Р.ОЮУН
“Монфа трейд” компанийн ерөнхий захирал, эм зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэндээхүүтэй ярилцлаа.
-Танд болон танай хамт олонд 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. Байгууллагынхаа талаар товч танилцуулахгүй юу?
-Баярлалаа. Энэ жил эм хангамжийн байгууллага үүсч хөгжсөний 95, Монфагийн 20 жилийн ой тохиож байна. Манай байгууллага 1998 онд байгуулагдсан, эм ханган нийлүүлэх ууган байгууллагын нэг юм. Байгуулагдсан цагаасаа эхлэн олон улсын стандарт, GMP болон фармакопейн шаардлага хангасан эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, инновацлаг эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг боломжийн үнээр ард түмэндээ хүргэхийг зорьж ирсэн. Манай хамт олон энэ эрхэм зорилгодоо хүрэхийн тулд олон улсын хэмжээнд нэрд гарсан томоохон үйлдвэрлэгчээс шууд импортлох бодлого барьдаг.
20 жилийн хугацаанд бидний гол ололт бол эмийн чанар, аюулгүй байдал, гаж нөлөөний талаарх гомдол нэг ч удаа ирж байсангүй. Энэ бол манай амжилт бөгөөд гурван хүчин зүйлээс хамааралтай юм болов уу. “Монфа трейд” эм нийлүүлэх байгууллага 20 жил иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд өөрийн хүлээсэн үүргийг нэр төртэй гүйцэтгэсээр иржээ. Энэ хамт олны өдөр бүр баримталдаг зарчим нь эмчилгээний өндөр идэвхжилтэй эмийг иргэддээ хүргээд зогсохгүй 20 жилийн өмнө нийлүүлдэг байсан эмийн үнэ өнөөдөр ч хэвээрээ.
-20 жилийн ойн хүрээнд багагүй ажил зохион байгуулсан байна. Энэ талаар?
-Бид 20 жилийн ойгоо иргэдийнхээ эрүүл мэндэд тустай ялангуяа, нийгэмд чиглэсэн арга хэмжээг төлөвлөж ажил хэрэг болголоо. Энэ хүрээнд “Монфа-Эрүүл амьдрал” өдөрлөгийг төв талбайд зохион байгуулсан. Үүгээр чихрийн шижинтэй хүмүүсийн шинжилгээг хийж, дасгал хөдөлгөөнийг бүх нийтээрээ зохион байгууллаа. Чихрийн шижингээр өвчилсөн хүмүүс хоолны дэглэм, хорио өндөр төвшинд хийх шаардлагатай байдаг ч хамгийн их аминдэм хэрэглэх ёстой байдаг. Энэ утгаараа холбогдох арга хэмжээнүүдийг хийж гүйцэтгэсэн. Мөн дотоодын эмч нар болон эм зүйч нартаа зориулж эрдэм шинжилгээний бага хурал хийлээ.
Энэ хуралд урилгаар Вьетнамын анагаах ухааны доктор, профессор, “Диализ эмчилгээний холбоо”-ны ерөнхийлөгч, Бельгийн Лингэ их сургуулийн багш Фам Вам Бу оролцож өөрийн орны туршлагаас хуваалцан үнэтэй зөвлөгөөнүүдийг өгсөн. Учир нь Вьетнамд бөөрний өвчлөл их байдаг. Манай улсад ч гэсэн сүүлийн жилүүдэд энэ өвчлөл эрс нэмэгдэх хандлагатай болсон. Хамгийн харамсалтай нь манай улсад бөөрний өвчлөл залуужиж байна. Бөөрний өвчлөл төгс эдгэрдэггүй. Тиймээс ноцид эмийг ямар схемээр яаж уухыг өөрийн орны туршлагад үндэслэн илтгэл тавьж, мэргэжлийн хүмүүст нь үнэтэй зөвлөгөө өглөө.
-“Монфа трейд” компани хэдэн ажилтантай, хаана ямар салбар ажиллуулж байна?
-Манай байгууллага өнөөдөр 100 орчим ажилтантайгаар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд аймагт өөрийн салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо Улаанбаатарт хоёр бөөний төв, 10 гаруй эмийн сан ажиллаж байна. Мөн “Монфа царгис” эмийн үйлдвэрийг 2016 онд байгуулан “Berry Good” брэнд нэрээр аньс, чацаргана, нохойн хошуу, нэрс жимсний өтгөрүүлсэн шүүс, жимсний витаминтай үрэл, бамбайн болон долоогоны хандыг үйлдвэрлэж байна. “Монфа трейд” компанийн хамгийн том бахархал нь өндөр хөгжилтэй орнууд болон Монгол Улсын АШУҮИС-д эм зүйч, эмч, анагаахын чиглэлээр өндөр боловсрол эзэмшсэн эвсэг, чадварлаг хүний нөөцийн багийг өнгөрсөн 20 жилийн хугацаанд бий болгосон.
