Д.ЭНХЭЭ
Арванхоёрдугаар сарын 20-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хийсэн уламжлалт хэвлэлийн хурлын гол сэдэв нь гадаад бодлого байлаа. Дэлхий улс төрийн бодлого, олон улсын харилцааны талаар төрийн тэргүүний гол үнэлгээг ТАСС түүвэрлэжээ.
Цөмийн дайны аюул занал, зэвсэглэлийн тэнцвэрийн тухай
-Дэлхийн үйл явдлын иймэрхүү өрнөлийн аюул тэгсгээд намждаг даа хэмээн сая би бодлоо... Энэ бол огт боломжгүй, эсвэл ямар нэг байдлаар тийм ч чухал биш юм шиг санагддаг. Гэхдээ, бурхан өршөөг, гай болж ийм явдал үүсдэг юм гэхэд энэ бол соёл иргэншлийг тэр чигт нь, магадгүй дэлхий гаригийг бүхэлд нь ч сүйрүүлж болох юм.
Үнэндээ, одоо бид зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг зогсоох олон улсын тогтолцоо задарч бутарч байгааг ажиглан харцгааж байна. Бараг мянган удаа миний хэлж ярьж байсанчлан зэвсэглэлээр хөөцөлдөх, цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх хүрээний амин чухал асуудал болсон пуужингаас хамгаалах Гэрээнээс АНУ гарсны дараа бид пуужингаас хамгаалах эдгээр системийг гэтлэх шинэ систем бүтээж хариулахаас өөр аргагүй байдалд хүрсэн.
Орос улс биднээс давуу болчихлоо гэх үг яриаг харин одоо бид сонсож байна. Тийм ээ, энэ үнэн. Зэвсгийн ийм систем дэлхийд одоогоор хаана ч байхгүй. Тэргүүлэх том гүрнүүдэд бий болно, тэхдээ одоохондоо байхгүй. Энэ утгаараа тодорхой давуу тал бий. Гэхдээ стратегийн тэнцвэрийн хувьд энэ бол зогсоон барих, харьцааг тэгшитгэх элемент юм. Энэ бол тэгш байдлыг л хадгалж байгаагаас илүү гарсан юм байхгүй.
Одоо ойрын болон дундын зайн тусгалт пуужинг устгах тухай Гэрээнээс гарч, бас дахиад нэг алхам хийж байна. Энэ тэгээд юу болох вэ? Нөхцөл байдал цаашаа яаж өрнөхийг төсөөлөхөд үнэхээр бэрх. Энэ пуужингууд хэрвээ Европт бий болбол яах вэ? Бид юу хийх вэ? Мэдээж, ямар нэг алхмаар аюулгүй байдлаа хангах хэрэгтэй болно.
Биднийг ямар нэг байдлаар давуу болмогц харин сүүлд нь бүү гонгиноцгоог. Бид давуу байдал бий болгоогүй, харин тэнцвэрийг хадгалж, аюулгүй байдлаа л хангаж байна.
Анхаарал хандуулахгүй байж болохгүй өөр нэг асуудал бий. Энэ бол хэрэглэх босгыг багасгах, өөрөөр хэлбэл бага хүчин чадалтай цөмийн цэнэг бүтээх чиг хандлага бий, энэ бол харин глобал хэмжээнд бус, тактикийн зориулалтаар хэрэглэнэ гэсэн үг. Энэ бол тийм ч аймшигтай зүйл биш, хэрэглэж болох зүйл гэсэн санааг Барууны аналитикууд хэлж ярьцгааж байна. Ингэж босго бууруулснаар цөмийн сүйрэлд ч хүргэж мэднэ.
Танагт нь тулгахгүйн тулд эрүүл саруул ухаан, өөрийгөө хамгаалах мэдрэмж хүн төрөлхтөнд хүрэлцэнэ гэдгийг би эш үндэс болгож байна.
Керчийн буланд болсон хэрэг явдлын тухай
-
Нөхцөл байдлыг хурцатгана хэмээн өдөөн хатгалгыг тооцоолсон. Манай украин түншүүдэд энэ нь ямар хэрэгтэй юм, ойлгомжгүй зүйл. Тэнд сонгууль болох гэж байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигч хэн нэгний чансааг өсгөхийн тулд нөхцөл байдлыг хурцатгах хэрэгтэй болж. Одоогийн ажиллаж байгаа Ерөнхийлөгчийг би хэлж байна. Энэ бол муу хэрэг. Өөрийн ард түмэн, өөрийн төр улсын аль алиных нь хувьд энэ бол муу зүйл.
Өдөөн хатгалга бүтэлтэй болсон уу, үгүй юү? Чансаа өсгөх үүднээс магадгүй тийм байх. Яагаад гэвэл Петр Алексеевичийн чансаа өссөн юм шиг байгаа юм. Тэр тавдугаар байрнаас хоёр, эсвэл гуравт орсон, хэлбэлзэл ойролцоогоор 12 хувь орчим байх шиг байна.
Донбассын тухай
-Энэ газар нутагт (Донецкийн БНУ, Луганскийн БНУ. ТАСС-ын тайлбар) амьдарч аж төрж байгаа хүмүүст бид үнэхээр хүмүүнлэгийн болон бусад тусламж, дэмжлэг үзүүлж байгаа. Зөвхөн тэднийг тэнд нэгмөсөн бяц даруулахгүй, бариулж идүүлэхгүй, тасар татуулахгүйн тулд л үүнийг хийж байгаа. Цаашдаа ч бид үүнийг хийх болно, яагаад гэвэл өнөөгийн Киевийн эрх баригчид сүүлийн хэдэн жилийн турш улс төрийн шинжтэй асуудлыг хүчээр шийдэх оролдлогохийсээр байгааг харж байна, энэ бол бүтэхгүй. Үүнийг ойлгох хэрэгтэй.
Украинтай харилцах харилцааны тухай
-Украины бүхий л газар нутаг дээр, түүний дотор Донбаст энх амгалан байдал, хөгжил цэцэглэлийг бид хүсч байна. Украин бол манай худалдааэдийн засгийн томоохон түншийн нэг хэвээр байгаа учраас бид үүнийг хүсч сонирхож байна. Өнөөгийн Киевийн эрх баригчдын бүхий л хүчин чармайлтыг үл харгалзан Украин, Орос хоорондын худалдааны эргэлт өсөн нэмэгдэж байна, түүний дотор улиран өнгөрч байгаа онд өсөн нэмэгдсэн.
Украинчуудад ОХУ-ын иргэншил олгохыг хөнгөвчлөх тухай
-Иргэншил тогтоох тухайд энэ бол зөвхөн Украины зүүн өмнөд хэсэг дэх үйл явдалтай холбоотой асуудал төдийгүй, үүнийг бид зөвхөн энэ газар нутаг дээр амьдарч, аж төрж байгаа хүмүүст зориулж хийж байгаа юм биш. Иргэншлийн тухай, иргэншил олж авах тухай холбогдох хуульд оруулах өөрчлөлтийг Засгийн газар бэлтгэж байна. Яах гэж үүнийг бид хийж байгаа вэ гэвэл Орос, Украины ард түмнийг тал тал тийш нь татаж чангаах, задалж хуваахыг бид хүсэхгүй байна, ийм бодлогыг бид дэмжихгүй учраас үүнийг хийж байна.
Японд Америкийн пуужингаас хамгаалах систембий болгох тухай
-Пуужингаас хамгаалах систем байршуулах төлөвлөгөө мэдээж бидний сэтгэл санааг зовоож байна. Үүнийг бид хамгаалалтын зэвсэг гэж үзэхгүй, энэ бол зах хязгаар тийш аваачсан Америкийн стратегийн цөмийн хүчин чадлын нэг хэсэг гэдгийг би олон удаа хэлсэн, одоо ч дахин давтаж болох юм. Эдгээр систем цохилтын цогцтойгоо хамт нэгэн зэрэг ажилладаг юм.
Токиотой байгуулах энхийн гэрээний тухай
-Японтой энхийн гэрээ байгуулахыг бид хүсч тэмүүлж байгаа, цаашдаа ч тэмүүлэх болно, яагаад гэвэл өнөөгийн төлөв байдал хэвийн бус байна гэдэгт би итгэл үнэмшилтэй байдаг, Ерөнхий сайд Абэ ч энэ итгэл үнэмшлийг минь хуваалцдаг. Бидний харилцааг зохицуулахыг Орос, Японы хэн хэн нь хүсч сонирхож байгаа.
Оросын иргэдийг солилцохын тулд ОХУ яагаад “гэмгүй хүмүүсийг барьж саатуулах”-гүй тухай
-Ямар үйлдлийн хариуд хэн нь хэнийг юуны учир саатуулсан гэх зэргээр Америк-Хятадын харилцаанд юу болоод байгааг би тайлбарлахыг хүсэхгүй. Энэ бол маш нарийн эмзэг хүрээний асуудал, энд бид Хаммурали хааны хуульд заасан “талионы” зарчмыг баримталж ажиллахгүй, манайд үүнийг “нүдийг нүдээр, шүдийг шүдээр” гэдэг юм.
Бодит байдалд нийцүүлж маш нямбай ажиллах хэрэгтэй. Хэрэв хэн нэгэн Оросын хууль тогтоомжийг зөрчиж байгаа бол яс үндэс, хаанахын харьяатыг үл харгалзан бид үүнийг анзаарч ажиллах болно. Хэн нэгнээр солихын тулд ямар ч гэм буруугүй хүмүүсийг бид барьж саатуулахгүй.
Мария Бутинагийн хэргийн тухай
-Манай иргэдийн хувь заяаг хөндөж байгаа болохоор мэдээж хамаагүй зүйл биш. ОХУ-ын, улсын байгууллагын ямар ч даалгавар гүйцэтгээгүй болохоор тэр Бутинагюуг хүлээн зөвшөөр гээд байгаа нь ойлгомжгүй, тэр юуг хүлээн зөвшөөрөх юм бэ. 12-15 жил хорихоор айлгаж сүрдүүлэх нөлөөн дор тэрээр юу ч ярьж болох гэдгийг би хариуцлагатай мэдэгдэж байна.
Тэр өөрөө, өмгөөлөгчийнхөө хамт шоронгоос суллагдахын төлөө тэмцэж байгаа нь ойлгомжтой хэрэг. Зүгээр л ямар ч үндэслэлгүйгээр барьж суулгасныг ойлгохгүй байна. Нөхцөл байдлаас гарахын тулд бүгд л яаж ийгээд нэр нүүрээ аврах хэрэгтэй болно, юуны өмнө би Америкийн шүүхийн талаар өгүүлж байна. Юу болж дуусахыг харж л байя.
Барууныхан юуны учир ОХУ-ын эсрэг хориг тогтоож байгаа тухай
-Энэ юутай холбоотой вэ? Би урьд нь энэ тухай хэлж ярьж байсан, өнөөдрийн энэ танхимд байгаа хүмүүсийн олонх нь ОХУ-ын хүчин чадлын болон өрсөлдөх чадварын өсөлттэй холбоотойг адилхан ойлгож байгаа гэдэгт найдаж байна. Бодолцох хэрэгтэй боловч хүсмээргүй хүч чадалтай тоглогч бий болсон. Саяхан болтол тийм улс орон байхгүй гэж бодож явсан, гэтэл тийм улс гараад ирсэн, түүнтэй ойлголцох ёстой.
Хоригийн нааштай үр нөлөөний тухай
-Тийм ээ, энэ бүх хоригийн ажил үйлийн сөрөг муу нөлөө бий, гэхдээ нааштай зүйлүүд ч бас байна. Тэр нь юунд орших вэ? Энэ бүхэн биднийг маш олон чиглэлээр толгойгоо ажиллуулахыг шаардсан, барууны шинжээчид ч үүнийг мөн хүлээн зөвшөөрдөг. Эх орны тээврийн машин үйлдвэрлэлийн хувь хэмжээ 2017 онд 98 хувь, автомашин үйлдвэрлэл85 хувь, бусад зарим гол чиглэлээр 80 орчим хувьд хүрсэн.
Скрипаль нарын болон Хашгоггийн хэргийн тухай
-Хашгогги алуулсан, энэ лав бололтой, бүгд үүнийг хүлээн зөвшөөрсөн. Скрипаль, бурхны авралаар, амьд сэрүүн байгаа. Гэсэн хэдий ч Орос улсын тухайд тэнд өч төчнөөн хориг бий, өнөөг хүртэл эцэс төгсгөлгүй ярьсаар л байгаа, удаах тохиолдлын хувьд харин таг чиг. Бүр чив чимээгүй шүү.Энэ бол харин Оросыг ад үзсэн улстөржсөн чиг хандлага, энэ бол Орос улс руу дайрч довтлох ээлжит ажиллагааг зохион байгуулах шалтаг. Үүнээс өөр бодож санасан юм юу ч алга, миний хувьд энэ бол лавтай зүйл. Боломжит өрсөлдөгчийн хувьд Орос улсын хөгжил дэвшлийг саатуулах гэсэн ганц л зорилготой. Ийм л байна, өөр зорилго би олж харахгүй байна.
“Исламын улс”-ыг ялсан тухай (ИУ, ОХУ-д хориглосон байгууллага)
-Исламын улсыг ялсан тухайд гэвэл АНУ-ын Ерөнхийлөгчтэй би үндсэндээ санал нэг байна. Энэ газар нутагт терроризмтай хийх тэмцэлд бид мэдэгдэхүйц амжилт олж, Сирид байгаа Исламын улсад томоохон цохилт өгсөн.
АНУ-ын цэргийг Сириэс гаргах тухай
-Цэрэг гаргах тухайд энэ яг чухам юу вэ гэдгийг би мэдэхгүй байна. АНУ цэргээ гаргана гэсээр Афганистанд 17 болж байна. Одоохондоо бид цэрэг гаргах шинж тэмдэг олж хараагүй л байна, гэхдээ энэ бол боломжтой зүйл гэдгийг үгүйсгэхгүй. Тэр тусмаа бид улс төрийн зохицуулалтын замаар урагшилж байна.
Сирид Америкийн цэрэг байх шаардлагатай юу? Үгүй, шаардлагагүй. Сирид АНУ-ын цэрэг байрлаж байгаа нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрээр баталгаажаагүй, зөвхөн ийм шийдвэрээр л, эсвэл Сирийн хууль ёсны засгийн газрын хүсэлтээр тэнд цэрэг байрлах боломжтой гэдгийг мартаж болохгүй. Бид Сирийн Засгийн газрын урилгаар байрлаж байгаа.
АНУ-ын хувьд аль аль нь байхгүй, хэрвээ тийм учраас АНУ цэргээ гаргах шийдвэр гаргасан бол зөв.
Хятадтай хамтарч ажиллах тухай
-Бид хоёр талдаа маш найдвартай ажиллаж байгаа, ЗХУ-ын үеэс бидэнд өвлөгдөж үлдсэн бүх асуудлыг бид шийдсэн, цаашаа урагшилж байна. Бид зөвхөн эдийн засгийн салбар гэлтгүй, аюулгүй байдлын хүрээнд ч ажиллаж байна. Олон улсын төвшинд бид маш идэвхтэй хамтарч ажиллаж байгаа, олон улсын нөхцөл байдлыг эрүүл саруул болгох, дэлхийн тавцанд нөхцөл байдлыг тогтвортой, урьдчилан төсөөлж болохуйц байлгахад олон улсын төвшин дэх Орос-Хятадын харилцан үйл ажиллагаа гарцаагүй хүчин зүйл болж байна.
Афганистаны зохицуулалтын тухай
-Энэ үйл явцад бид өөрт байгаа боломжийн хэрээр, түүний дотор тухайлбал, ТАПИ (Туркмен-Афганистан-Пакистан-Энэтхэгийг холбосон хий дамжуулах шугам хоолой. ТАСС-ын тайлбар) гэх мэт олон улсын төрөл бүрийн төслүүдэд оролцонгоо Афганистантай эдийн засгийн харилцан үйл ажиллагааг хөгжүүлэх замаар тус дэм үзүүлэх болно.
Афганистан дахь улс төрийн үйл явцыг гагцхүү зөвхөн талуудын тохиролцооны арга замаар л зохицуулалт хийж болно хэмээн бид үзэж байна. Харин үүнээс өмнө бид Тажик дахь цэргийн баазаа бэхжүүлэхээс өөр аргагүй болно.
Украин дахь шашны хагарлын тухай
-Үнэн алдартны шашинд одоо болж байгаа зүйлийг жирийн ард иргэд ухаан санаанд багтамгүй гэж ярьдаг. Энэ бол сүм хийд, шашны амьдралд төрөөс шууд оролцож байгаа хэрэг. ЗХУ-ын үеэс хэзээ ч ийм зүйл гарч байгаагүй.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Киев рүү утасдаж, энэ асуудлыг хэлэлцэнэ гдэг бол огт байж боломгүй зүйл, гэсэн хэдий ч энэ бүхэн болсоор байна. Энэ бол Орос, Украины ард түмнийг цаашид хагалан бутаргах зорилгоор сонгуулийн кампанит ажлын өмнөхөн хийж байгааг бас дахин гэрчилж байгаа бөгөөд энэ бол гарцаагүй улс төрийн шалтгаантай хийж байгаа зүйл, энд сайн гэхээр юм юу ч алга байна.
Үүнийг дагаад өмч хуваах асуудал гарцаагүй эхэлнэдээ гэдэг асуудал миний санааг маш их зовоож байна. Үнэн хэрэгтээ энэ ажил явж байна, маш хүнд хэцүү шинжтэй болох янзтай. Цус урсгасан үйл явдал битгий гараасай л гэж залбирах байна. Харж хамгаалах хүнгүй, зэр зэвсэггүй, гол төлөв өндөр настай, эмэгтэйчүүд зонхилсон өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалах гэсэн хүмүүс өрөвдөлтэй байна.
Туркээс, Константинополийн патриархаас ямар хамааралтай болж байгааг хар л даа. Тэндээс бүх томилгоо, хөрөнгө мөнгийг удирдана, хамгийн гол нь Варфоломейн (Константинополийн патриарх) гол сэдэл нь энэ газар нутгийг эрхшээлдээ байлгах, тэгээд эндээс хөрөнгө мөнгө босгох явдал гэж би бодож байна.
Франц дахь эсэргүүцлийн тухай
-Францад болж байгаа үйл явдал мэдээж, бензин, дизелийн үнэ нэмэгдсэнтэй холбоотой. Бүхэлдээ дургүйцлээ илэрхийлэх механизм нь болсон бололтой. Гэхдээ тэд бол гол төлөв унаган францчууд шүү. Сүүлийн мэдээ баримтаар хүн амын 70-аас илүү хувь нь эсэргүүцлийг дэмжиж байгаа юм байна.
Орос-Британийн харилцаа, Brexit – ийн тухай
-Миний бодлоор Орос-Британийн харилцаа мухардалд байна, мухардлаас гарах нь хоёр орны аль алиных нь ашиг сонирхолд нийцнэ.Brexit бидэнд яаж нөлөөлөх вэ?Хамгийн багаар бодоход, Европын бүхий л эдийн засагт, дэлхийн эдийн засагт, тэр утгаараа бидэнд ч мөн адил нөлөөлнө.
Brexit-ийн төлөө тэмцэж байгаа Мэйгийн байр суурийг би ойлгож байна.Санал асуулга болж өнгөрлөө, одоо тэгээд тэр юу хийх вэ? Санал асуулгаар илэрхийлсэн ард түмний хүсэл зоригийг л биелүүлэх ёстой.Хэн нэгний сэтгэлд нийцэхгүй болох үед энэ бүх арга хэмжээг бас дахин явуулж, энэхүү Brexit-ийг хэрвээ нулимах болбол энэ нөхцөл байдлыг шүүмжлэгчид хэрхэн үнэлж дүгнэхийг би харна.
Гэхдээ энэ бол бидний ажил хэрэг биш, өөрсдөө учраа олог. Эс тэгвээс бас дахиад ямар нэг зүйлээр биднийг буруутгах болно.
Төв африкийн бүгд найрамдах улсад амь үрэгдсэн оросын сэтгүүлчдийн тухай
-Өнөөдрийн байдлаар бидэнд байгаа баримтаар халдлагыг орон нутгийн ямар нэгэн бүлэглэл үйлдсэн байна. Мөрдөх ажиллагаа миний төсөөлж байгаагаар тэнд явагдаж байгаа, тодорхой үнэн мэдээ баримт одоогоор алга байна, гэхдээ тийм үнэн мэдээг олж авна гэдэгт бид маш их найдаж байна. Энэ нөхцөл байдлыг бид дипломат шугамаар хяналтдаа байлгаж байна, бодит байдал чухам юу болсныг удахгүй олж мэднэ хэмээн итгэж найдаж байна.
Пашинянтай хийсэн хэлэлцээрийн тухай
-Оросын ард түмний Кавказын чанад дахьойрын холбоотон бол армяны ард түмэн.Түүхийн хувьд ч ийм байсан.Тийм байгаа, цаашдаа ч тийм байна гэж найдаж байна. Бид дэлхий дахинд, бүс нутагт болж байгаа бодит нөхцөл байдалд тулгуурлах ёстой гэж бодож байна. Хэрэгцээ, боломжоо ч эш үндэс болгох ёстой. Ойрын үед бид ноён Пашинянтай энэ бүгдийг хэлэлцэнэ, дараагийн долоо хоногт тэр айлчлалаар ирэх учиртай.
Орос-Туркийн харилцааны тухай
-Эдийн засаг, аюулгүй байдлын салбарт орос – туркийн харилцаа хэрхэн хөгжиж байгаад бид сэтгэл хангалуун байх ёстой. Хэдийгээр бидний ашиг сонирхол ямар нэг зүйл дээр нийлдэггүй ч, сирийн хямралыг зохицуулах тал дээр ойлголцсон шийдвэр олж чадаж байгаа. Энэ чиглэлээр бид туркийн ард түмний үндэсний ашиг сонирхолд хүндэтгэлтэй ханддаг бөгөөд туркийн түншүүд ч мөн адил ойлголцоход бэлэн байдаг, тэгээд Сирийн нөхцөл байдлыг сайжруулж хөгжүүлэхийн төлөө, терроризмтэй хийх тэмцлийн төлөө, бидний харилцааг бэхжүүлэхийн төлөө хамтдаа бид ойлголцсон шийдэл олж байгаа.
НАТО-гийн гишүүн улс орны хувьд Турк улс альянсын гишүүнийхээ үүрэг хариуцлагыг ч биелүүлэхийн зэрэгцээ бие даасан гадаад бодлого явуулж байна. Үүнийг бид өндөр үнэлдэг бөгөөд энэ бол бидний харилцааг урьдчилан төсөөлж болохуйц, тогтвортой байлгах нөхцлийг бүрдүүлж байна.
НоёнЭрдоганы удирдлага дор ийм чиг хандлага цаашид ч үргэлжилнэ гэдэгт найдаж байна. .
Трамптай уулзах эсэх тухай
-Би мэдэхгүй байна. Бид бэлэн [тийм уулзалтад] гэдгээ би олон удаа хэлж ярьсан.Одоо Конгресст эрх мэдэл өөрчлөгдөж байна, одоогийн Ерөнхийлөгч рүү шинэ дайралт хийх байх гэдгийг бараг 100 хувь төсөөлж болох байх. Ийм нөхцөлд тэр ОХУ-тай шууд яриа хэлцэл хийж чадах болов уу яах бол, би мэдэхгүй байна, үүнийг тэднээс асуух хэрэгтэй.
“Дэлхийг удирдан жолоодохыг” хүсдэг эсэх тухай
-Үүнийг хийхийг хүсдэг штаб хаана байрладагийг бид мэднэ. Тэр нь Москвад биш. Энэ бол дэлхийн эдийн засагт АНУ-ын гүйцэтгэж байгаа тэргүүлэх чиг үүрэгтэй, 700 гаруй тэрбум ам. долларыг батлан хамгаалахад зарцуулж байгаатай холбоотой, харин бид 46 тэрбумыг зарцуулдаг. ОХУ-ын иргэд 146 сая, тэгвэл НАТО-гийн улс орнуудын хүн ам 600 сая, тэгэхээр дэлхийг удирдан жолоодох явдал манай зорилго гэж та үзэж байгаа юм уу? Энэ бол бүлгүүдийн өөр хоорондын улс төрийн дотоод асуудлаа шийдэхийн тулд барууны улс орнууд олон нийтийн санаа бодолд тулгадаг хэв загвар.
Бидний гол зорилго, манай гадаад бодлогын зорилго бол үнэндээ ОХУ-ын хөгжилд, түүний эдийн засаг, нийгмийн салбарын хөгжилд таатай орчин нөхцөл бүрдүүлэх, гарцаагүй урагшлах хөдөлгөөнийг хангах, улс орноо бэхжүүлэх, дотооддоо бол юуны өмнө, олон улсын тавцан дээр манай улс бусдын дунд эрх тэгш түнш байх тийм байр суурь эзлэх явдал юм.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин