Ц.БАЯР
Монголын бичил уурхайчид нэгэн дээвэр доор нэгдсэнээс хойш тав дахь жилтэйгээ золгож байна. Нийгэмд нинжа хэмээх нэрнээс салж бичил уурхайчид болж улмаар хариуцлагатай уул уурхай эрхэлж төлөвшихөд олон талын хамтын ажиллагаа чухал. Тэднийг нэгтгэсэн “Монголын бичил уурхай эрхлэгчдийн нэгдсэн дээвэр” холбооны ажил өнгөрсөн хугацаанд шинэ шатанд гарч гадаад харилцаа нь олон улсын хэмжээнд хүрч хүрээгээ тэлжээ. Тэд таван жилийн ойн өдрөөр III их хурлаа хийсэн юм. Өдгөө нэг дүүрэг 15 аймгийн 45 суманд 79 гишүүн байгууллагууд 429 нөхөрлөлийн зохион байгуулалтад орж 6300 гаруй гишүүнийг эгнээндээ нэгтгэжээ. Тус холбоо нь бичил уурхайчдаа зохион байгуулалтад оруулж хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулахад нь мэргэжлийн тусалцаа үзүүлдэг. Түүнчлэн нөхөн сэргээлт хийж орон нутагтаа хүлээлгэн өгдөг нь уул уурхайн компаниудаас хариуцлагатай гэдгээрээ ялгардаг. Мөн орлогын нэмэлт эх үүсвэр, хуримтлалтай болгоход дэмжлэг үзүүлдэг. Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран ажиллаж тэдэнд чиглэсэн үр өгөөжтэй олон ажлыг хийсээр ирсэн юм. Ойн үеэр бичил уурхай эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж ярилцсан юм.
Баянхонгор аймгийн “ХАМОДХ” ТББ тэргүүн Ж.Цэрэндамба: ЭКО АЛТЫГ АЗИДАА АНХ НИЙЛҮҮСЭН БАЙГУУЛЛАГА
-Манайх өөрсдийн гараар олборлосон алтаа Монголбанкаар дамжуулан Лондонгийн хөрөнгийн биржид тушаадаг. Бидний нийлүүлсэн алтаар хийсэн бүтээгдэхүүний зургийг хараад сэтгэл өндөр байдаг. Манайх алтны үндсэн ордод үйл ажиллагаа эрхэлдэг. Шороон ордод тухайн аймаг орон нутгийн удирдлагуудын ашиг сонирхлоос хамаарч бичил уурхай эрхлэгчдийн дагаж мөрдөх Засгийн газрын 151 дүгээр журмыг хэрэгжүүлэхдээ гажуудуулах явдал гарч байна. Гар аргаар олборлохоос ажиллах бүтээмжийг дээшлүүлж техникийн моторын хэмжээг тогтоож өгсөн сайн журам. Харин бичил уурхай эрхлэгчдэд зориулан өгсөн газар дээр техникийн хүчээр богино хугацаанд олборлолт хийж буй нөхөрлөл нэртэй компаниуд орж ирэх боломж олгосон гэдгээр сөрөг талтай.Манай “ХАМОДХ” ТББ бичил уурхайчдын эко алт олборлолтыг дэлхийн зах зээлд таниулсан Азидаа анхдагч байгууллага.
Дундговь аймгийн Хулд сумын “Тахилгат лусын булаг” ТББ-ийн тэргүүн Ж.Рэнцэнпүрэв: 95 САЯ ТӨГРӨГИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ХУРИМТЛАЛ ТӨВЛӨРҮҮЛСЭН
-Манай аймгийн бичил уурхайчид 2011-2015 онд 95 сая төгрөгийн нөхөн сэргээлтийн хуримтлал үүсгэсэн. Жонш олборлогч бичил уурхайчид нэгдсэн зохион байгуулалтад орсноор аймаг орон нутгийн төсвийн 70 орчим хувийг бүрдүүлдэг. Одоогоор 2000 гаруй бичил уурхайчтай. Газар дээрээс нь худалдан авалт хийдэг гэрээтэй хоёр компаниар дамжуулан борлуулалтаа хийдэг. Эдгээр компани аймагтай гэрээ хийж ашигт малтмал ашигласны төлбөр төлдөг. Жоншны ханш дэлхийн зах зээлд өссөн үед дундын дамжлагагүйгээр өөрсдөө шууд борлуулалт хийвэл ашиг илүү унахаар байдаг. Засгийн газрын 151 дүгээр журмын хэрэгжилтийг аймгийн удирдлагууд мэддэг болсон. Сумын удирдлагууд зөвхөн нөхөрлөл, хоршоололтой гэрээ хийдэг болсон. Энэ байдал нь ашиг сонирхлын зөрчлийг илүү ихээр бий болгосон.
Увс аймгийн Бичил уурхай эрхлэгчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Г.Ганболд: ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОРООГҮЙ 500 БИЧИЛ УУРХАЙЧТАЙ
-Энэ жил манай аймгаас бичил уурхай эрхлэгчдэд жамц давс олборлоход зориулж таван мянган га газар олгосон. Долоон суманд бичил уурхайн дөрвөн нөхөрлөлийн 800 иргэн үйл ажиллагаа явуулдаг. Цаана нь зохион байгуулалтад ороогүй 500 орчим бичил уурхайч бий. Тэднийг ажлын байртай болгох гол арга зохион байгуулалтад оруулж нөхөрлөл байгуулан газар олгох хэрэгтэй. Засгийн газрын 151 дүгээр тогтоол Давс, Тариалан суманд сайн хэрэгжиж байна.
Өвөрхангай аймгийн Бөөрөлжүүт сумын малчин Т.Дэлгэрсайхан: МАЛЧИД НӨХӨРЛӨЛ БАЙГУУЛЧИХААД БАЙХАД ГАЗАР ӨГӨХГҮЙ БАЙНА
-Манай аймгийн Уянга сумыг бичил уурхайн алтны загалмайлсан сум гэдэг. Одоогоор Уянга суманд алтны 40 гаруй компани үйл ажиллагааг эрхэлдэг. Харин бичил уурхай эрхлэгчдийн нөхөрлөлд энэ жил газар олгоогүй. Аймагт нийтдээ дөрвөн газраас хүсэлт илгээсэн ч Аймгийн ИТХ-аар хоёр сумын газрыг баталсан. Яагаад газар олгохгүй байгаа тухай удирдлагуудаас шаардахад бичил уурхайн нөхөрлөл сул байна гэдэг. Бусад аймагтай харьцуулахад нэгдсэн зохион байгуулалтад орох байдал удаашралтай байгаа нь үүнтэй холбоотой. Гэхдээ Уянга суманд 17 нөхөрлөл бүртгэгдсэн. Идэвхтэй үйл ажиллагаатай дөрвөн байгууллага байгаа ч энэ жил газар олгоогүй. Бөөрөлжүүт суманд хоёр нөхөрлөл зөвшөөрөл авсан. Гэвч тэнд 10 гаруй уурхай ажиллаж байна. Малчид бид хоёр жилийн өмнө малаа зуданд алдсан. Алтаа ухаж амьдрахаас өөр аргагүй. Гэтэл байгалийн баялгийг хүнд техниктэй нөхөрлөл нэрийн дор том компаниуд ухаж аваад нөхөн сэргээлт ч хийхгүй хаяад явдаг. Харин малчид алтан дээр суусан гуйлгачин нэр зүүгээд хохирч байна.
2000 оны тэртээгээс замбараагүй ашигт малтмал олборлож байсан бичил уурхайчид ийнхүү таван жилийн өмнөөс нэгдэж төр, засагт үгээ хүргэж зохион байгуулалтад орсноор улс орныхоо хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж эрдэнэсийн авдраа дүүрэн байлгах, өөрсдийнхөө амьдралын баталгааг хангах зэргээр тэдний хариуцлага улам нэмэгдсэн.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин