Ц.БАЯР
Монголбанк, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл хамтран “Хариуцлагатайгаар олборлосон алтаа эх орондоо тушаая” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлэг, радио, гэрэл зургийн уралдааны дүнг өнөөдөр танилцуулж Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал Л.Эрдэнэтуяа, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийн удирдагч Алтанбагана нар сэтгүүлчдэд шагналыг гардуулан өглөө. Сонины шилдэг нийтлэлийн төрөлд “Өнөөдөр” сонины сэтгүүлч Т.Энхбатын “Алтаар үржих ашиг”, удаах шагналыг “ Зууны мэдээ” сонины сэтгүүлч Ц.Мягмарбаярын “Алтны сорьцыг орон нутагт тогтоосноор хууль бус нийлүүлэлт зогсоно” нийтлэл, телевизийн шилдэг нэвтрүүлгээр “25 дугаар суваг” телевизийн сэтгүүлч н.Баттүвшин, н.Соёлбаяр нарын хамтын бүтээл, дэд байранд “TВ-9” телевизийн сэтгүүлч Д.Ганзоригын бүтээл шалгарсан байна. Харин радиогийн шилдэг нийтлэлээр Монголын радиогийн Хурд агентлагийн сэтгүүлч Д.Баяржаргалын нэвтрүүлэг, гэрэл зургийн тусгай байранд “Үндэсний шуудан” сонины гэрэл зургийн сурвалжлагч А.Чимэдцэрэн нар шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулав. Уралдаанд сонины 31 нийтлэл, радиогийн хоёр, телевизийн найм, гэрэл зургийн гурван бүтээл ирсэн байна. Энэ уралдааныг Монгол Улс дахь бичил уурхайгаар олборлосон алтны нийлүүлэлтийн сүлжээнд тулгараад байгаа асуудлууд, шийдвэрлэх арга зам, алтны худалдааны төвлөрлийг бууруулах, алтны гарал үүсэл, ил тод байдлыг нэмэгдүүлэх болон Дархан-Уул, Баянхонгор аймагт байгуулагдсан алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний талаар олон нийтэд зөв ойлголт өгөх зорилгоор зохион байгуулсан. Нийтлэлийн төрөлд тэргүүн байр эзэлсэн “Өнөөдөр” сонины эдийн засгийн албаны дарга, сэтгүүлч Т.Энхбат “БНСУ-ын түүхэнд 800 төгрөг байсан ханш нь шууд хоёр дахин нэмэгдэж байсан гэдэг. Энэ цаг үед солонгосчууд иргэдээ алтаа тушаагаач, бид худалдаж авъя гэдэг саналыг тавиад улмаар валютын нөөцөө бүрдүүлж байсан. Монголд ч гэсэн өнөөдөр нөхцөл байдал нь өөр, хямраагүй ч гэсэн валютын ханшийн байдлаар яг л Солонгосын тухайн үеийн нөхцөл байдалд байгаа. Тэгэхээр алтаа эх орондоо тушаавал энэ нь долларын ханш тогтворжуулахаас эхлээд их ач холбогдолтой гэдэг санааг нийтлэлдээ хөндсөн” гэж байлаа.
Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа “Монголбанк, Швейцарийн хөгжлийн агентлаг болон бусад төрийн болон ТББ-тай хамтран сүүлийн жилүүдэд алт олборлолтын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах чиглэлээр олон ажил хийж байгаа. Тухайлбал, алтны гарал үүслийг тодорхой болгох, жижиг алт олборлогч иргэдэд хүрч ажиллаж байна. Үүний үр дүнд Баянхонгор, Дархан-Уул аймагт алт, үнэт металлын сорьцын лабораторийг нээгээд өнөөдрийн байдлаар 160 орчим кг алтыг Монголбанк худалдан авсан байна. Монголбанкны худалдан авалт 21 тоннд хүрсэн. Өнөөдрөөс эхлэн Монголбанк мөнгөний худалдан авах үнээс цэвэршүүлэлтийн зардлыг нэг ам.доллараар хасч тооцохоор болсон. Худалдан авах үнээ нэмсэн гэсэн үг. Монгол Улсад татварын таатай орчин бүрдсэнээс хойш нийт олборлож байгаа алтны дийлэнх хувь нь Монголбанкинд тушаагдаж байгаа гэж үзэж байгаа” гэв.
“Тогтвортой бичил уурхай” төслийн IV үе шатанд бичил уурхайгаар олборлосон эрдэс баялгийн нийлэлтийн сүлжээг ил тод болгож, гарал үүслийг нь тодорхой болгоход чиглэн ажиллаж байгаа юм байна.
Эх сурвалж:www.polit.mn
“Эх орондоо хариуцлагатайгаар олборлосон алтаа тушаая” уралдааны дүн гарлаа
2018-12-20
Нийтэлсэн: Админ
 1 мин