“Төсвөөр хийсэн ажлыг би хийсэн гэж яримааргүй байна”

2018-10-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатартай ярилцлаа.   -Аймгийнхаа тухай танилцуулахгүй юу? -Хөвсгөл аймаг 132415 хүн амтай. 5.2 сая толгой малтай. Мөн зургаан хошуу малын нэг цаа 2215 болж өслөө. 2016 оны арваннэгдүгээр сарын 23, 24-нд болсон ИТХ-ын ээлжилт бус II хуралдаанаас Хөвсгөл аймгийн хөгжлийн хөтөлбөрийг баталсан. Энэ нь 14 дэд хөтөлбөртэй 655 зүйлийн ажлын төлөвлөгөөтэй. Нэг их наяд 257 тэрбум 617.5 сая төгрөгийн санхүүгийн эх үүсвэртэй. Үүнээс өөрийн орлогоор 17.2 тэрбум төгрөгийг санхүүжүүлнэ. Өнгөрсөн оны жилийн эцсээр ИТХ-ын ээлжит хуралдаанаар энэ хөтөлбөрт үнэлэлт, дүгнэлт хийгээд биелэгдэх боломжтой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, улсын төсөв хүндрэлтэй байсан ч бүрэн эрхийн хугацаанд биелүүлэх боломжтой анхаарах ёстой асуудалд үүрэг чиглэл өгсөн гэсэн үг. Нөгөөтэйгүүр Хөвсгөл аймаг 100 төгрөг тутмынхаа 9.2 сая төгрөгийг өөрийн орлогоор олдог. -Таныг ИТХ-ын даргын ажил авах үеийг одоотой харьцуулбал? -Биднийг ажил авахад аймгийн орон нутгийн өмчит компаниуд 684.2 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байв. Тиймээс ИТХ болон шинэ өмчлөгчдийн зүгээс төрийн өмчит компаниуд руу анхаарлаа хандуулж ашигт ажиллагааг нэмэгдүүлэх чиглэл, удирдлагын багт үүрэг өгч, гэрээ хийсэн. Үүний үр дүнд 2017 оны эцсээр гурван тэрбум 818.2 сая төгрөгийн ашигтай ажиллалаа. Энэ бол Хөвсгөл аймгийн түүхэнд байгаагүй амжилт. 2020 он гэхэд 20-25 төгрөг болгое гэсэн том зорилгодоо хүрэх боломжтой. Тэгэхээр Хөвсгөл аймаг өөрөө орлого олдог байх хэрэгтэй.Олсон орлогоо сум, багийнхаа нийгмийн тулгамдсан асуудал болох дэд бүтэц, бусад салбарын үйл ажиллагаанд зарцуулах ёстой. -Төрийн өмчит компа­ниудыг ашигтай ажил­луулахын тулд ямар менеж­мент баримталж байгаа вэ? -Төрийн өмчит компаниудын бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэх зохион байгуулалтын хэд хэдэн арга хэмжээ авсан.Тухайбал,Хөвсгөл аймгийн эмийн эргэлтийн сан гэж бүх суманд эм худалдаалдаг хувь, хувьсгалынх нь мэдэгдэхгүй олон газар бий. Эдгээрийг нэгтгэсэн. Үр дүн нь энэ оны эцсээр мэдэгдэнэ.Мөн Хөвсгөл аймаг байгалийн баялагтай. Хөвсгөлийн боржин, Цагаанчулуутын гантигийг Монгол Улсын брэнд болгох зорилготой.  Энэ зорилгоор “Хоймор нутгийн чулуу” төрийн өмчит компани байгуулсан. Ажил нь сайн байна. Бид орон нутаг яаж хөгжих вэ гэдэгт анхаарлаа хандуулдаг. Энэ ч үүднээс төрийн удирдлагын ордныхоо орой дээр “Хөвсгөл аймаг Монгол Улсын  аялал жуулчлалын тулгуур төв” гэж улаанаар бичиж байрлуулсан. Гэтэл Монгол Улсад “Аялал жуулчлалын тухай”  хуульгүй. Тиймээс Хөвсгөл аймгийн Засаг дарга аялал жуулчлалын компаниудын захиралтай хамтарч 14 сая төгрөгөөр “Хөвсгөл аймгийн мастер төлөвлөгөө” боловсруулан  ИТХ-аар батлуулсан. Ингэхдээ Хөвсгөл аймаг хэдэн чиглэлээр хөгжих юм. Ямар чиглэлд аялаж юу үзэх вэ гэдэг талаар бодлогын томоохон баримт бичиг болсон юм. Хөвсгөл аймгийг дөрвөн бүс болгож хөгжүүлнэ гэдэг. Гэхдээ аялал жуулчлалын тулгуур төвийг эдийн засгийн утгаар нь харах юм бол мал бүхий иргэдэд малыг нь уналга эдэлгээнд ашиглах, мал, мах худалдаж авах,сүү цагаан идээг борлуулж орлого олох боломж бий ч өнгөрсөн оны жилийн эцсээр 131 орчим  гэр буудал, хувь хүн нийлээд 7.114.5 сая төгрөгийн орлого аймгийн төсөвт оруулсан байгаа юм. Энэ бол чамлалттай үзүүлэлт. Тухайлбал, 2017 онд Хатгал тосгоны хилээр далай үзэхээр 94114 хүн очсон байдаг. Гэтэл үүний 100 орчим мянган хүний тарьсан хогны  асуудлыг шийдвэрлэхэд 15 сая төгрөг хэрэгтэй гэж Хатгал тосгоны захирагч нь аймгийн хурал дээр асуудал оруулж ирж байх жишээтэй. Тэгэхээр үүнийг хууль тогтоомжийн дагуу орон нутгийн хэмжээнд болон аймгийн төвшинд анхаарах ёстой.  Цаашдаа мастер төлөвлөгөөгөөр энэ асуудал зохицуулагдана. Аймгийн ИТХ-аас бод­логын шинж чанартай батлуулсан хөтөл­бөр, гарсан тогтоол шийд­вэрүүдийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн дарга нар ширээнийхээ нүдэнд хадгалах биш хэрэгжүүлэх боломжийг хангах үүднээс  санхүүжилтийн эх үүсвэртэй нь хамт батлах бодлого барьж байна. Жишээлбэл, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр  “Дэлхийн Хөвсгөл”, “Цахим Хөвсгөл”, “Оюунлаг Хөвсгөл” хөтөлбөрт ИТХ-аас тодорхой хэмжээний хөрөнгийг баталсан. Ямар нэгэн шийдвэр санхүүжилтгүй бол биелэх  үндэслэлгүй шүү дээ. -Хөвсгөл аймаг уул уурхайгүй аймаг болох зорилт тавьсан.  Гэтэл сүүлийн үед уул уурхай эрхлэх явдал нэлээд гарч байна? -Манай аймаг уул уурхайн чиглэлийн том компанигүй. Нүүрсний гурван компани үйл ажиллагаа явуулдаг. Цахим болон олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар худал, баримтгүй мэдээлэл цацагдсан. 2009 онд ИТХ-аас Хөвсгөл аймгийн нийт газар нутгийн хөндлөнгөөр 50 дугаар өргөргөөс хойш 100 хувь орон нутгийн тусгай хэрэгцээнд авч 2014 онд баталгаажуулсан. Өнгөрсөн онд 50 дугаар өргөргөөс урагш газар нутгийг мөн орон нутгийн хэрэгцээнд нийт газар нутгаа 30 жилийн хугацаатайгаар авсан. Тиймээс манай аймагт АМГТГ-аас хайгуул болон ашиглалтын нэг ч тусгай зөвшөөрөл өгөх боломжгүй. Харин өмнө 2003, 2007, 2010 онд өгсөн 27 ашиглалтын болон хайгуулын лиценз бий. Эдгээр зөвшөөрлийг Хөвсгөл аймгийн удирдлагууд  өгсөн байдлаар мэдээлэл цацагдсан юм. Цаашид хуулийн дагуу хэрхэн зохицуулагдах нь өөр асуудал. -Нэгэнт уул уурхайн асуудал хөндсөн дээр “Могойн гол” компанийн зарим газрыг өмнөх ТУЗ-ийн гишүүд худалдсан гэх мэдээлэл тарсан. Энэ талаар та  бодит мэдээлэл өгнө үү? -Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Могойн гол” компанийн 51 хувь нь буюу 421 ширхэг хувьцаа нь Хөвсгөл аймгийн ИТХ, иргэдийн өмч. 49 хувь нь хуулийн дагуу жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, 51 хувь нь  орон нутгийн өмчит компанийн өмч гэсэн үг. “Могойн гол” 10.2 тонн нөөцтэй. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өссөнтэй холбогдуулж өнгөрсөн болон энэ онд дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ мөнгийг өөр зүйл рүү татаж хөрөнгө оруулалт хийх боломж байсан. Уурхай гэж хэлэхэд хэцүү.Гурван тэрбум төгрөгөөр гурван машин авсан. Одоо нэг тэрбум төгрөгөөр нь эксковатор, өрөм авахаар төлөвлөсөн. Гэхдээ “Аспайр майнинг”-д зарсан гэдэг худлаа. Энэ онд бизнесийн төлөвлөгөөнд  “Могойн гол” компани орон нутгийн төсөвт нэг тэрбум төгрөгөөс доошгүй хөрөнгө төвлөрүүлэхээр тусгасан. Нийт 650 ам метр талбайн хөрс хуулна. 100-150 тонн нүүрс гаргаж тэрбум төгрөг ол гэсэн даалгавартай. Жижиг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараана. Тиймээс хоёр орчим тэрбум төгрөгийн ашигтай ажил гэсэн үг. Тооцоо судалгаагаар боломж нь байгаа. 2017 онд ТУЗ-ийн гишүүдийг шинэчилсэн. Аймгийн  дулааны станц “Могойн гол”-оос нүүрсээ авдаг. Аймгийн орлогч дэд бүтцээ хариуцдаг учраас ТУЗ-ийн даргаар ажиллаж байна. - “Дулааны станц” “Могойн гол”-оос нүүрсээ авч байгаа бол дулааны үнэ өсөх үү? -Улстөржилт бүх ажилд нөлөөлж байна. Нэг сайд гарч ирээд Дулааны цахилгаан станцад нэг дарга тавьдаг. Сая сайд нь солигдоод. Цогоо гэдэг даргатай болсон. Одоо тэр дарга нь “Могойн гол”-оос нүүрс авна. Жилчиг болон Хорихын уурхайгаас авахгүй гэж ярьж байна. Гэтэл “Могойн гол” аймгийн төвөөс 220 км. Жилчиг 37, Хорих ангийн уурхай 18 км. Тэгэхээр хэрэглэгчдэд очих дулааны үнэ  мэдээж тээврийн зардлаас хамаарна. Уг нь Дулааны станцын техникийн шийд­лийг Жилчиг, Хорихын уурхайн илчлэгт тохируулж хийсэн юм шүү дээ.  Өнөөдөр “Могойн гол”-ын нэг тонн нүүрсний үнэ 36900, Жилчиг булгийнх 30 мянга, Хорих ангийнх 30600 төгрөг байна. -Тэгвэл яагаад ойроос авч болдоггүй юм бэ? -Улстөржилтөөс болж байна. Хэдэн жил ингэж явсаар орон нутгийн өмчит компанийг дампууруулсан. Дулааны цахилгаан станц жилд 30 мянган тонн нүүрс хэрэглэдэг. Уг нь тендер зарлах ёстой. Ядаж уурхайдаа хуваарилалт хийх хэрэгтэй л дээ. - “Могойн гол”ыг яагаад ашигтай ажиллуулдаггүй байсан юм бэ? -Аймаг орон нутагтаа ашигтай, ашиггүй ажиллуулах бүх боломж ТУЗ-аас л шалтгаална. “Могойн гол” өмнө 2016, 2017 онд байгаль ашиглсаны төлбөр гэж хоёр сая 114 мянган төгрөг аймгийн төсөвт оруулсан байдаг юм билээ. Энэ сэдвээр ярихад  орон нутгийн өмчит долоон сумын уурын зуухын  асуудал хөндөгдөнө. Тэр долоон компани 234 сая төгрөгийн алдагдалтай ажилласан. Суманд байгаа уурын зуух нь аймгийн өмч учраас тэр өрийг аймаг л барагдуулна биз дээ. Улсын татаасаар амьдардаг аймаг юугаараа төлөх вэ. Тэгэхээр нь бид ТУЗ-ийг нь энд байгуулж аймаг руу татан авч бүтцийн шинэчлэл хийсэн. Ингэснээр өнөөдрийн байдлаар өрөө дараад 286 сая төгрөгийн ашигтай ажиллаж байна. Яагаад алдагдалтай байсан гэвэл сумдын нөхөд баахан бараа шахаж ашиггүй алдагдалтай болгож байсанд байгаа юм. -Та хувийн хэвшилд олон жил ажилласан хүн. Төр, хувийн хэвшлийг хослуулж  хөгжих боломж ямар байдаг юм бэ? -Таван суманд төвлөрсөн уурын зуухыг барьж ашиглах тухайд хувийн хэвшилтэй хамтарч  байна. Хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр бариад дараа нь  ашиглах гэсэн хэлбэрээр.   Мөн “Уужим хангай” хэмээх компанитай хамтарч хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр то­ног­лосон махны үйлдвэр бай­гуулсан. Энд 112 хүнийг ажлын байраар хангаж ажиллагсдын цалин дунджаар 712 мянган төгрөг байгаа. Өмнө нь нэг төлөг 45-50 мянган төгрөгийн үнэтэй байсан. Үйлдвэр ашиглалтад орсноор 70 мянган төгрөг болж өссөн. Өдөрт 1200 хонь нядалдаг гэхээр мал бүхий иргэдийн амьдралд бодит орлогын эх үүсвэр болж байгаа юм. -Орон нутагт ир­гэдийнхээ амьдралыг дээшлүүлэх талаар хэрхэн ажиллаж байна вэ? -Манай аймаг хүн ам олонтой гэдгээр худалдан авах чадвар өндөр. Иргэд нь 115 тэрбум төгрөгийн хадгаламжтай. Энэ нь улсын дунджаас өндөр үзүүлэлт. Түүхий эдийн үнэ Улаанбаатарын үнэтэй ижил. Хүнс бараан захын бүтээгдэхүүний үнэ хотынхтой ойролцоо. Хөдөө аж ахуй, газар тариалан, төмс, хүнсний ногоогоор аймгийн хэрэгцээг бүрэн хангах бодлогын баримт бичгүүдийг баталсан. Энэ онд төмс хүнсний ногоо тариалалтыг 48 хувиар нэмэгдүүлнэ гэсэн бол ирэх жил 60 хувьд хүргэнэ гэсэн зорилго бий. Дарга нар Засгийн газрын хэмжээнд хийх ажлыг яриад байдаг. Гэтэл орон нутагт зохицуулах ажил их байна. Хүлэмж байгуулна гээд байгаа. Гэтэл Мөрөн сум газар нутаггүй. Баруун тийш Бүрэнтогтох, зүүн тийш Түнэл сумын нутгаас газар олгох асуудлыг шийдэж дэд бүтцийг нь байгуулж өгөхийг зорьж байна. Энэ жилийг  “Амьдрах орчинг сайжруулж ахмад настанаа дэмжих” жил болголоо. Ирэх жил “Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих” жил болгохоор бэлтгэлээ хангаж байна. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн хүрээнд орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Аймгийн хэмжээнд орон сууцны 25 барилга баригдлаа. Энэ жилийн тухайд 135 айлын орон сууц ашиглалтад орно. Бүх хорооллыг гэрэлтэй болгож хатуу хучилттай замаар  холбох гээд ажил их. Мөн иргэдийг орлоготой болгох зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын 4.2 тэрбум төгрөгөөр “Шинэ мөрөн” худалдааны төвийг ашиглалтад оруулсан.Сумын дарга нарт таныг ажил авахад танай сумын нийгэм эдийн засгийн үзүүлэлт ямар байсан юм. Дөрвөн жилийн дараа та яаж сайжруулсан юм гэдэг дээр ажлын үр дүнг тооцно гэж гэрээ хийсэн. Түүнчлэн эхийн энэдэгдэл буурсан уу, хэчнээн иргэн ажилтай, орлоготой болсон. Дэд бүтцээ сайжруулахын тулд ямар санаачлага гаргав. Хувийн хэвшилтэйгээ хэрхэн хамтарч ажиллав гэх мэтээр үр дүн нэхэх болно. Дахин хэлэхэд, Засгийн хийсэн ажлыг би хийсэн гэж яриад байгаа нь хамгийн утгагүй. Алба эрхэлж буй хүмүүст сэт­гэлээрээ хийх ажил олон бий. -Танай аймагт орон сууцны ам метр талбайн үнэ хэд байна вэ? - УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн санаачлагаар эхлүүлсэн “Шинэ Мөрөн” хорооллын эхний ээлжийн 135 айлын орон сууцны ам.метрийн  үнэ одоогоор 1300-1350 төгрөг байгаа.  Хувийн хэвшлийнхний барьсан орон сууцны үнэ тухайлбал, цагдаагийн байгууллагынх нэг сая орчим төгрөгийн үнэтэй байхаар тооцсон. 150 хүүхдийн цэцэрлэг барилаа. Энэ мэтчилэн өөрийн хөрөнгөөр хийсэн ажил их. Орон нутгийн  хөгжлийн санд улсын төсвөөс 14 тэрбум төгрөг өглөө. Үүнийгээ яаж зарцуулах вэ гэдэг нэг асуудал. Орон нутаг мөнгөө олоод түүнийгээ захиран зарцуулах тухай ярих л чухал байна. Ер нь хувь хүн ч ялгаагүй. Банкнаас зээлтэй байгаад байвал тэр хүний мөнгө. Өөрөө орлого олбол таны мөнгө гэдэгтэй ижил. -Өөрийн орлогоор хөгжиж  байгаа ямар сум байна вэ? -Тариалан сум өөрийн хөрөнгөөр сум дотроо хатуу хучилттай зам тавьсан. Галт, Жаргал, Эрдэнэбулган сум Соёлын төв, ахмадын өргөөг өөрсдийн хөрөнгөөр босголоо. Ренчинлхүмбэ сум хайргаар сайжруулсан зам тавилаа. Сан байгуулсан сум хүртэл бий. Дээрээс юм хараад сум хөгжихгүй. 