“ТВ-9” телевизийн “Ярилцья л даа” нэвтрүүлгийн ээлжит зочноор Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдорж уригдан оролцож, 39 удаа хойшилсон Ноён уулын лицензтэй холбоотой шүүх хурлын талаар үзэл бодлоо илэрхийлсэн байна. Тус ярилцлагыг хүргэж байна.
-Та хууль эрхзүйн салбарт олон жил ажилласан туршлагатай хүн. Тиймээс Ноён уулын шүүх хурлын асуудлаар таны байр суурийг сонсохоор нэвтрүүлэгтээ урьсан юм. Шүүх хурлын үйл явцыг ажиглахад танд ямар сэтгэгдэл төрсөн бэ. Ингэж 39 удаа хойшилсон тохиолдол ер нь байдаг юм уу?
-Анхан шатны шүүхээс лицензийг нь хүчингүй болгох шийдвэр гарчихаад байхад дараагийн шатны шүүх хурал нь 39 удаа хойшилж байсан, 40 дэх шүүх хурлаас анхан шатныхаа шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаагаас харахад дараах хэдэн дүгнэлт хийж болохоор байна.
Нэгдүгээрт, олж авсан лицензэндээ эрдэж “Сентерра Гоулд” компани нь Ноён уулыг ямар ч хамаагүй аргаар ашиглахаар улайрч байна. Гэтэл өгсөн лицензээ Монгол Улсын Засгийн газар зүй ёсны гэсэн байр сууриа хатуу баримталж байна. Хоёрдугаарт, энэ лицензийг хэвээр үлдээхийн тулд Монголын шүүх байгууллагад маш их дарамт үзүүлж байгаа юм байна. Гуравдугаарт, Ноён ууланд ашигт малтмалын олзворлолт явуулснаар түүх соёл, байгаль орчинд асар их хор хохирол учруулах эрсдэлийн тухай эрдэмтдийн байр суурь, хэлж ярьж байгаа зүйл, шинжлэх ухааны үндэстэй судалгааг зориудаар анхаарахгүй байна. Дөрөвдүгээрт, Ноён уулын эргэн тойронд болж байгаа үйл явдлыг нуух, бодит, үнэн зөв мэдээллийг монголын нийгэмд хүргэхгүйн тулд хэвлэл мэдээллийн байгууллагуудын амыг барьсан бүхий л арга хэмжээг авсан байна.Тавдугаарт, эрдэс баялаг, алтыг нь авч ашиг олж л байвал гадаадынханд Монголын байгаль дэлхий, түүх соёл нь яаж сүйдэж байна хамаагүй юм байна.
-Давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцаачихлаа. Тэгэхээр лицензийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөгдөж мэдэхээр болчихлоо?
-Уг нь анхан шатны шүүхээс нэлээн ноён нуруутай шийдвэр гаргасан юм билээ. Гэтэл давж заалдах шатны шүүх хурал нь 39 удаа хойшилж байна гэдэг Монголын шүүхийн практикт урьд өмнө гарч байгаагүй тохиолдол. Шударга бус шүүхийн үйл ажиллагааны жишээ болж Гиннесийн номонд ороход гайхахгүй зүйл. Хэрэв 40 дэх удаагийн хурлаараа анхан шатны шүүх рүү буцаах байсан юм бол 39 удаа хойшлуулахдаа юу хийсэн юм бэ, материалыг нь яаж судалсан юм бэ. Буцаах л байсан юм бол яагаад хоёр, гурав дахь, за бүр болдоггүй юм бол тав, зургаа дахь хурлаас яагаад буцааж болоогүй юм. Үнэндээ яавал лицензийг хэвээр үлдээхэв гэдгийг бодоод арга саам хийж хойшлуулсаар байгаад эцэст нь улаан цайм ийм шийдвэр гаргаж байна гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна. Энэ лицензийг компанийн талд байлгахын тулд албаар хэлэлцэхгүй удааж байна гэхээс өөр ямар ч дүгнэлт байхгүй.
-“Сентерра Гоулд” компани энэ ордыг ашиглаад эхэлбэл ямар хор хохирол учрах гээд байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Та ямар бодолтой байна?
-Төсөөлшгүй хор хохирол учирна гэдгийг онцгойлж хэлье. Монголын эрдэмтэд ч хэлсээр байгаа. Тухайлбал саяын 40 дэх шүүх хурал дээр доктор Ш.Пүрэвсүрэн хүнд бодогдохоор юм ярьсан. “Хаан хор” гэж нэрлэдэг хүнцэлийн тухай яригдаж байна. Ноён уулын алтыг зүгээр малтаад авчихгүй, газрын гүнээс гаргаж авахын тулд чулуулгийг дэлбэлэх болно. Тэр хүдрийн чулуулагт байгаа хүнцэл ил гарсанаар исэлдэж усанд тархана. Тэр хүнцэлтэй ус нь тархаж урссаар Хараа, Ерөө гол, Сэлэнгэ мөрөн, цаашлаад дэлхийн цэвэр усны нөөцийн 20 хувийг хадгалдаг Байгаль нууранд очно, тэндээсээ Ангар, Енисей мөрнөөр урсч Хойд мөсөн далайд хүрэх аюул байна. Тэгэхээр энэ бол зөвхөн Ноён уулын тухай маргаан биш, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө дэлхийн цэвэр усны нөөцийг хордуулсан хариуцлага хүлээх тухай асуудал яригдахад хүрэх нь. Монгол Улсын Засгийн газрын албан ёсны дэмжлэгтэйгээр гадаадын нэг компанийн даварсан үйлдэл юунд хүргэж болохыг ойлгож байна уу. Монгол Улсын Засгийн газар ийм л аюултай зүйлийг дэмжээд байна шүү дээ. Гадаадын эрдэмтдийн хийсэн, сэтгэл түгшээсэн судалгаанууд байдаг юм байна. Тухайлбал, ОХУ-ын эрдэмтэн С.Чалов нарын 2012 онд хийсэн судалгаагаар Заамарын уурхайгаас жилд 30 тонн хүртэл хүнцэл Туул гол руу орж, Сэлэнгэ мөрний сав газрыг бохирдуулж байна гэсэн бол Германы эрдэмтэн Хофман нарын 2013 онд хийсэн судалгаагаар Хараа гол руу ордог хүнцлийн хэмжээ жилээс жилд ихэсч , 3.3 тонн-д хүрсэн гэж дүгнэжээ. Хариуцлагагүй уул уурхай ийм л хор хохирлыг Монголын байгаль орчинд учруулж байгаа байх нь. Энэ бол зөвхөн наад захын жишээ шүү дээ.
-50 тонн алт гаргаж авснаасаа давсан үнээр хариуцлага хүлээх нь ?
-Ноён уулын уурхайг ашиглахдаа зөвхөн дэлбэлж тэсэлж алттай хүдрийг ил гаргаж авах ганцхан аргыг хэрэглэх юм байна. Энэ тохиолдолд энэ орчмын уулын бүсэд байгаа цэвдэгт аюул учруулна гэсэн эрдэмтдийн судалгаа байгаа юм байна. Анхны байдлаараа хадгалагдаж байгаа асар олон олдворууд устаж сүйдэж, анхны дүр төрх, шинж байдал нь алдагдах аюулд орох гээд байгаа юм билээ . Энэ нь тэр орчмын уулын ар болоод голын хөндийнүүд тэр чигээрээ цэвдгийн голомттой бөгөөд үүнтэй хамаагүй оролдвол энэ нутгийн ой ургамлын сан хөмрөг дахин нөхөн сэргээгдэхгүй болтлоо эвдэрч сүйрнэ гэсэн үг. Ноён уулын булшийг анх 1920-иод оны үед Зөвлөлтийн эрдэмтэн нээсэн. Анхны үнэт олдворууд Эрмитажид хадгалагдаж байна. 10 гаруй хаадын булш бунхан бий гэнэ. Хүннүгийн үеийн МЭӨ 93-26 онд төмрийн хүдрийн боловсруулж байсан зуух. Энэ бол зөвхөн Монгол биш, дэлхийн хэмжээний үнэт олдвор биш үү. Энэ газарт 15 удаагийн хээрийн судалгаа хийхэд 380 гаруй түүх, соёлын дурсгал байж болох илэрц зүйл бүртгэгдсэн.. Үүнээс 38-ыг нь тогтоогоод байгаа тухай эрдэмтэд ярьдаг.
ШУА-ийн палентологийн хүрээлэн Ноён ууланд 15 удаагийн хээрийн судалгааг хийгээд байгаа бөгөөд “энэ судалгаа бол дуусаагүй, эцсийн биш шүү, гүнзгийрүүлсэн судалгаа хийвэл үүнээс ч үнэтэй түүх соёлын олдвор байх боломжтой” гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэлсэн юм байна лээ шүү дээ. Монголчууд энэ асуудал дээр эвлэлдэн нэгдэж Ноён уул, монголын түүх, байгаль дэлхийгээ аврах, үүний төлөө тэмцэх цаг болсон юм байна гэдгийг зориуд тэмдэглэмээр байна.
-Энэ “Сентерра Гоулд”-ын үйл ажиллагаа олон улсын хэмжээнд сүр дуулиан тариад байгаа гэж дуулдаж байсан. Бидний авсан мэдээллээр, Киргиз улсад “Сентерра Гоулд” компани алтны томоохон орд эзэмшдэг. Ард түмнийх нь эсэргүүцэлтэй тулгараад Ноён уулыг барьцаанд тавьсан гэх ч мэдээлэл байна?
-Үнэн. Энэ тухай сошиал орчинд аль хэдийнээс нэлээн ноцтой мэдээлллүүд тавигдсан байна. Киргиз улсын мөнх цаст ууланд, 700 орчим тонн алтны нөөцтэй “Кумтор”-ын орд байдаг, Киргизийн бахархал, үндэсний орлогынх нь 10-20 хувийг бүрдүүлдэг гэх. Ард түмэн нь түүгээр тэжээгдэнэ гэж хүсэн хүлээж байдаг юм байна. Гэтэл энэ “Сентерра Гоулд” компани эхлээд энэ ордын 33 хувийг нь эзэмшиж байснаа, дараа нь 33 хувиа 66 болгохын тулд Монголд байгаа Бороогийн уурхай, Ноён уулын ордыг барьцаанд тавьсан юм байна. Өөрөөр хэлбэл, Ноён уулын алтыг ухах гээд байгаа нь цаашлаад Киргизийн алтны ордыг ашиглах эсэх тухай асуудалтай холбогдож байгаа юм. Энэ бүгд өнөөдөр дэлхийн хэмжээнд эдийн засгийн алуурчид ард түмний амьдралыг хэрхэн сүйтгэж, ашиг орлогыг нь өөрсдөө авч, тухайн орны үндэсний олигархиудтай нь хамтарч яаж эрээ цээргүй авирлаж байгаагийн нэг тод жишээ. Ноён уулын асуудал олон улсын хэмжээнд энэ чиглэлээр болон байгаль орчин, түүх соёлын талаас яригдах нь зайлшгүй болоод байна.
-Уг нь энэ бүгдийг Монголын эрх баригчид, Засгийн газар нарийн сайн мэдэж баймаар юм. Гэтэл гадны компанитай ингэж хамтран зүтгээд байгаа нь нөлөөнд автав уу, эсвэл өөр учир шалтгаан байгаа юм болов уу?
-Хатуухан хэлэхэд манай төрийн ашигт малтмалаа хэрхэн зүй зохистой ашиглах, эдийн засгийн аюулгүй байдалтайгаа уялдуулах хандлагыг зөвөөр тодорхойлох төрийн бодлого сохорчихсон шүү дээ. Бид Оюутолгойн жишээн дээр хангалттай харж байна. Ноён уулын 75 тонн алтны ил, далд нөөцийн тухай Засгийн газар дүгнэлт хийгээд, байгаль экологи, түүх соёл, хойч үеэ бодоод өгсөн лицензээсээ татгалзчихад яагаад болохгүй байна. Том буян болно доо.
-Лицензийг нь цуцалчихвал “Сентерра Гоулд” олон улсын Арбитрын шүүхэд хандах байх даа?
-Арбитрын шүүх манай шүүх, хуулийн байгууллага, төр шиг харалган биш шүү дээ. Түрүүнд ярьсан, олон улсын хэмжээний байгаль орчныг хамгаалах асуудал, түүх соёл, байгаль орчны ноцтой баримт, үндэслэлүүдийг гаргаад тавихад ойлгож хандана гэж итгэж байна.
-Ер нь Монголын Засгийн газар хэдий хэмжээний мөнгөөр Ноён уулын ордоо үнэлээд дэлхий нийтэд аюул учруулаад байгаа юм бэ?
-Ердөө 2.6 тэрбум ам доллараар худалдчихсан тухай саяын шүүх хурал дээр яригдаж байхыг сонссон юм. Энэ үнэн бол бүхэл бүтэн Монгол Улсын эрх ашиг, байгаль дэлхий, түүх соёлоо ингэж хямдхан үнэлж гадаадынханд найр тавьж өгч байна гэдэг гутамшигтай бөгөөд ноцтой гэмт хэрэг юм. Хуулийн дагуу хийгдсэн байх ёстой үнэлгээнүүд хийгдээгүй тухай мөн шүүх хурал дээр яригдаж байсан. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газар, ИТХ-аас Ноён уулаа орон нутгийн хамгаалалтад авсан. Хуулиар бол орон нутгийн болон улсын хамгаалалтад авсан газар нутаг дээр ашигт малтмалын хайгуул, олзворлолт явуулах хориотой. Гэтэл бидний авсан мэдээллээр энэ орон нутгийн хамгаалалтад авсан шийдвэрээ цуцлахыг шаардаж, Мандал сумынхныг дарамталсаар байгаа юм байна. Түүх соёл, газар нутгаа орон нутаг нь хамгаалчихсан байна шүү дээ. Гэтэл яагаад зүтгээд байгаа юм бэ.
-Маш харамсалтай баримтууд яригдаж байна. Зөвхөн Ноён уул ч биш салбар уулс, газар нутаг нь археологийн үнэт олдворуудтай гэгддэг?
-Ноён уул, Хатан уул, Бодончийн уул, Бодончийн гол гээд бүгд Монголын түүхтэй холбоотой газар нутгууд тэнд байна. Нэр нь хүртэл өөр байгаа биз дээ. Хүннүгийн үеийн түүх соёлыг дэлхий нийт анхааран судалж байна. Гэтэл хамгийн үнэт олдворууд нь Ноён ууланд байна. Бидний өвөг дээдэс, хаадын булш бунхан тэнд байгаа ариун дагшин газар нутаг гэдгийг бид мэдэх ёстой. Тиймээс компанийн талд шийдвэр гаргуулахгүйн тулд монголчууд бүхий л аргыг хэрэглэж тэмцэх хэрэгтэй байна. Аргадсан байдлаар явах хөг нь хэдийнэ өнгөрчээ. Энэ бол зөвхөн иргэний нийгмийн хэдэн байгууллагууд, хэдэн хүний ажил биш юм. Шүүх хэрэв энэ лицензийг баталгаажуулчихвал Монголын түүх рүүгээ, байгаль дэлхий рүүгээ өөрсөд рүү гээ хутга дүрсэнтэй адил үйлдэл болно. Ийм хэмжээнд аюул тулаад байгааг монголчууд маань ойлгооч ээ гэж хэлэх байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин