Д.ЭНХЭЭ
Катар улс 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ОПЕК-аас гарна хэмээн тус улсын эрчим хүчний сайд энэ сарын эхээр Саад бен Шарид аль-Кааби мэдэгдээд байгаа.
Дэлхийн тавцан дээр байр сууриа бэхжүүлэх боломжид шинжилгээ хийсний дараа Катар улс ОПЕК-аас гарахаар шийдсэн болно хэмээн сайд тайлбарлав. Энэ бол 2017 оны зун Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират /АНЭ/ болон өөр бусад долоон улс орны зүгээс Катар улсад зарласан улс төрийн болон эдийн засгийн дарамт шахалттай (бойкот) холбоогүй техникийн хийгээд стратегийн алхам гэсэн сайдын үгийг Reuters агентлаг дамжуулсан байна.
Шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэрлэлийг жилд 77 сая тонноос 110 сая тонн болгож нэмэгдүүлэн хөгжүүлэхэд улс орон төвлөрөхөөр төлөвлөж байна хэмээн тэрээр өгүүлжээ. Катар улс одоо шингэрүүлсэн байгалийн хийн экспортоор дэлхийн лидер билээ.
ГАЗРЫН ТОС ЭКСПОРТЛОГЧ УЛС ОРНУУДЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ
ОПЕК (The Organization of the Petroleum Exporting Countries, OPEC)-Газрын тос олборлолтын квотод хяналт тавих зорилгоор газрын тос олборлогч улс орнууд 1960-аад онд үүсгэн байгуулсан Засгийн газар хоорондын олон улсын байгууллага. Одоо тус байгууллагад Алжир, Ангор, Венесуэл, Габон, Ирак, Иран, Катар, Конго, Кувейт, Ливи, Нигери, АНЭ, Саудын Араб, Эквадор, Экваторын Гвиней зэрэг 15 орон багтдаг.
ОПЕК-ийн гишүүн улс орнууд дэлхийн газрын тосны нөөцийн 2/3 орчим хэсгийг, дэлхий дахины олборлолтын ойролцоогоор 45 хувийг хянадаг.
Байгууллагын бүхий л түүхийн хугацааны туршид Габон, Индонези, Эквадор гэсэн гурван улс орхиж гарч байсан. Гэхдээ гурвуулаа буцаж ОПЕК-ийн бүрэлдэхүүнд орсон бөгөөд харин 2016 оны арванхоёрдугаар сард Индонези улс бас дахиж картелиас гарсан.
БАЙГАЛИЙН ХИЙН ТӨЛӨӨ ОПЕК – ААС ТАТГАЛЗЖЭЭ
Хэдийгээр ОПЕК-аас татгалзаж байгаа ч газрын тос олборлох талаар дэлхийн бүх тохиролцоогоо үргэлжлүүлэн биелүүлнэ гэдгээ Дохад онцлон тэмдэглэсэн.
Катар улс ОПЕК-аас гарч байгаа хэдий ч газрын тосны харьцангуй бага хэмжээний үйлдвэрлэгчээр картельд үлдэж байгаа болохоор зах зээлийн нөхцөл байдалд сүрхий нөлөөлнө гэдэгт Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Владимир Фейгин эргэлзэж байна. Шинжээчийн бодлоор хэдийгээр катарын сайд мэдэгдэл хийсэн боловч энэ бол ялангуяа байгууллагын лидер де-факто Саудын Араб улстай харилцах харилцаа сайнгүй байгаа нөхцөлд өөрийнхөө бие даасан байдлаа харуулах гэсэн бэлгэдлийн шинжтэй алхам ажээ.
Bloomberg-ийн шинжээчид мөн л ийм бодолтой байна. “ОПЕК-аас гарч байгаа нь Катарын хувьд нэлээд хэмжээгээр бэлгэдлийн шинжтэй” хэмээн Energy Aspects зөвлөх компанийн газрын тосны ерөнхий шинжээч Амрита Сен мэдэгдэв. Шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэрлэлд анхаарал төвлөрүүлэх нь ОПЕК-ийн гишүүнчлэлд огт сөргөөр нөлөөлөхгүй, тэгэхээр Катарын алхам картелийн дотоод дахь геополитикийн санал зөрөлдөөнийг шийдвэрлэх хүндрэл бэрхшээлийн талаар олон улс орныг дахин эргэцүүлж бодоход хүргэж болох юм хэмээн RBC Capital Markets -ийн мэргэжилтэн Хелима Крофт онцолжээ.
ОПЕК+ УУЛЗАЛТЫН ӨМНӨХӨН
Арван хоёрдугаар сарын 6-нд Венад хийхээр төлөвлөсөн ОПЕК+ хуралдааны өмнөхөн Катар улс гарч байгаа тухайгаа мэдэгдсэн. Олборлолтын хэмжээг бууруулах талаар улс орнууд тохиролцоно хэмээн зах зээл хүлээж байна. Зах зээлийг тэнцвэржүүлэхийн тулд газрын тосны үнэ огцом өсч, түүний үйлдвэрлэлийг бууруулах явдлаас сэргийлэх талаар хэлэлцээрийн төслийг байгууллага хэлэлцэж байгаа талаар харин The Wall Street Journal сонин урьд нь мэдээлж байсан.
G20 уулзалтын үр дүнгээр Саудын Арабын угсаа залгамжлах хан хүү Мухаммед бен Сальман Аль Саудтай уулзсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин газрын тос олборлох хэлэлцээрийг үргэлжлүүлэх талаар улс орнууд тохиролцсон тухай өгүүлсэн. Тэрээр олборлох хэмжээний талаарх асуудал харин гүйцэд шийдэгдээгүй хэмээн мэдэгдсэн. ОПЕК+ - ийн техникийн хороо холбогдох саналыг аль хэдийн бэлтгэж байгаа хэмээн АНЭ улсын эрчим хүч, аж үйлдвэрийн сайд Сухейль аль-Мазруи хожим нь онцолж тэмдэглэжээ.
Эдгээр мэдээ газрын тосны зах зээлийн урмыг сэргээж даваа гарагийн арилжаан дээр Brent маркийн газрын тосны ханш 4,84 хувиар өсч ойролцоогоор баррель нь 62,3 ам. долларт хүрчээ. Харин ОПЕК – аас гарах тухай Катар улсын мэдэгдлийг ханш сулхан мэдэрч өсөлт 4,12 хувиар буурчээ.
Үнийг баррель нь 100 ам. доллараас 30 хүрэхгүй ам. доллар болтол унагасан газрын тосны илүүдлийг багасгахын тулд 2016 оны сүүлээр ОПЕК+ үйлдвэрлэлийг хоногт ойролцоогоор 1,8 сая баррелээр бууруулахаар тохиролцсон билээ. Энэ нь тус болсон, тэхдээ 2017-2018 онд тасралтгүй өссөний дараа энэ оны намар газрын тосны зах зээл маш хүчтэй хэлбэлзэлтэй (волатильность) тулгарсан. Аравдугаар сарын эхээр үнэ дөрвөн жилийн хамгийн дээд хэмжээнд хүрч, баррель нь 86 ам. доллар болсон бол одоо ойролцоогоор 25 хувийг алдаад байна. Хэдийгээр хүлээж байсан шиг тийм ч айхтар хатуу биш боловч Ираны эсрэг АНУ – ын тавьсан хоригийн өмнөхөн газрын тосны үнэ өссөн. Иран тэхдээ өөрийн томоохон худалдан авагчид болох Энэтхэг, Хятад, ази, европын бусад улс орнуудад газрын тос нийлүүлэх боломжоо үнэн хэрэгтээ хадгалж чадсан. Үүнээс гадна, энэ бүгдийн суурь дээр АНУ, Саудын Араб, ОХУ өндөр хэмжээгээр, АНУ бүр дээд амжилт тогтоох хэмжээнд олборлоцгоосон.
Хүчтэй хэлбэлзлийг Райффайзенбанкны аналитик Андрей Полищук ОПЕК+ - ийн зүгээс өнгөрсөн намар өгч байсан тогтворгүй дохиотой холбож үзсэн байна. “ОПЕК+ - т эхлээд олборлолтыг хязгаарлаж, тэр ч байтугай бүр бууруулах тухай ярьж байсан. Гэтэл арваннэгдүгээр сарын 11-ний уулзалтаар дээрх асуудлаар тохиролцоогүй. Ямар ч тодорхой зүйл бид сонсоогүй” хэмээн тэрээр ТАСС агентлагт тодруулж тайлбарласан.
Бүхэлдээ, шинжээчдийн үзэж байгаар зах зээлд үнэ хэлбэлзэж, ашиг хонжоо олоход хүргэж байгаа нь аман мэдэгдлүүдээс болж байгаа ажээ. "Газрын тос гэдэг бол их сайндаа 50 хувь нь суурь хүчин зүйлүүдээр тайлбарлагддаг санхүүгийн хэрэгсэл. Газрын тос Twitter болон бусад хэрэгслээр улс төрчдийн хэлж ярьж байгааг үндсэндээ голлон мэдэрч түүнд хариу үзүүлж байна” хэмээн Полищук онцлохдоо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын
"Twitter - дипломатыг" хэлсэн бололтой.
Газрын тосны одоогийн үнэ үйлдвэрлэгч, хэрэглэгч бүгдийн хувьд тааламжтай хэмээн ОХУ-ын эрчим хүчний сайд Александр ТАСС агентлагтай ярилцахдаа өмнө нь мэдэгдсэн.
Катар улс ОПЕК-аас гарч байгаа нь Венад хийх уулзалтаар нэгдмэл ойлголтод хүрэхэд төвөг учруулна хэмээн чансаа тогтоох Fitch агентлаг үзэж байна. "Гэхдээ ОПЕК – ийн улс орнуудын олборлодог газрын тосны 2-оос бага хувийг олборлодог бөгөөд олборлох хэмжээний үүднээс авч үзвэл Катар улс гишүүнчлэлээ зогсоож байгаа нь тийм ч сүйдтэй зүйл биш” хэмээн Fitch корпорацийн хэлтсийн захирал Дмитрий Маринченко ТАСС агентлагт өгүүлжээ. Олборлолтыг тун бага хэмжээгээр бууруулах талаар л картельд тохиролцох магадлал илүү байна хэмээн тус агентлаг урьдын адил үзсээр байна. Энэ бол харин зах зээлд үнийг тогтворжуулах боломж бүрдүүлнэ.
АНУ-ЫГ ҮНИЙГ УЛАМ ХЯМДРУУЛАХЫГ ХҮСЧ БАЙНА
АНУ урьдын адил газрын тосны олборлолтыг бууруулахын эсрэг байсаар байна. G20-ын уулзалтын дараа энэ байр суурийг Франц улс дэмжсэн бөгөөд ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ тухай мэдэгдсэн. Америкийн лидер үнэ одоогийнхоос бага байх ёстой хэмээн нэг бус удаа мэдэгдэж байсан бөгөөд үйлдвэрлэлийг хэрхэвч бууруулж болохгүй талаар Ойрхи Дорнод дахь АНУ-ын стратегийн түншүүдийн нэг Саудын Арабыг уриалж байсан. Мөн сүүлийн хоёр сарын турш газрын тосны үнийн буурч байгааг Трамп өөрийнхөө гавьяа зүтгэл хэмээн нэрлэжээ.
Газрын тосны зах зээл дэх картелийн хэлцэлд оролцож байгаа ОПЕК – ийн гишүүн улс болон бусад улс орны нэр дээрх монополийн эсрэг гомдлыг авч хэлэлцэх эрхийг америкийн шүүхүүдэд олгох зорилготойгоор АНУ – д боловсруулж байгаа NOPEC (No Oil Producing and Exporting Cartels Act) гэдгээр бусдад танигдсан монополийн эсрэг хуулийн аюулын талаар Владимир Фейгин сануулжээ.
Энэ баримт бичгийг бэлтгэх суурь дэвсгэр дээр ОПЕК – ийн задрах боломжийн сценарийг Саудын Арабын эрх баригчид захиалсныг америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд урьд нь олж мэдсэн юм байна. Картель зах зээлд үүрэг, ач холбогдлоо алдах хүртэл хэмжээнд газрын тосны эрэлт хэрэгцээ буурч магадгүй аюул занал энэ асуудлыг судлах бодит шалтгаан байэ болохыг эх сурвалжууд онцолсон байна.
Эх сурвалж: polit.mn