Б.Сансар
Францын алдарт жүжигчин Жерар Депардьегийн захиалгаар Швейцарийн “Cvstos” компанид “Орос гэдгээрээ бахархдаг” (Gerard Depardieu Edition "Proud to be Russian") нэртэй алтан цагийг цөөн тоогоор үйлдвэрлэжээ. Тэрээр хоёр жилийн өмнө төрөлх Франц улс нь уран бүтээлчдээсээ дэндүү их татвар авч байна гэж шүүмжлэн эх орноо орхихоор шийдсэн билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин түүнийг Орос оронд элэгтэйг нь дуулаад 2013 оны эхээр улсынхаа иргэн болгож авах тухай тогтоол дээр гарын үсэг зурж байсан юм.
ОХУ-ын иргэн болсон Жерар Депардье хэдэн сарын өмнө ярилцлага өгөхдөө, “Би өөрийгөө бараг л орос хүн болсон гэж үзэх боллоо. Тэгээд ч би хэзээнээс Франц болон Орос соёлд элэгтэй” гэжээ. Үүнийхээ илэрхийлэл болгон 65 настай нэрт жүжигчин Оросын сүлд болох хоёр толгойтой алтан бүргэдийн дүрс бүхий цаг гаргасан гэнэ. Цагийн үнэ хэд байх нь одоогоор тодорхойгүй ч худалдаанд автомат, хронограф, турбийон механизмтай гурван хувилбараар гарах аж.