Б.Лакшми: “Том жорлон”-гийн асуудлыг шийдвэрлэснээс өөрийг хийсэнгүй

2019-01-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийн захирал, эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.   -Та Монгол Улсын эдийн засгийн байдлыг хэрхэн харж, дүгнэж байна вэ. Энэ тухай ярилцлагаа эхэлье? -Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Энэ нь засаглалтай шууд холбоотой гэж харж байна. Учир нь “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв” маань Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан боловсруулж гаргадаг. Тайлангаас харвал сүүлийн жилүүдэд засаглалын үзүүлэлтүүд эрс буурч ирсэн. Одоогийн байдлаар бид дайн дажинтай Венесуэлтэй мөр зэрэгцэн очсон байна. Венесуэлийн эдийн засаг цагтаа тогтвортой өсч байсан. Харин хувийн компаниудаа төрийн өмч болгосноор зовлон нь эхэлсэн. Харамсалтай нь бид ч мөн энэ жишгээр явах хандлага бий болсон байна. Учир нь хувийн өмчийг төрд авах талаар их яригдах боллоо. Манай улсын хувьд төрийн өмчит компаниудаа хувьчлах нь зүйтэй болов ч түүнийгээ хэрэгжүүлэх талдаа хойрго хандаж байна. Хэрэв бид төрийн өмчит компаниа шударгаар хувьчилж чадвал эдийн засагт томоохон өөрчлөлт гарах боломж бий. Венесуэлийн тухайд газрын тосны нөөц нь дэлхийд томоохонд тооцогдох орнуудын нэг атлаа муу засаглалаас болж өнөөдөр хүнд байдалд орсон юм шүү дээ. Үймээн самуун гээд нөхцөл байдал нь өдрөөс өдөрт хүндэрч байгаа орон. Гадаад хөрөнгө оруулагчид бол бүр байхгүй болсон. Монгол Улс маань ийм орны хэмжээнд очсон гэхээр харамсалтай байна. Загас толгойноосоо мууддаг гэдэг юм. Тийм болохоор өнөөдрийн эдийн засгийн хүндрэлийг даван туулья гэвэл сайн засаглал маш чухал. Засаглал нь тогтвортой, бодлого нь тодорхой байх хэрэгтэй гэсэн үг. Гэтэл бид энэ жил ямар орлого олж, ямар зарлага гаргах вэ гэдгээ бодитоор тооцоолж чадсангүй. Орлогоо хэт өөдрөгөөр төсөөлсөн. Зарлага талдаа ч танаж болох зардлуудаа хасч чадаагүй. Энэ нь магадгүй сонгуулийн жилийн өмнөх он учраас гэж тайлбарлаж болох. Гэвч бид дөрвөн жилийн мөчлөгтэй сонгууль гэх 10 гаруйхан хоногт захирагдаж амьдрах ёстой гэсэн үг биш. Бид урт хугацаанд Монгол Улсыг хэрхэн хөгжүүлэх вэ, эдийн засгаа хэрхэн чадамжтай болгох вэ, өр зээлээ хэрхэн барагдуулах вэ гээд бодож, бодитоор төлөвлөж хийх ёстой олон ажил бий. Энэ бүхнийг улстөржүүлээд саармагжуулаад байх нь зохистой биш. -Тэгвэл 2019 он эдийн засгийн хувьд ямар байна гэж та харж байна? -2019 оны нөхцөл байдлын талаар ярихаасаа өмнө 2018 оны сүүлээр Монгол Улсын эдийн засгийн талаар товч хэлэх нь зүйтэй байх. Гадаад орчны нөхцөл байдал муудсанаас шатахууны үнэ өсч, нүүрсний экспорт зогссон, ам.долларын ханш өссөн зэрэг богино хугацаанд нэлээд өөрчлөлтүүд гарлаа. Мөн ам.долларын ханш ойрын хугацаанд буухгүй төлөвтэй байна. Энэ нь “Цагаан сар” удахгүй болох гэж байгаатай холбоотой гэж тайлбарлаж болно. Өнгөрсөн оны төгсгөлд ам.долларын ханшийг тав орчим төгрөгөөр бууруулсан хэмээн албаныхан тайлбарлах байх. Тэгвэл ийнхүү бууруулахын тулд хэдий хэмжээний төгрөг зарцуулснаа олон нийтэд мэдээлж бодит байдлыг танилцуулах хэрэгтэй. Түүнчлэн төсвийн орлогын дийлэнхийг уул уурхайн салбарын экспортоор бүрдүүлдэг. Жишээлбэл, энэ жил 42 сая тонн нүүрс экспортлохоор төсөвт тусгажээ. Мэдээж энэ нь хийсвэр төсөөлөл биш байх. Гэхдээ л биелэлээ олно гэдэгт эргэлзэж байна. Тэгэхээр бодит байдлыг тооцож чадаагүйгээр барахгүй байж болох хэмжээг хэт өөдрөгөөр төсөөлсөн нь төсвийн орлого тасалдах эрсдэл дагуулж байгаа хэрэг. Учир нь манай нүүрсний гол экспортлогч БНХАУ хэзээнээс эхэлж нүүрс авах нь тодорхойгүй байна. Нүүрсний экспорт зогсох тухай ярихаар Гашуун сухайтын боомтоор нэвтрүүлэх эсэх асуудалтай холбож тайлбарладаг болжээ. Гэтэл энэ нь өөр агуулгатай гэдгийг ойлгож, анхаарах учиртай. Яагаад гэвэл Хятадын төрийн зөвлөлөөс агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөг өнгөрсөн оны зургадугаар сард шинэчлэн баталсан байдаг. Энэ баримт бичигт тусгасганаас харвал, Бээжин орчмын төвийн бүсийн мужуудын агаарын бохирдлыг бууруулахын тулд нүүрсний хэрэглээг гурван жилийн хугацаанд багасгах бодлого баримтлахаа илэрхийлсэн байгаа юм. Тиймээс өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Хятад улс нүүрсний импортоо хязгаарласан шийдвэр гаргасан. Хэдийгээр Хятад улс тодорхойгүй байдлаар нүүрсний импортыг хязгаарлахдаа агаарын бохирдлыг бууруулна гэж байгаа ч нөгөө талдаа дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжихийг зорьсон хэмээн Австралийн судалгааны байгууллагын шинжээч тайлбарласан байна лээ. Тэгэхээр энэ шийдвэр ямар хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байгаа гэдгийг ч мөн судлаачид хэлж байна. Тэгэхээр улсын төсөвт нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлж тооцоолсон нь худал болох хандлага ажиглагдаж байна гэсэн үг. Хэрэв урд хөрш дээрх бодлогоо ирэх жил бүтэн хэрэгжүүлэхээр болчихвол төсвийн орлогын тооцоолол үндэслэлгүй болохын сацуу томоохон эрсдэл дагуулна. Түүнчлэн энэ жил төрийн албан хаагчдын цалин, ахмад настны тэтгэвэрийг нэмэх болж байгаа юм. Төрийн 180 мянга орчим албан хаагчдын 70 орчим хувийг эмч, багш, соёл урлаг зэрэг төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа салбарынхан эзэлдэг юм байна. Эмч, багш нарын цалин нэмэх асуудлаар нэлээдгүй асуудал үүсч гурван талт хэлэлцээрийн хүрээнд цалинг нэмэхээр болсон. Хэдийгээр зайлшгүй нэмэх шаардлагатай ч үүний цаана үүсэх нөхцөл байдлыг бас бодолцох учиртай. Зах зээл дээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхэд инфляцийн төвшин өсдөг шүү дээ. Өргөн хэрэглээний барааны үнэ өснө гэдэг бид нарын өдөр тутмын худалдан авалтад шууд нөлөөлнө. Бүр тодруулбал, хэтэвч дэх мөнгө инфляцитайгаа уялдаад үнэгүйдэнэ гэсэн үг. Нөгөөтэйгүүр, манай улсын эдийн засгийн чадамж ямар билээ гэдгийг харгалзах учиртай. Бид бодит байдалтай нүүр тулж, түүндээ зохицсон төрийн бодлого хэрэгжүүлдэг байх хэрэгтэй юм. Хэдийгээр өнгөрсөн жил эдийн засаг 5.3 хувиар өссөн ч энэ нь цалин, тэтгэвэр нэмэх хэмжээнд хүрэхгүй. Яагаад гэвэл, манай гадаад өр нэлээд өндөр, ам.доллараар төлөгдөж байгаа болохоор ойрын жилүүдэд зайлшгүй бүсээ чангалах хэрэг гарах болов уу. -Ирэх жилүүдэд өрийн дарамт үүснэ гэж ярилаа. Өнгөрсөн жил зарим өрийг төлж барагдуулсан биш бил үү. Одоогийн эрх баригчид өр багассан гээд байгаа шүү дээ? -Харамсалтай нь бидний өр багасаагүй. 2017 онд Хуралдай болон Гэрэгэ нэртэй бонд гаргаж өмнөх өрөө төлсөн. Өөрөөр хэлбэл, урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөн гэсэн үг. 2012 он хүртэл гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өндөр, байнга өсч байсан бол 2012 оноос хойш гадаад хөрөнгө оруулалт буурч Засгийн газар, Монголбанкны өр нэмэгдэж эхэлсэн. Эдийн засгийн өсөлт тогтвортой байх үед эдгээр өрийг дарахад төдийлөн хүндрэл учрахгүй л дээ. Гэтэл бид гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдыг ажиллах боломжоор хангаж чадахгүй байна. Энэ нь өнөөх л улс төр болоод төрийн бодлогын тогтворгүй байдлаас үүдэлтэй. Би дээр хэлсэнчлэн засаглал муу байгаа учраас дорвитой шийдвэр гаргаж хөрөнгө оруулалт хийх итгэлийг төрүүлэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, гадаад хөрөнгө оруулалт татах бодлого ч алга. Ялангуяа 2020-2024 онуудад өмнө нь авсан олон зээлийн үндсэн өр эргэн төлөгдөх тул хүндхэн жилүүд болно. Сүүлийн жилүүдэд төсвөөсөө 2-3 дахин давсан өртэй яваад байгаагийн уршиг урт хугацаандаа гарна. Айл өрхөөр аваад үзвэл сарын орлогоос давсан зарлага гаргаад байна гэсэн үг л дээ. Энэ байдал удаан үргэлжилбэл, тухайн өрх маш хүнд байдалд орно. Шуудхан хэлэхэд өрөө төлж дийлэхгүй болно гэж ойлгож болно. Хамгийн их хэмжээний өр 2022, 2023 онуудад төлөгдөхөөр байгаа. Бүр тодруулбал, 2022 онд 1151.7 сая ам.доллар, 2023 онд 1186.5 сая ам.долларыг тус тус төлнө. Одоо байгаа УИХ-ын гишүүд үүнийг асуудал гэж харахгүй байгаа. Тэдний хувьд 2020 он хүртэл сонгогдсон учир тэрнээс цаашхи хугацаанд юу болох нь хамаагүй мэт аашилж байна. Ер нь монголын нийгэм, улс төрийн хүрээнд хоосон популизм, хэрүүл тэмцэл, хагарал, хар сурталчилгаа хэт газар авч байгаа нь эдийн засаг болоод улсын хөгжилд “чөдөр” болж байгаа юм. Бие биетэйгээ дайсагнасан, хэрүүл тэмцэлээр дүүрэн цаг үе үргэлжилж байхад дэлхий нийтийн хөгжил дэвшил биднээс холдсоор л байна. Хүн төрөлхтөн хиймэл оюун ухаан, аж үйлдвэрийн IV хувьсгалын тухай ярьж байна. Гэтэл бид 100 жилийн өмнө тэдний өмнө тулгарч шийдчихсэн асуудлуудын тухай ярьж, түүнийгээ хэрүүлийн алим болгон хувааж идэж байгаа нь эмгэнэл. Агаарын бохирдол, утаа, хүн амын хэт төвлөрөл, хөрсний бохирдол, уул уурхайн эсрэг тэмцэл хийж өөр хоорондоо арцалдсаар. Хамгийн гол эдгээр асуудлын талаар хэлэлцэж, ярилцах нь зүйн хэрэг болов ч ямар ч гарц гаргалгаа, шийдвэргүйгээр хэмлэлдэх нь буруу юм. Үнэн хэрэгтээ бид агаарын бохирдлыг бууруулахын тулд бодит ажил хийх талаар, түүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх тухай ярилцах учиртай. Түүнээс олон нийтээс “онц” үнэлгээ авах нүүр тахалсан сурталчилгаа хэрэггүй л дээ. Манай төрийнхөн гадныхнаас “мөнгө гуйж” явахдаа зарим зүйлийг анхаармаар байдаг юм билээ. Намайг олон улсын уулзалтад оролцож байхад гадны төлөөлөгч “Танай улсын төрийн түшээд зээл хүсээд явж байхдаа тухайн улсынхаа хамгийн үнэтэй буудалд байрладаг. Түүнийг нь огт ойлгодоггүй” гээд их л гайхсан янзтай ярьж байсан. Хэдийгээр сонсоход эвгүйцмээр байсан ч бодит үнэн. Хоолны мөнгө зээлүүлээ ч гэж гуйж байгаа хүн арван хуруундаа алтан бөгжтэй байвал хэн ч түүнд мөнгө зээлүүлэхийг хүсэхгүй л байх. Түүнтэй л ижил харагдаж байна л даа. -Тэгвэл бид яах ёстой вэ? -Дараагийн сонгуулиар маш хариуцлагатай сонголт хийх хэрэгтэй. Төсвийн орлогыг татвар төлөгчдийн буюу та бидний авдаг цалингаас төлдөг хүн амын орлогын албан татвар /ХАОАТ/ болон бусад татвараар бүрдүүлдэг. Тэгэхээр ард түмний мөнгийг зөв зарцуулж, улс орно хөгжүүлэх бодлогыг боловсруулах эрхийг УИХ-ын гишүүдэд өгч байгаа. Харамсалтай нь бидний халааснаас “хулгайлсан” мөнгөө сонгуулиар буцаагаад тараадаг. Гэтэл сонгогчид бага ч гэсэн юм өгч байгаа юм чинь гэх хандлагаар авчихаж байна. Үнэндээ бол таны татварт төлсөн мөнгийг “Намайг дэмжээрэй” гээд “бэлэг” болгон өгч байгаа хэрэг. Тиймээс сонгуулийн насныхан улс орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө өөрийн хувь нэмрийг бодитоор оруулахын тулд сонгуульдаа идэвхитэй оролцож, сонголтоо зөв хийх хэрэгтэй. Түүний дараа сонгогдсон эрхэм гишүүд хувийн биш үндэстний эрх ашгийн төлөө идэвхитэй ажиллаж сайн засаглалыг бий болгон, бэхжүүлэхийн төлөө хүчин зүтгэх ёстой. Сайн засаглал гэдэг хувийн хэвшил болоод төрийн бүхий л байгууллагад байх учиртай юм. Хэрэв сайн засаглалыг бэхжүүлж чадвал эдийн засгийн хүндрэлээс гарах бодлого боловсруулж, шийдвэр гаргах боломж бүрдэнэ. Мэдээж эдгээрийг хийхийн тулд боловрсолтой, чадварлаг боловсон хүчин тун чухал. Иргэдийнхээ халааснаас хулгай хийж, буцааж тараадаг увайгүй удирдагчид хэрэггүй гэдгийг энд онцлон тэмдэглэмээр байна. Ард түмний итгэл алдарч, нийгэм даяараа бухимдаж байгааг бид бүгд харж байна шүү дээ. Улс оронд тулгамдаж байгаа асуудлыг шат дарааллан шийддэг төр хэрэгтэй. Гэтэл бид хулгай хийдэг, хуурч мэхэлдэг, ард иргэдийг талцан хуваадаг, хоосон популизм хийдэг улс төрч, бодлого боловсруулагчидтай болчихсон нь үнэн. Венесуэл гэдэг улс удирдагчдынхаа буруу бодлогын уршгаар хөгжин цэцэглэж байсан эдийн засгаа нурааж, ард иргэд нь дүрвэх болсон. Бид Венесуэл шиг болж болохгүй. Бид өөр хоорондоо тэмцэлдэж, хагаралдаж байх зуур улс орны эдийн засаг муудаж, ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. Залуу үе маань ирээдүйдээ итгэх итгэл найдвар нь алдарч улс орноосоо дүрвэх хандлага ажиглагдаж эхэллээ. Хий хоосон популизм, хагарал, талцалаа таягдан хаж бодит байдлыг зөв харж, асуудлыг шийдэж, урагшилж чадах сайн засаглалыг бид бий болгох зайлшгүй шаардлага тулгараад байна. -Та эдийн засгийн бүсчлэлийг тогтоож, тогтвортой хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэг шүү дээ. Энэ талаар тодруулаач? -Манай улсын хувьд эдийн засгийн бүсчлэлийг тогтоох цаг болсон. Одоогийн байдлаар байгалийн тогтолцоогоор нь хуваасан байдаг. Тэгэхээр үйлдвэрлэлээ хөгжүүлж ажлын байрыг нэмэгдүүлэх орон зай хумигдмал болж байгаа юм. Жишээлбэл, одоогийн нөхцөл байдлыг харахаар аймаг тус бүртээ махны үйлдвэртэй болно гэж төлөвлөсөн байдаг. Энэ нь ямар ч үр өгөөжгүй, хөрөнгийг хоосон үрэгдүүлсэн зүйл болж хувирна шүү дээ. Учир нь Орхон аймагт махны үйлдвэр байсаар атал Булган махны үйлдвэр барих нь илүүц зүйл. Тэгэхээр аймгуудыг эдийн засгийн бүс болгон хуваах хэрэгтэй. Ингээд тухайн бүст ямар үйлдвэр илүү хөгжих вэ гэдгийг тодорхойлох нь зүйтэй. Нөгөөтэйгүүр эдийн засгийг солонгоруулах, төрөлжүүлэх тухай маш олон жил ярьж байгаа ч биелэлээ олж ажил хэрэг болсон зүйл алга. Үүнийг ажил хэрэг болгохын тулд тогтвортой бодлоготой байх зайлшгүй шаардлагатай. Ийм байдлаараа цаашаа хөгжих юм бол Улаанбаатар болон бусад суурин газарруу шилжих хөдөлгөөн багасахгүй бүр нэмэгдэхээр байна. 2010 онд Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан Хүн амын хэтийн төлвийн тооцоог харах юм бол 2030 он гэхэд Монгол Улсын хүн амын 53 хувь нь Улаанбаатар хотод амьдрахаар гарсан. Нөгөөтэйгүүр үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай ярьж байгаа ч суурь хөрс нь алга гэхэд хилсдэхгүй. Үйлдвэрлэгчид үүнийгээ байнга ярьдаг шүү дээ. Алхам тутамдаа шахалт, дарамттай тулгарч байхад үйлдвэр хэзээ ч хөгжихгүй. Тэр ч бүү хэл бид сонгуулийн дөрвөн жилийн мөчлийг дагаад саваад байвал эдийн засаг тогтворгүй, ажлын байрыг нэмэгдүүлэх боломжгүй, дундаж давхаргынхнаа чадавхжуулах ямар ч боломжгүй гэдгийг цаг хугацаа харуулж байгаа. Тиймээс улс төрийн орчинд ч эдийн засаг, бизнесийн орчинд ч тогтвортой бодлого маш чухал. -Эдийн засагчдын “мөнхийн” сэдвийн нэг нь мөчлөг сөрсөн бодлого чухал гэлцдэг. Гэвч энэ нь хэрэгжихгүй байна гэх шүүмжлэл дагуулсаар байна? -Уул уурхай сэргэж байх үед их хэмжээний орлого олсон ч хуримтлал үүсгэж чадаагүй учраас эдийн засгийн хямралын үед хүнд байдалд орсон. Манай улс Баялгийн сан, Хуримтлалын сантай болно гээд олон жилийн турш ярьж байгаа ч бодит ажил болгоогүй. Аливаа улс орлого сайн олж байх үедээ баялгийн болон хуримтлалын сандаа тодорхой хэмжээний орлого төвлөрүүлэхийн зэрэгцээ төсвийн бодлогоо хумидаг. Харин эдийн засгийн нөхцөл байдал муудсан үед төсвийн бодлогоо тэлж, хуримтлалын сангийнхаа хөрөнгийг гарган бизнесээ дэмжин ажлын байрыг хадгалах, тэлэх боломжийг бүрдүүлдэг. Харамсалтай нь манайх орлого олж байх үедээ төсвийн бодлогоо зэрэгцүүлэн тэлж хуримтлал үүсгэхгүйгээр зарцуулалт хийсэн. Үүнийхээ гороор эдийн засгийн хямралд өртөж маш олон аж ахуйн нэгж хүнд байдалд орсон шүү дээ. Энэ нь эцэстээ улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа юм. Хэрэв бид зөв бодлого явуулж чадсан бол хямралыг даван туулах боломжтой. Өөрөөр хэлбэл, мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэх учиртай гэсэн үг. Одоогоор манай улс сүүлийн жилүүдэд байнга алдагдалтай төсөв баталж, гадны орноос зээл авсаар улам хүнд байдалд орж байна. Мэдээж үүнээс гарахын тулд төр бизнесийн орчноо дэмжиж, тодорхой бодлого, зохицуулалт хийж, хөшүүрэгдэх хэрэгтэй. Өнгөрсөн парламентын сонгуулиас хойшх хугацаанд ямар ажил амжуулсан бэ гэдгийг харах хэрэгтэй. Үнэндээ сүүлийн дөрвөн жил юу ч хийж чадсангүй. Ганцхан “том жорлон”-гийн асуудлаа л шийдвэрлэх алхам хийсэн. Гэвч энэ нь ямар хугацаанд ажил хэрэг болох вэ гэдгийг тодорхойлоход хэцүү. Учир нь аливаа бүтээн байгуулалт тодорхой цаг хугацааг шаарддаг. Нөгөөтэйгүүр зах зээлийн нийгэмд шилжсэн 28 жилийн хугацаанд эдийн засаг өсөхдөө Оюутолгойн том төсөл хөдөлсөн нь ихээхэн хөшүүрэг болсныг мартаж болохгүй. Хэрэв бид эдийн засгаа тогтвортойгоор өсгөхийг зорьж байгаа бол энэ мэтчилэн мега төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Ер нь том төслүүд хэрэгжихийн тулд дунд болон урт хугацааг туулдаг. Манай улсын хувьд эрчим хүчний асуудал тулгамдаж байгаа. Үүнийг шийдвэрлэхийн тулд цахилгаан станцын төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Жишээлбэл, Тавантолгойн цахилгаан станц, Тавдугаар цахилгаан станцын төсөл гээд эхлүүлж, хөдөлгөх хэрэгтэй төслүүд бий. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.3 № 1, 2 (5968, 5969)
Элчин сайд Дамбын Ганбат онц бөгөөд бүрэн эрхт элчин цол хүртлээ

Элчин сайд Дамбын Ганбат Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цол хүртлээ

26 мин
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

7 цаг 24 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

7 цаг 24 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

7 цаг 24 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

18 цаг 28 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

Өчигдөр 06 цаг 00 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

Өчигдөр 06 цаг 00 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

Өчигдөр 06 цаг 00 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Уржигдар 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Уржигдар 15 цаг 44 мин