Ж.Гомбожав: Төрийг цэгцлэх хүн хэрэгтэй байна

2018-11-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ УИХ-ын дэд дарга асан, төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Гомбожавыг “Ярилцах цаг” булангийн зочноор урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.    -УИХ-ыг тараах эсвэл Засгийн газрыг огцруулах гэсэн МАН-ын гишүүдийн талцал эрчээ авлаа.Нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна? -Наадахад чинь хариулахаас өмнө  яагаад улс төрийн хямралд хүрчихэв. Энэ хэзээнээс эхтэй юм бэ гэдэгт өөрийн бодлыг хэлье. Улс төрд үүссэн нөхцөл байдал сүүлийн хоёр парламентын хугацаанд хамаарах асуудал биш. 2000 оноос эхтэй үйл явдал өнөөдөр хурц цэгтээ хүрлээ. Яагаад 2000 оноос эхтэй гэж үзэж байна гэвэл 1999-2000 онд  Үндсэн хуульд долоон өөрчлөлт оруулсан. 1999 оны өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц Бага суудлын болон Их суудлын хуралдаанаар хэлэлцэж эцсийн шийдвэр гаргасан. 2000 онд Үндсэн хуулийн цэц II тогтоол гэж гаргаад  “Энэ долоон өөрчлөлт хүчингүй, 1999 онд батлагдсан Үндсэн хуулийн бүх заалт хүчинтэй” гэсэн. Тэр үеэс өнөөдрийн хямралын суурь тавигдсан. Яагаад гэвэл өнөөдрийн хямралын гол шалтгаан  УИХ нь Засгийн газартаа хяналт тавьж чадахаа байсан. УИХ-ын олон гишүүн Засгийн газрын гишүүн байгаа учраас Их хурлын гишүүд  хөрөнгө мөнгөтэй  холбогдсон. Тэр үеийн УИХ, Засгийн газрыг удирдаж байсан хүмүүс парламентад ямар нэг хэмжээгээр хөрөнгө мөнгө үнэртүүлээд эхэлсэн. Эхлээд 10 сая,  дараа нь 250 сая төгрөг олгосон.Энэ жил таван тэрбум байснаа  найман тэрбум болголоо. Ингэж  УИХ-ыг  мөнгөтэй холбочихсон. Засгийн газар чадамжгүй  байгаагийн нэг гол асуудал ч үүнтэй холбоотой. Тэгээд УИХ нь Засгийн газрын үйл ажиллагаанд хутгалдан ордог. Тэр ч бүү хэл Ерөнхийлөгч хүртэл засгийн ажилд оролцдог  болсон. 2000 оноос эхлэн Үндсэн хуульд янз бүрийн аргаар өөрийн эрх мэдлийг нэмэгдүүлэх заалтууд оруулчихсан. Үндсэн хууль судлаачдын үзэж байгаагаар одоогийн 600 орчим хуулийн бараг 200-гаад нь Үндсэн хуулийг ямар нэг хэмжээгээр зөрчсөн  гэсэн судалгаа байдаг. Би тоолж үзээгүй. Гэхдээ ямар ч байсан УИХ, Засгийн газрын зарим эрх мэдлийг авсан, хууль гаргах замаар. Үүнээс болж Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын эрхзүйн харилцааны тэнцвэр алдагдсан. Ийм эхлэлтэй юм. Тиймээс өнөөдөр УИХ тар, Засгийн газар огцор гэдэг шаардлагыг нам тавьж байна, УИХ-ын гишүүд өөрсдөө тавьж байна. Ерөнхийлөгч тавьж байна. Дээрээс нь Монголын  ард түмний  бараг 70  хувь нь төрд итгэхээ больсон гэсэн судалгаа гарсан байна. Ер нь бол хуулиа дээдэлдэггүй төр ард түмнийхээ итгэлийг хүлээдэггүй, тиймээс хүчгүй байдаг. Өнөөдөр ийм байдал ирчихээд байна. -Монголын төрд хариуцлага огт яригдахгүй юм. Ярьсан ч хүлээн зөвшөөрөхгүй мэлздэг, талцдаг жишиг тогтлоо. Өмнө нь ямар байв? -Сүүлийн 10 жилд УИХ, Засгийн газарт ажиллаж байсан хүмүүсийг шигшвэл цөөхөн нь шигшүүрт үлдэнэ. Ихэнх нь хариуцлагагүй, идсэн, уусан хэрэгт нэр нь холбогдоод явчихна. Хариуцлагыг дээрээсээ эхлэх хэрэгтэй. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурваас эхлэх ёстой. 1994 онд П.Очирбат Ерөнхийлөгчийн үед улсын хэмжээнд хийсэн хариуцлагын тухай зөвлөгөөн хийж байсан юм. Тэр үед би УИХ-ын дэд даргаар ажиллаж байхдаа энэ үгийг илтгэлдээ хэлж байсан. Ер нь манай ард түмэн тийм уламжлалтай шүү дээ, дээд хүнээ хардаг. Дээд хүн эрдэм мэдлэгтэй, намбатай, төлөв төвшин суудлаа олсон байх юм бол доодчууд дагаад явчихдаг. Дээд хүн суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олдоггүй. Энэ монголчуудын хэдэн үеийн өмнөөс гарсан  эртний томъёолол. Тэгвэл өнөөдөр хариуцлага дээд талаасаа огт яригдахгүй байна. Тэрийг хүлээж авахгүй байна. Хүлээж авах улс төрийн соёл, ухамсар дутаж байна. Тиймээс хүлээлтийн байдалтай болчихож байна. Миний бодож байгаагаар, ЖДҮ гэж яриад байгаа хэрэг  хулгай хийсэн, буруу замаар олсон хөрөнгийн хамгийн бага нь байж магадгүй. Түүнээс том хөрөнгийг хуваагаад идчихсэн, тэр нь нэг өдөр илэрч мэднэ. Тиймээс төрийн удирдлагуудад санал тавьж байсан, орлогоосоо давсан хөрөнгийг шалгая. Тийм хууль эрхзүйн заалтыг тодотгож өгье гэж. Тухайн хүн ямар орлоготой, хэдий хэрийн хөрөнгөтэй, ямар зарлагатай байна вэ. Давсан орлогоо тайлбарлаж чадахгүй бол шууд хуулийн хариуцлага хүлээдэг зарчим руу орох ёстой. Дээрээс нь 5-10 хүнийг цэгцэлчихэд аяндаа цэгцэндээ орно. Тэгж эмх цэгцэнд оруулах хүн л төрд хэрэгтэй байна. Сүүлийн үед манайд тогтсон нэг муу уламжлал нь дээшээ гарсан хүнээ  муу муухайгаар хэлдэг, цацдаг, энэ хамгийн болдоггүй пүү паа гэдэг. Тэр бол  төрт ёсны уламжлалд маш муу. Нэгэнт зөвшилцөөд дээшээ гаргасан бол тэр хүнээ тойрч дэмжиж ажилламаар  байгаа юм. Тойрон хүрээлэх юм гэж байна, тойрон хүрээлэхгүй юм гэж байна. “Намайг тойрон хүрээл” гэхээр иддэг, уудаг нөхөд тойрон хүрээлэх биш шударга ёсны төлөө тойрон хүрээлэл хэрэгтэй, тийм хүмүүсээ гаргаж тавих хэрэгтэй юм. -Байнгын хороод Засгийн газрыг огцруулахаар  шийдвэрлэсэн. Хэрэв тэгвэл дараагийн хувилбарт  “дархлагдсан  хулгайч нар”   гарна  гэж нийгэм бухимдаж  байна? -УИХ тарлаа, Засгийн газар огцорлоо гэхэд дараагийн гарц, шийдлийг би л лав олж харахгүй байна. УИХ-ын зарим гишүүнтэй уулзаад ярьж байхад Их хурал  тарлаа гэхэд дараагийн удаа шинэчлэл, өөрчлөлт хийх юм алга. Яагаад байхгүй байна гэвэл, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн хууль хэвээрээ, ийм нөхцөлд сонгууль явуулахад эргээд эрх мэдэл, эд хөрөнгө, албан тушаалын төлөөх бүлэглэлүүдийн тэмцэл өрнөж, тэдний төлөөний хүмүүс гарах магадлал өндөр байгаа. Засгийн газар огцорлоо гэхэд одоогийн байдлаар,  өөрөөр хэлбэл, 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан тэр хувилбараар  буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг хавсарч хийж болно гэдэг байдлаар явбал жил гаруйхны өмнө огцруулсан Засгийн газрын зарим гишүүн эргээд орж ирэх, Их хуралд байгаа “хоолонд ороогүй” гэдэг юм уу, “Гуравдугаар ээлжийнхэн” орж ирнэ. Тийм магадлал өндөр байгаа юм. Тиймээс нэмэгдэхүүний байрыг өөрчлөхөд нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг томъёололтой тохирч байна. Хэрэв эд нар гаргалгаагаа зөв хийгээд, “УИХ тараад зохион байгуулалтын ийм арга хэмжээ авна. Шинэ бүрэлдэхүүнийг ингэж  гаргана” гэсэн гарц, гаргалгаа нь тодорхой байгаа бол болохгүй юм  байхгүй. Ийм гарц, гаргалгаа байхгүй үед тараах, огцруулахаа урьтал болговол улс орны ажлыг цалгардуулах, эдийн засгийн сэргэлтийг зогсоох чиг рүү  хөтөлнө. Өвлийн улирал эхэлчихлээ, гадны улс орнуудтай хөрөнгө оруулалтын талаар ярьж тохирсон зүйлүүд байна. У.Хүрэлсүхийн Засгийн газрын бараг зоримог ч гэж хэлж болохоор ажлууд эхэлсэн байна. Энэ үед төрөө самрах нь ард түмэнд ашиггүй. Тэгэхээр ард түмэнд ашигтай өөрчлөлтүүдийг хийж ухаалаг ажиллах хэрэгтэй. Тэгж байж тарах, огцрох асуудлаа шийдэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, дараагийн эрс шинэчлэл хийх дэвсгэр суурийг одоогийн УИХ, Засгийн газар хийх хэрэгтэй. -Ямар гарц,  шийдлээр хийх ёстой  вэ? -Жишээ нь,  УИХ тарчихлаа гэж өнөөдөр шийдвэр нь гарлаа гэхэд дараагийн Их хурал бүрэлдтэл тодорхой хугацаа орно. Сонгууль зарлаж явуулаад, дараагийн  УИХ бүрэлдтэл одоогийн Их хурал ажлаа хийнэ,  ийм хуультай. Тиймээс энэ нь ач холбогдолгүй. Харин дараагийн гаргалгаан дээр ард нийтийн төлөөлөлтэй зөвшилцөлд орох хэрэгтэй. Эрс шинэчлэл хийх ёстой. Үүнийг Үндсэн хуулийн замаар хийх хэрэгтэй юм байна гэж  би  бодож байгаа. -Одоогийн УИХ-ын гишүүдэд иргэд  итгэхгүй  байгаа. Тэгэхээр хэн хийх вэ? -Гол нь ямар зөвшилцөлд орох вэ гэхээр юуны өмнө Үндсэн хуулийн нэмэлтийн  хууль гаргах хэрэгтэй. Энэ нь маш товчхон. Тэр хуулийн гол заалт нь УИХ-ыг хоёр танхимтай болгох. Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэнэ үү,  өөрөөр нэрлэнэ үү, ямар ч байсан манайд Ерөнхийлөгчийн засаглал хэрэггүй, парламентын засаглалтай байх хэрэгтэй. Парламентын засаглал нь хоёр танхимтай байх нь илүү тохиромжтой. Энэ нь монголчуудын  хувьд туршиж үзээгүй хэлбэр биш. 1994 оны үед Их хурал, Бага хуралтай байсан. 1990-1992 онд Ардын Их Хурал, Улсын Бага хуралтай байсан. Одоогийн 76 гишүүнтэй нэг танхимтай парламентаас хамаагүй хяналттай, даруулгатай, эмх цэгцтэй байсан. Ийм нэмэлтийн хуулийг гаргах хэрэгтэй. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн зарлигаар Сонгуулийн шинэ хууль боловсруулах ажлын хэсгийг байгуулах хэрэгтэй. Тэр ажлын хэсэгт одоогийн УИХ-ын гишүүд биш Төрийн бус байгууллагуудын төлөөллийг  түлхүү оролцуулах нь зүйтэй. Ойрын хэдэн жилийн дотор төрийн эрх мэдэл, ард түмний гарт байна гэсэн Үндсэн хуулийн заалт алдагдсан. Ард түмэн  хүнээ сонгох эрх мэдэлгүй болчихсон. Өнөөдөр улс төрийн намууд УИХ-ын гишүүний нэрийг ч дэвшүүлж байгаа, Ерөнхийлөгчийн нэрийг ч дэвшүүлж байгаа. УИХ-ын сонгуулийн хуульд хэдийгээр иргэн хүн нэрээ дэвшүүлж болохоор юм шиг заалт орсон боловч зүгээр л тэр заалтыг байлгаж буй болохоос бие дааж нэр дэвшсэн иргэн гараад ирэх боломж байхгүй. Яагаад гэвэл сонгуулийн сурталчилгааны хугацаа нь 10-аадхан хоног. Түүнд багтаж өөрийгөө сурталчилж таниулах боломжгүй. Өөрийн нэрийг дэвшүүлэхийн тулд тойргийн бүх сумаас тодорхой тооны хүмүүсийн санал авч байж нэрээ дэвшүүлэх эрх олж авдаг. Энэ нь бараг хаалттай гэсэн үг. Тиймээс одоо байгаа УИХ-ын гишүүд, өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс л эргэж сонгогдох магадлалтай, одоогийн Сонгуулийн хуулиар. Тиймээс энэ хуулийг өөрчлөхгүйгээр шинэчлэл хийж болохгүй. Тэгэхээр 76 гишүүн тарах биш, харин Үндсэн хуулийн нэмэлтийн хуулийг гаргаж, Сонгуулийн хуулийн ажлын хэсэг гаргаж, шинэ хууль батлаад тарчих хэрэгтэй. Ирэх жилийн эхээр сонгууль явуулж, Ардын Их Хурал, Улсын Бага хурлыг  1990 оны зарчимд үндэслэн бүрдүүлэх нь зүйтэй. Хоёр танхимтай парламенттай болъё гэсэн санааг би 1997 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд явж байхдаа дэвшүүлж байсан. Бүр анхнаасаа ийм санал тавьж ирсэн төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс ч бий. Жишээ нь, Ерөнхий сайд асан Д.Содном гуай хоёр танхимтай болъё гэж ярьж байгаа. Бид хамтарч суугаад боловсруулсан төсөл ч бий. Ер нь асуудал өнгөрсөн 26 жилийн миний мэдэх 20-оод жилд нь яригдаж байгаа асуудал. -Та Ерөнхийлөгчийн засаглал манайд тохи­ромжгүй гэлээ. Яагаад? -Ерөнхийлөгчийн засаглал байх нь дотоод талаасаа илүү гадаад талдаа Монголын ард түмэнд ашиггүй. Яагаад гэвэл Монгол Улсын түүхэнд 1990-ээд он хэрэг дээрээ нэг хүний захиргаадалтад байсан.Ю.Цэдэнбал дарга бараг 40-өөд жил төр, засгийн өндөр албан тушаал хашсан. Түүний өмнө маршал Х.Чойбалсан арван хэдэн жил хашсан. Энэ үед манай төрийн шийдвэр бие дааж гарч үндсэндээ чаддаггүй, гол албан тушаалын хүмүүс хараат томилогддог байсан. Ер нь бол хуулиа өөрөө боловсруулж, хэлэлцэж баталж, хэрэгжүүлж чадаагүй орон тусгаар тогтносон улс гэхэд төвөгтэй. Тусгаар тогтносон улс байгаагийн хамгийн том баталгаа нь өөрийнхөө хүссэн, хүлээсэн хуулийг хэлэлцэж батлаад, тэрийгээ хэрэгжүүлээд явдаг. Тэр хамгийн гол баталгаа. Энд  газар, хэл, соёлыг яриагүй байна шүү дээ. Яагаад гэхээр 1990-ээд оныхон  хууль гаргахдаа гадны улс орнууд ямар хууль гаргаж вэ. Социалист орнуудын гол төлөөлөл болсон орнууд, эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн орнууд хурал дээр ямар шийдвэр гаргасан байна, тэр дагуу манай нам, төрийн удирдлагууд шийдвэр гаргаж  байсан. Энэ нь тэднээс ихээхэн хараат байна гэсэн үг. Манай төрийн өндөр албан тушаалтнууд голдуу ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны өндөр албан тушаалын хүмүүсээс хараатаар томилогдож байсан нь түүхэнд нууц биш зүйл. Түүний өмнө Монгол Улсын хуулиар биш тэр орны хуулиар цаазлуулж байсан Ерөнхий сайд ч  хэд бий. Тэгэхээр ийм зүйл гарахгүй гэх баталгаа байхгүй. Хэдийгээр олон улсын эрхзүй, чадамж, нөлөөлөл өндөр болсон ч гэсэн бусад оронд нэг Ерөнхийлөгч ямар тоглолтууд хийж байгааг бэлээхэн харж байна шүү дээ. Саналыг нь хүлээж авахаа байсан, хэрүүл тэмцэлтэй байгаа эсвэл дүрвээд гараад явчихсан  нь ч байна. Дээр нь  дэлхийн тэргүүлэх хоёр том гүрний дунд байгаагийн хувьд манай гол хуулиуд батлагдаж гарч байвал илүү баталгаатай. Өнөөдөр бид гадны үндэстэн дамнасан корпорациуд,том гүрнүүдийн нөлөөнд байгаа боловч 1990-ээд оны өмнөх шиг нөлөөлөл байхгүй болсон. Гэхдээ үүнийг хэзээ ч мартаж болохгүй. Дотооддоо ч гэсэн манайхан хөнгөдөж байна. Сүүлийн үед төр тэргүүлж байсан хэд хэдэн хүн улс орныхоо эдийн засгийн гол баялгуудыг өөрийн оронд ашиггүй хувилбараар гадныхантай гэрээ хэлцэл хийсэн тохиолдол зөндөө байгаа. Үндсэн хуультай  зөрчилд­сөн олон улсын гэрээг хүчингүй болгоно гэсэн заалт байдаг ч хэрэгжүүлсэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байхгүй. Энэ байдлаас үндэслэж улс орны эдийн засгийн, үндэсний аюулгүй байдлын, тусгаар тогтнолынхоо эрх ашгийн үүднээс хандах юм бол хоёр танхимтай парламент байх нь зүйтэй юм. -Намрын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар  товлоод байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ? -1992 онд Үндсэн хууль баталсан 430 депутатаас 250 нь өнөөдөр  амьд сэрүүн байгаа. 45 хүний бүрэлдэхүүнтэй  удирдах зөвлөлтэй. Бид хэд хэдэн удаагийн уулзалтаар нэг зүйлийг ярьж  тохирсон.  1992 оны Үндсэн хуулийг одоогийн УИХ-ын ажлын хэсгээс боловсруулсан долоон багц, 54 өөрч­лөлтийг хийхийг бид дэм­жихгүй. Яагаад дэмжихгүй байна вэ гэвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үзэл баримтлалыг тэр ажлын хэсгээс боловсруулсан. Тэр дотор зөрчилтэй хоёр дүгнэлт байна. Нэгдүгээрт, 1992 онд батлагдсан Үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна гэжээ. Тэгэхээр үүргээ гүйцэтгэсэн Үндсэн хууль 100 хувь өөрчлөгдөнө гэж бид ойлгож  байгаа. Хоёрдугаарт, 1992 оны Үндсэн хууль ач холбогдолтой хэвээрээ байна,бүтцийн өөрчлөлт хийхгүй. Гэхдээ  нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслийг боловсрууллаа гэсэн байгаа юм. Ийм зөрчилтэй дүгнэлт байна гэдэг тэр  ажлын хэсэг  нь тодорхой үзэл бодол нь тогтоогүй юм байна гэж ойлгож байгаа. Нөгөөтэйгүүр, 2000 онд Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтийн дөрвийг нь тэр чигээр нь хэрэглэе гэсэн байна лээ. Энэ бол одоогийн УИХ-ын гишүүдийн сайхан сэтгэлийн ажил биш. Нэгэнт Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосон юмыг эд нар ийм байдлаар ярих эрхгүй. Цэц хэрэв шударга ажилладаг бол тэр долоон зүйлийг “Манай шийдвэр хэвээрээ шүү” гээд таслан зогсоох ёстой. Бас нэг зүйл нь Үндсэн хуульд хулгайн аргаар халдах явдал хэд хэдэн удаа гарсан. Тэрийг нэг бүрчлэн тоочвол цаг, цаас хоёр их орно. Дээр нь УИХ-ын бүрэлдэхүүнд нэг нам 65-64 суудалтай бусад нь цөөнх байгаа. Улс төрийн хүчний харьцаа тэнцвэргүй нөхцөлд Үндсэн хуулийг батлах нь буруу. Үндсэн хууль бол нэг намын байтугай, парламентад суудалтай бүх намын ч шийдэх асуудал биш. Үндсэн хууль Монголын ард түмний төртэй хийсэн гэрээ юм. Тэгэхээр гэрээний нэг тал нь оролцохгүйгээр нөгөө тал нь дураараа өөрчилж болдоггүй. Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэвэл төслүүдээ бэлтгэн бүх ард түмнээр хэлэлцүүлж, түүний дараа УИХ дахиж хэлэлцэх эрх нээгдэнэ. -Гэхдээ одоо УИХ-аар 54 зүйлийн нэмэлт, өөрчлөлтөө хэлэлцүүлсний дараа ард түмнээр хэлэлцүүлж, санал авна гээд байгаа шүү дээ? -Наадах чинь молиго. Тэгж санал авдаггүй хуультай. Ард нийтийн санал асуулга явуулах тухай хууль бий. Тэр хуулиар олон зүйл, жишээ нь 54 зүйл асуух боломжгүй. Үсрээд 2-3 зүйл асууна. Тухайлбал, Ерөн­хийлөгчийн засаглалтай байх уу эсвэл парламентын засаглалыг сонгох уу. Парламентын засаглалтай байвал хоёр танхимтай байх уу, нэг танхимтай байх уу. Ийм  хоёр зүйлийг л асууж болох юм. Түүнээс олон зүйлийг ард түмнээс асууна гэвэл мэдээлэл муутай, эрхзүйн мэдлэг нимгэн учраас хааш нь ч хөтлөөд явж байж мэднэ шүү дээ. Тэгэхээр процедурын хувьд буруу байна. Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль гаргаж, санамсаргүй түүврийн аргаар хүмүүсийг цуглуулан тэдгээрээс 750 хүнийг Улаанбаатарт авчран “Бид ард түмнээр хэлэлцүүлчихлээ” гэж байгаа нь тоглоом байтугай шоглоом  болж байна. Монгол Улсын Үндсэн хуулийг санамсаргүй түүврийн аргаар авсан хэдэн хүн хийдэг юм биш. Харин санаатайгаар, Монголын ард түмний элитүүд, мэдлэгтэй, туршлагатай хүмүүс хийдэг юм. Үндсэн хууль гэдэг нь дэлхийн жишигт нийцсэн хууль байх ёстой. Хэдийгээр бусад орны