Т.БАТСАЙХАН
Шадар сайдын Стандартчилал хэмжил зүй, шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал хариуцсан зөвлөх, доктор С.Янжинсүрэнтэй ярилцлаа.
-Монгол Улсад стандартчилал хэмжил зүйн салбар үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой тохиож байна. Хөгжлийн тулгуур гэгддэг энэ салбарын ололт амжилтаас яриагаа эхлэх үү?
- Энэ бол тогтсон хөгжилтэй, бие даасан салбар. Монгол Улсад 1923 онд жин хэмжүүрийн хороо гэсэн нэртэйгээр байгуулагдаж байлаа. Ардын хувьсгал ялсан он жилүүдэд гадаад дотоодод худалдаа эрхэлдэг пүүсүүд байлаа. Хил гаалиар арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн орж гарна. Энэ салбар нь тэр бүхнийг зөв хэмжиж, хил гаалийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг байв. Ингэж стандарт хэмжилзүйн салбар Монголын эдийн засгийн нэг тулгуур болж эхэлсэн. 1924 онд хамгийн анхны журмаа баталсан. Анхныхаа стандартыг мөн баталж байсан түүхтэй салбар даа.
-Манай улсын баталсан анхны стандарт юу байсан бэ?
-Дугуй модон ширээний стандартыг баталсан байдаг. Түүнээс хойш монголчууд стандарт гэдэг зүйлийг үйлдвэрлэл үйлчилгээндээ нэвтрүүлэх ач холбогдлыг ойлгож ирсэн. Өнөөдрийн байдлаар 6200 орчим стандарт мөрдөгдөж байна. Үүнээс 1000 гаруй нь олон улсын стандарт байдаг. Аливаа үйлчилгээ бараа бүтээгдэхүүн технологид барих горим юм л даа. Үүнийг мэргэжлийн бус энгийн хүн тодорхойлох аргагүй. Гэхдээ хүний амьдралын олон нөхцлийн зөв горимыг хангаж байдаг чухал зүйл. Хаана стандарт сайн барьж байна тэнд үйлдвэрлэл сайн хөгждөг. Тэндээс гарсан бүтээгдэхүүн чанартай байдаг. Тэр хэрээрээ хэрэглэгч олон болж, таны бизнес амжилт олно гэсэн үг.
-Стандартын шаардлага олон янз байдаг. Манай улсад олон улсын стандарт хэр нэвтэрч байна вэ?
-Үйлдвэрлэгчид маань чадлынхаа хэрээр стандарт мөрдөхийг хичээж байна. Хэдий чинээ өндөр стандарт барина, бүтээгдэхүүний үнэ өсөх хандлага бий. Энэ утгаараа өндөр хөгжилтэй оронд мөрддөг стандартууд төдийлөн нэвтрэхгүй байна. Олон улсын ISO стандартыг бүх үйлдвэрүүд нэгдсэн журмаар баримталж чадахгүй байна. Үүнд олон шалтгаан бий. Тухайн ард түмний онцлог соёл, хууль эрх зүйн орчинтой ч холбоотой байна. Мөн стандарт дотроо хэд хэдэн янз байна. Олон улсын ISO, цахилгаан хэрэгслийн стандарт зэргийг хүлээн зөвшөөрсөн улс ямар ч өөрчлөлтгүйгээр мөрддөг. Энэ нь хүн төрөлхтний нийтлэг хэрэгцээнд тавигддаг бүх шаардлага горимуудыг тусгачихсан байдаг. Хүний амь нас, эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл ханамжид нийцсэн бүтээгдэхүүнүүд байна. Үүнийг Монголд нэвтрүүлсэн тохиолдолд зөвхөн орчуулахаас өөр ямар ч засвар хийх эрхгүй. Хэрэгжүүллээ гэхэд тухайн стандартыг баталсан байгууллага ирж, хяналт тавьдаг. Үнэхээр хэрэгжүүлж чадсан байвал баталгаажуулж дэлхийн зах зээлд гарах эрх нь нээгдэж байдаг. Мөн тусгай төрлийн стандарт гэж бий. Тэр нь байгууллагынх юм. Үүнийг байгууллага дотроо удирдах зөвлөл нь хуралдаж шийддэг анхны нэгж юм.
-Тэгвэл ямар салбарт стандарт хамгийн сайн мөрдөгдөж байна вэ?
-Стандартыг хамгийн их мөрддөг салбар нь эрүүл мэнд, боловсрол байна. Ингэхээс ч өөр аргагүй. Хүний амь нас, эрүүл мэнд, гоо сайхныг хариуцаж байдаг чухал хэсэг. Хэрэв тэнд стандарт алдагдах юм бол аюултай учраас сайн мөрдөх зайлшгүй шаардлага гарч ирдэг. Боловсролын салбарт ч стандартын шинэчлэлийг байнга хийж ирсэн. Евро стандарт хэрэгжиж эхэллээ. Кэмбрижийн сургалтууд орж ирээд 10-аад жил боллоо. Энэ хоёр салбарын бүх үйл ажиллагаа стандартын дагуу явагдах ёстой.
-Үндэсний стандартын талаар тодруулахгүй юу. Тухайлбал ямар ямар бүтээгдэхүүн дээр стандарт тогтоогоод байна вэ?
-MNS стандартыг зөвхөн Монгол Улсын хэмжээнд мөрдөж байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд ялангуяа цагаан идээ махны төрөл дээр тодорхой стандартууд мөрдөгддөг. Монгол хүний бие, сэтгэл ханамжийн онцлогт таарсан ноос, эсгий бүтээгдэхүүн мөн стандарттай боллоо. Гэхдээ бүтээгдэхүүнээ улам өргөжүүлж олон улсад нийлүүлэх хүсэлтэй л байгаа бол олон улсын стандартыг мөрдөх шаардлагатай.
-Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль байнгын хороодод шилжсэн гэсэн. Энэ хуулийн онцлог юу байх вэ?
- Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт энэ салбарын хууль эрхзүйн орчныг сайжруулж төгөлдөржүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд бид Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулиа өргөн барилаа. Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Энэ хүрээнд Засгийн газраас заавал баталгаажуулах шаардлагатай 300 орчим бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гаргалаа. Сүүлийн үед манай улсад барилгын салбар нэлээд хөгжиж байна. Стандарт мөрдөхгүйтэй холбоотойгоор осол гарч байна. Барилгын хана цуурсан, суулт өгсөн гэх асуудал ч гардаг. Өнгөрсөн зун болсон үерээр Зайсанд байрлах хэд хэдэн барилга усанд автсан. Энэ бол үйлдвэрлэлийн стандарт зөрчсөн асуудал. Газраа сонгохдоо, барилгын хундаамаа цутгахдаа ч стандартаа бариагүй байна. Ер нь голын эрэг дагасан энэ орон сууцнууд үнэхээр газраа зөв сонгож чадсан уу гэдэг эргэлзээтэй асуудал юм. Тэгэхээр бид Засгийн газраас гаргасан дээрх 300 бүтээгдэхүүнд барилгын салбартай холбоотой нэлээд зүйл багтсан. Хаа хаанаа стандартаа мөрдөхгүй бол хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирох аюултай. Ер нь стандарт гэдэг нь хүний амь насыг хамгаалдаг үндэсний аюулгүй байдлыг бүрдүүлж байгаа чухал хэсэг. Зөвхөн үйлдвэрлэл үйлчилгээний гэхээсээ илүү нийгмийн амьдралын бүхий л үйл ажиллагаанд стандарт мөрдөх учиртай.
-2017 онд Авлигын стандартыг баталж гаргасан байдаг. Энэ стандарт хэрхэн мөрдөгдөж байгаа вэ?
- Юуны өмнө бид авлига гэж юу юм бэ гэдгийг ойлгох ёстой. Авлига гэдэг нь өөрийнхөө хүссэн үр дүнд давуу талаа ашиглаж, хууль бус арга замаар хүрэхийг л хэлээд байна. Тэгэхээр энэ авлига ямар хэлбэрээр илэрч болох вэ, ямар арга замаар явагдаж байна, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, нэгэнт бий болсон бол яаж салах вэ гэдгийг танин мэдэх нь чухал. Санаатай, санаагүй янз бүрийн байдлаар авлигад өртөж байдаг гэдгийг л мэдэх, мэдүүлэх хэрэгтэй. Түүнээс гадна авлига гэдэг нь буруу юм гэдгийг ойлгох ёстой. Авлигаас үүсэх үр дагавар нь ядуурал авчирдаг, бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлдэг, хүнд суртлыг бий болгодог, ёс суртахууны доройтол уруу хөтөлдөг, бусдын золиос болдог гэх мэт сөрөг талыг ойлгож чадвал бид түүнээс урьдчилан сэргийлж чадна. Авлигын стандартыг мөрдөхийг хүссэн байгууллага удирдлагын хэмжээнд шийдэх юм. Ингэснээр байгууллагын үйл ажиллагаа, ил тод шударга болно. Хардлага байхгүй болно. Гэхдээ одоогоор нэг ч байгууллага энэ стандартыг мөрдөх хүсэлт гаргаагүй байна. Энэ стандартыг хүссэн компани нэвтрүүлнэ. Стандарт бол хууль биш учраас заавал үүнийг мөрд гэж тулган мөрдүүлэх боломжгүй. Иргэд аж ахуй нэгж стандартыг дарамт гэж ойлгоод байдаг. Энэ байдал шинэ хууль хэрэгжсэнээр цуцлагдсан. Хэн ямар стандарт хэрэглэмээр байна. Түүнийгээ л авч хэрэглэнэ.
-Өнгөрсөн наадмын өмнө унаач хүүхдийн хувцас хэрэглэлийн стандартыг баталсан байх аа?
-Бидний батлаад байгаа хамгийн сүүлийн стандартын нэг нь энэ юм. Хуучин стандарттай байсан. Гэхдээ хүүхдийн хувцас хэрэглэл их хүнд байсан. Энэ нь хүүхдийн чөлөөт хөдөлгөөнийг хорих зэрэг дутагдал байлаа. MNS 6264:2018 шинэ стандарт батлагдсанаар уралдаанч хүүхдийн хамгаалалтын малгай, хантааз, гутал, бээлий зэрэг хувцаст тавигдах мөрдлөг тодорхой болсны дээр шаардлага илүү нарийссан. Тэгээд ч энэ жил болсон уралдаанд хүүхэд гэмтсэнгүй. Энэ ажилдаа их сэтгэл хангалуун байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин