Д.ЭНХЭЭ
Турк улс дахь өөрийн орны консулын газартаа амь насаа алдсан Саудын сэтгүүлч Жамал Хашоггийн хэргийн эргэн тойронд болж байгаа үйл явдал дэлхийн улс төр хийгээд хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байна. Саудын Арабад болж буй Олон улсын хөрөнгө оруулалтын чуулганы үеэр буюу аравдугаар сарын 24-нд тус улсын угсаа залгамжлах ханхүү Мохаммед “Сэтгүүлчийн хэрэг Саудын арабын хувьд маш харамсалтай үйл явдал боллоо. Бид Туркийн Засгийн газартай хамтран ажиллаж, хэргийн гэм буруутнуудыг заавал олж, шийтгэл оноох болно. Мөн энэ хэрэгт Саудын Арабын Засгийн газар холбоогүй гэдгийг баталж, үнэн хэзээд ялдаг гэдгийг дэлхий нийтэд харуулна” гэж хэлсэн талаар Ройтерс агентлагч өчигдөр мэдээлсэн байна. Сэтгүүлч амь насаа алдсан хэргийн талаар талаар ТАСС агентлагийн тоймчийн бичсэнийг орчуулан хүргэж байна.
Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган мягмар гариг /2018.10.23/-т парламентад үг хэлэхдээ Стамбул дахь Саудын Арабын ерөнхий консулын газарт сэтгүүлч Жамал Хашоггийн амийг бүрэлгэсэн явдал урьдаас маш нарийн төлөвлөж бэлтгэсэн гэмт хэрэг хэмээн мэдэгджээ. Турк улсын тэргүүн энэ мэдэгдлийнхээ үндэслэл болгож Америкийн “The Washington Post сонин”-ы талд ажиллаж байсан сэтгүүлч амь насаа алдахаас нэг өдрийн өмнө “Стамбулд саудын харьяалалтай гурван бүлэг хүмүүс ирсэн”, тэдний дунд “хүчнийхэн, тагнуулчид болон шүүх эмнэлгийн шинжээчид” байсан баримтыг сануулав.
Эрдоган мөн Хашоггийн үхэлтэй холбогдуулан үүсч байгаа бүх асуултад ил тод хариу өгөхийг Саудын Арабын эрх баригчдад уриалаад сэтгүүлчийг бүрэлгэсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдүүдийг шүүх үйл явцыг Туркэд явуулахыг санал болгов.
Гурван долоо хоног гаруй таг дуугүй байж, хагас дутуу зүйл мэдэгдсэнийхээ дараа вант улсын эрх баригчид бичиг баримт бүрдүүлэхээр хандсан Хашогги ерөнхий консулын газарт болсон зөрчлийн улмаас амь үрэгдсэн болохыг хэдэн өдрийн өмнө дурамжхан хүлээн зөвшөөрсөн. Улс орны удирдагчдыг байнга шүүмжилж байсантай сэтгүүлчийн үхэл ямар ч холбоогүй гэдгийг Эр-Рияд батлаад түүний үхэлд буруутай этгээдүүдийг зохих ёсоор шийтгэхээ амласан.
Ойрхи Дорнодод тэргүүлэх байр суурийн төлөө Эр-Риядтай хийж байгаа гадаад бодлогын тулаанд Хашоггийн үхлийг гол хөзрөө болгож дээд зэргээр ашиглах бодолтой Эрдоганы мэдэгдэл зөвхөн Саудын эрх баригчдын албан ёсны хувилбарыг сулруулаад зогссонгүй. Түүний мэдэгдэл Саудын Араб улсад зэвсэг нийлүүлэх олон тэрбумын контрактаас татгалзахгүй байлгахын тулд газрын тосны агуу том вант улстай харилцаагаа муутгахгүй байж, болж өнгөрсөн бүх зүйлийг хэрэг үйлдсэн этгээдүүд журам зөрчсөн гэдгээр өнгөрөөх нь дээр хэмээх байр суурийг баримталж буй АНУ, түүний Европын түншүүдийг эвгүй байдалд оруулав.
ЭР-РИЯД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ
Жамаль Хашоггийн үхэл (дашрамд хэлэхэд, зэвсгийн наймаагаар хөлжиж, нэг жилийн өмнө нас барсан Саудын бизнесмен Аднан Хашкажийн садан) Туркийн удирдагчийн хувьд Эр-Рияд алдар хүндэд цохилт өгөх аятайхан шалтаг болов. Саудын ерөнхий консулын газар нутагт Туркийн мөрдөгчид нэвтрэх зөвшөөрөл, мөн мөрдөн шалгах ажиллагаанд саад хийхийг оролдсон ерөнхий консулаа эгүүлэн татахыг вант улсын эрх баригчдаас Эрдоган шургуу шаардсаар санасандаа хүрч чадсан.
Бүх зүйлд цэг тавихын тулд тэр парламентын депутатуудын өмнө үг хэлэх боломжийг ашиглав. Түүний хэлснээр Хашоггийг устгах төлөвлөгөө боловсруулах ажил сэтгүүлч бичиг баримтаа бүрдүүлэхээр саудын ерөнхий консулын газарт хандсан есдүгээр сарын 28-нд эхэлсэн ч байж болох ажээ. “Ерөнхий консулын газрын зарим ажилтан төлөвлөгөө боловсруулахаар (аллага үйлдэх) эх орон руугаа явж ирсэн мэдээ бий” хэмээн Эрдоган хэлсэн байна.
Сэтгүүлч амиа алдахаас нэг өдрийн өмнө “Саудын харьяат гурван бүлэг хүмүүс Стамбулд ирсэн”, тэдний дунд “хүчнийхэн, тагнуулчид, шүүх эмнэлгийн шинжээчид” байсан. “Аравдугаар сарын 2-нд 15 хүнтэй бүлэг өөр өөр нислэгээр Стамбулд ирсэн. Тэдний зарим нь ерөнхий консулын газарт ирж, камеруудыг (видео ажиглалтын) унтрааж, хатуу дискнүүдийг авч бичлэгүүдийг арилгасан” хэмээн Туркийн удирдагч өгүүлжээ.
Тэрээр мөн аллага болсны дараа “наамал сахалтай, нүдний шил зүүсэн” хүн өөрийгөө Хашогги болгох гэж хичээсэн бөгөөд тэр оройдоо Эр-Рияд руу ниссэн хэмээн мэдээлэв. Хашоггийн үхэлд Эр-Рияд хамаатай болохыг үгүйсгэсэн “Саудын вангийн шударга гэдэгт эргэлзэж байна” хэмээн дипломат байдлаар тэмдэглээд “Энэ мөчөөс эхлэн Саудын Арабын удирдлага болсон бүх үйл явдлын төлөөх хариуцлагыг өөртөө хүлээнэ хэмээн бид хүлээж байна” хэмээн тэр даруй мэдэгдэв. Тэрээр Туркийн эрх баригчид “нөхцөл байдлын өрнөлийг эцсийг нь хүртэл ажиглах болно” гээд, бидний сонирхож байгаа бүх асуулт, тухайлбал, Стамбул руу тусгайлан ирсэн хүмүүст “хэн тушаал өгсөн бэ” зэрэг асуултын хариуг тэсч ядан хүлээж байна хэмээн онцлон тэмдэглэв.
“Саудын Арабын ерөнхий консулын газрын байранд аллага болсон, гэхдээ тус газар туркийн нутаг дэвсгэрт оршдогийг мартах хэрэггүй. Ийм учраас би ван, Саудын Арабын бүх удирдлагад хандаж “бүх зүйл Стамбулд болж өнгөрсөн, тийм учраас баривчлагдсан бүх 18 хүнийг Стамбулд шүүхийг санал болгож,уриалахыг хүсч байна” хэмээн Туркийн ерөнхийлөгч мэдэгджээ.
ТОХИОЛДЛООР ИЙМ ЗҮЙЛ БОЛСОН
Хашогги Стамбул дахь ерөнхий консулын газарт бичиг баримт бүрдүүлэхээр ирээд буцаж гаралгүй сураггүй алга болсонд ямар ч хамаарал байхгүй гэдгээ Саудын Арабын эрх баригчид эхэндээ янз бүрээр булзааруулж байсан. Болсон явдлаас хойш бараг гурван долоо хоногийн дараа дөнгөж аравдугаар сарын 20-нд тэд дипломат төлөөлөгчийн газарт болсон зөрчлөөс болж сэтгүүлч тохиолдлоор хохирогч болсон хэмээн хүлээн зөвшөөрсөн боловч болсон явдлын талаар дэлгэрэнгүй юу ч мэдээлээгүй.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэсч яваа нэг хувилбараар бол Хашогги ерөнхий консулын газарт үймээн гаргаад тэндээс гарч явахаар завдахад нь түүнийг боосны улмаас амь үрэгдсэн аж. Өөр нэгэн хувилбараар бол сэтгүүлчийг байцааж, түүгээр ч барахгүй тамлаж зовоосон гэх. Хашоггийн шарил одоохондоо олдохгүй байгаа явдал түүний амь үрэгдсэн нь бодит байдал дээр чухам юу болсныг илүү нарийн тогтооход саад болж байна. Түүний шарилын зарим хэсэг ерөнхий консулын газрын ч юм уу, нэг бол ерөнхий консулын өргөөний нутаг дэвсгэр дэх худгаас олдсон гэх мэдээлэл мягмар гаригт гарсан л даа. Гэхдээ парламентад хэлсэн үгэндээ Эрдоган “шарил одоогоор олдоогүй” болохыг онцолсон.
Өмнө нь Саудын Арабын ерөнхий прокурор, шейх Сауд аль-Муажиб Хашогги амь үрэгдсэн баримтыг хүлээн зөвшөөрч, болсон явдалтай холбогдуулан хэн болох тухай нь дэлгэрүүлээгүй вангийн харьяат 18 хүнийг баривчилсан тухай мэдээлсэн. Тэрээр угсаа залгах хан хүүгийн зөвлөх, тагнуулын байгууллагад өндөр албан тушаал хашиж байсан генерал Ахмед Асири, мөн вангийн тамгын газрын сайдын хэмжээний зөвлөх Сауд аль-Кахтани нарыг ажлаас халсан тухай мэдээлсэн.
Үүнээс гадна улс орныхоо тагнуулын албыг өөрчлөн байгуулахыг Саудын Арабын ван Сальман бен Абдель Азиз Аль Сауд угсаа залгах хан хүү Мухаммед бен Сальман Аль Саудад даалгасан бөгөөд Вант улсын шүүхийн сайд Хашоггийн амь үрэгдсэн хэрэгт сарын дотор хараат бус мөрдлөг явуулахаа амласан.
Үүний дараа вант улсын гадаад хэргийн сайд Адель аль-Жубейр “Хашкажийн үхэлд хариуцлага хүлээх бүх хүнийг баривчлах болно” хэмээн мэдэгдэв. “Ирээдүйд дахин ийм явдал гаргуулахгүйн тулд шаардлагатай бүх алхмыг хийх болно” хэмээн Гадаад хэргийн яамны тэргүүн амласан.
ХОЁР НҮҮРТЭЙ СТАНДАРТУУД
Сөрөг тэрслүү үзэл бодолтой сэтгүүлчтэй харилцахдаа гүйцэтгэгч хэтрүүлсэн хүчин чармайлт гаргаж, журам зөрчсөн гэдгээр хэргийг хаах эрмэлзэл Эр-Риядын баримталж буй байр сууринаас тодорхой харагдаж байна. Тэдэнд Туркийн Ерөнхийлөгч хэргийг сааруулахгүйн тулд бүхнийг хийх шийдвэр төгс байгаа нь мэдээж таалагдахгүй байгаа.
Саудын Арабын хувилбартай санаа бүрэн нийцэх АНУ болон Европын орнуудын удирдагч нарт Эрдоганы мэдэгдэл мөн таалагдахгүй байж болох юм. Туркийн Ерөнхийлөгч парламентад үг хэлэхээс өмнөхөн “USA Today” сонинд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хашоггийн үхэл бол “Буруу тийш хийсэн хуйвалдааны үр дүн” хэмээн нэрлэжээ. Саудын Арабын угсаа залгах хан хүүтэй нөхцөл байдлыг хэлэлцэхэд болсон явдалтай хан хүү өөрөө ч, ван ч мөн адил огт хамааралгүй болохоо баталсан хэмээн Трамп мэдээлсэн. Саудын Араб болон Туркэд байгаа “Тагнуулын өндөр түвшний ажилтнуудаас” (олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мэдээлснээр мөрдлөгт оролцохоор ТЕГ-ын захирал Жин Хэспел Турк руу явжээ) нэмэлт мэдээлэл авна хэмээн найдаж байгаагаа Америкийн засаг захиргааны тэргүүн мөн нэмж хэлсэн. Үүний хамт Трамп АНУ-д сая сая ажлын байраар хангаж байгаа контракт, хөрөнгө оруулалтыг алдахгүйн тулд Саудын Арабын эсрэг хориг тогтоохын эсрэг байна хэмээн нэг бус удаа мэдэгдсэн.
Сэтгүүлчийн амь насыг хөнөөснийг эрс буруушааж, туйлаас санаа зовниж байгаагаа илэрхийлэн, “бүх талыг хамарсан, итгэл найдвартай” мөрдлөг явуулахыг шаардаж, мөрдлөгийн үр дүн гарсны дараа л өөрсдийнүнэлгээг томьёолохоо амласан Европын нийслэлүүд дэх байр суурь ч мөн Трампынхтай ойролцоо байна. Дипломат шаардлага, эсвэл тэр тусмаа хоригийн тухай ямар ч яриа гарсангүй. Зөвхөн Германд л Саудын Арабт зэвсэг нийлүүлэх контрактыг зогсоох “боломжийг үгүйсгээгүй”.
Британийн Гадаад хэргийн яамны тэргүүн асан Борис Жонсон Их Британийн эрх баригчдыг Хашоггийн аллагыг “үйлдсэн эсвэл зөвшөөрсөн бүхний эсрэг хориг тогтооход бэлэн байхыг” уриалсан. Гэхдээ Жонсон бол огцорсон сайд, тэгээд ч уг мэдэгдлээ намын удирдагчийн төлөөх тэмцлийн хүрээнд л хийсэн, гэтэл эрх барьж байгаа улстөрчид Эр-Риядтай харилцаагаа муутгахыг огт хүсэхгүй байгаа билээ.
Барууны улс орнуудын хариу үйлдэл тэдний аман буруутгалыг эс тооцвол хэд хэдэн орны төлөөлөгчид мягмар гаригт Эр-Риядад нээлт хийсэн “Хөрөнгө оруулалтын ирээдүйн санаачилга” форумд оролцохоос татгалзсанаар хязгаарлагдсаныг гайхах хэрэггүй. Францын эрчим хүчний Electricitе de France (EDF) компанийн гүйцэтгэх захирал Жан-Бернард Леви Эр-Рияд руу яваагүй шалтгаанаа Хашоггийн үхэлд огт хамааруулалгүйгээр “Эрчим хүчний салбарын өндөр албан тушаалын төлөөлөгчдийн зөвлөгөөнд оролцох шаардлагатай” байсан гэжээ.
АНУ-ын Сангийн яамны тэргүүн Стивен Мнучин мөн л форумд оролцохоос татгалзаж байснаа эцсийн бүлэгт Эр-Риядад хүрэлцэн ирж, Саудын түнштэйгээ хийсэн хэлэлцээний үеэр талууд “Вант улс болон АНУ-ын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа чухал болохыг харилцан нотолж”, “хоёр талын стратегийн харилцааны хүрээн дэх санхүү, эдийн засгийн түншлэлийг хүчтэй болгох” асуудлыг хэлэлцжээ. Мнучин бас Саудын Арабын угсаа залгах хан хүүтэй уулзаж, “Америк-Саудын стратегийн түншлэл чухал” болохыг онцлон тэмдэглэж, “худалдаа, хөрөнгө оруулалтын сектор дахь түншлэлийг хүчтэй болгох боломж”, “авлига, терроризмыг санхүүжүүлэх явдалтай хийх тэмцэлд харилцан хамтарч ажиллах” асуудлыг авч хэлэлцжээ.
Москвад Хашоггийн хэргийн талаар өгүүлэхдээ “Зөвхөн албан ёсны нягталж шалгасан мэдээллийг баримтлах хэрэгтэй” хэмээн мэдэгдэж байна. Иймэрхүү хэрэг явдалд нухацтай тунгааж үзэх хандлага ОХУ-ын байнга баримталдаг зарчмын байр суурь байсан.
Иймэрхүү хоёрдмол хандлага газрын тосны вант улстай муудалцахыг хүсэхгүй улстөрчдөд төдийгүй барууны олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд ч мөн адил байгааг ОХУ-ын сэтгүүлчдийн холбооны нарийн бичгийн дарга Тимур Шафир “Ийм нөхцөлд гадаадын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн чимээгүй азнасан байр суурь гайхаш төрүүлж байна, харьцуулахгүй байхын арга алга. Ийм үйл явдал хэрвээ Оросын консулын газарт болсон бол бүх нохдыг уяанаас нь тавих байсныг ганц секунд төсөөлж үзье, энэ бол хоёр нүүртэй стандарт гэдгийг бид харж байна. “Скрипалийн хэрэг” гэдгээр үнэхээр инээдтэй хошин шог, цирк зохион байгуулсан бол энд ерөнхий консулын газарт хүний амь үрэгдсэн байна... Энэ бол олон нийтийн мэдээллийн хэрэгслийн чөлөөт, бусдаас хамааралгүй байдлын тухай яриаг дахин сануулах хэрэгтэй болж байна” хэмээн онцолж тэмдэглэсэн.
Юутай ч мөрдлөг дуусахыг хүлээж, дараа нь харин саудын сэтгүүлчийн үхэлд хэн, яаж хариу үйлдэл үзүүлснийг үнэлцгээе.
Эх сурвалж: www.polit.mn
Гүйцэтгэгчид журам зөрчив үү, эсвэл урьдаас бэлтгэсэн аллага байсан уу?
2018-10-25
Нийтэлсэн: Админ
 1 мин