хуулийн заалтуудыг хуулбарлаж болохгүй ч дэлхий дээр хүний эрх, эрх чөлөө, улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолын байдлыг яаж авах вэ, Монголын ард  түмний язгуур эрх ашиг гэж юу вэ гэдгийг тодорхой зааж өгч Үндсэн хуулиа  хийдэг юм шүү дээ. Иргэний эрх ашиг нэгдүгээрт тавигдах ёстой. Ийм юмгүйгээр хууль хийж болохгүй. Одоогийн УИХ-ын 76 гишүүний нэлээд нь гэмт хэргийн шинжтэй үйлдэлд нэр холбогдсон байгаа. Нөгөө талаас ёс зүйн дутагдалтай гишүүн олон байна. Ард түмэнд  тодорхой байгаа. Тэгэхээр  гэмт хэрэгт холдбогдсон, ёс зүйн алдаа дутагдал гаргасан хүмүүсээр Үндсэн хууль батлуулж яагаад ч болохгүй. Хүч түрээд баталлаа ч гэсэн болдоггүй гэдгийг 2000 оны Үндсэн хуулийн долоон өөрчлөлт харуулж байгаа. Ийм  гашуун  туршлага байхад  давтах хэрэггүй. -Манай улс түүхэндээ ганцхан удаа 1945 онд Бүх ард түмний санал асуулга явуулсан байдаг. Тэгвэл сонгуулиас сонгуулийн хооронд  сонгогчдын идэвх, оролцоо улам  буурч буй өнөөгийн нөхцөлд Ард түмний санал асуулга явуулах нь хэр боломжтой вэ? -Сонгогчдын ирц муу байгаагийн шалтгааныг  ард түмнээс биш удирдлагын төвшнөөс харах ёстой. Яагаад гэвэл, ард түмний хүсэн хүлээсэн хүн нэр дэвшихгүй байгаа учраас сонгуульд оролцохгүй шүү дээ. Тэр талаас нь харах хэрэгтэй. Хэрэв өөрсдөө нэрээ дэвшүүлээд, сумаасаа, аймгаасаа тэрийг УИХ-ын гишүүн болгоё гэвэл ирц хамаагүй нэмэгдэнэ. Яагаад социализмын үед 99.9 эсвэл 100 хувь санал өгч байсан бэ гэвэл хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг тэдний оролцоотой сонгож байсан байхгүй юу. Хэдийгээр дээрээс өгсөн нэр боловч анх санал авахдаа доод шат­наас судалгаа, саналыг нь авдаг байсан. Хүлээн зөвшөөрөгдсөн хүн нь очвол сонгуулийн ирц сайн байна. Одоо бол Үнд­сэн хууль дээр санал асуулга явуулъя гэж байна шүү дээ. Үндсэн хуулиа хүндэтгэхгүй хүн  нэг ч гарахгүй, ихэнх нь  оролцоно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Элчин сайд Дамбын Ганбат онц бөгөөд бүрэн эрхт элчин цол хүртлээ

Элчин сайд Дамбын Ганбат Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цол хүртлээ

50 мин
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

7 цаг 48 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

7 цаг 48 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

7 цаг 48 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

18 цаг 53 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

Өчигдөр 06 цаг 00 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

Өчигдөр 06 цаг 00 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

Өчигдөр 06 цаг 00 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Уржигдар 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Уржигдар 15 цаг 44 мин