2018-ДЭЛХИЙД

2018-12-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

1.Өвлийн олимпийн ХХIII Их наадам болов

2018 оны хоёрдугаар сарын 9-25-ны өдрүүдэд Өмнөд Солонгосын Пхёнчхан хотод Өвлийн олимпийн ХХШ Их наадам болж таван тивийн 92 орны 2914 тамирчин хурд, хүчээ сорив. Хойд Солонгосын баг тамирчид Өвлийн ХХШ Олимпод оролцож, Олимпийн Их наадмын нээлтэд Өмнөд Солонгосын багтай хамтран нэгдсэн Солонгосын багийг төлөөлөн жагсаж, түүнчлэн хоёр Солонгос хамтран эмэгтэйчүүдийн шайбтай хоккейн тэмцээнд нэгдсэн баг оролцуулав. Хойд Солонгосын хөгжөөн дэмжигчид буюу урьдчилан бэлтгэл сургууль сайн хийсэн бүсгүйчүүд Өвлийн ХХШ Олимпийн наадамд хөгжөөн дэмжигчдийн хувьд оролцохдоо янз бүрийн үзүүлбэр үзүүлсэн нь бусад хөгжөөн дэмжигчид, хэвлэл мэдээллийнхний сонирхлыг ихээхэн татав. Ийнхүү Хойд Солонгосынхон Өвлийн ХХШ Олимпийн Их наадамд идэвхтэй оролцсоноор хоёр Солонгосын хоорондын харилцааны уур амьсгалыг зөөлрүүлэх эхлэлийг тавив. ОХУ-ын тамирчид сэргээш хэрэглэсэнд буруутгагдаж, Оросын баг тамирчдыг Өвлийн олимпийн ХХШ Их наадамд оролцуулах эсэхдээ тулж, эцэст нь Оросын тамирчид ОХУ-ын туган дор биш, бас багаараа биш харин Олимпийн цагаан туган дор өөрсдийгөө төлөөлөн оролцов. Өвлийн ХХШ Олимпийн наадамд багийн дүнгээрээ Олимпийн 39 медаль авсан Норвегийн баг тамирчид тэргүүлэв.  

2.Армени дахь үйл явдал дэлхий нийтийн анхаарлыг татав

ЗХУ-ын бүрэлдэхүүнд байж байгаад ерээд оны эхээр ЗХУ задрахад тусгаар тогтносон Армени Улсын парламент 2018 оны дөрөвдүгээр сарын 17-нд өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Серж Саргсяныг түүний 2015 онд өөртөө тохируулан хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу тус улсын Ерөнхий сайдаар томилоход олон улс орны цөөнгүй ажиглагчид энэ улс орон ОХУ-ын, Серж Саргсян В.Путинызамаар орлоо доо гэж бодож байсан бизээ. Гэтэл Армени дахь улстөрийн үйл явдал хэний ч санаанд оромгүй огцом өөрчлөгдөж, өөрийн эрхгүй дэлхий дахины анхаарлыг татсан юм. 2007 оноос хойш завсарлалгүйгээр төр засгийн толгойд ажилласан Серж Саргсяныг Ерөнхий сайдаар томилсонд дургүйцсэн армяны ард түмэн 2018 оны дөрөвдүгээр сард олон мянгаараа гудамж талбайд гарч ийнхүү Арменид хувьсгалт тэмцэл эхлэв. Халаасандаа ганц ширхэг ч зоосгүй Никола Пашинян гэдэг ердийн нэгэн сэтгүүлч энэхүү хувьсгалт тэмцлийг удирдан зохион байгуулж, түүний үүсгэн байгуулсан “Миний алхам” хөдөлгөөний тэмцэгчид гайхалтай ялалт байгуулав.  2018 оны  дөрөвдүгээр сарын  23-нд Армений Ерөнхий сайд Серж Саркисян ард түмний шахалтаар албан тушаалаасаа огцров.   2018 оны  тавдугаар сарын 8-нд ард түмний шаардлагаар Никола Пашинян тус улсын Ерөнхий сайдаар томилогдов. Гэвч өмнөх сонгуулиар парламент дахь олонхийг бүрдүүлсэн Серж Саргсяны нам түүнд чөлөөтэй ажиллах боломж олгосонгүй. Ерөнхий сайд Никола Пашинян Ерөнхий сайдаар хэдхэн сар ажиллаад албан тушаалаасаа сайн дураараа огцорч буйгаа зарлаж, тус улсын парламентын олонхиос ээлжит бус сонгуулийг зарлан явуулахыг шаардаж Армений ард түмэн ч түүнийг дэмжив. 2018 оны арванхоёрдугаар сард Армени Улсад парламентын ээлжит бус сонгууль болж, мөн сарын 16-нд сонгуулийн албан ёсны дүн гарахад Никола Пашиняны “Миний алхам” эвсэл нийт сонгогчдын 70 гаруй хувийн саналыг авсан байна. Түрүүчийн парламентад олонхи байсан Ерөнхийлөгч асан Серж Саргсяны нам таван хувийн босго давж чадалгүй ялагджээ. Ард түмний итгэлийг алдвал ямар ч улс төрийн хүчин олон жил олонхи байсан ч нэг л өдөр навсайтлаа унадгийг энэхүү сургамжит түүх тодорхой харуулав. Ийнхүү Армени Улсад дүр эсгэсэн ардчилал нурж, төр засгийн эрх мэдэл ард түмэндээ эргэж очив.  

3.Хоёр Солонгосын Дээд хэмжээний түүхэн уулзалтууд

2018 оны  дөрөвдүгээр сарын 27-нд хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүсийн  Пханмунжон тосгонд Хойд Солонгосын их удирдагч Ким Чэн Ун, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Му Жа Ин нарын уулзалт болов. Хоёр Солонгосын удирдагчид түрүүчийн Дээд хэмжээний уулзалтаас хойш 11 жил өнгөрсний дараа ийнхүү уулзжээ. 2007 онд Хойд Солонгосын одоогийн удирдагчийн аав, тэр үеийн Хойд Солонгосын удирдагч Ким Чэн Ир ба Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Но Мү Хён нар уулзсан билээ. Хойд Солонгосын удирдагч Ким Чэн Ун Өмнөд Солонгосын талын нутаг дэвсгэрт айлчлахад олон бие хамгаалагч түүний сууж явсан машиныг хоёр талаар нь даган гүйж орж ирсэн нь олон түмний анхаарлыг татсан юм. Хоёр Солонгосын удирдагчдын Дээд хэмжээний уулзалтаар Пханмунжоны Тунхаглалыг гаргасан юм. Уг Тунхаглалд Солонгосын хойгийг энх тайвны бүс болгох, цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох, Хоёр Солонгосын хооронд энх тайвны гэрээ байгуулах зэрэг тохиролцоог тусгасан байна. Удалгүй мөн оны тавдугаар сарын 26-нд Хойд Солонгосын их удирдагч Ким Чен Ун, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Му Жа Ин нар хоёр дахь удаагаа нүүр тулан уулзав. Хойд Солонгосын их удирдагч Ким Чэн Ун БНСУ-ын Ерөнхилөгч Му Жа Ин-тэй дахин уулзах саналыг цаг хугацааны хувьд тулгуу гаргасан ч Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч саналыг хүлээн авсан байна. Хоёр Солонгосын удирдагчид энэ удаагийн Дээд хэмжээний уулзалтаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ба Хойд Солонгосын их удирдагч Ким Чэн Ун нарын Дээд хэмжээний уулзалтын талаар санал бодлоо солилцон зөвлөлджээ. Тэр үед Д.Трамп ба Ким Чэн Ун-ы Дээд хэмжээний уулзалт болох болохгүй нь тодорхойгүй болсон байсан бөгөөд хоёр Солонгосын удирдагчид ийнхүү уулзахдаа АНУ ба Хойд Солонгосын удирдагчдын Дээд хэмжээний уулзалтыг бодитой болгохын тулд хоёр тал идэвхитэй ажиллахаар тохиролцсон байна. 2018 оны есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Му Жа Ин Хойд Солонгосын их удирдагч Ким Чэн Ун-ы урилгаар Пхэньянд айлчлав. Ингэснээр хоёр Солонгосын удирдагчид нэг жилд багтан гуравдахь удаагаа уулзсан байна. Өмнө нь хоёр Солонгосын удирдагчид нэг жилд гурвын гурван удаа уулзаж байгаагүй юм. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Му Жа Ин-ы Хойд Солонгост хийсэн айлчлалын үеэр Пхеньяны хамтарсан Тунхаглал гаргав. Му Жа Ин Ерөнхийлөгч Хойд Солонгост айлчилсан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчдөөс анх удаа Пхеньяны цэнгэлдэх хүрээлэнд цугларсан олон мянган үзэгчдийн өмнө үг хэлэв. Энэхүү айлчлалын үеэр хоёр Солонгосын удирдлага Солонгосын үлгэр домогт хамгийн их гарч, шүтэгддэг Пэкту ууланд хамт гарав. 2018 онд болсон хоёр Солонгосын удирдагчдын уулзалт, тэдгээр уулзалтын үеэр гаргасан Тунхаглал, баталсан хэлэлцээрийн дагуу олон ажил хийгдсэний дотор монголчуудын сонирхол татах томоохон төсөл бол хоёр Солонгосын хоорондын төмөр зам, авто замыг нээх, шинэчлэх асуудал байгаа юм. Ингэснээр Монголын зарим бараа, бүтээгдэхүүн хоёр Солонгост хүрэх болон Өмнөд Солонгосын далайн боомтоор дамжин цаашаа дэлхийн бусад зах зээл рүү гарах боломжтой болох юм. БНСУ-ын Ерөнхийлөгч Му Жа Ин БНАСАУ-д хийсэн албан ёсны айлчлалын хариуд Хойд Солонгосын их удирдагч Ким Чэн Ун Өмнөд Солонгост айлчлах болов.  

4.Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдож, хэд хэдэн чухал шийдвэр гаргав

2018 оны гуравдугаар сарын 18-нд манай улсын хойд хөрш ОХУ-д Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж, өөрийнх нь улс төрийн тулгуур хүчин болдог “Нэгдмэл Орос” (“Единая Россия”) намын нэр хүнд урьд өмнөхтэйгээ адил өндөр биш болсныг тооцсон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ анх удаагаа намаасаа биш харин бие даагчаар дэвшсэнээр бүртгүүлэв. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Путины хамгийн гол өрсөлдөгч болж магадгүй байсан Алексей Навальный-г янз янзын шалтгаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулаагүй учир сонгууль сонирхол багатай болж Владимир Путин дахин ялалт байгуулж тавдугаар сарын 7-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөж албан ёсоор үүрэгт ажилдаа оров. Владимир Путин Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсныхоо дараахан буюу тавдугаар сарын 16-нд ОХУ-ын эх  газар ба Крымийн хойгийг холбосон Крымийн гүүрийг нээх сүр дуулиантай ёслолын ажиллагаанд биечлэн оролцож, өөрөө ачааны тэрэг жолоодож Крымийн гүүрэн дээгүүр явав. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин   2018 оны наймдугаар сарын  3-нд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх нэмүү өртгийн албан татварыг 18-20 хувь хүртэлх нэмэгдүүлэх тухай хуульд гарын үсэг зурав. Мөн оны аравдугаар сарын  3-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин тэтгэврийн хуулинд өөрчлөлт оруулах тухай холбооны хуулинд гарын үсэг зуржээ.Үүний дараагаар түүний нэр хүнд ОХУ-ын иргэдийн дунд мэдэгдэхүйц унаж эхэлснийг зарим судалгааны байгууллага мэдэгдсэн байна.  

5.Дональд Трамп, Ким Чен Ун нарын түүхэн уулзалт

2018 оны зургадугаар сарын 12-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын их удирдагч Ким Чен Ун нарын нүүр тулсан түүхэн уулзалт Сингапурт болов. Энэхүү Дээд хэмжээний уулзалт Монголд болж магадгүй тухай асуудал яригдсан ч хоёр тал эцэст нь Сингапурт уулзахаар тохиролцсон байна. Дэлхий дахины анхаарлыг татсан энэхүү Дээд хэмжээний уулзалт хоёр талын үзсэнээр амжилттай болов. Трамп ба Ким Чэн Ун нар нэг нэгэндээ сайхан сэтгэгдэл төрүүлсэн тухай өөрсдөө ярив. Дээд хэмжээний уулзалтаар БНАСАУ цөмийн хөтөлбөрөөсөө бүрмөсөн татгалзаж устгасан нөхцөлд АНУ түүний эсрэг авсан эдийн засгийн хоригоо цуцлах болно хэмээн тохиров. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгост АНУ аюул занал учруулж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх нь буруу хэмээн үзэж АНУ ба Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургууль хийхгүй байх нь зүйтэй хэмээн шийдсэнээ мэдэгдэв. Хойд Солонгос  2018 оны 5 дугаар сарын  24-нд Пунгери дэх цөмийн туршилтын талбайгаа устгаж бус нутагт энх тайвныг тогтооход чиглэсэн анхны алхмыг хийсэн байна. АНУ, БНАСАУ-ын удирдагчид анх удаагаа нүүр тулан уулзаж, Хойд ба Өмнөд Солонгосын дээд хэмжээний хэд хэдэн уулзалт, айлчлал  2018 онд ойр ойрхон болсон Монголд ойрхон орших Солонгосын хойгт бат бэх энх тайван тогтоох угтвар нөхцөлийг бүрдүүлж өгөв. Сүүлийн үед АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Хойд Солонгосын их удирдагч Ким Чэн Ун нарын Дээд хэмжээний хоёрдох уулзалт удахгүй болж магадгүй гэсэн мэдээ дуулдах болов.  

6.Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д болов

2018 оны  зургадугаар сарын  14-нөөс мөн оны  долдугаар сарын 15-ны хооронд ОХУ-ын Москва, Санкт-Петербург болон бусад хотод Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах 21 дэх тэмцээн амжилттай болж өнгөрөв. Дэлхийн аваргын алтан медалийг Францын баг, мөнгөн медалийг Хорват, хүрэл медалийг Бельгийн баг тус тус авчээ. Оросууд уг тэмцээнийг сайн зохион байгуулсан хэмээгдэж Олон улсын хөлбөмбөгийн Холбооны  зүгээс өндөр үнэлгээ авсан байна. Оросын шигшээ баг ч мөн адил тэмцээнд сайн оролцож эхний 8-д шалгарав. Энэ нь ОХУ-ын түүхэнд үзүүлсэн хамгийн дээд амжилт юм. Хуучин ЗХУ байхад Зөвлөлтийн хөл бөмбөгийн шигшээ баг 1966 онд Англид болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эхний 4-т багтаж байсан нь хамгийн дээд амжилтанд тооцогддог билээ. Японы хөл бөмбөгийн баг тамирчид ялагдаад тэмцээнээс хасагдсан Японы хөгжөөн дэмжигчид цэнгэлдэх хүрээлэнгийн суудлуудынхаа ойр орчмын хогийг цэмцийтэл арчиж цэвэрлээд “баярлалаа” (“спасибо”) хэмээн оросоор харагдахуйц томоор бичиж үлдээсэн нь мянга мянган хүний сэтгэлийг хөдөлгөснийг ОХУ-ын хэвлэлүүдэд тэмдэглэжээ. Оросын олон эмэгтэйчүүд гадаадын жуулчидтай ойр дотно харилцаа холбоо тогтоосныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон сошиалаар хэлэлцэхэд оросын “гомдсон” эрэгтэйчүүд эмэгтэйчүүддээ хандаж хатуухан үг хэлсэн ч цаадуул нь:нь өөрсдөө олигтой бай, архи битгий уу, эмэгтэйчүүдээ хүндэтгэж бай, эмэгтэй хүнд битгий гар хүрч бай, ажил хийж гэр бүлээ тэжээж сур гэх зэрэг хариу үг хэлжээ.  

