Д.ОЮУНЧИМЭГ
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэж байна. Энэ удаагийн зочноор “Номадик контент” компанийн захирал Г.Гантуяаг урилаа.
СОЁЛ УРЛАГ БА ЭДИЙН ЗАСАГ
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд соёл урлагийн бүтээлийг хэрхэн үйлдвэрлэлтэй уялдуулж хөгжүүлэх вэ гэдэг талаас нь харж, судалж ирсэн. Ингэснээр тухайн бүтээлийн дүрүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж байгааг олж харсан юм. Жишээлбэл, Монгол Улсын хүүхдийн контентын зах зээлийн дийлэнх буюу 90 гаруй хувийг гадаадын бүтээл эзэлдэг.
Хэдийгээр төрийн зохицуулалтаар үндэсний контентын хэм, хэмжээг тогтоосон ч энэ нь гадаад зах зээл дээр өрсөлдөх чадваргүй байна. Учир нь тухайн бүтээлд зарцуулах хөрөнгийн эх үүсвэрээс шалтгаалан гадны контенттэй өрсөлдөх хэмжээнд хүрэх боломжгүй байгаа юм. Мэдээж чанар, агуулгын хүрээнд шаардлага хангасан бүтээл дутмаг байсаар ирснийг хүмүүс харж байгаа болов уу. Тэгэхээр энэ салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулж үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөшүүрэг болгох боломжийг эрэлхийлэн “Маамуу” төслийг цогц хэлбэрээр хөгжүүлсэн нь хүүхэд бүрийн хайрыг татаж, олны хүртээл болсонд нь баяртай явдаг. Би дээр хэлсэн соёлын контентыг дэмжих Монгол Улсын төрийн бодлого дутмаг учраас энэ салбарыг анхаарахгүй байна гэж хардаг. Бусад улс орныг харвал улсаа хөгжүүлэх бодлогоо гаргахдаа соёлын бодлогыг нэн тэргүүнд тавьдаг юм билээ. Тиймээс соёл урлагийн салбарыг дагаж нийгэм төлөвшиж, хүмүүс нь хүмүүжсэнээр эдийн засгийн хөшүүрэг болдог байна. Тэр ч бүү хэл зөвхөн хүүхэд гэлтгүй насанд хүрэгчдийн хувьд ч соёлын салбарт өөрийн гэх контент ховор байгаа учраас манай баг хүүхэлдэйн киноны хоосон орон зайг нөхсөн бүтээл туурвихаар зорьсон. Ингээд л “Маамуу” төсөл төрж байсан юм шүү дээ. Төсөл маань амжилттай хэрэгжсэн учраас “Ботгохон” төслийг Монголынхоо бяцхан үрсэд барьж буй хоёр дахь бэлэг болгохыг хүссэн. Өнгөрсөн оны тавдугаар сараас энэ төслийн санаа, төлөвлөлт дээр зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлсэн. Ингээд зурагт ном болон буддаг номоо гаргаад байна.
“БОДЛОГО, ТӨСӨВ”-ГҮЙ САЛБАР
Яагаад хүүхдийн контент бүтээх болсон бэ гэж хүмүүс асуудаг юм. Миний хувьд “Номадик Контент” компаниа байгуулаад удаагүй байгаа тул хүүхдийн контентын салбарт хөл тавина гэдэг чанга байсан. Гэхдээ бид өнөөдөр эх оронч ирээдүйн иргэдийг бэлтгэхийг зорьж байгаа бол үндэсний хэв маяг, уламжлал, зан заншлыг орчин үетэй хослуулсан соёл урлагийн бүтээлийг олноор туурвих учиртай. Тэр ч бүү хэл “Маамуу” төслийг эхлүүлэхээр зэхэж байх үед хүмүүс манай багийг төслөө амжилттай хэрэгжүүлнэ гэхэд итгэдэггүй байсан. Гэсэн ч бид уйгагүй хөдөлмөрлөснийхөө үр дүнд “Маамуу”-гийн дүрүүдийг олны танил болгохын сацуу үйлдвэрлэгчидтэй хамтарч ажиллан дүрийн бизнесийг амжилттай хийж чадсан. Манай улсын хувьд соёл урлагийн бүтээл туурвих боломжийг бүрдүүлэх бодлого дутагдаж байна. Өөрөөр хэлбэл, төрийн бодлого, төсөв хангалтгүй учраас сайн контент бүтээхэд олон хүндрэлтэй тулгардаг. Тиймээс уран бүтээлчид маань өөрсдийнхөө хүчээр контент бүтээж байна. Мэдээж төсөв нь бага байгаа учраас дэлхийн зах зээл дээр гадны контентуудтай өрсөлдөж чадахгүй байгаа нь бодит үнэн. Сүүлийн үед монгол кино, ном зохиол, нэвтрүүлэг гэж алга хэмээх болсон нь ч үүнтэй холбоотой. Хэрэв цаашид төр соёлын салбартаа анхаарлаа хандуулж, дорвитой бодлого гаргаж, хөрөнгө төсөвлөхгүй бол энэ салбар тэр чигтээ уналтад орно. Хэдийгээр уран бүтээлчид нэгдэж, нийлж бүтээл туурвилаа ч үр дүн нь ямар байгааг өнгөрсөн цаг хугацаа харуулж байна. Орчин үеийн монгол киног үзэх сонирхолгүй байгаагаа олон нийт хэлдэг, шүүмжилдэг. Хатуу ч гэлээ энэ нь төсөвт өртөгтэй холбоотой юм. Манай жүжигчид, уран бүтээлчдийн ур чадварыг дутуу үнэлж бас болохгүй. Тэд өөрийн авъяас чадвараа олонд харуулж байгаа. Бид чадвартай уран бүтээлчдээ ашиглан сайн контент бүтээж түүнийгээ үйлдвэрлэлтэй холбож хөрөнгө босгох хөшүүрэг болгон ашиглах учиртай. Үүний тулд соёлын контент бүтээх зардлыг өндөр дүнгээр төсөвт тусгаж өгөх хэрэгтэйг энд онцлон тэмдэглэмээр байна.
“БОТГОХОН” ТӨСЛИЙН ӨГӨӨЖ “Ботгохон” төсөл нь үндэсний дүрээр дамжуулан бага насны хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийг дэмжих, хүүхдийн хөгжилд эцэг эх, асран хамгаалагчийн олон талт оролцоог нэмэгдүүлэхийг зорьсон. Мөн ирээдүйн зөв төлөвшилтэй иргэнийг хөгжүүлэхэд чиглэхийн сацуу энэ салбарт дутагдалтай байгаа хүүхдийн контентыг нэмэгдүүлэх зорилготой. Ингэхдээ “Ботгохон” үндэсний дүрийг бүтээж, түүний хөгжилтэй бас сургамжтай адал явдлаар хүүхдүүдэд багаас нь эерэг хандлагад суралцаж дадал бий болгох учиртай. Мэдээж үндэсний түүх соёл, уламжлалт зан заншил, газар зүйн онцлог байгалийн өвөрмөгч тогтоц, үнэт зүйлсийг таниулан, төлөвшүүлнэ. Мөн Монгол Улсын биет болон биет бус соёлын өвийг сурталчлах, түүгээр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа. Тухайлбал, бидний сайн мэдэх Солонгос улс өөрсдийн баялаг түүхгүй ч, 3000 жилийн түүхтэй хэмээн өөрсдийгөө сурталчлан аялал жуулчлалаа хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж, хүүхдийн контентийг хөгжлийнхөө нэг хүчин зүйл болгож чадсан. Гэтэл Хүннү гүрнээс хойш Монголыг байлдан дагуулж чадсан баялаг