Монголбанк долдугаар сард 2,132 кг алт худалдан авснаар энэ оны эхнээс хойш нийтдээ 9.34 тонн алт худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үед 8.94 тонн алт авч байснаас 399 кг-аар их буюу дөрвөн хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Энэ оны сүүлч гэхэд 21 тонн болохоор байна. 2018 оны арванхоёрдугаар сарын 24-ны байдлаар нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 106.539 төгрөг байлаа.
Ц.МЯГМАРБАЯР
Алтны татвар бага байх тусам алт тушаалт нэмэгдэж, татвар өндөр байх тусам багасч гадаад валютын нөөц хэлбэлзэж буйг Монголбанкнаас хийсэн судалгаа харуулж байна. Тухайлбал, алтны татварыг 68 хувь болгосон 2006-2013 ондуудад 15.5 тоннд хүрч байсан алт 2-6.4 тонн болж багсч нэг ёсондоо Монголбанкны “Эрдэнэсийн сан”- хоосорч байжээ. Гэнэтийн ашгийн татварыг 68 хувьд хүрснээс болж 2010 онд хамгийн бага хоёрхон тонн алт төвлөрүүлсэн байх юм. Гэтэл яагаад 2006 оноос өмнө таван хувьтай байсан алтны рояалтийг гэнэт өсгөж 68 хувьд хүргэх шийдвэр гаргасан гэдгийг судлаад үзэхээр ямар ч судалгаа, тооцоолол байдаггүй тухай Төвбанкныхан хэлж буй. Тухайн үед 68 гэсэн тоог хэн гаргаж ирсэнг ч мэдэх хүн алга. Гэтэл сүмогийн Их аварга Асашёорюү Д.Дагвадорж 2003 онд буюу 23-хан насандаа “Ёкозүно” цолонд хүрч 68 дахь Их аварга болж Монгол даяар баярлаж байсныг бэлэгдэж 68 хувийн гэнэтийн ашгийн татварыг тогтоосон гэх мэдээллийг эх сурвалжууд ярьж байв. Тухайн жилд дэлхийн зах зээлд зэсийн үнэ өсч байсантай холбоотойгоор алтны татварыг ийнхүү огцом өсгөж байжээ. Гэвч энэ нь улсдаа ямар ч ашиггүй. Харин хууль бус алтны наймаачдад өгөөш болсон гэдэг. Манай хууль тогтоогчид сэтгэлийн хөөрлөөр ямар ч бодлого, тооцоо судалгаагүйгээр шийдвэр гаргаж байсан нь харамсалтай. 68 хувь болгосноос болж алтны хууль бус хил давуулалт гаарч тэр нь нэг хүнд дээр төвлөрч байсан гэх мэдээлэл чуулганы танхимд саяхан сонсогдсон. Харин тухайн үед Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байжээ. “ Их хямрал нүүрлэсэн тэр ондуудад 68 хувийн татвараас болж хамаг алтаа гадагш хууль бусаар алдсан” хэмээн иргэний нийгмийнхэн ч харуусан ярьдаг юм билээ. Тэгвэл өнөөдөр алтны татварыг 2.5 хувь байхаар хуульчилсан гэж УУХҮ-ийн сайд мэдэгдээд байгаа. Гэвч УИХ-ын хуралдаанаар үүнийг баталгаажуулахгүй бол ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс алтны татвар тэг болж 50-90 орчим тэрбумын алдагдалд орох эрсдэл үүснэ хэмээн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн долоо хоногт “Ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбоотойгоор мэдээлэл хийхдээ дуулгасан. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар бол энэ хуулийн заалт цааш үргэлжлэх үү, эсвэл хуулиа баталж чадахгүйгээс болж татвар нь тэг болж алдагдал орох эсэх нь УИХ-ын хурлын эрхэм гишүүдээс шалтгаалах болоод байна.Гэтэл УИХ нь хуралдахгүй улстөрийн хүнд байдалд орж гацаад байгаа энэ тохиолдолд хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал ч гарч болзошгүй нөхцөл байдал үүссэн. Алтны рояалтитай холбоотой заалтыг 2014 онд тухайн хуульд нэмэлтээр оруулсан. Уг нь өмнөх хуульд,/2006 оны хуульд / алт олборлогч нь алтаа тушаахдаа рояалти буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг таван хувиар тооцож, дээр нь өсөн нэмэгдэх татварыг төлдөг байхаар заасан байсан.Өөрөөр хэлбэл, алтны ханш 1200-1300 ам.доллар, түүнээс дээш байвал дөрвөн (4.0) хувийг өсөн нэмэгдэх татвараар төлөх ёстой юм.Гэтэл тухайн үед алт тушаалт эрс буурч, хууль бусаар хил давуулах гэсэн оролдлого нэмэгдсэнтэй холбогдуулан 2014 оны нэгдүгээр сарын 24-нд УИХ-аас шийдвэр гаргаж, алт тушаахдаа 2.5 хувийн татвар төлдөг байхаар хуульчилжээ. Ингэснээр Монгол банкинд жилдээ хоёр тонн орчим алт тушаадаг байсан бол хуулийн өөрчлөлтийн дараа өнгөрсөн онд 20 тонн алт худалдаж авсан. Энэ жилийн арванхоёрдугаар сарын эхээр алт тушаалт дээрх хэмжээнд хүрч, үлдсэн хугацаанд дахин нэг тонноор нэмэгдэхээр байгааг Монголбанкны “Эрдэнэсийн сан”-гийн захирал П.Эрдэнэтуяа бататган ярьж байна. Хуулийн энэ өөрчлөлт ирэх оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх ёстой. Хэрэв алтны татварыг таван хувь болгож нэмбэл алт олборлогч компани, аж ахуйн нэгж, иргэд хуучин арга барилдаа шилжиж, татвараас зайлсхийх, алт тушаалт багасах, хууль бусаар гадагш гаргахыг завдах гээд сөрөг үр дагавар үүсч магадгүй гэсэн болгоомжлол байна. Тиймээс одоо мөрдөж байгаа хуулийн заалтыг дунд хугацаандаа гурван жилээр ч юмуу сунгах хэрэгтэй гэж Төв банк үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Монголбанкны хувьд сүүлийн хэдэн жил тогтсон энэ жишгийг хадгалах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм. 2.5 хувийн рояалтигаар улсын төсөвт 50 тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Тэгвэл УИХ-аар ярьж байгаа шиг рояалтиг хоёр дахин нэмэгдүүлэхэд 100 тэрбум л болох юм. Олон улсын валютын сангийн шинжээчид хэлэхдээ “Тэнгэрийн хаяанд үүл хуримтлагдаж байна. Дэлхийн эдийн засагт тодорхой хэмжээний шуурга, доргио үүсэх гээд байгаа биш үү. Иймд гадаад валютын нөөц эрсдэлгүй, хуримтлал хэвээр байх хэрэгтэй”-г сануулсаар байна. Зарим судлаач, эдийн засагчид эдийн засгийн хямралын мөчлөгийг харахад 2008 оноос хойш арван жил боллоо. Цаг хугацаагаар бол дараагийн хямралын мөч ойртсон.Иймд алт худалдан авалтыг хэвээр үргэлжлүүлэхэд татвар энэ хэвээр үргэлжлэсэн нь дээр гэж байна. Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалай “Алтны татварыг одоохондоо нэмэх хэрэггүй. Харин нь өсөн нэмэгдэх татварыг тэглэх хэрэгтэй. Бусад оронд алтны татвараа таван хувиас доош оруулдаггүй. Харин манайх шиг өсөн нэмэгдэх татвар авдаггүй. Манайх таван хувь болгочихвол өсөн нэмэгдэх татвартайгаа нийлээд ес хувь болох гээд байгаа. Нөгөө талаар “Алт-2” хөтөлбөрийн нөлөөгөөр байгаль экологийн тэнцвэрт байдалд сөрөг нөлөөлөл үүсэх тул хамгаалах чиглэлд давхар анхаарах хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлсэн юм. Эдийн засагч Ч.Хашчулуун “Монголбанкны зүгээс дэлхийд эдийн засгийн хямралын дохио үүсэх юм бол эрсдлийг хэрхэн давах тухай бодлого байх ёстой. Гэхдээ АНУ-аас Ази руу чиглэсэн олон нийтийг хамарсан санхүүгийн хямрал маш хүчтэй доргиог дэлхийд өмнө үүсгэсэн. Үүнд нэлээн бэлтгэлтэй болж туршлага суусан учраас одоо ирэх хямралыг зөөлрүүлэн давах сургамж авсан. Тиймээс хямрал боллоо гэхэд 2008 оных шиг сүртэй болохгүй” гэлээ. Энэ бүгдийг хэлж буй нь эдийн засгийн хямрал болвол бид эрдэнэсийн сангаа л дүүрэн байлгаж түүгээрээ хямралыг давахаас өөр гарцгүй. Ямар ч байсан алтны татвараа он дуусахаас өмнө хуулиар баталгаажуулахгүй бол эрсдэл үүснэ гэдгээ салбарын сайд эрх биш мэдэж байгаа биз.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин