“ОХУ-ын Ерөнхийлөгчийн ёслолын дэг”

2018-10-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
ОХУ-ын Ерөнхийлөгчийн ёслолын албаны дарга асан В.Н.Шевченкогийн номын нээлт аравдугаар сарын 15-нд болжээ.
Д.ЭНХЭЭ Төрийн тэргүүний ёслолын газрын ахмадууд, одоогийн ажилтнууд эрдэм шинжилгээний “Большая российская энциклопедия” хэвлэлийн газартай хамтран "Протокол Президента Российской Федерации"  /“Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн ёслолын дэг”/ хэмээх нэвтэрхий толь бичиг бэлтгэн хэвлүүлжээ. 320 хуудас, олон зуун зураг тайлбар бүхий, хөндлөнгийн хүн бүхэнд тэр бүрий ил тод харагддаггүй олон зүйлийн тухай энэ ном өгүүлнэ. Кремлийн ёс дэгийн нууцын тухай энэхүү бүтээлээс арван баримтыг ТАСС сонгожээ.  

Ерөнхийлөгч албан тушаалдаа хэрхэн орох тухай хаана ч бичигдээгүй

  Ерөнхийлөгч албан тушаалдаа орох ёслолын дэг жаягийн талаар ОХУ-ын Үндсэн хууль, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн аль алинд дурдсан зүйл, заалт байхгүй. Тийм учраас сүүлийн хорин таван жилийн турш энэхүү арга хэмжээний ёслол үйлдэхэд, заримдаа сонгогдсон Ерөнхийлөгч нарын саналаар, зарим нэмэлт, өөрчлөлт орсоор өнөөг хүрсэн. Гэхдээ тангараг өргөх утга санаа, ерөнхий дэг жаяг өөрчлөгдөөгүй.  

Кремльд гадаадын зочдод барих албан ёсны зоог дээр цагаан архи байнга тавьдаг

  Ямар хоолонд дуртай талаар гадаадын төр, улсын тэргүүнээс гол төлөв асууж лавладаг. Хүнсний тодорхой төрөл зочинд хэрэв асуудал учруулдаг бол түүний ёслолын ажилтнууд энэ тухай мэдэгдэж, хүлээн авч байгаа тал зочноо дайллагаас сэтгэл өндөр байлгахын тулд бүхнийг хийдэг. Олон улсын практикт зоог барих үеэр улаан, эсвэл цагаан дарсыг санал болгодог. Ширээн дээр цагаан архи байнга байна. Төрийн тэргүүнүүд үг хэлсний дараа зөөгчид хоол авчирч өгнө. Хоолны цэсийг урьдчилан боловсруулж, зөвшилцөнө. Хоолны цэсийг боловсруулахад гол төлөв орос хоолыг үндэс болгодог ч зочны улс орны үндэсний хоолноос оруулах тохиолдол цөөнгүй гарна. Зочныхоо соёл, шашны болон бусад онцлог, хүсэл сонирхлыг цэс зохиоход харгалздаг.  

ОХУ-ын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс бэлэг сонгоно гэдэг бараг л шинжлэх ухаан

  Бэлэг өгөх хүний хүсэл, сонирхол, таашаал зэргийн талаар урьдчилж илүү ихийг олж мэдэхийг ёслолын ажилтнууд хичээж мэрийдэг. Бэлэг сонгоход гадаадын зочныхоо үндэсний болон шашин шүтлэгийн уг сурвалж, түүний мэргэжлийн үйл ажиллагааны онцлог, бусад олон зүйлийг харгалзах хэрэгтэй болдог. Үзэсгэлэн, каталог, заримдаа хуучны ховор эдлэлийн дэлгүүрээс бэлэг дурсгалыг ёслолын ажилтнууд сонгодог. ОХУ-ын өгч байгаа бэлгэнд орос урчууд, зураачдын бүтээл байлгахыг ихээхэн ач холбогдолтойд үздэг. ОХУ-ын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс өгч байгаа бэлэг дурсгалын тоонд гол төлөв уран зураг, сийлбэр, ном, хүйтэн зэвсгийн загвар, ардын уран гартны бүтээлүүд (гол төлөв жижиг хайрцаг, сав суулга), ширээний бүтээлэг, тэр бүү хэл амны жижиг алчуур (салфетка) хүртэл ордог. Илүү дурсгалтай, үнэ цэнтэй байдаг болохоор “учир утга” бүхий бэлгийг ёслолын албаныхан чухалд үздэг. Бэлэг авах хүний таашаалаас гадна түүний Ерөнхийлөгчтэй харилцдаг байдал зэргийг харгалзан тун болгоомжтой сонгох онцгой төрлийн бэлэг бол наргиан зугаа болохуйц бэлэг дурсгал. Онож сонгосон бэлэг алс хэтдээ хоёр удирдагчийн хооронд илүү нөхөрсөг дотно, илэн далангүй харилцаа тогтож бэхжих үндэс болж мэднэ.  

Гадаадын удирдагчийг дагалдах мотоциклчдийн тоог хатуу тогтоодог

  Өндөр хэмжээний зочин, түүний айлчлалын онцгой статусыг онцлох зорилгоор нисэх онгоцны буудлаас (галт тэрэгний буудал) байрлах өргөө хүрэх, дараа нь хотоор явахад зочны автомашиныг мотоциклчдээр хамгаалан дагалдуулдаг. Гадаад улсын тэргүүн төрийн айлчлал хийхэд ес, албан ёсны айлчлалд долоо, гадаад улсын засгийн газрын тэргүүний албан ёсны айлчлалд таван мотоцикльч гаргадаг. Ажлын айлчлалын үеэр мотоциклийн цуваа дагалдахгүй.  

Нэр нь үл мэдэгдэх дайчны булшинд цэцэг өргөх нь гадаадын удирдагчийн айлчлалын салшгүй хэсэг

  Гадаад улсын тэргүүний (гадаад улсын засгийн газрын тэргүүний) төрийн болон албан ёсны айлчлалын үеэр Нэр нь үл мэдэгдэх дайчны булшинд цэцэг өргөх ёслол бол эхний нэр хүндтэй арга хэмжээнд тооцогдоно. Уг ёслолыг гадаад улсын тэргүүн (гадаад улсын засгийн газрын тэргүүн) албан ёсны айлчлалын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хийх албан ёсны уулзалт, эсвэл албан ёсны хэлэлцээрийн ёслолын өмнө үйлддэг.  

ОХУ-ынтэргүүн хатагтай нарын гүйцэтгэх чиг үүргийн нэг нь  цайлах

  Ерөнхийлөгчийн гэргийн албан ёсны арга хэмжээний схем бүхэлдээ бараг өөрчлөгддөггүй. Энэ бол Кремлийн Их ордны Георгиевын танхимд болох албан ёсны уулзалтын ёслол, Цамхагт ордон, Спассын сүм, Кремлийн Их ордон, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Кремлийн өргөө, Зэвсгийн танхим, Москвагийн Кремлийн очир эрдэнэсийн сангийн үзмэрүүд зэргийг үзэж танилцах ёслол. Мөн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн гэргийн нэрийн өмнөөс зочны гэргийг цайлах ёслол орно. Цайлах ёслолд зочин орны Москвад суугаа элчин сайдын гэргий, Оросын Холбооны Улсаас зочин улсад суугаа элчин сайдын гэргий, орчуулагч нар уригддаг. Батлагдсан хөтөлбөрийн дагуу Москвагийн түүх, соёлын дурсгалт газар, эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, музей, олон нийтийн бусад газар, сургалтын байгууллага зэргийг үзэж танилцаж болно. Айлчлалын албан ёсны хөтөлбөрт, тухайлбал, албан ёсны үдийн зоог барих зэрэгт төр, улсын тэргүүнүүдийн гэргий нар оролцох асуудал мөн тусгагддаг.  

Элчин сайд нарын итгэмжлэх жуух бичгийг зөвхөн ОХУ-ын Ерөнхийлөгч гардаж авах ёстой. Энэ дэг ёсыг нэг л удаа зөрчсөн

  ОХУ-ын Ерөнхийлөгчийн үндсэн хуулиар хүлээсэн заавал биелүүлэх үүрэг бол гадаадын элчин сайд нарын итгэмжлэх жуух бичгийг гардаж авах явдал. Энэхүү заавал биелүүлэх үүргийг ЗСБНХОУ-ын Үндсэн хууль (1991 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн найруулга; 121-ийн 5 дахь заалт), мөн ОХУ-ын 1993 оны Үндсэн хуульд (86 дугаар зүйл, “г” заалт) тус тус тусгасан байдаг. ОХУ-ын бүх Ерөнхийлөгч энэхүү үүргээ хэлбэрэлтгүй биелүүлсэн бөгөөд цорын ганц онцгой тохиолдол нь биеийн эрүүл мэнд муу байсантай холбогдуулан Б. Н. Ельцин 1996 оны есдүгээр сарын 19-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн захирамж гаргаж, Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс Элчин сайд нарын итгэмжлэх жуух бичгийг нэгэн удаа гардаж авахыг Засгийн газрын тэргүүн В.С.Черномырдинд даалгасан явдал юм.  

Кремлийн хамгийн албан бус хүлээн авалт бол шинэ жилийнх. Уг хүлээн авалтад мянга гаруй хүнийг урьдаг

  Арванхоёрдугаар сарын сүүлчийн өдрүүдээр Кремлийн их ордонд шинэ оныг угтан авахыг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс хүлээн авалт хийдэг. Энэ уламжлал тогтоод хорь гаруй жил болж байна. Шинэ жилийн хүлээн авалтад төрийн байгууллагын төлөөлөл, оросын шинжлэх ухаан, соёл, боловсролын гарамгай зүтгэлтнүүд, улс төрийн байгууллагууд хийгээд олон нийтийн байгууллагын удирдагч нар, мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ажилтнуудыг урьдаг. Тогтсон ёсоор уригдагсдын жагсаалтад мянга гаруй хүн ордог. Төрийн тэргүүний нэрийн өмнөөс зохион байгуулдаг хамгийн албан бус хүлээн авалт бол энэ. Зочдыг эхнэр нөхрийнх нь хамт урьдаг бөгөөд харин ёслолын байдлаар хувцаслахыг зөвлөмж болгодог. Зочид товлосон цагт Кремльд цуглаж, улмаар Кремлийн ордны хүлээн авалтын танхим руу дээш ордог. Уригдсан зочид суух ширээ, сандал, хөршүүдээ өөрсдөө чөлөөтэй сонгодог. Ийнхүү албан бус, халуун дулаан уур амьсгал бүрддэг.  

Гадаадад айлчлах үеэр зочид буудал бүхэн ОХУ-ын Ерөнхийлөгчид тохирохгүй. Жишээлбэл, тэнд гал тогоо заавал байх ёстой

  Ёслолын болон аюулгүй байдлын зохих түвшний үүднээс амьдрах газарт (зочид буудал, өргөө) заавал байвал зохих хэд хэдэн шаардлагыг хангасан байх ёстой. Юуны өмнө айлчлалын үед ОХУ-ын Ерөнхийлөгчийн өргөөний статуст нийцсэн байх ёстой; оросын удирдагч гадаадын түншүүдтэйгээ болон оросын төлөөлөгчдийн гишүүдтэй, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн төлөөлөлтэй болзошгүй уулзалт хийх, мөн ёслолын арга хэмжээ зохион байгуулах өрөө, тасалгаатай байх шаардлагатай. Уг зочид буудал нь холбогдох үйлчилгээ, техникийн боломжийн жагсаалтыг танилцуулах ёстой: тухайлбал, зочны гал тогоо, айлчлалын үеэр ерөнхийлөгчийн автомашины цуваа байрлах гаражийн боломж, холбооны найдвартай, тогтвортой сувгаар хангасан байх гэх мэт. Зочид буудлын байршил нь үндсэн арга хэмжээ болох газарт ойрхон, тохиромжтой байх явдал чухал.  

Ёслолын үеэр алдаа дутагдал гарах тохиолдол бий. Их Британийн хатан хааны айлчлалын үеэр ч ийм явдал гардаг

  Нэртэй том зочны албан ёсны уулзалтын ёслолыг онцгой сайн бэлтгэх шаардлага гардаг. 1994 оны хоёрдугаар сард ОХУ-ын Гадаад хэргийн яам Британийн Ерөнхий сайд Ж.Мейжортой хэлэлцээ хийх үеэр 50 орчим албан ёсны арга хэмжээнээс бүрдсэн Хатан хаан Елизавета II-ын ОХУ-д байх хугацааны хөтөлбөрийг товлосон. Оросын Ёслолын албаны зүгээс хоёр орны ёслолын дэг жаяг харилцан адилгүйгээс болж төлөвлөснөөс гадуур үүсч болзошгүй нөхцөл байдлаас сэргийлэхийн тулд маш их ажил хийсэн. Зочны статус, насыг харгалзан хүлээн авч буй тал хатан хааны ёслолын албаны хүсэлтийг дээд зэргээр хүлээн авчээ. Албан ёсны уулзалтын өмнө нэг жижиг эвгүй зүйл гарав. Елизавета II-ыг гарч ирэхийг бүгд хүлээж байсан боловч хатан хаан гарч ирдэггүй. Оросын Ёслолын албаны ажилтан юу болсныг тодруулахаар очив. Гэтэл Хатан хааны ерөнхий үйлчлэгч эмэгтэй цэцэг бэлтгэхийг мартаад унтчихаж. Цэцгийн баглаа бэлтгэхээс нааш хатан хаан гарч болдоггүй. Эцэст нь хатан хаан гарч ирээд уучлалт хүсч “Миний хүмүүс ч гэсэн заримдаа намайг эвгүй байдалд оруулах юм”  гэж хэлж байжээ. Эх сурвалж: www.polit.mn  
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

2 цаг 2 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

2 цаг 4 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

2 цаг 6 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

4 цаг 1 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

5 цаг 23 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

6 цаг 21 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

6 цаг 54 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

7 цаг 15 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

10 цаг 49 мин