түүхтэй манай улс баялгаа хадгалсаар өнөөдрийг хүрч байна. Тэгэхээр бид өв соёл, түүх, байгалийн өвөрмөц тогтоц, дэлхийд ховор амьтдаараа урлагийн бүтээл, контент хийх нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах боломжийг бүрдүүлэх юм. Тухайлбал, Өмнөговь үлэг гүрвэлийн олдвор, ул мөрөөр арвин, түүхийн хосгүй дурсгалтай аймаг. Тиймээс “Маамуу” төслийнхөө хоёр дүрийг диназоврын үр төлөөр сонгосон. Түүнтэй адил “Ботгохон” төслөөрөө говийн байгалийн өвөрмөгц тогтоцыг дүрслэн харуулах, ховордсон амьтдаар дүр бүтээхээс гадна хүүхдийн хайртай үлгэрийн дүр бүтээх нь бидний зорилго. Үүнийг дагаад хүүхдүүдийг говиор аялах хүсэл мөрөөдөлтэй болгох нь хамгийн чухал. Ботгохон дүртэй аялал жуулчлалын бааз, хүүхдийн парк, музейн үзмэрүүд бий болгож, дотоод гадаадын жуулчдыг татах замаар эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бий. ДҮРИЙН БИЗНЕСИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ “Маамуу” төслийн үр дүнгээс та бүхэн хүүхэлдэйн киноны дүрүүд ихэнхдээ хүүхэд бүрийн хайртай баатар болдгийг харсан байх. Тиймээс дүрийн бизнесийг хөгжүүлснээр Монгол Улсын хөгжилд нэмэртэй, эдийн засгийн хөшүүрэг болох боломжийг харсан болов уу. “Ботгохон” төсөл зөвхөн танин мэдэхүй, хүүхдийн хөгжил гэхээс илүүтэй тэнд гарч байгаа дүрүүд нь бодитой байвал дагаад эдийн засгийн эргэлтийг дэмжих боломжтой. Тухайлбал, “Маамуу” төслийн дүрийг ашиглах эрхийг хэдхэн компаниудад өгөхөд чамгүй үр дүнтэй ажилласан. Тэгэхээр бид цаашдаа илүү олон үндэсний үйлдвэрлэгчтэй хамтран “Нэг брэнд Нэг гарц” гэсэн бодлогыг амжилттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Түүгээр ч үл барам хүүхдийн контент гэдэг өөрөө нийгмийн хариуцлага. Монголчууд бидний хамгийн эмзэг сэдэв бол байгаль экологийн асуудал. Тэгэхээр яах аргагүй контентоор дамжуулан байгаль дэлхийгээ хайрлах төлөвшлийг суулгах хэрэгтэй. Байгаль экологийн тэнцвэр алдагдаад ирэхээр ургамал амьтад оршин тогтноход сөргөөр нөлөөлдөг учраас багачуудад амьтдыг хайрлан энэрэх сэдлийг төрүүлэх нь чухал юм. Бид Өмнөговь аймгийг онцолсон нь учиртай. Яагаад гэвэл цөлжилт ихтэй аймгуудын нэг. Тухайлбал, тус аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрийн 50 орчим хувь нь цөлжилтөд хүчтэй өртсөн гэсэн судалгаа бий. Сүүлийн жилүүдэд уул уурхай эрчимтэй хөгжиж, үүнээс шалтгаалан байгаль орчны нөхөн сэргээлтийг хангалттай хийж чадахгүй байгаагаас цөлжилтийн аюул нүүрлээд байгаа юм билээ. Энэ нь нутгийн ургамал амьтан устахад ихээхэн нөлөө үзүүлэхээс гадна аялал жуулчлалын урсгал хумигдах талтай. Гэтэл Өмнөговь аймаг түүх дурсгалын ямар их арвин нөөц, өлгий болдог билээ дээ. Аялал жуулчлалыг нь дэмжиж өгснөөр тухайн аймгийн эдийн засаг хөгжихөд чухал үүрэгтэй. Магадгүй төсөл маань амжилттай хэрэгжвэл зөвхөн Өмнөговь бус Хөвсгөл, Хэнтий зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудад цогц төслүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Нөгөөтэйгүүр дэлхийн нийт тэмээний 94 хувийг ганц бөхт тэмээ, зургаан хувийг хос бөхт тэмээ эзэлдэг. Тиймээс дэлхийд хосгүй тэмээгээ сурталчлан таниулах нь бидний зүй ёсны үүрэг. Нөгөө талаас бид ганцхан Монголд амьдардаг, улаан номд орсон мазаалайг нэг дүрээрээ сонгосон. Өдгөө 20 гаруйхан үлдсэн энэ амьтныг хамгаалах асуудалд мөн анхаарал хандуулах болно. Ийнхүү зорилготой дүр бүтээж түүнийгээ бизнестэй уялдуулан эдийн засгийн хөшүүрэг болгосноор манай төслийн багийнхны зорилт биелэхийн зэрэгцээ цаашид уран бүтээл туурвих хүмүүст ч урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байдаг. ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ БУЮУ ДҮРИЙН БИЗНЕС Миний мөрөөдөл бол дүрийн бизнесээрээ дэлхийн контентын зах зээлд өрсөлдөх. Өөрөөр хэлбэл, төрөөс уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлдэг болбол эргээд эдийн засагт нөлөөлөхүйц уран бүтээлийг бид хийж чадна. Нөгөөтэйгүүр манай улс зах зээлийн багтаамж бага хэдий ч дэлхийн зах зээл рүү гарах боломж бий. Тэгэхээр зөвхөн дотоодын зах зээлд борлуулах тухай асуудлаас гадна олон улсын зах зээлд гарах асуудлыг нэлээд хөндөж байгаа. Үүнийг зөвхөн манай төслийнхнөөс гаднаы бизнесийн салбарынхан тэр дундаа үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ экспортлоход анхаарч ажилладаг юм билээ. Мэдээж гадны зах зээл дээр бүтээгдэхүүнээ борлуулахын тулд тухайн зах зээл дээрх бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөхүйц чанартай байх ёстой. Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд дээр дурдсанчлан хөрөнгийн эх үүсвэр зайлшгүй шаардлагатай болно. Эргээд л төрийн бодлого, дэмжлэг, хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг хөндөхөөс аргагүй болж байгаа юм. Манай улс жижиг зах зээлтэй хэдий ч импортын бүтээгдэхүүнээс хэт хамааралтай байгааг хүмүүс мэддэг. Хэрэв тэдгээр бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадвал эрэлт нь байгаа гэдгийг импортын барааны борлуулалтаас харж болно. Үйлдвэрлэгчид дотоодын зах зээлийг хамгаалах бодлого дутаж байгааг ярьдаг. Тэгэхээр төрийн зүгээс эхлээд дотоод зах зээлээ хамгаалах бодлогоо тодорхой болгох нь зүйтэй. Бид дотоод зах зээлээ хамгаалснаар бүтээгдэхүүний чанар, өртөгийн талаар ярилцаж болно. Нөгөөтэйгүүр гадны зах зээл рүү үндэсний гэх агуулга хадгалсан бүтээгдэхүүн борлуулах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байгаа юм. Соёл урлагийг үндэсний үйлдвэрлэгчидтэй холбох эхний алхам хийгдсэн. Тиймээс үүнийг эдийн засгийн эерэг үзүүлэлтэд нөлөөлөхүйц хөшүүрэг болгох боломжийг төрийн бодлогоор хамгаалах нь зүйтэй гэж харж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.7 № 4 (5971)Блиц Ганбүргэдийн ГантуяаМэргэжил: Бизнесийн удирдлагын докторант Мэдээлэл технологийн салбарт ажилласан байдал: 17 дахь жил Одоогийн албан тушаал: “Номадик Контент” компанийн Ерөнхий захирал Өмнөх албан тушаал: "Монгол контент” компанийн Гүйцэтгэх захиралХийж гүйцэтгэсэн ажлууд: 2018 он: "Ботгохон” төсөл 2017-2018 он: "Маамуу” Үндэсний төсөл 2015-2018 он: “Монгол Мюзик” төсөл 2014 он: "Ногун” комик 2013-2017 он “Монгол Кино” төсөл 2012 он: Монголын анхны Дээжис дижитал сэтгүүл 2016 он: www.Yolo.mn веб 2010-2016 он: GoGo Kids болон GoGo TV, Е-Book, GoGo Mongolia сайт 2005-2010 он: Vas, Mobimedia, Hitone, GoGo зэрэг олон төсөл хэрэгжүүлжээ.