Ц.Бурмаа: Багш, оюутан, хөтөлбөрийн хөгжлөөр сургуулийн нэр хүнд тодорхойлогдоно

2018-11-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ Улсын Багшийн Дээд сургууль хэмээх нэрээр үндэсний  хэмжээнд багшлах боловсон хүчин бэлтгэж ирсэн буурал сургууль Монгол Улсын Боловсролын их сургууль /МУБИСхэмээн нэрээ өөрчилснөөс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Техник, технологийн дэвшилтэй хамтДэлхийн боловсролыг дэргэдээсхэмээн тунхаглаж буй XXI зуунд МУБИС  үнэт зүйлээ тодорхойлсон хамгийн шилдэг хөтөлбөртэй их сургуулийн  нэг болж чаджээ. Бид энэ удаа тус сургуулийн  Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал, доктор Ц.Бурмаатай ярилцлаа.     -Гадаад, дотоодын их, дээд сургуулиуд хөтөлбөр, сургалтын чанараар ид өрсөлдөж буй өнөө цагт МУБИС  хэрхэн шинэчлэгдэж, хөгжиж   байна вэ? -Сүүлийн 20 гаруй жилд олон улсын түвшинд мэдээлэл, харилцааны технологи хүчтэй хөгжиж ирлээ. Түүнийг дагаад  боловсролын салбарт боловсролын чанарыг  хангах, баталгаажуулах асуудал чухлаар тавигдах болсон. Иймд бэлтгэн гаргаж буй мэргэжилтнүүдийн мэдлэг, чадвар, мэргэжлийн чадамжийг ажил олгогчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх чиглэлд олон улсын стандарт, төсөл, үндэсний хөтөлбөр, санаачилгууд гарсаар байна. Манай улсын дээд боловсролын салбарт ч сүүлийн жилүүдэд эрчимтэй шинэчлэл хийгдэж ирсэн. Монгол Улсын Боловсролын их сургууль үндэсний хэмжээнд багшлах боловсон хүчин бэлтгэж буй  төрийн өмчийн томоохон  их сургуулийн хувьд хэтийн зорилго, хөгжлийн чиг хандлагаа тодорхойлсон “2024 он хүртэлх хөгжлийн бодлогын баримт бичиг”-ийг  боловсруулж гаргасан. Бид төгсөгчдийнхөө  боловсролын чанарыг хангах,  багш, оюутан, ажилтнуудыг хөгжүүлэх, хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрүүдийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн сайжруулах, чанарыг баталгаажуулах, сургалтын орчныг төгөлдөржүүлэхэд онцгой анхаарч олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Өнөөгийн байдлаар МУБИС нь  найман бүрэлдэхүүн сургууль, 38 тэнхим, 10 судалгааны төв, 14000 гаруй оюутан, 900 гаруй багш ажилтантайгаар бакалавр, магистр, докторын нийт 111 чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлж байна. -Гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлд ямар бодлого баримталж ажилладаг вэ -МУБИС-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр 2017 оноос   Гадаад харилцааны албыг Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирлын ажлын алба болгож  өргөжүүлсэн юм. Ажлын чиг үүргийг гадаадын их, дээд сургууль, судалгааны хүрээлэн, олон нийтийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжлийн хөтөлбөрүүдийг олон улсад магадлан итгэмжлүүлэх, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан судалгаа хийх, мэдээлэл солилцох, хэвлэн нийтлэх, гадаадын их дээд сургууль, байгууллагуудаас нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачдыг зочин профессороор урьж ажиллуулах, багш солилцоо, мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаа зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх нэгж байхаар тодорхойлсон. Ер нь бол МУБИС үүсэн  байгуулагдсан цагаасаа олон улсын хамтын ажиллагааг багш боловсрол олгох,  тэр  дотроо сургалт, эрдэм шинжилгээний чиглэлд эрчимтэй хөгжүүлж  ирсэн. Юуны өмнө  хоёр  хөрш орны их дээд сургуулиудтай идэвхтэй хамтын үйл ажиллагаа явуулж ирсэн уламжлалтай. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай албанаас энэ чиглэлээр нэлээд ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. -Танай сургууль өнөөдрийн байдлаар  гадаадын хэчнээн сургууль, байгууллагатай харилцаа, хамтын ажиллагаа тогтоогоод байна вэ?   -Гадаадын  86 их, дээд сургууль болон судалгааны байгууллагуудтай хамтран ажиллахаар  111 гэрээ байгуулаад ажиллаж  байна.  Энэ хүрээнд хамтарсан судалгаа, багш, оюутан солилцоо, сургалтын орчныг төгөлдөржүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго тавьсан.  Сүүлийн үед БНСУ, БНХАУ, ХБНГУ, ОХУ, АНУ, Япон улсын их сургуулиудтай сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр эрчимтэй хамтран ажиллаж байгаа. Өнгөрсөн хичээлийн жилд бид нийт 30 гаруй орны их сургууль, судалгааны байгууллагын 200 гаруй зочин төлөөлөгч хүлээн авч сургуулиа танилцуулахаас гадна хамтын ажиллагаа  хөгжүүлэх хэлэлцээ хийлээ.  Өөрийн сургуульд хийгдэж буй ажлыг танилцуулах зорилгоор манай улсад суугаа Англи АНУ, Австрали, Герман, Унгар улсын Элчин сайдын яамны олон нийттэй харилцах албаны дарга, ажилтнуудыг урьж, багш, оюутан солилцооны хамтын ажиллагааны талаар ярилцсан. -МУБИС-ийн хөтөлбөр амжилттай магадлан итгэмжлэгдлээ  гэсэн мэдээллүүдийг  сонсч байлаа. Онцлог нь юундаа  байдаг  юм бол гэж бодож явлаа? -Аливаа мэргэжлийн хөтөлбөрийн чанарыг үнэлэх, баталгаажуулах, тодруулбал, хөтөлбөрийн боловсруулалт, хэрэгжилтийн байдал, багш, оюутны чанар, сургалтын орчны бүрдүүлэлт зэрэг цогцоор нь авч үздэгээрээ тэдгээрийн тогтвортой хөгжлийг хангахад дотоодод болон олон улсад магадлан итгэмжлүүлэх нь  чухал байдаг.  Иймээс манай сургуулийн мэргэжлийн тэнхмүүд хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ Боловсролын Магадлан итгэмжлэлийн үндсэний зөвлөлөөр магадлуулахаас гадна олон улсад мөн итгэмжлүүлэх ажлыг амжилттай эхлүүлээд байна. Ерөнхий боловсролын сургуульд заадаг суурь хичээлүүдээс эхлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр 2017 онд  “Математикийн багш”, “Мэдээлэл зүйн багш” хөтөлбөрүүдийг магадлуулахаар ХБНГУ-ын олон улсын магадлан итгэмжлэлийн ASIIN байгууллагад хандаж гэрээ байгуулснаас хойш ердөө хагас жил гаруй хугацаанд дээрх хоёр хөтөлбөр маань амжилттай магадлуулсан явдал юм.  2018-2019 оны хичээлийн жилд дахин дөрвөн  хөтөлбөр магадлуулахаар шийдвэрлэсэн. Үүнд байгалийн ухааны багц болох  физик, хими, биологи, газар зүйн багш бэлтгэх хөтөлбөрүүдийг магадлуулахаар өнгөрсөн  сард дээрх байгууллагатай албан ёсны гэрээ байгуулж, бэлтгэл ажлыг эхлээд байна. -Ер нь аливаа сургалтын хөтөлбөрийн гол үзүүлэлт нь юунд чиглэх ёстой  байдаг вэ? -Хөтөлбөрийн чанар нэр хүндийг тодорхойлдог.  Гол үзүүлэлт нь хөтөлбөрийн зорилго, зорилтууд нь манай улсын боловсролын талаар баримтлах бодлоготой нийцсэн, Монгол Улсад ямар багш хэрэгтэй байна,  цаг үеийн шаардлагад нийцсэн байх ёстой. Дээр нь хөтөлбөрөөс гарах үр дүнг маш нарийн томъёолох ёстой. Жишээ нь, манай тухайн хөтөлбөрөөр суралцан  төгсч  байгаа багш яг ямар мэргэжлийн мэдлэг чадвар, хандлагатай болж төлөвшиж, хөгжсөн байх ёстой вэ. Үүний тулд хөтөлбөр дотор үүнтэй уясан, зорилго, зорилттойгоо болоод  үнэлгээний шалгууруудтай нийцсэн ийм арга, аргазүй зонхилох ёстой. Түүнийг хэрэгжүүлж байгаа багш ямар мэдлэг чадвартай байх вэ гэдэг чухал. Оюутан юун дээр ажиллаж, хэрхэн суралцах вэ гэдэг ч нарийн төлөвлөгдөх учиртай. Энд суралцах орчин ихээхэн нөлөөтэй. Эдгээр нь хөтөлбөрийн шалгуур болж харагддаг. Өөрөөр хэлбэл,  хүний хөгжил, материаллаг орчин энэ бүгд цогц байх хэрэгтэй. Манай сургуулийн зүгээс хийж буй шинэчлэлийн томоохон ажлын нэг нь хөтөлбөрүүдээ үр дүн, үнэт зүйлд суурилсан суралцахуйд чиглэсэн ийм л хөтөлбөр боловсруулж  байна. Агуулга, аргазүй, үнэлгээ маань үүнд нийцэж байна уу гэдэг дээр бид гол шинэчлэлээ хийж байгаа юм. Хамгийн гол нь тухайн хүний сэтгэлгээ, ажиллах чадвар, бүтээмж буюу ажиллах  арга барилд өөрчлөлт  байх ёстой.  Тэгэхээр багшийн хөгжил, оюутны хөгжил, орчны хөгжил, хөтөлбөрийн хөгжил гэсэн гол үзүүлэлтүүдээр дотоодод ч магадлан итгэмжилж байгаа, олон улсад ч магадлан итгэмжилдэг. Хөтөлбөрийн шалгуурын тухайд  бас нэг зүйлийг хэлэхэд, үүний нэг тал нь  гадаад оюутны элсэлт юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд гадаадын их, дээд сургуулиудтай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд нэгэн шинэ зүйл бий болсон нь хамтарсан хөтөлбөрүүд юм. Энэ хичээлийн жилийн байдлаар манай сургуульд БНХАУ, БНСУ, Турк, Япон зэрэг улсаас нийт 700 гаруй гадаад оюутан суралцаж  байгаагийн  зуу гаруй нь бакалаврын зэргийн 2+2 хамтарсан хөтөлбөрт, дийлэнх хувь нь магистр, докторын хөтөлбөрөөр суралцаж байна. -Цаашид анхаарч байгаа, эсвэл тулгамдаж буй ямар асуудал МУБИС-д байна? -Сургалтын хөтөлбөрүүдийг  цаашид амжилттай хэрэгжүүлэхэд гол субьект болох багш, оюутан суралцагчид, ажилтнуудын хөгжлийн асуудал чухал байдаг. Багш боловсролын шинэчлэлийн үйл ажиллагаанд  өөрсдийнх нь оролцоо, идэвх, ажлын үр дүн чухал юм. Манай багш нарын талаас дээш хувь нь эрдмийн зэрэг, цолтой. Өнгөрсөн хичээлийн жилийн хувьд нийт 100 гаруй хүн урт, богино хугацааны туршлага судлах болон мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаанд хамрагдсан. Энэ хичээлийн жил дээрх үйл ажиллагааг цаашид хөгжүүлэн, хүний тоог нэмэгдүүлэх зорилготой тавьж байна. Одоогоор 30 гаруй багш гадаадын их, дээд сургуульд магистр болон докторын хөтөлбөрт суралцаж байна.   2018-2019 оны хичээлийн жилийг “Оюутны хөгжлийн жил” болгон зарласан нь тэдний мэргэжлийн болон хувь хүний хөгжилд бодитой хувь нэмэр оруулахад чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тухайл­бал, МУБИС-ийн Оюутны хөгжлийн хөтөл­бөр батлагдсанаас хойш бүрэлдэхүүний сургууль тус бүрд Оюутны хөгжлийн төв байгуулагдаж, үйл ажил­лагааны хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулагдан    хэрэгжиж эхлээд байна. Оюутныг мэргэжлийн болон соёлын хөтөлбөрт хамруулах, солилцох асуудалд онцгой анхаарал хандуулж байна. Тухайлбал, өнгөрсөн хичээлийн жилд БНСУ, БНХАУ, ХБНГУ, Японы их дээд сургуульд    оюутан тодорхой чиглэлээр хөтөлбөрт хамрагдсан байна. -Сургалтын тухайд та сая ярилаа. Эрдэм шинжилгээний чиглэлээр цаашид  ямар бодлого барьж ажиллах вэ? -Манай сургуулийн эрдэмтэн багш нар эрдэм судлалын олон жилийн арвин их туршлагатай. Эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлээ цаашид хөгжүүлэх, судалгааны ажлыг эрчимжүүлэх, тэдгээрийн үр дүнг сургалтад нэвтрүүлэн  хөтөлбөр болон боловсролын үйлчилгээгээ чанаржуулахад чиглэсэн   нэлээд ажлыг хийж байна. Судалгааны үр дүн, сайн туршлагыг бодитоор нэвтрүүлэхэд тэдгээрийг дотоодод болон гадаадад хэвлэн нийтлүүлэх, түгээх, хэлэлцүүлэх нь чухал байна. Үүнд гадаад харилцааны алба тодорхой үүрэг гүйцэтгэх ёстой. Жил бүр манай сургуулиас боловсролын чиглэлээр олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг болоод нэлээд хэдэн жил боллоо. Бид тус хуралд хамтран ажилладаг гадаадын их, дээд сургуулиас эрдэмтэн, судлаачдыг урьж оролцуулдаг нь олон улсын түвшинд хийгдэж буй судалгааны үр дүнтэй танилцаад зогсохгүй хамтын судалгааны чиглэл, хамтрагчдаа олоход дэмжлэг болдог. 2018 оны хуралд есөн    орны 36  судлаач илтгэл хэлэлцүүлсэн. Цаашид багш нарын судалгааны чадавхийг дээшлүүлэхэд тэдний гадаад хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх хэрэгцээ бий болсон тул 2018 онд байгуулагдсан Багшийн хөгжлийн төвтэй хамтран  тодорхой ажлуудын эхлэлийг тавиад байна. Тухайлбал, багш нарынхаа англи хэлний түвшинг тогтоох, англиар уншиж ойлгох, найруулах бичих академик чадварыг хөгжүүлэхдээ судалгааны арга зүйтэй хослуулсан эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөр боловсруулах, тухайн чиглэлээр мэргэшсэн туршлагатай багш нарыг урьж ажиллуулах зэрэг ажлыг эхлүүлээд байна.  Ер нь мэргэжлийн тэнхмүүдэд  тухайн мэргэжлийн өндөр ур чадвартай зочин профессор, мэргэжилтэнг сонгон урьж ажиллуулах нь багшийн хөгжилд ач холбогдолтой тул хамтран ажилладаг гадаадын томоохон их сургууль болон манай улсад суугаа Австрали, Англи, АНУ-ын ЭСЯ-д хан­дан хүсэлтээ илэрхийлээд байгаа. Мөн багшийн хөгжлийн чиглэлээр хийгдэж буй хамтын ажиллагаанд нэгэн шинэ хэлбэр бий болсон нь хувь багшийн хамтарсан судалгаа юм. Бид жил бүр хоёр багшийг хамтран ажилладаг сургуулийн хоёр багштай холбож, 1-2 жилийн хугацаанд хамтарсан судалгаа хийхэд дэмжлэг үзүүлнэ. Энэ хичээлийн жилийн хувьд АНУ-ын Баруун Вашингтоны их сургуулийн Боловсрол суд­лалын сургуультай хамт­ран судалгаа хийх 4 багшийг сонгоод байгаа бөгөөд судалгааны үр дүнг манай сургуулийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд  хэлэлцүүлэх, цаашид хоёр сургуулийн эрдэм шинжилгээний бичигт хэвлэн нийтлэх юм. -Магадгүй яг одоо танай сургуулийг сонгох гээд сууж байгаа элсэхийг хүссэн залуус, ирээдүйн багш бидний ярилц­лагыг уншиж байж мэдэх юм. Тэдэнд та юу гэж хэлэх бол? -Манай сургуулийн цахим хуудас руу ороод үзэхэд бүх мэдээлэл нээлттэй байгаа. МУБИС  маш олон чиглэлээр тэтгэлэг олгодог. Сургуулийн зүгээс хийж байгаа болон Засгийн газраас олгож байгаа тэтгэлгүүд бий. Манай сургуулийн зүгээс сүүлийн хэдэн жил  өндөр онооны тэтгэлгийг  хэрэгжүүлж ирлээ. Ингэснээр манай элсэгчдийн чанарт өөрчлөлт гарч байна. Тухайлбал, элсэгчдийн оноо дээшилж 500  -аас дээшилж ирсэн. Хамгийн сүүлийн байдлаар онооны үзүүлэлт 600  давсан үзүүлэлттэй байна. Үүнээс дээш оноотой хүүхэд элсээд ороод ирсэн тохиолдолд сургалтын төлбөрийг 50  хувиар хөнгөлж  байгаа. 751-ээс дээш оноотой тохиолдолд 70 хувийн тэтгэлэг олгодог. Мөн хүйсийн асуудлыг тэнцвэржүүлэх бодлого барьж байгаа. Дан охид элсч ороод  байгаа хөтөлбөрүүд, тухайлбал сургуулийн өмнөх болон бага боловсрол, математик, байгалийн ухааны чиглэлд эрэгтэй элсэгчдийн сургалтын төлбөрийг 50 хувиар хөнгөлөх жишээтэй. Дээр нь Засгийн газрын бүх зээл, хөнгөлөлт үйлчилдэг, буцалтгүй тусламжид хамруулдаг. Ингээд үзэхэд, манай сургуульд сүүлийн үед элсэлт савлахгүйгээр жигд явж ирсэн. Нөгөөтэйгүүр, багшлах боловсон хүчин, багш мэргэжлийн нэр хүнд нийгэмд бага ч болов өсч байгаа. 1990-ээд оноос хойш ямар байсантай харьцуулахад одоо орон тоо нэмэгдсэн учраас багш болох сонирхолтой залуус нэмэгдсэн. Үүнээс гадна аймаг, орон нутгийн сургуулиудын дэргэд багш мэргэжлийн сонгоны ангиудыг  нээсэн байгаа. Багш больё гэсэн хүүхдүүдийг тэнд нь сургаад явах боломжтой. Үүний зэрэгцээ улсын  хэмжээний олимпиадуудад түрүүлсэн, шагналт байрт орсон хүүхдүүд урилга өгч элсүүлж байгаа. Мэргэжлээ сурталчлах үйл ажиллагааг  олон чиглэлээр явуулж байна. Эцэст нь хэлэхэд, манай сургуульд суралцаж төгсөөд хөдөө орон нутагт очиж байгаа багш, мэргэжилтжүүд сургуулийн маш том сурталчилгаа болдог. Сургууль маань хөгжихийн тулд багш, оюутан хөгжих ёстой. Хөтөлбөр нь хөгжих ёстой. Энэ гурвын хөгжлийн талаарх  цогц мэдээллийг нийгэмд өгч чадвал сургуулийн болоод мэргэжлийн нэр хүнд тогтвортой бөгөөд дээшээ байх боломжтой. -Бидний урилгыг хүлээн  авч цагзав гарган ярилцсанд баярлалаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

2 цаг 22 мин
Элчин сайд Дамбын Ганбат онц бөгөөд бүрэн эрхт элчин цол хүртлээ

Элчин сайд Дамбын Ганбат Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цол хүртлээ

5 цаг 57 мин
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

12 цаг 55 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

12 цаг 55 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

12 цаг 55 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

Өчигдөр 18 цаг 55 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

Өчигдөр 06 цаг 00 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

Өчигдөр 06 цаг 00 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

Өчигдөр 06 цаг 00 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Уржигдар 17 цаг 51 мин