20 жилийн дараа ч хэвээрээ л байна. - Аймгийн хэмжээнд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2016 онд хэд байв. Одоо хэд болсон бэ? - 2016 онд дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд 3.511 төгрөг байсан бол өнгөрсөн онд 3.815 төгрөг болж 200 орчим төгрөгөөр өссөн. Төр, хувийн хэвшлийг хамтарч ажиллах таатай орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Хувийн хэвшлийг  татвараар дарамтлаад байх  хэрэггүй. Тухайлбал, нэг тэрбум төгрөгөөр үйлчилгээний төв барилаа гэхэд архины зөвшөөрөл өгөх асуудалд орой уулзая гэсэн асуудал тавьдаг гэж байна. Ийм байж болохгүй биз дээ.Тэр хүн чинь дор хаяж 10 хүнийг ажлын байраар хангана. “Уужим хангай” гэж Монгол, Хятадын хамтарсан компани. Захирал нь Баянхонгор аймагт газрын асуудлыг нь үнэгүй шийднэ гээд тэнд барих гэхээр нь  бид санаачлага гаргаж өөрийнхөө аймагт оруулж ирсэн. Гэтэл Дулааны станцын дор бариулахгүй гээд Мөрөн сумын VII багт Түнэл сумын иргэний өмчлөлд байсан газрыг 50 орчим сая төгрөгөөр худалдан авсан. Энэ юуг харуулж байна гэхээр томоохон хөрөнгө оруулалт орж ирж байхад газрынх нь асуудлыг шууд шийдэх хэрэгтэйг хэлж байгаа юм.Үйлдвэрээ бариад дуусангуут улсын комисс хүлээн авах гэж бөөн саад учруулдаг. Энэ нь төр, хувийнхны хооронд үл ойлголцол, зөрчлийг үүсгэж байгаа юм. -Аялал жуулчлалын бүсэд газар олголт замбараагүй гэдэг? -Манай аймагт шил­жилт хөдөлгөөн бүрэн зогссон. Зах зээлийн ороо бусгаа үед ч шилжилт хөдөлгөөн бараг байгаагүй. Ажилгүй иргэн гэдэг ойлголт байх учиргүй. Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй 6-8 мянган ажилгүй иргэн байна гэх. Гэтэл барилга дээр өдрийн нэг хоолтой 50 мянган төгрөг өгье гэхэд ирэх хүн байхгүй л байна. Тэгэхээр ажил олдохгүй гэж хэлэх үндэслэлгүй. Сүүлийн үед манай аймгийнхан Оюутолгой, Тавантолгой руу их явж  байна. Таньдаг найз нөхдийнхөө 30 хүнээс судалгаа хийхэд ийм байна. Хөдөөд ид нядалгааны үеэр ажиллуулах хүн бараг олддоггүй. Ирсэн нэг нь 10 хоног ажилласнаа яваад өгдөг. Ер нь хүмүүс ажилгүй байж болох юм гэсэн ойлголттой болсон нь хүнсний талон хавтгайруулж тараадагтай холбоотой. Бас дөрвөн хүү­хэдтэй хүн сард 80 мянган төгрөг авна. Энэ бүхэн халамжинд амьдрагсдын эгнээг л тэлээд байна шүү дээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

13 цаг 16 мин
Элчин сайд Дамбын Ганбат онц бөгөөд бүрэн эрхт элчин цол хүртлээ

Элчин сайд Дамбын Ганбат Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цол хүртлээ

16 цаг 51 мин
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

23 цаг 49 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

23 цаг 49 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

23 цаг 49 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

Уржигдар 18 цаг 55 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

Уржигдар 06 цаг 00 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

Уржигдар 06 цаг 00 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

Уржигдар 06 цаг 00 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

2024-12-25