Д.ОЮУНЧИМЭГ
Өрсөлдөх чадвар... бүхий л зүйлд хамааралтай байдаг энэ холбоо үг Монгол Улсыг “Азийн бар” болгоход нэн чухал үүрэгтэй. Гэхдээ өрсөлдөх чадварынхаа бодит үзүүлэлтийг хэрхэн ашиглах вэ гэдгээс олон зүйл хамаарна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс санаачлан 21 аймгийн өрсөлдөх чадварын судалгааг хийж танилцуулдаг. Энэ жил төвийн бүсийнхэн “Өнөөдрийн шийдвэр, ирээдүйн хөгжил” сэдвийн хүрээнд Дархан-Уул аймгийн Дархан хотод чуулав. Төв, Сэлэнгэ, Говь-Сүмбэр аймгийн удирдах албан тушаалтнууд болон үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцож санал бодлоо солилцов. ЭЗБӨЧСТ-ийн УЗ-ийн дарга, доктор П.Цагаан “Бүхий л зүйл хэмжүүртэй. Монголчууд аливаа сайжруулах тухай ярихдаа “Долоо хэмжиж нэг огтол” гэдэг. Тиймээс манай байгууллага долоо хэмжсэн мэдээллээ аймаг орон нутгийн удирдлагууд болоод шийдвэр гаргах төвшнийхэнтэй харамгүй хуваалцдаг. Үүнийг зөв талаас нь харж бодлого, шийдвэртээ тусгадаг байгаасай” гэж хүсч буйгаа илэрхийлэв. Монгол Улс хөгжихийн тулд бага нэгжийн хөгжил, дэвшлийн мэдээллийг зөв эмхэтгэх хэрэгтэйг тэрээр ярив. Түүнчлэн Монгол Улс, аймаг ялгаагүй хамгийн их хүндрэл учруулдаг нь засаглал байдаг аж. Мөн бизнес эрхлэгчдийн хувьд зээл, татварын бодлогоор дэмжих, иргэдийг ажлын байраар хангаж улмаар орлогыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг дорвитой шийдвэрлэх гэх мэт асуудлыг шийдвэрлэх нь зайлшгүй болсон гэдгийг төвийн бүсийнхэн онцолж байна. Тэдний харж буйгаар газар зүйн байршлын давуу талаа ашиглан хөгжих боломж бий гэнэ. Энэ удаагийн чуулганд төвийн бүсийнхэнд тулгамдсан асуудал болоод ололт амжилтаа ярилцахын зэрэгцээ төрийн байгууллагын төлөөлөгчид хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл өгсөн юм. Үндэсний хөгжлийн газрын салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр “Бүсчилсэн хөгжлийн бодлогыг баталж “Талын зам” төслийг Нэг бүс, нэг зам хөтөлбөртэй уялдуулан баталсан. Хүн амын эрэлт хэрэгцээ, байгаль орчны нөхцөл, нөөц даацад нийцсэн эдийн засгийн оновчтой бүтцийг бий болгосон” гэв. Тогтвортой хөгжлийн бодлогод суурилсан хэтийн хөгжлийн зорилгоо батлах хэрэгтэй. Үүнийг макро төвшинд ойлгомжтой байдлаар тусгахын тулд байршлаар нь тодорхойлохын тулд бүсчилсэн хөгжлийн бодлогыг ашиглах нь зүйтэй хэмээн оролцогчид санал нэгдэж байсан юм.
Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр төвийн бүсийнхэн тун чиг давгүй үзүүлэлттэй байна. Тухайлбал, Дархан уул аймаг 91.69, Сэлэнгэ 72.86, Төв 75, Говьсүмбэр 71.77 оноотой байна. Эхний 10 аймгийн нэгд тооцогдож буй төвийн бүсийнхэнд мэдээж тулгамдсан асуудал бий ажээ.
Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат “Манай аймагт уул уурхайн дийлэнх компани харъяалагддаг гэвэл хилсдэхгүй. Мэдээж энэ нь бидний хувьд хөрөнгө оруулалт мөн боловч үр өгөөжгүй байсан. Учир нь тухайн компанийн бүртгэл нийслэлд харъяалагддаг учраас аймгийн төсөв болоод бусад салбарт “наалдах” нь тааруухан байдаг. Тиймээс уул уурхайн бус салбараа түшиж хөгжинө гэж боддог” хэмээн өөрийн туршлагаас хуваалцсан юм. Энэ үеэр бүсчилсэн хөгжлийг дэмжихийн тулд тухайн бүсэд хамрах аймгийн удирдлагууд хамтран ярилцаж, бодлого төлөвлөгөөгөө хэрхэн уялдуулах вэ, үйлдвэрлэл үйлчилгээний аль салбарыг түлхүү хөгжүүлэх вэ гэдгээ харилцан ярилцах хэрэгтэйг ч сануулсан. Энэ нь аймгийн болоод бүс нутгийн цаашилбал улсын хөгжилд томоохон хөшүүрэг, эдийн засгийн хувьд нэлээдгүй байр суурийг эзлэх алхам болно гэж байлаа. Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл “Манай аймаг хүн амын цөөн учраас зарим салбарт өрсөлдөх чадвар сул байдаг нь үнэн. Гэхдээ зэргэлдээх аймгуудын 10 гаруй сумтай хиллэдэг учраас бид аж үйлдвэрийн бүс нутаг болох зорилт тавьсан. Ингэхдээ ОХУ, хятадын холбосон төмөр зам болон авто зам дайран өнгөрч буй учраас боломж бий гэж харж байна” гэсэн юм.
Дээр дурдсанчлан хуулийн этгээдийн бүртгэлийн эрх зүйн зохицуулалт дутмаг байгаа нь аймгуудын өрсөлдөх чадварт нөлөөлж, бодитой дүн гарахад сөрөг үр дагавар авчирч байна гэж үзэж буйгаа аймгуудын төлөөлөл ярьж байна. Тогтвортой хөгжил өөрийн даац чадамжид тулгуурладаг. Зах зээлийн эрэлт, нөөцийг хэнд зориулж юу үйлдвэрлэх боломжтой вэ гэдэгт тулгуурлан цогц бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг оролцогчид хэлэв. Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний экспортын талаар оролцогчид хэлэлцэв. Нэг үеэ бодвол дотоодын үйлдвэрлэгчид экспортод гаргахуйц бараа үйлдвэрлэдэг болсон. Гэхдээ тулгамдсан зарим асуудал бий аж. Сэлэнгэ аймгийн ХАҮТ-ийн дарга Б.Ундрах “Оросын зах зээл рүү бараа бүтээгдэхүүнээ гаргахад НӨАТ 18 хувийг төлдөг. Гаалийн татварт 20-30 хувийг төлдөг. Хэдийгээр улсын бодлого байж болох ч үүнийг эргэж харах учиртай. Түүнчлэн ямар нэг бараа бүтээгдэхүүнийг боруулахад тохирлын гэрчилгээ гэж бий. Гэтэл манай талаас экспортлох бараа гаалийн асуудлаас болоод тухайн тохирлын гэрчилгээний хугацаа дуусах тохиолдол гарч байна. Энэ манай улсын экспортод нөлөөлөөд зогсохгүй үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг гаргахад тулгамдсан асуудал болж байгаа юм. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд орон нутгийн засаг захиргаа хүчрэхгүй учраас Засгийн газар хоорондоо харилцан тохиролцох хэрэгтэй” гэв. Экспортоо дэмжихийн тулд Сэлэнгэ аймгаас үйлдвэрлэгчдээ хэд хэд удаа үзэсгэлэнд оруулсан аж. Гэтэл тухайн үзэсгэлэнд оролцсон худалдаа эрхлэгчдэд хил гаалийн асуудал үүсч бараа бүтээгдэхүүнийг борлуулсан эсэх нь огт хамаагүй гэдэг шаардлага тавьж нэг бараанд хоёр удаа татвар төлөх болдог нь хүндрэл учруулж байгааг оролцогчид учирлаж байв.
Өрсөлдөх чадвартай төвийн бүсийнхэнд ч тулгамдсан асуудал байна. Орон нутгийнханд чанаратай боловсон хүчний “хомсдол” гардаг. Нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх санал тавьсан ч нэг гэр бүлийн хоёр хүнийг ажлын байраар хангана гэдэг амар даваа биш аж. Энэ мэт олон асуудлыг ярилцан шийдвэр гаргах төвшнийхөнд хүргэх зөвлөмж гаргаснаар Төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган өндөрлөсөн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Өрсөлдөх чадвартай төвийн бүсийнхэнд ч тулгамдсан асуудал байна
2018-10-28
Нийтэлсэн: Админ
 1 мин