Т.САЙХАН
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаарярилцлаа.
-2019 оны төсвийг хэлэлцэх ёстой Төсвийн байнгын хороо хуралдаж чадалгүй хэд хэдэн удаа хойшиллоо. Асуудал юунд байна вэ?
-Хэцүү байгаа л даа. МАН бүрэн эрхийнхээ талаас илүүг элээчихсэн. Гэтэл олигтой хийсэн бүтээсэн зүйл хомс байна. 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр нь бүр утгаа алдчихлаа. Юм хийвэл хийчих ганцхан жил л үлдэж. Тийм учраас дотроо их толхилцож байгаа биз.
-Энэ жилийн төсөв” Гишүүдийг хахуульдсан”, “Сонгуулийн жилийн төсөв” гэхчилэн нэр, хоёр зүүгээд байгаа. Энэ талаас харвал гишүүд хоёр гараа өргөөд дэмжих ёстой биш үү?
-Төсөв гэдэг бодлого. Зүгээр нэг гишүүний тоогоор тараагаад цацчихдаг зүйл биш. Бие даасан хуультай, хамгийн олон удаа хэлэлцэж, тодорхой хугацаанд тодорхой шалгуурыг хангасны үндсэн дээр баталдаг. Баталж чадахгүй бол УИХ өөрөө тардаг хуультай. Харамсалтай нь, сүүлийн гурван оны төсөв маш их алдагдалтай, хэт үрэлгэн төсөв боллоо. Жишээлбэл, 2017 онд хоёр их наяд 711 тэрбум, 2018 онд хоёр их наяд 400 тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Одоо Ч.Хүрэлбаатар сайд нэг их наяд 913 тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв бариад зогсч байна шүү дээ. Төсвийн алдагдал гэдэг бол өр. Бүр тодорхой тоо баримттай нь хэлье л дээ. 2016 оны зургадугаар сарын 30-ны өдрийн байдлаар Монгол Улсын нийт өр 24 тэрбум 260 сая ам.доллар байв. Өнөөдөр 27 тэрбум 745 сая ам.доллар буюу 3.5 тэрбум доллараар өсчээ. Засгийн газар цаашид ч өр тавина, зээл авна гэж мэдэгдээд байгаа. Хоёрхон жилд Чингис, Самурай бондыг бараг хоёр нугалчих хэмжээний өр бий болгосон байна. Энэ эрчээрээ цааш нь үргэлжлүүлбэл, эдийн засгаа элгээр нь мөлхүүлчих гээд байна. Тийм учраас төсөв дээр маш их хэл ам, асуудал босч ирж байгаа юм.
-Сүүлийн үед зэс, нүүрсний борлуулалтын орлого өссөнөөр эдийн засаг ч өссөн үзүүлэлттэй гарсан. Цаашид ч өснө гэж тооцож байгаа болов уу?
-Ирэх жил уул уурхайгаас орж ирэх орлогыг гурван их наяд төгрөг байхаар тооцсон байна лээ. Энэ оныхоос 1.3 их наяд төгрөгөөр илүү байна гэж их өөдрөгөөр төсөөлсөн хэрэг. Энэ дотроо нүүрсний орлогыг 165 хувиар нэмэгдүүлж 1.3 тэрбум, зэсийн баяжмалаас орж ирэх орлогыг мөн 1.3 тэрбум төгрөг буюу энэ оныхоос 30 хувь илүү байхаар төсөвтөө тусгасан байгаа юм. Гэтэл дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ ойрын жилүүдэд өсөхгүй, харин ч буурахаар зураглагдаж байгаа.
Шатахууны үнэ нэмэгдэхээр дэлхийн зах зээлийн ханш өссөнөөр шалтагладаг улс төсөв дээрээ үүнийгээ тооцож үзсэн юмуу даа. Ер нь Засгийн газар хоёр “ам”-тай болоод удаж байна шүү дээ. Нэг бол дэлхийн эдийн засаг яриад л, нөгөө бол ор тас мартчихаад “гоё төсөв” бариад гүйгээд байдаг.
-Төсвийн орлогыг хэт өөдрөгөөр тооцох шалтгаан өөр юу байж болох вэ?
-Зарлагаа хэт өсгөсөн учраас орлогоо тооцоо судалгаагүй нэмэгдүүлж, төсвийн алдагдлаа багасгаж харагдуулах гэсэн болхи оролдлого. Өөр юу ч байхгүй.
-Ирэх онд маш олон бүтээн байгуулалтын ажил хийхээр төсөвт суулгаад байгаа. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
-2018 оны төсөвт 131 төсөл арга хэмжээг баталгаажсан зураг, төсөвгүйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс үүдэлтэйгээр хэрэгжилт нь дөнгөж 30 орчим хувьтай байна. Энд тэнд балгас, ухсан нүх л байна. Гэтэл ирэх оны төсөвт бас л ийм зүйлс ажиглагдаж байна. 2019 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нийт 515 төсөл арга хэмжээнээс 71.3 хувь нь Төсвийн тухай хуулийн 29.4-т заасан техник, эдийн засгийн үндэслэл хийгдээгүй, зураг төсөв нь магадлалаар баталгаажаагүй байна. Иргэдэд бодитой бүтээн байгуулалт хэрэгтэй болохоос амьдралд биелэх боломжгүй утопи төсөл хөтөлбөр хэрэггүй шүү дээ.
-Одоо сэдвээ мөнгөний бодлого руу шилжүүлье. Эдийн засгийн өсөлт 6.3 хувьд хүрчихлээ. Иргэдийн амьдралд ямар нөлөө үзүүлэх бол?
-Үндсэн чиглэлд инфляцыг найм орчим хувьд барихаар тусгасан байна лээ. Уг нь 2016 онд 1.1 хувьтай байсан инфляци шүү дээ. Эрх баригчид маш богино хугацаанд найман хувьд хүргэсэн. Он гараад хоёр оронтой тоо руу орох нь ойлгомжтой боллоо. Өдрөөс өдөрт иргэдийн худалдан авах чадвар буурч байна.
2012-2016 онд шатахууны үнийг тогтвортой байлгаж, валютын ханшийг барьж байснаараа бид иргэдийн хэтэвчнээс гарах мөнгийг хэмнэж байсан. Харин одоо эсрэгээрээ сэгсэрч байна гэсэн үг. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан 2016 онд “Валютын нөөц хасах руу орсон” гэж мэдэгдээд долларын ханшийг 2700 төгрөг хүртэл хөөрөгдөж байсан. Харин одоо сар, долоо хоног тутам Ерөнхий сайд, салбарын сайд нь “Бензиний үнэ нэмэгдэнэ” хэмээн улайхгүй хэлдэг болж. Үүнээс ирэх дарамтыг иргэд л үүрч байна шүү дээ. Ийм байхад эдийн засаг өслөө гэж хоосон лоозон өлгөөд яах юм бэ. Сүржигнээд байгаа 6.3 хувийн өсөлтийг чинь найман хувийн инфляци зажлахгүй залгичихлаа шүү дээ.
-Монголбанкны мөнгөний бодлогод “Сүүлийн жилүүдэд банкны салбараас олгосон иргэдийн хэрэглээний зээлийн өсөлт эрчимжсэнээс өрхийн өрийн дарамт нэмэгдэж, иргэд татварын дараах орлогынхоо 70 орчим хувийг зээлээ төлөхөд зарцуулж байна” гэж дурдсан байсан. Энэ талаар таны байр суурийг сонсмоор байна?
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газар, Монголбанкнаас иргэдийнхээ бодит орлогыг нэмэгдүүлэх тал дээр дорвитой арга хэмжээ аваагүйгийн гор ингэж гарч байгаа юм. Бэлэн мөнгөний хомсдолд орсон иргэд хэрэглээний зээл их хэмжээгээр авч өрийн дарамтад орсон гэсэн үг. Цаашид өрхийн бодит орлого буурч, төлбөрийн чадвар суларсаар байвал дагаад зээлийн чанар муудна. Ингэснээр нийт хэрэглээ огцом хумигдвал эдийн засгийн томоохон “уналт” болох эрсдэл бий болно. Ер нь одоогийн байдлаас дүгнэвэл энэ “Уналт”-руу л зүтгээд байх шиг.
-Үүнээс хэрхэн зайлсхийх вэ. Сөрөг хүчин энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Ардчилсан намын бүлэг тодорхой байр суурь илэрхийлж байгаа. Үүнд 2019 оны Мөнгөний бодлогодоо Монгол Улсын болон Засгийн газрын өрийг зохистой түвшинд барих, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх макро эдийн засгийн болон үнийн тогтвортой бодлогыг хангах чиглэлд шийдвэртэй бодит арга хэмжээ авах шаардлагатай байна. Үүгээр зогсохгүй хэт үрэлгэн утопи төсвийн төслөөсөө татгалзаж, бодитой улс орны нийгэм эдийн засгийн нөхцөлд тохирсон төсөв оруулж оруулж ирэх хэрэгтэй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин