Д.ЭНХЭЭ
Хойд Ирландын зохиолч Анна Бернс “Сүү худалдагч” / Milkman”/
романаараа Букерийн (The Man Booker Prize) шагнал хүртэж, 50 мянган фунт стерлингийн
чекийг аравдугаар сарын дундуур гардаж авсан. Нэр хүндтэй шагналын эзэн ирланд зохиолчийн талаар rbc.ru-гийн бэлтгэсэн нийтлэлийг хүргэж байна.
*** *** ***
2018 оны Букерийн шагналд АНУ, Канадын “өрсөлдөгчид”-ийг ардаа орхиж, Хойд Ирландаас энэ шагналыг анх хүртлээ. “Сүү худалдагч” түүний дөрөв дэх роман.
56 настай зохиолч Белфастад төрж, католик шашинтнуудын амьдардаг Ардойн районд ажилчны гэр бүлд өсч бойжсон. 1987 онд Лондонд нүүж ирсэн. Белфастад нас биед хүрсэн тухай нь Бернсээс асууж лавлахад тэрээр нэг бол дуугаа хураана, эсвэл санаанд оромгүй сонин зүйл ярина.
Жишээлбэл, зохиолч 70-аад оны дундуур, Ардойн дахь шөнийн Бервик – роудаар, бага зэрэг хөгжилтэй, халаасандаа ээлжит романтайгаа гэртээ харьж явсан замаа дурсдаг. Яг ийм хэсэг түүний “Сүү худалдагч” романд гардаг. “Гудамжны гэрлийн ихэнх нь асахгүй, таг харанхуй, гэлээ ч ном үнэхээр сайн байсан, гайхсандаа би бүр зогсчихсон байсан. Тэр мөчид би: энэ зохиолч юу хийчихсэн юм бол? Яаж? Шөнө дунд харанхуй зам дээр зогсох тэр л мөчид надад анх удаа үл таних тэр хүнийг зохиолчийг хүндлэх мэдрэмж төрсөн” хэмээн Бернс өгүүлж байна.
Белфастын гудамжинд эргүүл хийж байгаа цэргүүд, Хойд Ирланд, 1970 оны аравдугаар сар
Үймээн самууны (угсаатан хоорондын улс төрийн зөрчил) жилүүдэд Белфастад амьдарч байх үедээ Анна юу ч бичээгүй, харин их уншиж, ажигласан. Агата Кристи, Энид Блайтон нарын зохиол бүтээл болон орос үлгэрүүдийн хольцыг санагдуулахуйц бүтээл туурвих оролдлого түүний идэр залуу насанд байсан.
80-аад оны сүүлээр Бернс Лондонд шилжин ирж их сургуульд элсэв. 30 гарсан хойноо л сая түүнд зохиолчийн онгод сэрж эхэлсэн, тэгэхдээ гэв гэнэт л “Одоохондоо надад хараахан бий болж амжаагүй ч надад гарцаагүй таалагдах, ямар нэг айсуй зүйлийн мэдрэмж надад төрлөө” гэсэн нь бий.
“Миний баатрууд над руу өөрсдөө ирж, юу хэлэх хэрэгтэй, яаж үүнийгээ хэлэх гэж байгаагаа надад ярьцгаадаг юм. Энэ үйл явцыг би хянаж чадахгүй юм шиг санагдсан. Тэдний ярьж хэлж байгааг бичиж тэмдэглэх үү, эсвэл болих уу гэдгээ шийдэх хэрэгтэй болов. Бичиж тэмдэглэж авахгүй бол тэд алга болчих учраас би арга буюу бичиж тэмдэглэх болсон” хэмээн Бернс тайлбарласан байдаг.
Анна Бернс © ELENI STEFANOU
Зохиолчийн эхний хоёр ном “Ясгүй”, /“Без костей”/ /No Bones), “Жижигхэн хийц”, (Little Constructions) амжилт авчирсан.
“Ясгүй” (“Без костей”) зохиолынх нь тухай шүүмжлэгчид өгүүлэхдээ Анна бүтэл муутайхан гэр бүлийг Хойд Ирландын улс төрийн нөхцөл байдлын бэлгэ тэмдэг болгожээ гэсэн. “Миний бодлоор, харин ч эсрэгээрээ. Хойд Ирландыг зохиолын утга санаа руу шингээж оруулахаас өөр арга байгаагүй. Ийм номонд энэ бодит байдлыг оруулахгүй орхино гэдэг бол гэр бүлийн намтар түүхийг хассантай адил солиотой хэрэг болох байсан. Тийм учраас гэр бүл юуг бэлгэдэж байгаа нь асуудал биш, харин хүчирхийллийн ул мөр хаана ч ил гарч болно гэдэгт байгаа юм” хэмээн зохиогч үзэж байсан.
Анна Бернс. «Ясгүй» © ПРЕСС-СЛУЖБА
Ийм санаагаар хоёр дахь роман “Жижигхэн хийц” (“Маленькие конструкции”) - ийг бичсэн. Бернсийн хэлснээр энэ бол Хойд Ирландын хагас цэрэгжсэн байгууллага, эсвэл захиргааны шийдвэрийн тухай өгүүлэмж биш, гэхдээ дотоод солиорлын тухай өгүүлсэн ажээ.
Улс төрийн зөрчлүүд яваандаа нийгмийн “сэтгэл зүйн дүр зураг (карт)” болж хувирдаг. Өөрийнхөө уран бүтээлд Бернс энэхүү дүр зургийг (картыг), тухайлбал, хямрал зовлон туулсан нийгэм өөрийн эрхгүй сонор соргог, эсвэл хэт болгоомжлох хандлагатай болчихдогийг судлан шинжилдэг.
Анна Бернс. “Жижигхэн хийц” © ПРЕСС-СЛУЖБА
Тийм учраас зохиолчийн бүх романд Белфаст нэргүйгээр түгээмэл оршихуй болдог бол Ирландын цэргийн зөрчил нийгмийн нам гүм байдлын хэмжүүр болж хувирдаг.
“Сүү худалдагч”-ийн үйл явдал 70-аад оны Хойд Ирландад болж өрнөдөг. “Сонирхолтой” явснаас хэнд ч анзаарагдахгүй явах нь илүү дээр нэгэн нэргүй хотод болж буй сэтгэл догдлуулсан үйл явдлын гүн рүү уншигчийг Бернс урьж оруулдаг.
Анна Бернс. «Сүү худалдагч» © FABER & FABER
Романы гол баатар бүсгүй ээждээ мэдэгдэлгүйгээр сүү зардаг нэгэн эртэй хайр сэтгэлийн холбоотой болдог. Гэтэл түүний нууцын талаар хамаатан нь олж мэдээд бусдад дэлгэж эхэлдэг. Нэг мэдэхэд зохиолын гол баатар “сонирхол” татаж, энэ нь эмгэнэл болж хувирдаг.
“Бидний хэн маань ч урьд нь иймэрхүү зүйл уншиж байгаагүй. Анна Бернс өөрийнхөө дахин давтагдашгүй хэв маяг бүхий сэтгэл догдлуулсан өгүүлэмжээрээ уран зохиолын уламжлалт хэлбэр, сэтгэлгээг эвдэж байна. Энэ бол гашуун хошигнол нэвт шингэсэн харгис хэрцгий явдал, бэлгийн улиг болсон дарамт, эсэргүүцлийн тухай түүх юм” хэмээн шагнал олгох шүүгчдийн дарга Кваме Энтони Аппиа онцолжээ.
“Сүү худалдагч” энэ бол хов жив, цуурхал, нам гүм байдал, зориуд дүлий дүмбэ царайлах тухай түүх юм. Энэ бол эс үйлдлийн сүйрэлт үр дагаврын тухай роман бөгөөд цасан шуурга сөрж явахын нэг адил уншихад ч бас амаргүй бүтээл юм.
Букерын шагналыг 1969 оноос хойш жил бүр олгож байгаа. Шагналын эзэн уламжлал ёсоор 50 мянган фунт стерлингийн /76,2 мянган ам.доллар/ мөнгөн шагнал авдаг. 2013 оныг хүртэл Букерын шагналыг Хамтын нөхөрлөлын орнуудын нэгд, Ирланд эсвэл Зимбабве улсад оршин суудаг зохиолчид олгодог байсан. Харин 2013 оноос хойш шүүгчид бүтээлээ англи хэлээр бичиж, Их Британид хэвлүүлсэн бусад орны зохиолчдыг нэрээ дэвшүүлэхийг зөвшөөрдөг болсон бөгөөд утга зохиолын нэр хүндтэй шагналуудын нэг билээ.
Эх сурвалж: www.polit.mn