ЖДҮ-гээ ч ярих ёстой. Гагцхүү энэ бүхнийг хуулийн хүрээнд шийдвэрлэх нь зүйн хэрэг. Гэтэл өнөөдөр манай хулгайч, танай хулгайчийн талаар л ярьж байна. -Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай талаар олон хүн ярьж байгаа. Намууд цаашилбал парламентыг тогтвортой байлгах гарц нь юу вэ? -Монгол Улсад парламентат ёсыг төлөвшүүлэхийн тулд намууд нь эхлээд төлөвших ёстой. Намуудаа сайжруулахын тулд Улстөрийн намуудын тухай хуулиа шинэчлэх шаардлагатай. Ялангуяа улстөрийн намуудын санхүүжилтийн тухай хуультай болох хэрэгтэй. АН-ын хувьд олон улсын жишигт нийцсэн зарчмуудыг Үндсэн дүрэм болоод Үзэл баримтлалдаа оруулчихлаа. Цаасан дээр бууна гэдэг зөвхөн эхлэл. Шинэчлэлийг эхлүүлж байгаа хэрэг. АН ҮБХ-ны 410 гишүүнээ 16 бодлогын зөвлөлд хуваасан. Өөрөөр хэлбэл, сүүдрийн Засгийн газар гэсэн үг. Улстөрийн намууд сонгуульд ялмагцаа фракцийн төлөөлөлдөө эрх мэдэл, албан тушаал өгдөг.  Хариуд нь албан тушаалаас хүртэгсэд нь явцуу эрх ашигтаа л үйлчилдэг. Ямар нэгэн үзэл баримтлал, бодлогогүй мэргэжлийн бус хүмүүсээ тогтоон барихын тулд тендер, концесс, ЖДҮХС-ийн зээл гэх зэрэг бусдаас боломжийг хулгайлах замаар явж иржээ. Харин АН-ын 16 бодлогын зөвлөл салбар тус бүрээрээ бодлогын судалгаа хийгээд, хуралдаад, эрдэмтэн, судлаачидтайгаа хамтраад ажиллаж байна. Өнөөдрийн АН-д фракц чухал биш болсон. -АН шинэчлэлийн бодлогоо үргэлжлүүлж байна. Энэ шинэчлэлийг “дүр эсгэсэн” байдал гэж харах нэгэн ч байна. Ер нь улстөрийн намын шинэчлэлийн гол тулгуур нь юу юм бэ? -АН-ын шинэчлэл явагдаж байна, үргэлжилж байна. Мэдээж дунд нь янз бүрийн саад, бэрхшээл тулгарах нь гарцаагүй. Гэхдээ ямар ч зүйл тохиолдсон бай Үзэл баримтлал, Үндсэн дүрэм, зарчмаа баримтлаад ажиллах юм бол шинэ соёлыг бий болгосон улстөрийн хүчин болж чадна гэдэгт итгэлтэй байна. Нэн тэргүүнд улстөрийн намын Үзэл баримтлал, Үндсэн дүрэм шинэчлэгдэх ёстой. Үүний зэрэгцээ хүний нөөцийн бодлого зөв, санхүү нь ил тод  байх ёстой. Үүн дээр нэмэх нь гишүүдийн оролцоо. Энэ таван зүйлийг намын шинэчлэлийн тулгуур гэж хэлж болно. Үзэл баримтлал хоёр жилийн  хугацаанд гурван ажлын хэсгээр дамжин өнөөдөр албан ёсоор Улсын Дээд шүүхэд бүртгэгдлээ. Үүнээс гадна Үндсэн дүрмээ бүх гишүүдээрээ хэлэлцүүлээд намынхаа  их хурлаар нэмэлт өөрчлөлтийг нь баталсан. Өнөөдөр АН-ын ҮБХ-ны 410 гишүүний 60 гаруй хувь нь цоо шинэ хүмүүс байна. ҮБХ-ны гишүүдээ анхан шатнаасаа сонгож байгаа. Намын санхүүжилт ил тод болсон. Жилд хэдэн төгрөгний орлоготой, түүнийгээ хэрхэн захиран зарцуулдаг нь маш ойлгомжтой байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээсээ эхлээд намын дарга, үүрийн гишүүдээ анхан шатнаасаа сонгосон. Энэ бүхэн шинэчлэлийн нэгээхэн хэсэг. Энэ нь хэнд хэрэгтэй вэ гэхээр Монголд хэрэгтэй. -АН-ын шинэ үеийн гишүүд ямар байх ёстой юм бэ? -1990-ээд онд хүмүүс итгэл үнэмшлээрээ АН-ыг дэмжсэн байдаг. Харин дунд үед нь албан тушаал, ашиг сонирхлын үүднээс АН-ыг дэмжиж байсныг үгүйсгэхгүй. Тэгвэл өнөөдөр Үзэл баримтлалыг тээгч, хамгаалагч нь байж, энэ дагуу шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд итгэл үнэмшилтэй ажиллах хэн бүхэнд АН нээлттэй. Нөгөөтэйгүүр бид нэг зүйлийг сайтар бодох хэрэгтэй. Хэт намчирхал гэдэг зүйл чинь өөрөө аюултай зүйл байхгүй юу. Би дотроо А гэж бодож байсан ч таны Б гэж дэвшүүлсэн саналыг  хүлээн зөвшөөрөх учиртай. АН-ын Үзэл баримтлалын мөн чанар нь хувь хүний эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрөх, хамгаалах шүү дээ. Харамсалтай нь, өнөөдөр нам гэдэг зүйлийг хэтэрхий хайрцаглачихаж. Улмаар энэ нам, тэр нам гэдэг үзэл газар авч, ажлаас нь халах, эрхэнд нь халдах үйлдлүүд хэрээс хэтэрсэн. Тиймээс АН-ын шинэ үеийн гишүүд ямар байх ёстой юм бэ гэхээр бусдын эрхийг хүндэлдэг, байр суурийг нь сонсдог, баримтад тулгуурласан зөв хандлагыг өөрсдөөсөө үлгэрлэх хэрэгтэй. Бид олон ургалч үзлийг дэмждэг учраас миний зөв бусдын буруу гэдэг хандлагаар явж болохгүй. Танай, манай гэдэг сэтгэлзүйгээс биш Монгол гэдэг ойлголтоор аливаад хандах цаг нь болсон. -Үзэл баримтлалаа батлаад, Дээд шүүхэд албан ёсоор бүртгүүл­чихлээ. Тууштай баримталж, сахин хамгаалж чадахгүй байх вий гэх болгоомжлол байна уу? -Би энэ тал дээр харин ч өөдрөг үзэлтэй байгаа. АН-ын IX их хурал арванхоёрдугаар сарын 5-нд болсон. Хуралд оролцогчид 100 хувийн саналаар Үзэл баримтлалаа баталсан. Гэхдээ энэ нь зөвхөн гар өргөөд баталчихсан юм биш. Бүгд итгэл үнэмшилтэйгээр Үзэл баримтлалаа баталж байгаа нь цоо шинэ хандлага биш гэж үү. Санаж байна уу. Тамхины хууль хэрэгжихэд хүмүүс юу гэж байлаа. Энэ хэдэн сарын настай хууль бол гэж доог тохуу хийж байсан. Гэтэл өнөөдөр ч хэрэгжиж байна. Э.Бат-Үүл даргын үед дугаарын хязгаарлалт зэрэг олон шинэлэг зүйлс хэрэгжсэн. Аль хэдийнэ бид нэгдүгээр эгнээгээр зорчдоггүй байсан юм шиг, дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцдог байсан юм шиг амьдралдаа хэрэгжүүлээд явж байна. Энэ бол монголчууд шинэ соёлыг хэрхэн хурдан түгээн дэлгэрүүлдэгийн жишээ. Үзэл баримтлал бол АН-ын философи юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.10 № 7 (5974)
Элчин сайд Дамбын Ганбат онц бөгөөд бүрэн эрхт элчин цол хүртлээ

Элчин сайд Дамбын Ганбат Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цол хүртлээ

57 мин
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

7 цаг 55 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

7 цаг 55 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

7 цаг 55 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

19 цаг 0 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

Өчигдөр 06 цаг 00 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

Өчигдөр 06 цаг 00 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

Өчигдөр 06 цаг 00 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Уржигдар 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Уржигдар 15 цаг 44 мин