Д.ЭНХЭЭ
ОХУ-ын театрын анхны шагнал “Болор Турандот”-ыг гардуулах ёслол даваа гаригийн үдэш Вахтанговын нэрэмжит Театрын хөлбөмбөгийн зургаар засаж чимэглэсэн тайзнаа блюз, танго хөгжмийн аялгуун дор болж өнгөрлөө. Улирлын шилдэг жүжгээр “Безприданница”, шилдэг найруулагчаар Евгений Писарев, харин ардын жүжигчин Марк Захаров “Недосягаемый” хэмээн томьёолсон тусгай шагнал хүртлээ хэмээн ТАСС – ын сурвалжлагч мэдээлжээ.
Хөтөлбөрийн дэгийн дагуу номинацид нэр дэвшигчдийн жагсаалтыг урьдчилж хэвлээгүй нь шагнал гардуулах ёслолыг сонирхолтой болгожээ. Харин хүндэтгэлийн "За честь и достоинство" номинацид шагнагдагсдын нэрийг шууд зарлав. Энэ жил “Болор Турандот” дээд шагналыг 85 насны ойгоо тэмдэглэсэн ЗСБНХОУ-ын ардын жүжигчин Станислав Любшин хүртэв.
ЗСБНХУ-ын ардын жүжигчин, “Ленком” театрын уран сайхны удирдагч Марк Захаровт зориулж “Недосягаемый” (“Гүйцэгдэшгүй”) хэмээн томьёолсон тусгай шагнал бий болгожээ. “Тиль” жүжгээс өнөөдрийн “Фальстаф” жүжиг хүртэлх 45 жилийн туршид –Ленком- дандаа ялалт байгуулж байсан”- ыг үнэлсэн юм байна.
Вахтанговын нэрэмжит Театрын уран сайхны удирдагч Римас Туминасын гараас энэхүү шагналыг гардаж авахдаа ардын жүжигчин Марк Захаров энэ шагнал түүний хувьд гэнэтийн том бэлэг гэлээ. Тэрээр “Би сүүлийн үед халамж анхаарал, шагнал урамшилд бялхаж явна. Гэхдээ энэхүү алдартай “Турандот” шагналыг ард олны дунд нэрд гарсан, миний эрхэмлэн хүндэлж явдаг Римас Туминасын гараас гардаж авна гэдэг бол миний хувьд насан турш санаж явах том бэлэг” гэж хэлжээ. Захаров мөн энэхүү шагналыг үүсгэн бий болгосон Борис Беленькийд талархал илэрхийлсэн байна.
Хариуд нь шагналыг үүсгэн бий болгогч Беленький дараагийн хөгжмийн аялгууг Захаровт зориулж бэлтгэсэн гээд “Марк Анатольевич Таныг гүнээ хүндэтгэж бид блюз тоглодог Даниил Крамерыг зориуд урьсан юм. Танаас ундардаг эрч хүчтэй адил төстэй (синоним) юу байж болох вэ гэж бид байнга боддог байсан, энэхүү блюз аялгуу тантай төстэй санагдсан юм” хэмээн онцолсон байна.
Шилдгийн шилдгүүд
Найруулагч Дмитрий Крымовын найруулан тавьсан Драмын урлагийн сургуулийн “Безприданница” жүжгийг шилдэг жүжгээр шалгаруулав. Шилдэг найруулагчийн бүтээлээр Пушкины нэрэмжит театрын уран сайхны удирдагч Евгений Писаревын найруулж тавьсан “Влюбленный Шекспир” жүжиг шалгарав. Шилдэг эрэгтэй дүрийн шагналыг “Ленком” театрын "Фальстаф и Принц Уэльский" жүжгийн Жон Фальстафын дүрд тоглосон Сергей Степанченко хүртэв.
"Урд нь би “Турандот” шагнал гардуулахыг заалнаас харж суухдаа шударга гэдэгт нь эргэлздэг байлаа. Гэхдээ бүх юм жинхэнэ шударга гэдгийг өнөөдөр л ухаарч ойлголоо” хэмээн жүжигчин хошигноод, энэ шагналыг хүлээж авахад үнэхээр маш сайхан байна хэмээн нэмж хэлэв.
Шилдэг эмэгтэй дүрийн номинацид Драмын урлагийн сургуулийн “Безприданница”-гийн Ларисагийн дүрд тоглосон Мария Смольникова ялалт байгуулав. "Арт-Партнер XXI" театрын агентлагийн ерөнхий захирал, продюсер Леонид Роберман “Төрийн бус хосгүй театр үүсгэн байгуулсны төлөө” шагнуулав.
Шилдэг тайз заслын шагналаар (Театрын урлагийн студийн “Заповедник” жүжиг) Александр Боровскийг шагнав. “Миний анхны шагнал бол “Турандот”. Гурав дахь удаагаа энэ шагналыг хүртэхэд сайхан байна” хэмээн шагналыг гардаж авахдаа Боровский хэлсэн байна.
Хөлбөмбөгийн сэдвээр...
Энэ жилийн шагнал гардуулах ёслолын гол сэдэв нь 2018 оны зун ОХУ-д болж өнгөрсөн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болжээ. Энэ сэдэв хөлбөмбөгөөр чимэглэсэн тайз засал, хөгжмийн аялгуу, хөтлөгчдийн хошин наргиа ярианд тусгалаа олсон байлаа. Шагнал гардуулах ёслолыг “Сатирикон” театрын жүжигчин Марина Дровосекова, дуучин Алексей Кортнев нар хөтөлсөн. А.Кортнев хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр оросын олон мянган хөгжөөн дэмжигчдийн өмссөн хувцас, малгайгаар гоёсон байв.
Театр бол мөн л адилхан баг, хэрвээ театрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явуулдагсан бол оросын жүжигчдийн баг бүгдийг тасархай хол хаях байсан. Найруулагчийг хөлбөмбөгийн багийн дасгалжуулагчтай, жүжигчдийг хөлбөмбөгчидтэй, хувцас хэрэглэлийг тайз засалтай гэх мэтээр харьцуулж болох юм хэмээн зохион байгуулагчид үзэгчдэд сануулав.
Үдэшлэгт оролцсон зочдод зориулж Даниил Крамерын гурвал, дуучин Нина Шацкая, “Ах дүү Бриль”, Айдар Гайнуллин, “Эйфория” чуулга болон бусад жүжигчид тоглож, блюз, жааз, романс, танго хөгжмийн аялгуу эгшиглэсэн.
Шагналын тухай
"БолорТурандот" шагналыг 1991 онд үүсгэн бий болгосон бөгөөд шинэ Орос улсын театрын анхны шагнал. 1922 онд Евгений Вахтангов Карло Гоццигийн “Турандот гүнж” хэмээх үлгэрээр найруулан тавьсан жүжгийн дурсгалд зориулж уг шагналыг нэрлэжээ. Анхны шагналыг “Турандот” жүжгийн анхны тоглолтод гол дүрд тоглосон ЗСБНХУ-ын ардын жүжигчин Юлия Борисова хүртсэн бөгөөд тэрээр өнөөг хүртэл Вахтанговын театрт ажилласаар байгаа ажээ.
Дараа дараагийн жилийн шагнал хүртэгсдийн жагсаалтыг Олег Ефремов, Юрий Любимов, Олег Табаков, Марк Захаров, Петр Фоменко, Армен Джигарханян, Валентин Гафт, РимасТуминас, Инна Чурикова, Владимир Машков, Евгений Миронов, Чулпан Хаматова, Мария Аронова, Юлия Пересильд, Сергей Маковецкий, Кирилл Серебренников болон бусад олон жүжигчин үргэлжлүүлсэн. Уг шагнал нь Литвийн зураач Ремигиус Крюкасын санаа загвараар урласан хүний хэлбэр дүрс бүхий гоёмсог болор хөшөө юм.
Эх сурвалж: www.polit.mn
Москвад театрын “Болор Турандот” шагналтнуудыг зарлав
2018-10-24
Нийтэлсэн: Админ
 1 мин