Ито Цүнэто
Төслийн ахлах зөвлөх
Япон улсын “Жайка” байгууллагаас Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
Япон улсад дээхэн үед “Дементиа (ой санамж, сэтгэцийн олдмол эмгэг)”-тэй хүнийг харж, асрах нь маш хүнд дарамттай, эдгэдэггүй эмгэг гэсэн ойлголт байсан. Энэ төрлийн эмгэгтэй хүн хоол идсэн ч идээгүй гэх, мартамхай болсондоо стрессдэж үг хэлээр доромжлох улмаар гар хүрэх шинж тэмдэг илэрдэг аж. Гэвч сүүлийн үед “Дементиа” эмгэг нь хэдхэн хормын өмнөх зүйлээ мартах ой санамжийн эмгэг, үйл явдлыг дэс дараалалтайгаар сэтгэж чадахгүй болох сэтгэхүйн эмгэг гэсэн үндсэн шинж тэмдэг илэрнэ. Үүнээс гадна үг хэлээр доромжлох, цохиж зодох, сэтгэлийн хөөрөлд орох, сэтгэл санааны хямралд орох, нойргүйтэх, өдөр шөнө солигдох зэрэг үйл хөдлөл, сэтгэл зүйн шинж тэмдэг илэрдэг.
Мөн “Дементиа” эмгэгт (Alzheimer type dementia, Frontotemporal dementia, Lewy body dementiaболон Cerebrovascular dementia) гэх төрлүүд байдаг гэж тогтоосон. Энэ төрлөөсөө хамаарч мэс засал эсвэл эм, эмчилгээний аргаар бүрэн засах эсвэл шинж тэмдгийг удаашруулах боломжтой.
Япон улсад “Дементиа” эмгэгийн талаар иргэдэд илүү их мэдээлэл хүргэх үүднээс “Дементиа эмгэгтэй иргэдэд туслалцаа үзүүлэх” тогтолцоог бий болгосон. Иргэд “Дементиа” эмгэгийн талаарх сургалтад хамрагдаж мэдлэгтэй болсноор “Дементиа эмгэгтэй иргэдэд тусламж үзүүлэгч” болох зорилготой. Ингэснээр ямар нэгэн онцгой зүйл хийхдээ гол биш. “Дементиа” эмгэгийн талаар зөв мэдлэгтэй болж “Дементиа” эмгэгтэй иргэн болон түүний гэр бүлийг ойлгож, хүлээн авч халуун дулаан сэтгэлээр хандаж, харилцаа тогтоох нь чухал. Үүний дараа өөрсдийн хийж хэрэгжүүлж чадах тусламж үйлчилгээг үзүүлэхэд чиглэнэ. Жишээлбэл, гэр бүл, найз нөхөддөө энэ эмгэгийн талаар мэдээлэл өгөх, “Дементиа” эмгэгтэй хүн болон түүний гэр бүл, сэтгэл санааны байдлыг зөвөөр ойлгох, худалдаа үйлчилгээний төв, нийтийн тээвэр зэргээр үйлчлүүлэх үедээ өөрсдийн хийж чадах зүйлээрээ туслалцаа үзүүлэх гэсэн төрөл бүрийн арга зам байдаг. Анх 2005 онд энэ тогтолцоог бий болгосноос хойш жил ирэх тусам сургалтад хамрагсдын тоо нэмэгдэж өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар 10 сая гаруй иргэн сургалтад хамрагдсан байна.
Япон улсад өмнө нь өндөр настай иргэд болон түүний гэр бүл “Дементиа эмгэгтэй иргэдэд туслалцаа үзүүлэгч” болох нь элбэг байсан. Сүүлийн үед, цагдаа, орон нутгийн захиргааны төрийн албан хаагчдаас гадна банк, шуудан, 24 цагийн дэлгүүр, супермаркетын ажилчид сургалтад идэвхтэй оролцож, үйлчлүүлэгчдийн дунд “Дементиа” эмгэгтэй байж болзошгүй иргэдийг гэр бүлд нь мэдэгдэх арга хэмжээг хэрэгжүүлдэг болж байгаа юм. Мөн ерөнхий боловсролын сургуулиудад “Дементиа” эмгэгийн талаарх сургалт зохион байгуулдаг болж өсвөр насны “Дементиа эмгэгтэй иргэдэд туслалцаа үзүүлэгч”-ийн тоо улсын хэмжээнд хамгийн их байдаг. Япон улс өндөр насжилттай болж байгаатай холбогдуулж хэн ч “Дементиа” эмгэгтэй болох магадлалтай гэсэн ойлголттой болж дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлдэг болсон. Монгол Улс ч мөн адил цаашид өндөр насжилттай болох хандлагатай учир “Дементиа” эмгэгт тохирсон арга хэмжээ авч эхлэх нь зүйтэй болов уу.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.1.9 № 6 (5973)
“Дементиа буюу ой санамж, сэтгэцийн олдмол эмгэг”
2019-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин