Раввинтай төстэй Лев Толстой, хайр дурлал, садизмын тухай Израилийн тэргүүн зохиолч ийн өгүүлэв
Фото: DanBalilty / AP
Д.ЭНХЭЭ
“Ясная Поляна” шагнал гардуулах ёслолд оролцохоор израилийн хамгийн нэр цуутай, бас цуутай зохиолчдын нэг Амос Оз Москвад хүрэлцэн ирсэн. Тэрээр “Иуда” (Жүүд) романаараа Лев Толстойн нэрэмжит шагналыг хүртсэн билээ. Виктор Радуцкийн орчуулгаар түүний ном орос хэлнээ хэвлэгдсэн аж. “Фантом Пресс” хэвлэлийн газар уг романыг хэвлэж гаргасан. Дэлхийн уран зохиолын сонгодог зохиолчтой “Лента.ру”-гийн тоймч Наталья Кочеткова уулзаж хөөрөлдсөнийг хөрвүүлэн хүргэж байна.
-Миний санаж байгаагаар танай гэр бүлийнхэн оросоор ярьцгаадаг. Лев Толстойн нэрэмжит шагнал хүртэнэ гэдэг таны хувьд ямар байх бол?
-“Владимир Ильич Толстой” гэсэн гарын үсэгтэй, хаалтан дотор (Лев Николаевич Толстойн жич, (...эсвэл гуч)) гэсэн тодотгол бүхий захидал хүлээж аваад хэн нэг нь надаар тоглож байгаа байлгүй гэж бодсон. Толстой зуу гаруй жилийн өмнө нас барсан, түүний төрөл төрөгсдөөс хэн нэг нь надад захидал бичнэ гэж огтхон ч санаанд ороогүй. Дараа нь би шагнал хүртсэнээ олж мэдсэн. Ингээд би хариу захидалдаа Толстой миний гэр бүлийн хувьд ямар олон зүйлээр агуу том болохоор маш их баярлаж байгаагаа илэрхийлсэн.
-Миний гэр бүл оросын уран зохиолоор, оросын яруу найргаар, оросын аялгуу, дуугаар, ялангуяа Толстойн уран бүтээлээр дүүрэн амьсгалж байсан. Миний ээжийн гэр бүл Толстойг маш ихэд сонирхож хүндэлдэг байсан. Ээжийн минь талын миний өвөө Хайфагаас холгүй, ганц өрөө жижигхэн модон байшинд, ядуу зүдүүхэн амьдардаг байсан юм. Хананд нь ямар нэг сонин, эсвэл сэтгүүлээс хайчилсан Толстойн хар цагаан гэрэл зурган хөрөг өлгөөтэй байдаг байсан. Би бага байсан болохоор тэр хөргийг хараад энэ бол раввин (еврейн шашны зүтгэлтэн) гэж боддог, яагаад гэвэл тэр раввинтай адилхан харагддаг байсан.
Нэг удаа би өвөөгөөс энэ раввиныг хэн гэдэг юм бэ гэж асуусан. Энэ бол Лев Толстой, тэр еврей биш л дээ, тэгэхдээ л тэр раввин, яагаад гэвэл тэр бидэнд маш чухал юмсын талаар зааж хэлж өгдөг юм хэмээн өвөө маань хариулсан. Тийм болохоор би Толстойг ребе Толстой хэмээн нэрлэсэн цорын ганц гэр бүлээс гаралтай хүн.
-Одоо та нас ахисан хойноо Толстойн үзэл санааны талаар юу бодох юм бэ дээ? Таныхтай хэр зэрэг нийлдэг вэ?
-Толстой, тэр ч бүү хэл, Иисус Христосоос ч илүү хэр баргийн юманд үл итгэдэг хүн бол би байж магадгүй. Юутай ч хорвоо ертөнцийг хайр энэрлээр өөрчлөх боломжтой гэдэгт л лав итгэдэггүй. Бидний хэн маань ч хорвоогийн бүх хүнийг хайрлаж энэрч чадахгүй гэж би боддог. Хүн бүр тав, арав, за магадгүй арван таван хүнийг хайрлаж энэрч болох юм, тэгэхдээ л түүнээс илүүг биш. Тийм учраас өөрийгөө бүх хүнд хайртай, эсвэл гурав дахь ертөнцийн төлөөлөгчдийг хайрладаг, эсвэл хорвоогийн бүх эмэгтэйчүүдэд хайртай гэж ярьдаг эрэгтэй, эмэгтэй хүмүүст би итгэдэггүй. Энэ бол зүгээр хэнийг ч хайрладаггүй л гэсэн үг шүү дээ.
Тийм учраас Толстойг хайр энэрлийн тухай өгүүлэхэд нь дэндүү өөдрөг үзэлтэй санагддаг юм. Бид үнэнч, шударга, заримдаа найрсаг байх ёстой, харин хорвоог бүхэлд нь хайрлах мэдрэмж бидэнд төрөх болов уу? Би үүнд эргэлздэг. Дайн дажныг үзэн ядах үзэл болон дайсандаа үнсүүлэхээр хацраа өгөх санаа эдгээрт би эргэлздэг. Яагаад гэвэл хүчирхийллээс илүү долоон дор зүйл бол түрэмгийлэл. Түрэмгийлэл бол хүчирхийллийн үндэс язгуур нь. Хорвоо ертөнцийг бүхэлд нь хайрлах Толстойн үзэл сэтгэлд би итгэдэггүй. Бүгдээрээ юмсыг бодитойгоор хардаг агуу реалистууд байгаасай гэж би харин хүсдэг. Тийм учраас би Лев Николаевичээс хавьгүй илүү гутранги үзэлтэн байж магадгүй, гэхдээ би түүний хайрлаж энэрэх сэтгэлд атаархдаг.
-Даян дэлхийд байгаа бүхнийг хайрлаж энэрэх боломжгүй хэмээн эргэцүүлж тунгаахдаа шашны хийгээд өөрийнхөө байр суурийн алиныг та илүүд үздэг вэ? Оросын шашны соёлд митрополит Иларионы ХI зууны “Хууль ёс ба буян хишгийн сургаал” хэмээх дээж бичигт хууль ёс буюу иудаизмыг буян хишгийн, өөрөөр хэлбэл хайрын, тодруулбал христийн шашны эсрэг тавьсан эх бичвэр байдаг. Тийм учраас орос хэлэнд “хайр” хэмээх үг ийм утга агуулдаг?
-Дэлхий дахины хууль боломжтой гэдэгт би итгэдэг, харин дэлхий дахины хайранд харин би итгэдэггүй.Хэрвээ би Митрополит Иларионы зөв байж, хүн бүр энэ дэлхийн хүн бүрийг хайрлаж болох байсан хэмээн бодсон бол магадгүй би оросын үнэн алдартны сүмд очих байсан байх. Харамсалтай нь, үүнийг боломжтой гэж би бодохгүй байна. Хэн нэгэн хүн “Би Америкт хайртай” гэж хэлбэл би үүнийг хайр гэж үзэхгүй, харин өөр ямар нэг зүйл л гэж үзнэ. Дур хүсэл, сэтгэл татагдах, сонирхол, таашаал, за ямар ч байсан хайр л лав биш. Хайр гэдэг бол маш халуун дотно янагийн мэдрэмж. “Би Америкт хайртай” гэдэгт юуных нь хайр байх вэ дээ.
Хайр гэдэг бол уян зөөлөн сэтгэлтэй олон хүний, эсвэл “Нью-Эйж”-ийн адептуудын боддог шиг амттай зүйл биш. Хайр гэдэг бол би түүнд хайртай, тэр бол минийх, би түүнийг хэнд ч өгөхгүй гэсэн сонирхол татагдах болон амиа хичээх, дур хүсэл болон өмчлөх сэтгэлийн хачин жигтэй гайхмаар хослол. Хайр бол бал бурам биш, үүнийг санаж явах нь маш хэрэгтэй. Энэ тухай бид сонгодог уран зохиолоос мэднэ. Хайр заримдаа аймшигтай гэмт хэрэг рүү түлхдэг. Хайр сэтгэлээс болж хүмүүс цус урсгадаг. Атаархал, хардалтаас болж хайр сэтгэлийн төлөө хүнийг хөнөөж бүрэлгэдэг.
Ганцхан эмэгтэйд хайр сэтгэлтэй байснаасаа болоод хоёр эрийн нэг нь нөгөөгийнхөө амийг бүрэлгэжээ, нэг л эрэгтэйд дурласан болохоор хоёр эмэгтэйн нэг нь нөгөөгөө хөнөөжээ гэсэн мэдээг бид хэвлэлээс олж уншдаг. Тийм болохоор хайр сэтгэл гэдэг бол цаг үргэлж тийм ч тааламжтай, гайхаж биширмээр, бодь сэтгэл бас биш ээ. Хайр сэтгэл бүхэнд амиа бодож, хувиа хичээхийн асар том хувь хэмжээ бий.
-Гүн ухааны, эсвэл шашны ямар нэг глобал үзэл санаа өнөөдөр боломжтой юу, танд ямар санагддаг вэ?
-Ямар нэг нь тийм, ямар нэг нь үгүй. “Хувьсгал хийж, дэлхий ертөнцийг гэрэлт саруул ирээдүйд хүргэнэ”, эсвэл “өнөөдрөөс эхлэн цаашдаа өнө мөнхөд хүний бодгаль чанарыг сайжруулна” гэх мэтийн бодолд тулгуурласан аливаа үзэл санаа маш аюултай. Хүний бодгаль чанарыг өөрчлөх нь бидний хийх ажил гэж би бодохгүй байна. Өөрийгөө өөрчилсөн нь хавьгүй дээр. Хүн төрөлхтнийг өөрчлөх хэрэггүй. Шашны ч бай, үзэл суртлын ч бай үүнийг аливаа глобал өөрчлөлтөд хамааруулах нь шударга болно, үр дүн нь адилхан ганц: -цаазын ял, дарамт хавчлага, аллага хядлага, цус урсгалт, жихад, эрүүдэн шүүлт, бөөнөөр хорих лагерь, ГУЛАГ. Яагаад гэвэл хувьсгал бол өөртэй нь хамт байхыг хүсээгүй бүхнийг хөнөөж устгадаг.
-Хүлээцтэй, тэвчээртэй байх гэдэг бол өнөөдөр наад захын глобал үзэл санааны нэг болж байна. Энэ чанар хэнд ч хор уршиг тарьдаггүй. Эсрэгээрээ. Гэхдээ үүний цаана бодит аюул байна гэж харах хүмүүс байдаг. Энэ талаар та боддог вэ?
-Бусдын зовлон зүдгүүр эхэлж байгаа тэр л газарт хүлээзнэж тэвчих чадвар барагддаг. Би ямар ч үзэл санаанд: шашин, итгэл үнэмшил, дур сонирхолд туйлын тэвчээртэй байж чадна. Гэхдээ хэн нэг хүн өөр хэн нэгнийг зовоож шаналгаж байгаа тэр л цэг дээр миний хүлээзнэж тэвчих чадвар барагддаг. Зэрлэг балмад үйлдэл, садизм, хүчирхийлэлд би хэзээ ч хүлээцтэй, тэвчээртэй байж чадахгүй.
-Зэрлэг балмад явдал хийгээд, жишээлбэл, соёлын онцлог, нийгмийн сандарч мэгдсэн байдал зэрэг бусад зүйлийн хооронд шугам татахад ихээхэн төвөгтэй байдаг.
-Шугам татахад маш амархан: аллагахядлага – энэ бол гэмт хэрэг, дээрэм тонуул – энэ бол гэмт хэрэг, хүчирхийлэл, зэрлэг балмад үйлдэл – энэ бол гэмт хэрэг. Гэмт хэргийг хүч хэрэглэж байж зогсооно, шийтгэнэ. Аль нэг улс орноос гаралтай, эсвэл аль нэг шашинд хамааралтай байх бол гэмт хэрэг биш. Дүрвэгч үү, гадаадын харьяат уу, лалын шашинтан уу, үнэн алдартны сүсэгтэн үү, хэн үйлдсэн нь чухал биш: - гэмт хэрэг л бол гэмт хэрэг. Хүн төрөлхтөн мянга мянган жилийн турш хуулийн тухай бодож тунгаасаар л явна. Хүн эр, эм хэн байх, хаанаас ирснээс болж шийтгэгдэх ёсгүй гэдгийг бид мэднэ. Тэд үйлдсэн үйлийнхээ төлөө л шийтгэл хүлээж болно. Хүйс, яс үндэс, шашин шүтлэгийн аль аль нь үүнд нөлөөлөхгүй.
Мэдээж, дүрвэж яваа нөхцөлд хүн ихээхэн хүндрэл бэрхшээлтэй тулгарна. Тийм үгүй, зөв буруугаа ч ялгахаа больж будилж мунгинаж мэднэ. Гэхдээ. Хэн нэг хүн өөр хэн нэгнийг зовоож шаналгаж байгаа бол юу хийж байгаагаа тэр хүн мэдэж байгаа. Үүнийг бүр жаахан хүүхэд ч мэднэ. Зовлон зүдгүүр бол нэгдмэл валют. Үүнийг адгуус амьтан ч мэдэрнэ. Харин цаашлаад чи ямар шашин шүтлэгтэй, эрэгтэй юү, эмэгтэй юү гэдэг бол тийм ч чухал биш. Хэрвээ бид хэн нэгнийг зовлон зүдгүүрт унагаж байгаа бол бид буруу муу юм хийж байгаагаа мэднэ.
Фото: AttilaKovacs / AP
Муурын сүүлээс татаж чангааж байгаа жаахан хүү ч гэсэн муурыг өвтгөж байгаа болохоор буруу муу юм хийж байна гэдгээ мэддэг. Энэ бол миний хувьд баримтлах гарцаагүй гол шугам. Бусдыг шаналгаж зовоож байгаа хүн гэмт хэрэг үйлдэж байгаа гэсэн үг. Бусдыг бүү зовоо – энэ бол ганц өгүүлбэрт багтах миний шашин.
-Урвалт “Иуда” романы гол сэдэв болсон шиг таны шинэ номын сэдэв болчихоор дөнгөж саяхан таны сонирхлыг татсан тийм ямар нэг санаа бий болов уу?
-Тийм ээ, шинэ романыхаа сэдвийг би мэднэ, тэгэхдээ танд би түүнийгээ хэлэхгүй, яагаад гэвэл би шинэ номоор “жирэмсэлчихсэн”, тэр тухайгаа хүмүүст яриад байвал хүүхдэд уршигтай байж магадгүй. Тийм болохоор ажиллаж байгаа номынхоо талаар би хэзээ ч ярьж байгаагүй. Цаг үргэлж сэтгэл татсан санаа байдаг. Би эрчүүд, эмэгтэйчүүдэд сэтгэл татагддаг. Би эрчүүд, хүүхнүүд, хүүхдийн тухай, тэд юун тухай боддог, юуг хүсч тэмүүлдэг тухай бичдэг ч чухам яг үнэхээр юу хүсч байгаа нь тэр болгон гарч чаддаггүй. Заримдаа тэд бие биенээ хуурч мэхэлж байгаа тухай бичдэг. Энэ тухай л бичдэг юм. Тийм ээ, би санааны талаар байнга боддог, яагаад гэвэл санаа бол хүний ертөнцийн нэг хэсэг нь юм шүү дээ. Бид хайр дурлал, секс, янаг сэтгэлгүйгээр амьдарч чадахгүйн нэг адил ямар нэг юм бодохгүйгээр, ямар нэг зүйлийг зөв, эсвэл буруу гэж үзэхгүйгээр амьдарч бас чадахгүй.
Зарим хүн бодох санах юмгүй амьдардаг, гэхдээ би тэдэнд атаархахгүй. Тийм учраас миний амьдрал янз бүрийн, тэр бүрий миний өөрийн биш ч гэсэн, бодол санаагаар дүүрэн байдаг. Бусдын нүдээр үзэж харсан хорвоо ертөнцийг би олон удаа төсөөлдөг юм. Өглөө эрт, маш эрт босч, аяга кофе өөртөө чанаж, ширээний ард суугаад хэн нэгэн эрэгтэй, эмэгтэй хүний оронд би өөрөө байсан бол юу бодож, юу мэдэрч, хийж үйлдэх байсан бол гэж өөрөөсөө асуудаг юм. Энэ бол миний л ажил.
-Хэрвээ би андуураагүй бол хамгийн сүүлд та Москвад 10-11 жилийн өмнө ирсэн байх аа?
-Тийм ээ, тэр хавьцаа л байх. Есдүгээр сард номын үзэсгэлэн худалдаа гарч байсан.
-Овоо урт хугацаа, Москвад, оршин суугаа иргэдэд нь энэ хугацаанд гарсан өөрчлөлтийг та бодвол анзаарч харж байгаа байх. Энэ удаагийн ирэлтээр та юуг онцолж харсан бол?
-Энэ удаа би Москвад давчуу хугацаатай ирсэн, ихэнх цагийг сууж, ярилцаж өнгөрүүлж байна, гэхдээ зарим нэг өөрчлөлтийг анзаарсан шүү. Арван жилийн өмнө хүмүүс том ялагдал амссаны дараахан юм шиг л сэтгэгдэл төрүүлж байсан. Коммунист донсолгооны дараа Орос орон ундуй сундуй, гурав дахь ертөнцийн улс орон шиг л болчихсон байсан. Энэ удаа тийм зүйл анзаарагдахгүй байна. Би андуурч байж магадгүй, тэгэхдээ энэ удаа би маш цөөхөн хүнтэй л ярилцлаа.
Фото: JacquelineLarma / AP
-Орос орон ийм болсонд, тухайлбал, түүний гадаад бодлогод олон орос хүн одоо сэтгэл дундуур болцгоосон?
-Улс төр бол тэс өөр асуудал л даа. Хэрвээ та надаас Оросын Ерөнхийлөгчөөр, түүний явуулж байгаа бодлогоор бахархдаг уу гэж асуувал би үгүй гэж хариулна. Би Израиль, эсвэл Америкийн орчин үеийн бодлогоор ч бахархдаггүй. Гэхдээ та хүмүүст гарсан өөрчлөлтийг асуусан. Миний харж байгаагаар, арван жилийн өмнөхийг бодвол хүмүүс гутруу, хавчигдмал царай зүстэй харагдах нь хавьгүй бага болсон байна.
Машины цонхоор харчихаад Москва, москвачууд ийм тийм гэж ярьдаг хэн бэ би. Гэхдээ орой үдэш нь гудамж талбайд илүү их гэрэл гэгээтэй, хотын төвийг сайхан засч тохижуулсаныг би олж харлаа. Хүмүүс маш ганган тансаг хувцасласныг үзэж харж байна. Хүмүүс янз бүрийн зүйлд санаа сэтгэл нь зовж байгаа л байлгүй гэж төсөөлж байна. Гэхдээ, хүмүүс Америкт ч, Баруун Европт ч, Израильд ч ялгаагүй, хаа сайгүй л бүгд санаа сэтгэл нь ямар нэг зүйлд зовж явдаг шүү дээ. Энэ бол одоо бид хэн бэ гэх асуултад хариу өгөх оролдлого. Энэ бол арван жилийн өмнө миний үзсэн харсныг бодвол хөндлөнгөөс бараг анзаарагддаггүй мэдрэмж.
Эх сурвалж: www.polit.mn