7.Дональд Трамп, Владимир Путин нарын болсон болон болоогүй уулзалтууд

2018 оны  долдугаар сарын  16-нд Финляндын нийслэл Хельсинк хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын анхны уулзалт болов. Ерөнхийлөгч нар харилцан сонирхсон цөөнгүй асуудал, түүний дотор Сири, Украины байдлаар санал солилцов. Энэхүү Дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ, түүний удирдлага АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс хутгалдан орсон эсэх асуудлаар бөөрөнхий байр суурь баримталсан, тэр ч байтугай В.Путин Ерөнхийлөгч өөрт нь хэлэхдээ ОХУ АНУ-ын Ерөнхилөгчийн сонгуульд хөндлөнгөөс хутгалдан оролцоогүй гэсэн, би түүнд итгэж байна хэмээсэн нь АНУ-д болон Барууны бусад орны хэвлэл мэдээлэлд ихээхэн шуугиан дэгдээв. Энэхүү Дээд хэмжээний уулзалтын дараа дараагийн уулзалтыг Дэлхийн 1-р дайн төгссөний 100 жилийн ойг тэмдэглэх үеэр Францын Парист, эсхүл G20-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр Аргентины Буэнос-Айрест болно гэж зарлаж байсан ч эхний удаад Дэлхийн 1-р дайн төгссөний 100 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний үеэр олон түмний анхаарал зөвхөн хоёр Ерөнхийлөгчийн Дээд хэмжээний уулзалт руу хандана хэмээн болгоомжилсон Францын талын хүсэлтээр хойшлогдож, дараа нь ОХУ-ын усан цэргийнхэн Керчийн усан хоолойд Украины усан онгоцууд руу дайрч усан цэргүүдийг нь олзолж, усан онгоцнуудыг чирж боомтдоо саатуулсан гэсэн зөрчлийн улмаас Трамп Ерөнхийлөгч Буэнос-Айрест Ерөнхийлөгч Путинтэй уулзахгүй гэж гэнэт зарлан уулзалтыг цуцалжээ.Ажиглагчид хоёр орны харилцаа хүйтэн дайны үеийн АНУ ба ЗХУ-ын хоорондын харилцаанаас ч илүү муудсан гэж үзэж байгаа бөгөөд саяхан Ерөнхийлөгч Трамп АНУ нь Р.Рэйган ба М.Горбачёв нарын гарын үсэг зурсан Дунд ба ойрын зайны тусгалын пуужингийн гэрээнээс гарахаар болсныгоо зарласан нь хоёр орны харилцааг улам ээдрээ төвөгтэй болгов.  

8.Дэлхийн нэгдүгээр дайны 100 жилийн ойг тэмдэглэв

2018 оны  арваннэгдүгээр сарын  11-нд Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн түүхт ойг Францын нийслэл Парис хотноо алдарт Елисейн талбайд ёслол төгөлдөр тэмдэглэв. Уг үйл явдалд дэлхийн олон улс орны төрийн тэргүүн нар оролцсон байна. Дэлхийн 1-р дайнд дайтаж байсан тал талын цэргийн болон энгийн нийт 20 сая хүн амь насаа алдаж, 21 сая хүн шархадсан байна. Дайны уршгаар хүчтэй ханиадны нян дэлхий даяар тархаж 50 саяас 100 сая хүний амь насанд хүрсэн гэж тооцдог аж. Түүнчлэн Дэлхийн 1-р дайныг шалтаг болгон ашиглаж зарим улс оронд үй олноор нь устгах аймшигт ажиллагаа явагдсан байна. Ямар ч байсан Сербийн Сараево хотод хэт үндсэрхэг үзэлтэй Гаврило Принсип Австр-Унгарын Эзэнт гүрний угсаа залгамжлагч хунтайж Франц Фердинандын амь насанд хүрсэн халдлага хийснээс үүдсэн Дэлхийн 1-р дайн хүн төрөлхтний түүхэнд хамгийн их гарз хохирол авчирсан аймшигт дайны нэг болсон аж. Дэлхийн 1-р дайнд Англи, Францын толгойлсон Антантынхан Австр-Унгар, Осман, Герман, Болгарын 4-ийн Холбооны зэвсэгт хүчнийг бутцохин ялалт байгуулж, Парисын гэрээ, Версалийн гэрээг байгуулсан байна. Дэлхийн 1-р дайны шууд нөлөөн дор Австр-Унгар, Герман, Османы болон Оросын Эзэнт гүрнүүд тарж бутарсан байна. Харин Польш, Латви зэрэг улс орон Дэлхийн 1-р дайн дууссанаар тэдний алдагдсан тусгаар тогтнол сэргэсэн хэмээн үздэг байна. Дэлхий дахинд ийм цуст дайн болохоос урьдчилсан сэргийлэхийн тулд одоогийн НҮБ-ын эхлэл болсон Үндэстнүүдийн Лига-ийг байгуулахаар ярилцсан боловч янз янзын шалтгаанаас болж яриа нь ажил хэрэг болоогүй байна. Хожим Версалийн гэрээ Герман Улсын хувьд ихээхэн хатуу болзол, тулгалттайгаар байгуулагдсан хэмээн үзсэн германчуудын бухимдлыг Гитлер овжин ашиглаж эхлээд Германы толгойд гарч, дараа нь дэлхийг эзлэхийн тулд Дэлхийн 2-р дайныг эхлүүлсэн байдаг. Өнөөгийн дэлхий дахины байдлыг судлаад зарим судлаач харамсалтай нь хүн төрөлхтөн, ялангуяа улс орны удирдагчид Дэлхийн 1-р дайнаас зөв сургамж авч чадсангүй гэж дүгнэдэг билээ.  

9.Орос, Украины харилцаа улам хурцдав

2014 онд Крымыг ОХУ өөрийн бүрэлдэхүүнд нэгтгэснээс үүдэлтэйгээр Орос, Украины харилцаа онцгой муудаж, ОХУ нь АНУ болон Барууны улс орнуудын зүгээс хүчтэй шүүмжлэлд өртөж, хориг арга хэмжээнд орсон нь 2018 онд үргэлжилж байдал улам гүнзгий мухардалд оров. Энэхүү улс төр, эдийн засгийн шинж чанартай байсан зөрчил өргөжин тэлж соёлын зөрчил болж 2018 оны эцсээр хоёр орны шашины байгууллагууд зохион байгуулалтын хувьд ч, сүсэгтэн олны сүжиг бишрэлийн хувьд ч тус тусдаа байхаар болсон байна. Энэ талаар үнэн алдартны христийн шашинтнууд дотроо хамгийн эртний учир хамгийн их эрх мэдэлтэйд тооцогддог Константинополийн үнэн алдартны төв Украины үнэн алдартнуудын сүмийг ОХУ-ын Москвагийн үнэн алдартны сүмээс тусгаарласан тухай шийдвэр гаргав. Ингэснээр бараг нэг үндэстэн мэтээр ойлгогддог байсан оросын ард түмэн, украины ард түмний хооронд улс төр, эдийн засгийн “хана хэрэм” боссоноос гадна соёл иргэншлийн “хана хэрэм” босов. Украины удирдлага энэ байдлыг “бие даасан үндэстэн, “бие даасан хэл”, “бие даасан шашин” гэж тодорхойлов. 2018 оны  арваннэгдүгээр сарын  25-нд Керчийн усан хоолойд нэвтэрсэн Украины байлдааны гурван хөлгийг Оросын усан цэргийнхэн зогсоож, гал нээн 24 цэргийг баривчилсан нь Орос ба Украины хооронд онц аюултай нөхцөл байдлыг үүсгэв. Украины Ерөнхийлөгч П.Порошенко ийм мөргөлдөөн болсныг үндэслэн Украины нутаг дэвсгэрийн нэг хэсэгт нэг хэсэг хугацаанд дайны байдал тогтоох зарлиг гаргав. АНУ, Европын холбооны улс орнууд ОХУ, Ерөнхийлөгч В.Путиныг хурцаар шүүмжлэв. АНУ Оросын эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгаж, Ерөнхийлөгч Д.Трамп Оросын Ерөнийлөгч В.Путинтэй G20-ийн Дээд хэмжээний уулзалтын үеэр уулзахаар тохиролцсон байснаасаа ухарч уулзалтыг цуцалсан байна. 2018 оны 12 сарын эхээр Украины Дээд Рада буюу Парламент Украин Улс болон ОХУ-ын хоорондын 1997 онд байгуулагдсан “Энх тайван, найрамдлын гэрээ”-г үргэлжлүүлэхээсээ татгалзах шийдвэр гаргав. Ингэснээр энэхүү гэрээ 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болох ажээ.Ажиглагчид нэг түүхтэй ах дүү хоёр улс үндэстэн өөр өөр ирээдүйтэй болох зам замаа хөөв гэж үзэж байна.  

10.Францад шар хан­таазтнуу­д­ын бослого дэгдэв

Шатахууны үнэ нэмэгдсэн, амьжиргааны төвшин дордсон, татварын өөрчлөлт ядуу болон дунд давхаргад хүндээр туссан зэргийг эсэргүүцсэн шар хантаазтангуудын эсэргүүцлийн жагсаал 2018 оны арваннэгдүгээр сарын дундаас эхлэн Францын нийслэл Парист болон Францын бусад хотод олон мянган хүнийг хамарч бослогын хэлбэрт шилжив. Жагсагчид шатахууны үнийг буулгах, баячуудын татварыг нэмэгдүүлэх, доод цалинг нэмэгдүүлэх, Жагсаал, эсэргүүцэл бүтэн сар гаруй хугацааны турш үргэлжилж байгаа бөгөөд жагсагчид анх тавьж байсан шаардлагаа улам чангаруулсаар байгаад одоо Ерөнхийлөгч Макроныг огцортол эсэргүүцлээ намжаахгүй гэж мэдэгдэв. Ерөнхийлөгч Эммануэль Макрон ард түмэндээ хандан үг хэлж, онц байдал зарлав. Тэрээр доод цалинг 2019 оноос эхлэн 100 еврогоор нэмэгдүлэхээр болсон, бага орлоготой тэтвэрийнхний татварыг нэмэгдүүлэхгүй болсон зэргийг зарлав. Гэхдээ баячуудын татварыг нэмэгдүүлэхээсээ татгалзав. Одоогийн байдлаар 220 гаруй жагсагчийг баривчилснаас 140 гаруй нь Парисын жагсагчид байна. Францын шар хантаазтнуудын жагсаал, эсэргүүцэл бусад оронд халин дэлгэрч, дэлхийн олон улс оронд тухайн орны төр засгийн явуулж байгаа буруу бодлогыг шүүмжлэн эсэргүүцсэн хүмүүс шар хантааз өмсөн жагссан байна.  

11.2018 онд гарсан дэлхийн шинжлэх ухаан, технологийн зарим ололт

  1.AlphaGo Zero СИСТЕМ Хиймэл оюун ухааны AlphaGo Zero систем өөрөө зарим тоглоомыг сурах чадвартай болсон бөгөөд өөрөө шатар тоглож сурахдаа тун удалгүй их мастерын төвшинд тоглодог болсон байна. Дэвид Сильверын удирдлаган дор ажилладаг Deepmind багийнхан зарчмын хувьд цоо шинэ программ зохиосон бөгөөд энэхүү программ байнга шинэчлэгдэн улам боловсронгуй болж байгаа ажээ. AlphaGo Zero шатар, го тоглоом, японы сёги тоглоомын бусад программуудыг бүгдийг хожсон байна.   2.ЖИН ХЭМЖҮҮРИЙГ ШИНЭЭР ИЛҮҮ БАТАЛГААТАЙ ТОГТООХ БОЛОМЖТОЙ БОЛОВ   ХIХ зуунаас эхлэн Парисын олон улсын жин хэмжүүрийн товчоонд нэг килограммын жишиг баталгаа мөн хэмээн хадгалагдаж байсан платин-иридийн холимог туухайг энэ жилээс хойш жишиг баталгаа гэж үзэхээ больсон байна. Үүнээс хойш квантын физикийн томъёог бодоход хэрэглэдэг математикийн нэгж болох Планкийн тогтмолоор нэг килограммын нэгжийг тооцдог байхаар болжээ. Ийм шийдвэрийг жин хэмжүүрийн нэгж тогтоох Олон улсын 26-р бага хурлын төлөөлөгчид гаргажээ. Ингэснээр нэг килограмын жинг тогтоох тооцоонд үл ялиг ч алдаа гарахгүй хэмээн үзсэн байна. Тэд ийм шийдвэр гаргахаас өмнө хоорондоо холбоогүй эрдэмтдийн гурван баг тус тусдаа бие даан Планкийн тогтмолын талаар судалгаа, туршилт хийсэн байна. Тэд Планкийн тогтмолоос илүү хувиран хувьсдаггүй, өөрчлөгддөггүй нэгж хэмжүүр байхгүй гэж үзжээ.   3.ДУЛААНЫ ХЭМ НЭМЭГДЭЖ БАЙНА Засгийн газар хоорондын экспертүүдийн хэсэг уур амьсгалын өөрчлөлтийн талаар судалсан судалгааныхаа илтгэлийг олны хүртээл болгон хэвлэв. Тэд энэ зууны эцсээр агаар мандлын дулаан Цельсийн 1,5 хэмээр нэмэгдэнэ гэж үзжээ. ХIХ зуунаас хойш агаар мандлын дулаан 1 хэмээр нэмэгдсэн гэж үздэг аж. Хэрэв агаарын дулаан ийм хурдтайгаар нэмэгдвэл Баруун болон Өмнөд Африк, Зүүн Өмнөд Ази, Төв болон Өмнөд Америк тив, Газрын дундад тэнгийсийн бүс нутгуудад хамгийн их сөрөг нөлөө үзүүлэх аж. Ган болох, үерлэх давтамж нэмэгдэх, цэнгэг усны нөөц багасах, амьтан, ургамал устах, дэлхийн далайн төвшин нэмэгдэж зарим арлын улс орон болон зарим тивийн эрэг дагуух нутаг дэвсгэр усан доогуур орох зэрэг аюул нүүрлэх аж.     4.ГЭМТ ХЭРЭГТЭН ЗУГТАХ АРГАГҮЙ БОЛЖ БАЙНА   АНУ-д олон жилийн турш олдохгүй байсан гэмт хэрэгтнүүдийг илрүүлэн барьжээ. Чингэхдээ тэдний гений мэдээллийг ашигласан байна. Тухайлбал 1970-80 онуудад Сакраменто хотод нэг гэмт хэрэгтэн 12 хүнийг алж, 45 удаа хүчирхийлсэн байна. Түүнийг хурууны хээгээр нь тогтоож чадаагүй байна. Гэхдээ түүний генийн мэдээлэл цагдаагийн газарт хадгалагдаж байсан аж. Хүмүүс генийн мэдээллээ илгээж өөрийн өвөг дээдсийг олж тогтоодог мэдээллийн сан руу хандаж, гэмт хэрэгтний генийн мэдээллээр эхлээд түүний өвөг дээдсийг олж тогтоосон байна. Дараа нь өвөг дээдсээр нь хөөж гэмт хэрэгтнийг өөрийг нь олж тогтоожээ. Ингэснээр өмнө нь цагдаагийн алба хааж байсан 72 настай Жозеф Деанжело гэмт хэрэгтэн мөн гэдгийг олж тогтоон баривчилсан байна. Түүний генийн мэдээлэл цагдаагийн байгууллагад хадгалагдаж байсан генийн мэдээлэлтэй яв цав таарчээ.     5.НАРНЫ АЙМГИЙН ХИЛ ХЯЗГААРААС ЦААШ ГАРАВ   АНУ-ын сансрын төв НАСА “Вояжер-2” сансар огторгуйд ниссээр манай нарны аймгийн хил хязгаараас цааш гарсныг мэдээлэв. Хүний гар, оюун ухаанаар бүтсэн сансрын хөлөг ийнхүү түүхэнд анх удаа нэг сансрын аймгийн хил хязгаараас цааш гарч нөгөө сансрын аймаг руу нисч байна. “Вояжер-1”, “Вожер-2” хэ­мээх сансрын нисэх аппаратуудыг тэртээ 1977 онд сансарт хөөргөсөн байна. “Вояжер-2” хөөрөхдөө 798 килограммын жинтэй, 86 килограмм хүнд ачаа даах чадвартай, урт нь 2,5 метр байсан байна. Түүнчлэн өөр рүү нь чиглүүлсэн антенныг хүлээн авах чадвартай, 3.66 метр диаметртэй ойлгогчтой аж. “Вояжер-2” өөртөө нарны аймгийн хил, хязгаараас цааш гарсныг мэдрэн мэдээлэх тоног төхөөрөмжтэй бөгөөд нарны аймгийн хил хязгаар манай дэлхийгээс 18 тэрбум километрийн цаана байдаг байна.  