-Танайх эм, эмнэлгийн хэрэгслээ хаанаас оруулж ирдэг юм бэ?
-Манайх Gurrent GMP-ийн чанарын шаардлага хангасан Зүүн өмнөд Азийн хамгийн том эмийн үйлдвэр болох Калбэ фарма, Индонезийн тэргүүлэх эмийн үйлдвэр Ландсон, Отто, Германы R-Biopharm, Польшийн Adamed, Oleofarm, Японы Моринага, Испанийн Alcon гэсэн үйлдвэрээс эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуурыг шууд нийлүүлж байна. Калбэ фарма Зүүн өмнөд Азийн хамгийн том эмийн үйлдвэр. 17 мянган ажилтантай, 40 гаруй улсад эмийн бүтээгдэхүүнээ экспортолдог. Gurrent GMP буюу хамгийн сүүлийн үеийн “Эмийн зохистой дадал” стандартын шаардлага хангасан үйлдвэр юм. Мөн үйлдвэрлэгчээс шууд нийлүүлэхийн зэрэгцээ менежмент, маркетингийн оновчтой бодлого баримтлан эмийн үнийг хэт өсгөхгүй байх, инновацлаг өндөр эмчилгээний идэвхтэй эмийг өөрийн орны эмчилгээнд нэвтрүүлэх зорилго тавьж ажилладаг.
-Хувьчлалын шуургыг Монфа хэрхэн давж гарсан бэ?
-Монфа тухайн үед нэг ширхэг сандал ч хувьчилж аваагүй. Өөрийн гараар хөл дээрээ боссон гэхэд болно. Бидний өнөөдрийн амжилтад хүрсэн гурван алхмын нэг бол манай Монфагийн бодлого бол өөрийн оронд зонхилон тохиолддог өвчнийг эмчлэх эмчилгээний өндөр идэвхтэй инновацлаг эмийг хамгийн түрүүнд оруулж ирж эмчилгээнд нэвтрүүлэхийг хичээн Индонез, Польш, Чех, Японы үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэгчээс шууд худалдан авалтаар оруулж байна. Gurrent GMP шаардлага хангасан эмийн үйлдвэрээс шууд эмээ хэрэглэгч өвчтөний гарт хүргэнэ гэдэг нь хамгийн найдвартай, хуурамч эмээс хамгаалах арга юм. Манай ард түмэн миксагрипп, минигрипп, брэйнакт, одестон, герак, ноцид эмийг мэднэ.
-Амжилтад хүрсэн гурав дахь тулгуур юу байв?
-Бид нийгэм рүү чиглэсэн олон ажил хийдэг. Сүүлийн найман жил АШУҮИС-тай хамтран оюутны эрдэм шинжилгээний хурлыг ивээн тэтгэж байна. Зөвхөн энэ оны байдлаар эмч, эм зүйч нарын онол практикийн 10 гаруй хурлыг ивээн тэтгэсэн байна. Үүнд сумын эмч нарын чуулган, геодиализийн болон дотоод шүүрлийн олон улсын семинар, сургалтууд, үндэсний зүрх судас, мэдрэлийн нөхөн сэргээх конференци гэх мэт. Мөн “Монфа трейд” компани иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, халдварт бус өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх өдөрлөгүүд, диабетийн эмчийн хяналтад байдаг өвчтөнүүдийн дунд алхалтыг тогтмол зохион байгуулсаар ирлээ.
-Та өөрийнхөө талаар товч танилцуулахгүй юу?
-Би нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийг төгсөөд 1978 онд И.М.Сеченовын нэрэмжит нэгдүгээр анагаах ухааны их сургуулийн эм зүйн факультетийг төгссөн. Тэр үед дэлхийн II дайнд оролцсон, 70 гаруй настай сайн багш нар хичээл ордог байлаа. Сургуулиа төгсч ирээд эм шалгах төв лабораторид ажилд орсон. Энэ лаборатори нь манай улсад орж ирсэн бүх эмийг шалгадаг байсан. Миний ээж тэр үед “Чи их хариуцлагатай ажилд томилогдож байгаа юм байна” гэж хэлж байлаа. Аав ээжийн үг насан турш тархинд суудаг юм байна. 1986-1990 онд Москвад аспирантурт суралцаж ирээд анагаахын дээдэд зургаан жил багшилсан. 1997 онд Эрүүл мэндийн яаманд эм био бэлдмэл эмчилгээний чанарын хяналтын алба байгуулагдахад нь орлогч даргаар зургаан жил ажиллаад МХЕГ-ын харьяа лабораториуд нийлэхэд эрхлэгчээр нь томилогдож 2011 он хүртэл ажилласан. 2004 онд Москвагийн Анагаах ухааны их сургуульд эм зүйн шинжлэх ухааны докторын зэргээ хамгаалсан. Миний хамгийн гол ажил лаборатори. 2011 он тэтгэвэртээ гараад “Монфа трейд“ компанитайгаа холбогдсон.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин