Л.БЭХ
МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Тамгын газрын дарга, Үндсэн хууль судлаач Н.Уламбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эрх баригчид засгаа огцруулъя,УИХ-аа тараая гэлцэн бужигнаж эхэллээ. Намууд энэ талаар байр сууриа илэрхийлсэн. Танай нам нөхцөл байдлыг юу гэж дүгнэж байна вэ?
-МАХН одоогоор улс төрийн байдалд ямар нэг дүгнэлт гаргаагүй байна. МАХН-ын удирдлагууд хөгжлийн томоохон баримт бичиг болох Дээд / Үндсэн/ хуулийн төсөл дээр ажиллаад завгүй байгаа. Эрх баригч Ардын намын хэрүүлээс илүү улс орны хөгжил рүү анхаарсан бодлогын том баримт бичгийн боловсруулалтыг эцсийн байдлаар гаргах хэрэгтэй байна. Ер нь бол хуулийн төслийг цэгцлээд дууссан, гол ажлаа нугалсан. Гэхдээ нэр томъёог тайлбарлах ажил хараахан дуусаагүй, иймд үргэлжлүүлэн ажиллаж байна.
-Тэгвэл цаг үеийн асуудлаарх таны хувийн бодол, байр суурийг сонирхож болох уу?
-Улстөрч хүний хувьд байдлыг харж, ажиглаж байна. Ер нь бол 2009 онд МАН, АН-ынхан Н.Энхбаяр даргыг хуйвалдаж унагаагаад МАНАН жинхэнэ утгаараа бий болж байсан. Энэ МАНАН Ц.Элбэгдорж хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч болж бүрэн эрхээ хэрэгжүүлж дууссанаар “зодог тайлж” дуусгавар болж байна. Ингэснээр залгуулаад М.Энхболд сонгуульд гарах байсан ч сонгуульд ялагдаж 10 жил Монголд ноёрхсон МАНАН бүлэглэл одоо амь тавьж байна. Тэгвэл дараагийн МАНАН бүлэглэл үүсэх вий гэсэн болгоомжлол үүсээд байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд буюу Х.Баттулга, У.Хүрэлсүх гэсэн хоёр хүний хослол шинэ МАНАН ноёрхох гээд байна. Энэ бүлэглэл түрүүчийн МАНАН шиг дахиад 10 гаруй жил монголчуудыг дарлах вий. Дахиад Монголын ард түмнийг өөд нь өндийлгөхгүй дарах вий гэсэн болгоомжлол байна. Одоогийн байдлыг У.Хүрэлсүх, М.Энхболд нар хоорондоо тэмцэлдээд байна гэж харахаас илүүтэйгээр Хуучин МАНАН шинэ МАНАН хоёрын хэн нь оршин тогтнохоо шийдэх гээд байна гэж харж байна. Монголын ард түмэнд энэ хоёр хоёулаа хэрэггүй. Сайд нар нь ЖДҮХС-ийн зээлийн асуудалд холбогдсоноос авахуулаад Ерөнхий сайдыг огцруулах олон үндэслэл бас байна. Тийм учраас би хувьдаа Ерөнхий сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ Засгийн газрын сайд нар ард түмний мөнгийг хулгай хийсэн. Хоёр хар хэрээ нэгнийнхээ харыг гайхна гэдэг л болж байна. Хулгайч, хулгайчийг бариарай гэдэг шиг.
- О.Баасанхүү М.Энхболдыг дэмжээд байх шиг байна. Энэ талаар?
-О.Баасанхүүгийн байр суурь МАХН-ын байр суурь биш. Тэр хүн МАХН-ыг төлөөлөх эрхгүй.
-МАХН-ын гишүүд Дээд хуулийн төсөл дээр үргэлжлүүлэн ажиллаж байна гэлээ. Энэ намрын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх товтой байгаа. Танай намынхан энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
-Уг нь 65-64 суудалтай эрх баригч нам гэдэг ямар ч асуудлыг хүч тавиад шийдчих бололцоотой. Гэхдээ Үндсэн хуулийн асуудалд 65 байна уу, 76 гишүүн байсан ч нэг нам дангаар асуудлыг шийдэж болохгүй. Нийгмийн харилцааг бүхэлд нь зохицуулсан баримт бичиг учраас ард түмнээсээ асууж зөвшөөрлийг нь авах ёстой. Нийгмийн бүхий л давхаргын саналыг авч, тэгш оролцоог хангасан байх шаардлагатай. Энэ үүднээсээ улс төрийн бүх нам байх ёстой. Иргэний нийгмийн байгууллагууд, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, хууль эрх зүй гээд бүх салбарын үгийг сонсох ёстой. Шийдвэрийг ард түмэн эцэслэн гаргах учиртай. Тиймээс дан ганц улс төрийн намын хийдэг ажил биш. Иймээс МАХН Дээд хуулийн төслөө боловсруулан ард түмнээрээ хэлэлцүүлж, саналыг нь аваад явж байгаа.
-Дээд хуулийн нэр томъёог ойлгомжтой, тодорхой болгож байгаа юм байна. Ямар хүмүүс ажлын хэсэгт орж ажиллаж байна вэ?
-Намын даргаас гадна Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдорж, хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар нар болон МАХН-ын дэд дарга С.Ганбаатар нар, Гүйцэтгэх товчоо, Бага чуулганы гишүүд, Мянгат, Түмтийн дарга нар, намын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, ажиллаж байгаа.
-МАХН сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт ажиллаж Дээд хуулийн төслөө танилцуулж, иргэдээс санал авсан. Авсан саналын хувь хэд хүрээд байна. ИРгэдийн оролцоо хэр байв?
-Бид сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд 21 аймаг, хөдөө орон нутагт ажиллалаа. Монгол Улсын 330 сумаас 250 орчим сумаар орсон. 21 аймгийг хоёр удаа тойрч уулзалт хийлээ. Санал асуулгад оролцсон иргэдийн хувьд бид нэг сая 21 мянган хүн буюу нийт сонгогчдын 51 хувийн саналыг авах зорилт дэвшүүлээд явж байгаа. Одоогийн байдлаар энэ ажил 45 орчим хувьтай, 460 орчим мянган хүний саналыг авсан.
Эх сурвалж: www.polit.mn