12. Америк, Хятадын хооронд худалдааны дайн

2018 оны туршид АНУ ба Хятадын хооронд худалдааны дайн жинхэнэ ёсоор өрнөж дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлөв. 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-д импортлон оруулдаг Хятадын нарны батарей, Өмнөд Солонгосын угаалгын машинд 30 хувийн гаалийн татвар ноогдуулснаар энэхүү дайн эхэлсэн билээ. 2018 оны 3 дугаар сард Дональд Трампын санаачилгаар АНУ-ын оюуны өмчийг хятадууд хэрхэн хулгайлж байгааг мөрдөн шалгах Сенатын ажиллагааг эхлүүлжээ. 4 дүгээр сарын эхээр Хятадаас оруулж ирдэг 1300 гаруй бүтээгдэхүүнд 25 хувийн гаалийн албан татвар ноогдуулахаар болсон байна. Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Хятадын эрх баригчид АНУ-ын эсрэг анх удаагаа хариу хориг арга хэмжээ авч, Америкийн гахайн мах болон хөнгөн цагаанд 25 хувийн, бусад 120 гаруй бүтээгдэхүүнд 15 хувийн гаалийн татвар ноогдуулжээ. Үүний хариуд 2018 оны 6 дугаар сарын 15-нд Америкийн засаг захиргаа Хятадын нийт 50 тэрбум долларын бараанд 25 хувийн гаалийн татвар ноогдуулах тухай зарласнаар хоёр улсын хооронд жинхэнэ ёсоор худалдааны дайн дэгдсэн юм. Энэ оны 11 дүгээр сард Аргентины Буэнос-Айрес хотод G20-ийн орнуудын Дээд хэмжээний уулзалт эхлэх үед АНУ Хятадын нийтдээ 200 тэрбум долларын бараанд гаалийн татвар ноогдуулахаар болчихсон байсан юм. Буэнос-Айрес хотод Хятадын Ерөнхийлөгч Си Жин Пин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар биечлэн уулзаж ярилцсаны үр дүнд худалдааны дайныг 90 хоногийн хугацаатай түр зогсоохоор тохиролцсон байна. Энэ хугацаанд хоёр тал хэлэлцээр хийх бөгөөд хэлэлцээр амжилттай болохгүй бол нэг нэгэндээ хориг тавих ажиллагаа үргэлжлэх, бүр улам эрчимжих магадлалтай байна.  

13.АНУ Сириэс цэргээ гаргах болов

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сири Улсад алан хядагчидтай байлдаж байгаа Америкийн цэргийг нэн даруй бүрмөсөн гаргах тушаалыг Батлан Хамгаалах Яамандаа өгчээ. Дональд Трамп “АНУ Лалын Халифат бүлэглэлийг бут цохисон тухай” твиттер хуудсандаа жиргэснийхээ дараа энэхүү шийдвэрийг гаргасан байна. Америкийн Ерөнхийлөгчийн энэхүү шийдвэр Ойрхи Дорнод дахь Америкийн холбоотнуудын хувьд гэнэтийн явдал болсон бөгөөд Сири дэх нөхцөл байдал Дональд Трампын энэхүү шийдвэрээс болоод ихээхэн өөрчлөгдөж магадгүй юм. Ямар ч байсан Францын Ерөнхийлөгч Э.Макрон энэхүү шийдвэрийг шүүмжлэхдээ: “Холбоотнууд илүү найдвартай байх ёстой” гэсэн бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оны эцсээр зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээрээ АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрийг зөв шийдвэр хэмээн дүгнэсэн байна. Олон улсын ажиглагчид АНУ-ын энэхүү алхам лалын алан хядагчидтай хамгийн тууштайгаар ширүүн тэмцэл явуулж байгаа Сири дэх курдуудад ихээхэн хүнд тусна хэмээн урьдчилан дүгнэж байна. Турк Сирийн курдууд хүчирхэгжин тусгаар тогтносон улс байгуулвал Туркийн эрх ашигт нийцэхгүй гэж үздэг бөгөөд АНУ-ын зэвсэгт хүчин Сири-д алан хядагчдын эсрэг тэмцэж байхдаа тэндхийн курдуудтай нэгэн эвсэл болж байсан байна. Харин АНУ Сири-ээс гарч явснаар туркууд энэхүү өөрсдийнх нь хувьд бий болсон таатай байдлыг ашиглан курдуудыг бутцохих дайралтыг өнөө маргаашгүй хийж магадгүй байгаа аж.  

14.Тереза Мэйн улс төрийн хувь заяа ба Брекзитын гэрээний асуудал тодорхой бус хэвээр байна

2016 оны зургадугаар сарын 23-нд Их Британийн сонгогчдын 51.9 хувь нь Их Британи Улсыг Европын Холбооноос гарахыг дэмжсэн санал өгснөөр дэлхий дахинаа “Брэксит” (“Britain”буюу “Британи Улс”, “exit” буюу “гарах” гэсэн хоёр үгээс бүрдсэн “Британи Улс гарах” гэсэн хэллэгийн товчлол)хэмээн нэрлэдэг үйл явц дэлхийн анхаарлын төвд сүүлийн хоёр жилийн хугацаанд байгаа бөгөөд энэ жил Их Британи ба Европын Холбоо энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд урт удаан хэлэлцээр хийж эцэст нь гэрээ байгуулахаар хоёр талаасаа их хичээн чармайсан боловч байдал одоо хүртэл амаргүй хэвээр байна. Арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Европын Холбооны Дээд хэмжээний ээлжит бус уулзалт дээр Их Британи ба Европын Холбооны хооронд “Брэксит”-ын асуудлаар байгуулахаар тохиролцсон 585 хуудас бүхий гэрээг дэмжив. Их Британи Европын Холбооноос гарахаар болсон нь яавч баяр баясгалантай үйл явдал биш хэмээн үзсэн тул Дээд хэмжээний уулзалтанд оролцсон Европын Холбоон гишүүн орнуудын төр, засгийн тэргүүнүүд гэрээг дэмжсэн шийдвэр гаргасан ч энэхүү шийдвэрээ оргилуун дарс өргөн тэмдэглэхээсээ түдгэлзсэн юм. Уг гэрээний дагуу Их Британи Европын Холбооноос 2019 оны гуравдугаар сарын 29-нд албан ёсоор гарахаар тохирчээ. Гэвч эхний шилжилтийн үе буюу 2020 оныг дуустал Их Британи Европын Холбооны зах зээл, гаалийн холбооноос гарахгүй байхаар тохирсон байна. Түүнчлэн гэрээгээр Их Британи Европын Холбоонд “торгуулийн”төлбөр төлөхөөр тохирсон бөгөөд тодрулвал 2064 он хүртэл хугацаанд нийт 37,1 тэрбум фунт стэрлинг төлөх ёстой аж. Гэрээгээр Их Британийн иргэд, Европын Холбооны иргэдийн эрх, эрх чөлөөний асуудал, түүнчлэн нэг талаас Европын Холбоо, Ирланд Улс болон нөгөө талаас Хойд Ирландын хоорондын хилийн асуудал зэрэг хурц асуудлыг тусган зохицуулсан байна. Хоёр тал тохирсон гэрээгээ өнөөгийн нөхцөлд байж болох хамгийн сайн хувилбар гэж үзэж байна. Гэрээ хүчин төгөлдөр болохын тулд Их Британы парламент, Европын Холбооны парламент тус тус соёрхон батлагдах ёстой аж. Гэрээ батлах асуудал Их Британы парламентэд унах магадлалтай байсан учир Ерөнхий сайд Тереза Мэй гэрээг 12 сарын 11-нд Парламентэд санал хууралгахаар хэлэлцүүлэхийг хойшлуулсан байна. Энэ хооронд Их Британийн Консерватив намынхан Тереза Мэй-г намынхаа дарга, улмаар Ерөнхий сайдаас огцруулах асуудлаар санал хураалт санаачлан явуулав. Санал хураалт болж Тереза Мэй энэ удаад судалдаа тэсч үлдэв. Одоо Их Британийн Парламент 2019 оны 1 сарын 14-нд Брехсит-ын гэрээний асуудлаар санал хураах ажээ.  

15.А.Меркель канцлер намын даргаасаа татгалзав

Германы канцлер А.Меркель аравдугаар сарын 29-ний өдөр Христосын Ардчилсан Холбоо(ХАХ)-ны даргын албан тушаалаасаа огцорч буйгаа болон канцлераар ажиллах энэ удаагийн бүрэн эрхийн хугацаа 2021 онд дуусмагц канцлераар улиран ажиллахаасаа татгалзсанаа зарлав. Түүний удирддаг ХАХ нам Холбооны Бундестаг (Парламент)-ийн болон хэд хэдэн муж улсын парламентын сонгуульд тааруухан үр дүнтэй оролцсон нь түүний энэхүү шийдвэрийг гаргахад нөлөөлсөн байна. Ялангуяа 10 сарын 28-нд болсон Хэссэн мужийн сонгуульд нам нь амжилтгүй оролцсон нь ийм шийдвэр гаргахад нь шууд нөлөөлсөн байна. Судлаачид түүний хамгийн том алдаа нь дүрвэгдэгсдийн асуудлыг зөв зохицуулж чадаагүйд оршино гэж үздэг. Тэрээр Герман Улс өөрт ногдсон тооны дүрвэгдэгсдийг хүлээн авах ёстой, Европын Холбооны улс болгон өөр өөрт нь ногдсон тоогоор дүрвэгдэгсдийг хүлээн авах ёстой хэмээн үзэж, энэхүү байр сууриа хатуу барьсан байна. Гэвч сонгогчид түүний энэхүү байр суурийг дэмжээгүй байна.Нөгөө талаар Германд цөмийн цахилгаан станцуудыг бүрмөсөн хаах шийдвэрийг огцом гаргасан нь эрчим хүчний үнийг өсөхөд нөлөөлсөн, улмаар Германчууд 2017 онд 2000 онтой харьцуулвал эрчим хүчний төлбөрт хоёр гаруй дахин их мөнгө төлж байгаа аж. Түүнчлэн А.Меркель Европын Холбооны эрх ашгийг тухайн улс орны эрх ашгаас дээгүүр тавьдаг байсан нь олон улс оронд Европын Холбооноос гарах хүсэл, чиг хандлагыг буй болгосон гэж шүүмжилдэг. Тэр ч байтугай түүний хатуу байр суурь Брекситэд нөлөөлсөн гэж үздэг байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

17 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

1 цаг 16 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

1 цаг 48 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

2 цаг 9 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

2 цаг 57 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

5 цаг 43 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

6 цаг 39 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

8 цаг 46 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин